8o
Улаанбаатар хот
mobile menu

Хятад, Тайваний харилцаа хүнд сорилттой тулгараад байна

2017-01-12 14:00:00

Бээжингийн нисэх онгоц тээвэрлэгч Ляонинь хөлөг Тайваний хоолойгоор нэвтэрсний дараа талуудын хийсэн мэдэгдлээс харвалХятад-Тайваний харилцаа энэ жил хүнд сорилттой тулгарах шинжтэй байна.

Өчигдөр өглөө 07:00 цагийн үед Ляонинь хөлөг Тайваний баруун өмнө зүгийн агаарын хяналтын бүсээр нэвтэрсний дараа Тайпэй байлдааны нисэх онгоц хөөргөж, тэнгисийн хөлгүүдээ илгээсэн юм.

Ляонинь хөлөг хойд зүгийг чиглэн аялахдаа 1950-аад онд АНУ-ын тогтоож өгсөн Тайпэй, Бээжингийн зааг шугамын дагуу явжээ.

Харин өнөө өглөөний 06:30 цагийн орчимд Ляонинь хөлөг Тайваний хоолойг өнгөрөөд бааз руугаа чиглэн явсныг Тайваний батлан хамгаалах яам мэдээлсэн байна.

Өнөө өглөө Хятадын тэнгисийн хүчнийхэн бас нисэх онгоц тээвэрлэгч нь Тайваний хоолойг гаталж дууссаныг баталжээ. Энэ хэрэг явдалтай зэрэгцэн өчигдөр Тайваний эх газрын Хятадын хэргийг хариуцсан зөвлөлийн тэргүүн Чан Шяо Юүэ мэдэгдэл хийхдээ “энэ он эх газартай харилцах харилцаанд хэцүү сорилтын жил болох” шинжтэй байгааг онцолсон байна.

Тухайлбал Дональд Трамп АНУ-ын ерөнхийлөгч болох, Хятадын Коммунист Намын 19 дүгээр их хурал болох зэрэг нь Тайваньчуудын хувьд анхааралтай ажиглах ёстой, эмзэг үйл явдлууд гэнэ.

Тэрээр “Манай засгийн газар улс орноо хангалттай хамгаалах чадвартай. Үүнд айх явдалгүй” гээд “Ямар ч аюул занал хоолойн хоёр талын харилцаанд сайн зүйл авчрахгүй” хэмээн нэмж хэлжээ.

Мөн энэ үед Бээжинд Тайваний асуудлыг хариуцсан албаны хүн Ма Шяогуань мэдээлэл хийж, талуудын харилцаанд эргэлзээ төрүүлэх зүйлсийг ярьсан нь Тайваний талын мэдэгдэлтэй ижил агуулгатай байлаа.

Харин үүнтэй зэрэгцэн Хятадын гадаад хэргийн дэд сайд Лю Зенминий хэлсэн үгс үүссэн нөхцөл байдлыг зөөлрүүлэх утгатай байсан юм.

Тэрээр Ляонинь хөлгийг Тайваний хоолойгоор нэвтэрсэн явдлыг хэвийн үзэгдэл, тэнгисийн цэргийн сургуулилалтын дараа ийм аялал байнга явагддаг гэжээ.

Жил бүрийн өдийд Хятадын Ардын Чөлөөлөх Арми тэнгисийн сургуулилалт хийдэг болохыг Лю сайд тайлбарласан байна. Ингэхдээ ямар ч улсын аюулгүй байдалд нөлөөлөх үйлдэл хийгээгүй болохыг сануулжээ.

Тайпэй хотын Ченчи Үндэсний Их сургуулийн дипломат бодлогын мэргэжилтэн Хуан Квэй Бо сүүлийн үеийн нөхцөл байдлыг дүгнэн хэлэхдээ Бээжин-Тайпэйн харилцаа ойрын 4-5 сарын хугацаанд зөөлрөх шинжгүй байгааг өгүүлсэн байна.

Үүн дээр нэмээд Дональд Трампын эргэлзээтэй гадаад бодлого талуудын харилцааг улам тодорхойгүй болгож байгааг Хуан мөн хэлжээ.

Тэрээр “Ляонинь хөлөг Тайваний хоолойгоор нэвтэрсэн явдал нь хэдийгээр Бээжингийн хувьд эцсийн арга хэмжээ боловч Тайванийг хүчээр нэгтгэх бодлогоос татгалзаагүй байгаагаа Тайпэй болон дэлхий нийтэд тодоор харуулсан хэрэг юм” хэмээн тайлбарласан байна.

Эх сурвалж: South China Morning Post

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл