Монголчууд эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жилийн ой, Богд хааны ордон музей байгуулагдсаны 90 жилийн ойд зориулсан“Сүүлчийн эзэн хаан Богд Жавзандамба” үзэсгэлэн Богд хааны ордон музейд өнөөдөр нээгдлээ.
“Сүүлчийн эзэн хаан Богд Жавзандамба” үзэсгэлэнд Богд Жавзандамба хутагт хийгээд Эх дагина Дондогдулам нарын өмнө нийтэд дэлгэгдэж байгаагүй ховор гэрэл зургууд, өмсч эдэлж байсан эд зүйлс, гутал, малгай, дээл, хантааз, хамжаар, эрих, хөөрөг зэргийг дэлгэн үзүүлсэн байна.
Эдгээрийн дотор Дондогдулам хатны 30 гаруй настай үеийн гэрэл зурагт ноён хүний отго жинстэй хилэн малгай, хөлтэй магнаг ёст дээл, хээтэй хантааз, өмсөж, Манжийн Энх-Амгалан хаанаас анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарт бэлэглэсэн сэнтий дээр баруун гартаа эрих барин сууж байгаагаар татуулжээ. Энэ зураг нь 1903 оны үед Дондогдулам хатан Эрдэнэцэцэн ноён цол хүртсэн үеийн зураг ажээ. Мөн Дондогдулам хатны Богдын хатан болохоос өмнөх залуухан үеийн хоёр гэрэл зураг байгаа нь өмнө дэлгэгдэж байгаагүй зураг юм байна.
“Сүүлчийн эзэн хаан Богд Жавзандамба” үзэсгэлэн нэгдүгээр сарын 2-ноос 6-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд 09:00-17:00 цаг хүртэл лсонирхсон хүн бүхэнд нээлттэй байна.