8o
Улаанбаатар хот
mobile menu

Танилц: Улаанбаатарт төлөөлөгчийн газраа нээх зөвшөөрөл авсан ICBC банк Хятаддаа нэгд эрэмбэлэгддэг

2017-01-09 08:30:00

УИХ-ын гишүүн Б.Жавхлан тэргүүтэй хэд, хэдэн гишүүн гадны банкийг Монголд оруулж ирэх хуулийн төсөл буюу Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг оны өмнөхөн УИХ-д өргөн барьсан. Засгийн газрын зүгээс ч мөн уг асуудлыг нааштайгаар шийдвэрлэх нь зүйтэй гэх шийдэлд хүрсэн гэж байгаа юм. Гадны банкийг оруулж ирэх нь Монголын эдийн засагт ашигтай гэж үзэх хүмүүс байгаа бол эсэргүүцэх хэсэг ч байгаа.

Тэгвэл энэ сарын 5-ны өдөр Монголбанкны Захирлуудын Зөвлөл хуралдаж БНХАУ-ын Үйлдвэр Худалдааны банкинд /ICBC/ Монгол Улсад Төлөөлөгчийн газар байгуулах зөвшөөрөл олгохоор шийдвэрлэжээ.

Хятадын Үйлдвэр Худалдааны банк нь Банкерс-Алманак байгууллагаас гаргадаг дэлхийн шилдэг банкуудын жагсаалтыг сүүлийн 3 жил дараалан тэргүүлсэн, зээлжих зэрэглэл тогтоогч байгууллагуудаас “А1” буюу тогтвортой зэрэглэл авсан, 42 улсад 400 гаруй салбар нэгжтэй oлон улсад нэр хүнд бүхий банк юм. Хятаддаа “Bank of China” ийн өмнө эрэмбэлэгддэг тус банк нийт актив хөрөнгөөрөө БНХАУ-даа толгой цохидог. БНХАУ-ын Үйлдвэр Худалдааны банк нь 2015 оноос хойш Монголд үйл ажиллагаагаа явуулах зөвшөөрөл хүсчээ. 2013 оноос дэлхийн шилдэг 1000 банкийг тэргүүлсэн. Ер нь АНУ-ын JP Morgan эс тооцвол орлогоороо сүүлийн жилүүдэд Хятадын гурван банк дэлхийд тэргүүлж байгаа юм. Тодруулбал, “ICBC” банк, “Construction” банк, “Bank of China” банк жагсдаг аж.

Монгол Улсын хууль тогтоомжид заасны дагуу Төлөөлөгчийн газар нь банкны үйл ажиллагаа эрхлэхгүй, зөвхөн өөрийн банкны нэрийн өмнөөс эрх зүйн төлөөлөл явуулах үндсэн үүрэгтэй байна. Монгол Улсад 2008 оноос хойш Голланд Улсын Ай Эн Жи банк, БНХАУ-ын Банк оф Чайна, Япон Улсын Сумитомо Мицуи Банкны Корпораци болон Токио-Мицүбиши Банк Юу Эф Жэй банкны Төлөөлөгчийн газрууд үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд дээрх зөвшөөрлийг олгосноор гадаадын банкны нийт таван Төлөөлөгчийн газартай боллоо.

УИХ-ын гишүүн Б.Жавхлан гадны банкийг оруулж ирэх асуудлаар манай сайтад өгсөн ярилцлагадаа “Гадна хөрөнгө оруулагчид орж ирээд дотоодын банкуудын ажилладаг зах зээл дээр ажиллахгүй. Харин банк хоорондын зах зээл дээр ажиллана. Ингэснээр манайхны санхүүжүүлж чаддаггүй төсөл хөтөлбөрүүдэд хямд эх үүсвэр нийлүүлэх боломжтой. Энэ хуулинд дотоодын банкуудын ажиллаж байгаа орчинд гадны банкууд үйл ажиллагаа эрхлэхгүй гэдгийг сайтар ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл манай хадгаламж, харилцахын зах зээл дээр гадны банк ажиллахгүй гэсэн үг. Ингэснээр одоо ажиллаж байгаа арилжааны 13 банктай гадны банкууд өрсөлдөхгүй нь. Нөгөө талдаа дотоодын банкуудаа эрх зүйн хувьд хамгаалсан зохицуулалтыг тусгаж өгч байгаа юм. Тодруулбал энэ хуулиар зөвхөн гадны банк оруулж ирэх тухай зохицуулалтыг тусгасан гэж ойлгож болохгүй. Банк санхүүгийн зах зээлээр дамжуулж гадны хөрөнгө оруулагчдыг дуудаж байгаа юм” гэж ярьсан билээ. Ер нь мэргэжлийн эдийн засагчид гадны банкийг Монголд үйл ажиллагаагаа явуулах хэрэгтэй гэсэн байр, суурийг илэрхийлсээр байгаа юм.

Т.Энхэлээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Хятадын банк монгол улсын эдийн засгийг бодохгүй өөрсдийнхөө эрх ашгийг бодно
2017/01/09 202.9.40.249