Хар тэнгист унаж сүйрсэн ОХУ-ын Батлан хамгаалах яамны “Ту-154” онгоцны ослыг нүдээр үзэж, дүрс бичлэгт буулган авсан гэрчийг олж мэдүүлэг авсан байна. ОХУ-ын Мөрдөн байцаах хорооны албан мэдээнд “Онгоцны сүүлийн нислэг, далайд унаж байгаа ослыг нүдээр үзэж дүрс бичлэгт буулган авсан гэрчийг олж тогтоон мэдүүлэг авлаа” гэжээ.
Гэрчийн авсан дүрс бичлэгт “Ту-154” онгоц Сочийн нисэх буудалд бууж байгаа болон зорчигчид нь хилийн шалган нэвтрүүлэхэд шалгуулж байгаа дүрс ч үлдсэн байна. Ослыг нүдээр үзсэн хүмүүс онгоц хөөрөөд агаарт их хачин байдалтай байсан, өндрөө авч чадалгүй, их хурдтайгаар далайд унасан гэж мэдүүлжээ. Өмнө нь Холбооны аюулгүй байдлын албаны эргийн хамгаалалтын хүмүүс ч ингэж мэдүүлсэн байна. Мөн онгоц сүүлээрээ усны мандал шүргээд, давалгаанд цохиулан живсэн гэжээ.
Нийт 92 зорчигчтой ОХУ-ын БХЯ-ны “Ту-154” онгоц Сирийн Латаки орох замдаа Сочи хотын Адлерийн нисэх буудалд бууж шатахуун цэнэглээд хөөрснийхөө дараа хоёр минутын дараа радараас алга болж, Хар далайд унаж сүйрсэн. Онгоцонд Сирид байлдаж байгаа дайчдад шинэ жилийн мэндчилгээ хүргэхээр явсан Оросын зэвсэгт хүчний Александровын чуулгын найрал дуучид, телевизийн гурван ч сувгийн сэтгүүлчид явсан билээ.