8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: “С.Зоригийн хэрэг”-ийн захиалагчийг илрүүлэх ажлын хэсэг байгуулж, Энэ бямба гарагт бүх нийтээр ажиллахаар болсон өдөр

2017-01-04 19:35:00

Хүнд аз жаргалтай амьдрал гэж байдаггүй аз жаргалтай хором мөч гэж л байдаг гэсэн үг байдаг. Нээрээ ч үнэн юм шиг амьдрал тэр чигтээ үргэлж аз жаргалтай байдаггүй. Тэрхүү амьдарлыг  хором, мөч, цаг хугацаа л  аз жаргалтай болгодог.  Эрхэм уншигч таны энэ өдрийн амар амгалан эрье. Эх орны минь нийгэм улс төрийн амьдралд болж өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэдэг “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэхэд бэлэн боллоо. Тоймоо хүлээн авч уншина уу.

 Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж эхлээд байна. Уг хууль нь зарим гишүүдийн шүүмжлэлтэй тулгараад байгаа юм. Ингээд гишүүдийн дунд маргаан үүсгээд буй Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Б.Батзориг нар хэрхэн байр, сууриа илэрхийлснийг хүргэж байна. УИХ-ын гишүүн Б.Батзоригийн хувьд уг хуулийг санаачлагчдын нэг бол О.Баасанхүү эсэргүүцэж байгаа юм.

О.БААСАНХҮҮ: МАНАЙ НАМД НОБЕЛИЙН ШАГНАЛТАЙ ХУРАНДАА ХҮН БАЙНА. ЭНЭ ХҮН ХҮЗҮҮГҮЙ ХҮНЭЭС ЧИНЬ АРАЙ ДЭЭР БИЗ ДЭЭ

-Та ямар шалтгаанаар Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг эсэргүүцээд байгаа юм бэ? Танай нам хүнээ Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх боломж нээлттэй л байгаа шүү дээ?

- Үгүй ээ. Би хуульч хүн учраас энэ хуультай танилцаад алдааг нь мэдсэн. Бид барын амнаас гарч арслангийн аманд ормооргүй байна.  Гуравхан намд зориулж боловсруулж байгаа хуулиараа  цөөнхдөө нааштайгаар хандах ёстой. Энэ бол ардчилалын зарчим. Гэтэл байж болох бүхий л хувилбараараа хаасан, боосон хориглосон байна. Нөгөөтэйгүүр хугацаагаар дарамталсан байна. 55 хоногийн өмнө зарлаад сонгууль болохоос тав хоногийн өмнө нэр дэвшигчийн нэрээ олон түмэнд мэдэгд гэж байгаа. Энэ их дарамттай байна. Өмнөх сонгуулиудаар онгоцоор явж сурталчилгаа хийж байсан. Гэтэл энэ удаа бид тийм байдлыг хийлгэмээргүй байна. Мөн нэр дэвшигч нь УИХ-д суудалтай намын гишүүн байхаар тусгасан нь жирийн иргэдийн сонгогдох эрхийг зөрчсөн хэрэг юм. Бид 5-6 хүний дунд марафон явуулах гэтэл тэр хүн “дэвшье” гэдэг саналаа илэрхийлснийхээ төлөө намын гишүүнчлэлээсээ татгалзах гээд байна. Энэ бол маш бүдүүлэг алхам. Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны хугацааг 18 хоногоор тогтоосон нь мөн хангалтгүй. Нэр дэвшигч 21 аймгаар тойрч мөрийн хөтөлбөрөө танилцуулах, ард түмнийхээ санал хүсэлтийг сонсоход энэ хугацаа хүрэхгүй. Дээрх шалтгаануудын улмаас МАХН Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг дэмжихгүй. Аль нэг намын гишүүн байхыг шаардаж байна. Хувь хүн нэрээ дэвшүүлэх тохиолдолд нам хүсэлт гаргах хэрэгтэй. Энэ нь хүний сонгогдох эрхэд саад учруулж, намд хүчээр элсэх шахалтыг үзүүлж байна. Мөн төрийн жинхэнэ албан хаагч Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших ямар ч боломжгүй боллоо. Учир нь төрийн жинхэнэ албан хаагч Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийн тулд нэгдүгээр сарын 1-ны өмнөөс ажлаасаа чөлөөлөгдсөн байх ёстой. Гэтэл өнөөдөр 1 сарын 3-ны өдөр. Тэгэхээр энэ заалт хуультай зөрчилдөж байна. Үргэлжлэлийг энд дарж уншина уу. 

Монгол жолоочийг хятад иргэд зодож, амь насыг нь хөнөөсөн хэрэг гарчээ

Өнгөрөгч 2016 оны 12-р сарын 30-ны өдөр Тавантолгойн нүүрсний ордод нүүрс тээвэрлэдэг байсан монгол жолоочийг хятад иргэд зодож, амь насыг нь хөнөөсөн хэрэг гарчээ. Эх сурвалжийн мэдээлсэнээр хятадууд олноороо нийлж монгол жолоочийн амь насыг хохироосон байна.   Уг хэргийг Өмнөговь аймгийн цагдаагийн газарт шалгаж эхэлсэн эхэлсэн байна. 

Энэ бямба гарагт бүх нийтээр ажиллана

Засгийн газрын хуралдааны шийдвэрийн дагуу арванхоёрдугаар сарын 30-ны баасан гарагийн ажлын өдрийг шилжүүлснээр шинэ жилийн баяраар иргэд дөрөв хоног дарааллан амарсан.

Тэгвэл энэ өдрийг нөхөж нэгдүгээр сарын 7-ны бямба гарагт нийтээр ажиллах юм.

Томуу, томуу төст өвчний дэгдэлт, цаг агаарын байдлыг харгалзан шинэ жилийн баяраар иргэдийн ажил, амралтыг зохицуулах шаардлагаар Засгийн газрын хуралдаанаар дээрх шийдвэрийг гаргасан бөгөөд ингэснээр ажлын өдрийн тоо, албан хаагчдын цалингийн нийлбэрт өөрчлөлт орохгүй юм байна.

Талийгаач хүүгийн гарыг гурван удаа заазуурдсан байжээ

Өнгөрсөн сарын 31-ний орой СХД-ийн 19-р хороонд Хятад улсын иргэн 45 настай Ө хамтран амьдрагч болох Х мөн  4 настай хүүхдийн амь насанд хүрсэн аймшигт хэрэг гарсан билээ. Энэ хэргийн талаар өнөөдөр ЦЕГ мэдээлэл хийлээ. Талийгаач дөрвөн настай хүү иргэн Х-ийн хүүхэд биш байжээ. Өөрөөр хэлбэл Х нь төрсөн дүүгийнхээ  хүүхдийг харж байхад дээрх жигшүүрт хэрэг үйлдэгдсэн байна. Мөн эх сурвалжаас авсан мэдээллээр иргэн Х тэр шөнө шархаа даалгүй нас барсан байна.

“С.Зоригийн хэрэг”-ийн захиалагчийг илрүүлэх ажлын хэсэг байгуулжээ

С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэргийг шинэ оны өмнөхөн шүүхээр шийдвэрлэсэн билээ. Тодруулбал, хэрэгт сэжиглэгдээд байсан Б.Содномдаржаа, Т.Чимэгээ, Ц.Амгаланбаатар нарыг С.Зоригийн амь насыг захиалгаар хөнөөсөн хэмээн шүүх үзэж 24-25 жилийн хорих ял оноосон юм.

Тэгвэл С.Зоригийн амь насанд халдахыг захиалсан, зохион байгуулсан гэх хэргийг шалгах хамтарсан ажлын хэсгийг байгуулсан байна. Тус ажлын хэсэгт Тагнуулын Ерөнхий газрын мөрдөн байцаах хэлтэс, Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн мөрдөн байцаагчдын бүрэлдэхүүнтэйгээр байгуулжээ. Эдгээр хэрэгт Нийслэлийн прокурорын газраас хяналт тавих бөгөөд хэргийг шуурхай шалгаж, шийдвэрлэхийг Ерөнхий прокурор М.Энх-Амгалан ажлын хэсэгт үүрэг болгосон байна.

Байр суурь: Цагаан сар хэзээ болох вэ

Шинэ он, шинэ сар эхэллээ. Монголчуудын уламжлалт сар шинийн баяр ч хаяанд ирлээ. Цагаан сар нь өвөг дээдсийн үеэс уламжлан ирсэн төрт ёсны хамгийн том баяр. Сар гаруйн хугацааны дараа монголчууд бид энэхүү баяраа тэмдэглэнэ. Гэтэл шинэ сар гарснаас хойш энэ жилийн цагаан сар нэгдүгээр сарын 28-нд болно гэсэн мэдээ гарч эхэлсэн юм. Учир нь Чөлөөт зурхайчдын холбооны ерөнхийлөгч, шар зурхайч М.Намсрай “Энэ жилийн Цагаан сар хоёрдугаар сар биш нэгдүгээр сарын 28-нд болно” хэмээн мэдэгдсэн нь ийнхүү иргэдийг эргэлзэх, талцахад хүргээд байна. 

Тэрбээр яагаад ингэж үзэж байгаагаа ийнхүү тайлбарласан юм. "Хубилай хааны зарлигаар 1280 оны арванхоёрдугаар сарын 19-нд монгол түшмэдүүд цаг, улирлын судалгаа хийж эзэн хаандаа өргөн барьсан. Энэхүү судалгааны ажлыг Хубилай хаан “Цагийг мэдээлэх зурхай” хэмээн нэрлэснээр Монгол шар зурхай нь албан ёсоор Монголчуудын төрийн тоолол болсон байдаг” гэсэн юм. Түүгээр ч зогсохгүй монголчууд Төгсбуянтын зурхайгаар шинэлж эхэлснээс хойш буюу миний тооцоолсноор 1807 оноос хойш өнөөдрийг хүртэл 209 удаагийн цагаан сарын хийснээс 134-ыг нь буруу 75-ыг нь зөв тэмдэглэж ирсэн" хэмээн мэдэгдсэн. 

Ингээд бид энэ жилийн цагаан сар хэзээ болох талаар Гандантэгчэнлин хийд болон зурхайч, иргэдийн байр суурийг сонссон юм.

Энэ талаар Монголын Бурханы шашны төв Гандантэгчэнлин хийдийн Олон нийттэй харилцах албаны ажилтан Ж.Одгарьдаас тодруулахад “Гандантэгчэнлин хийд, Бурханы шашны зонхилох байгууллагууд, төр засгийн зүгээс ч  нийтлэг мөрдөж буй он тооллын зурхайд алдаа мадаг байхгүй. Тийм зүйл ч гарч байгаагүй. Үүний л дагуу энэ жилийн сар шинэ хоёрдугаар сарын 27-нд болно. Ингэж тэмдэглэх нь зөв. Харин хоёрдугаар сарын 26-нд бичин жилийн өвлийн адаг сарын битүүн тохиож байна. Тиймээс иргэд, сүсэгтэн болон та бүхэн хоёрдугаар сарын 27-нд шинэлэх нь зөв” гэв. Үргэлжлэлийг энд дарж уншина уу. 

Дэлхий дахинд: Энэ сарын сүүлээр Чой Сүн Сил, Пак Гын Хэ нарт холбогдох хэргийг эцэслэнэ

Олон улсын  улс төр шинжээчид Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Парк Гын Хэг огцруулсан явдал, түүнийг тойрсон дуулиан шуугиан эцэс болж, улс орныг тогтвортой хөгжил рүү хөтөлж, ардчилсан нийгмийн үнэт зүйлийн баталгаа болсон гэж үзэж байна.

Сөүл хотын төвд арванхоёрдугаар сарын 3-ны өдөр олон нийтийн жагсаалд 1.7 сая иргэн 320.000 гаруй цагдаагийн албан хаагчид оролцож байжээ. Харин арванхоёрдугаар сарын 9-ны өдөр “импеачмент” санал хураалт авч түүнийг албан үүргээс чөлөөлсөн. 

Хэргийг шалгаж буй прокурорын багаас Үндэсний зөвлөл Пак Гын Хэтэй холбоотой хэргийн талаар үнэн зөвийг гэрчлэх гэрчийг хайх ажилд анхаарч байгаа гэв. Түүнийг авлига, хээл хахуулийн асуудалд нэр холбогдож, өөрийн сайн найз, зөвлөх асан Чой Сүн Силд төрийн нууцад хамаарах бичиг баримтыг задруулж, нэр хүндээ ашиглан хууь бус аргаар хандив цуглуулсан хэмээн олон нийт жагсаж, цуглааныг эхэлсэн ч 2014 онд болсон Севол хөлөг онгоцын ослын үед анхаарал хандуулалгүй, өнгөрсөн асуудал сөхөгдөж гарч ирсэн. 

Иймд дээрх асуудалтай холбоотойгоор пүрэв гарагт ерөнхийлөгч Пак Гын Хэгийн нарийн бичгийн дарга асан Ан Чон Бум болон бусад нэр бүхий ажилтануудаас мэдүүлэг авч, гэрчээр дуудан  шүүхийн зөвлөлийн 9 гишүүн эцсийн шийдвэрийг гаргахаар зориж байгаа аж.  Чой Сүн Силийн хэргийг нэгдүгээр сарын 10-ны өдөр эцэслэн шийдвэрлэхээр төлөвлөжээ.

Дээд шүүхийн  дарга энэ сарын эцсээр гэхэд Чой Сүн Сил, Пак Гын Хэ нарт холбогдох хэргийг эцэслэн шийдэх бөгөөд сөрөг хүчнийхэн одоогийн ерөнхий сайд Хванг Кёо Аныг шинээр ерөнхийлөгчийн суудалд суух магадлалтай хэмээн үзэж байна.  

Эх сурвалж: asia.nikkei.com

Фижид 7.2 баллын хүчтэй газар хөдлөлт болжээ

Бүгд Найрамдах Фижи Улсад өнөөдөр хүчтэй газар хөдлөлт болсны дараа цунамигийн аюулын дохио өгчээ. Одоогийн байдлаар ямар хэмжээний хохирол гарсан талаар мэдээлэл ирээгүй байна.

7.2 баллын хүчтэй газар хөдлөлт аялал жуулчлалын төв болох Нади хотоос баруун өмнө зүгт 220 км-ийн зайд орон нутгийн цагаар 09:52 цагт болсон гэж АНУ-ын Геологийн судалгааны төв мэдэгдэв.“Газар хөдлөлтийн улмаас ямар нэг хор хохирол учраагүй. Газар хөдлөлт эргээс хол газарт болсон бөгөөд Сува, Нади хотуудад мэдрэгдээгүй. Харин цунамигийн дохиог асаасны дараа Сува хотын оршин суугчид барилга байшин, гэр орноо орхин дүрвэсэн боловч үдээс хойш тэд гэр, ажил руугаа буцсан” гэж Фижигийн Гамшгийн менежментийн ахлах ажилтан Суниа Ратулеву мэдэгдэв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл