8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Х богдыг хүлээн зөвшөөрөхгүй байх хууль санаачилж, Бөмбөг дэлбэлнэ гэж сүрдүүлсэн этгээдэд хариуцлага тооцсон өдөр

2017-01-12 18:50:00

Өөрийн хийж чадах ажлаа хийж, хийсэн ажлынхаа хөлсийг авч, түүгээрээ хүссэн зүйлээ худалдан авч, хэрэгтэй зүйлдээ зарцуулж байхдаа хүмүүс  илүү аз жаргалтай байдаг болов уу. Мөр дарсан хүнд, булга бус биед эвтэй, хөнгөн хүрэм өмссөн байхдаа ч хүн өнгөлөг , гэгээлэг харагдана. Өөрөө бүтээж, өөрийн хүч чадал боломжоо мэдэрч, өөртөө итгэж байхдаа хүн аз жаргалтай байдаг аж. Эрхэм уншигч танд энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр нийгэм улс төрийн амьдралд болж өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэдэг “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэхэд бэлэн боллоо. Тоймоо хүлээн авна уу.

Байр, суурь: Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулиар намуудын дарга юу гэж хэлэв

УИХ дахь АН-ын бүлгээс улс төрд суудалтай болон суудалгүй намуудын дунд Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулиар хэлэлцүүлэг зохион байгууллаа. Уг хуулийг УИХ-аар хэлэлцэх шатанд АН-ын бүлгээс нэг хоногийн завсарлага аваад байгаа юм. Тус бүлгийн зүгээс хуулийн төсөлд Үндсэн хууль зөрчсөн, УИХ дах цөөнхийн бүлэг болон суудалгүй намуудын эрх ашгийг зөрчсөн заалт орсон байна хэмээн үзэж бүх улс төрийн хүчний төлөөллөөр хэлэлцүүлэх шийдвэр гаргасан юм. Өнөөдрийн хэлэлцүүлэгт АН, МАХН, ТТЭНН, ЭЧХН зэрэг 20 орчим улс төрийн хүчин оролцлоо.

Уг уулзалтад оролцсон намуудын удирдлагууд Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулиар ямар, байр суурьтай байгааг хүргэе. 


АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр: Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулинд засах зүйлүүд их байна 

-Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг манай нам Удирдах зөвлөл, Гүйцэтгэх зөвлөл, Үндэсний зөвлөлдөх хороогоор хэлэлцээгүй байгаа. Энэ хуулийн төсөлд бид нэг зүйлийг онцгой анхаарах хэрэгтэй байна. СЕХ хороо, аймаг, нийслэл, сум, дүүргийн бүхий л сонгуулийн хэсгийн хороо, санал авах байрны ажилтнуудыг шууд томилхоор заасан байна. Энд сонгуулийн дараа төрийн албанд томилсон өөрсдийн хүмүүсээ оруулж, зохион байгуулна. Гэтэл сонгуулийг будлиантуулсан хүмүүсийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болон түүнийг 21-26 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заажээ. Энэ бол хэтэрхий бага мөнгө. Тиймээс торгуулийн хэмжээг нэмэх шаардлагатай. Сонгогчийн нэрсийн жагсаалт гэсэн бүлэгт “Сонгогчийг сонгуулийн зөвхөн нэг хэсгийн хороонд бүртгэнэ” гэж заасан байна. Үүнийг хянах тогтолцоо хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, сонгуульд өрсөлдөгчид тусгай программаар тухайн сонгогчийг өөр газарт давхар бүртгэсэн үү гэдгийг шалгах бололцоог хангах нь чухал. Энэ бол “царааны нүүдэл”-ээс хамгаална гэсэн үг. Түүнчлэн “Нэр дэвшигч бүртгүүлсний дараа тухайн хүнийг бүртгэхээс татгалзах үндэслэл илэрвэл уг нэр дэвшигчийг СЕХ жагсаалтаас хасч, нийтэд мэдээлнэ” гэж заасан. Одоо бол СЕХ ганцхан намын төлөөлөл болсон. Тиймээс нэр дэвшигчийг сонгуулийн өмнөхөн гүтгэж, улмаар жагсаалтаас хасах магадлал байна. Үргэлжлэлийг энд дарж уншина уу.

Д.Ганбат: Буруу рүльтэй тээврийн хэрэгслийн импортыг хязгаарлана

Баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн импортыг хязгаарлах тухай Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийжээ. Манай улс тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг замын зорчих хэсгийн баруун гар талаар явуулна гэсэн хуультай. Энэ нь жолооны хүрд зүүн талдаа байхаар тооцож хууль, дүрэм, журам, стандарт, замын хөдөлгөөний аюулгүй байдлын бусад үзүүлэлтийг тогтооно гэсэн үг юм.

Гэвч импортоор оруулж ирэх автомашины жолооны хүрдний байрлалд хязгаарлалт тогтоогоогүй учир сүүлийн 10 гаруй жил баруун талдаа жолооны хүрдтэй автомашины импорт эрс нэмэгджээ. Судалгаанаас үзвэл улсын хэмжээний нийт автомашины 48, Улаанбаатар хотын нийт автомашины 55 хувь нь баруун талдаа жолооны хүрдтэй байна. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад замын үзэгдэх орчин чухал бөгөөд баруун гар талдаа жолооны хүрдтэй автомашинаар гүйцэж түрүүлэх, тойрон гарах хийх үед харах талбай 20-70 градусаар багасдаг нь осол гарахад голлон нөлөөлдөг байна. 2015 онд гарсан 41064 ослын 64,4 хувь нь баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгсэлтэй холбоотой байжээ.  

Мөн хуралдаанаар насжилт өндөртэй тээврийн хэрэгслийн импортыг хязгаарлах талаар танилцуулга хийжээ. 2016 оны жилийн эцсийн байдлаар тээврийн хэрэгслийн улсын бүртгэлд бүртгэлтэй 831552 тээврийн хэрэгсэл байгаагийн 766019 нь автомашин, үлдсэн нь механизм, чиргүүл, мотоцикль байна. Зургаагаас дээш жилийн насжилттай автомашиныг өндөр насжилттай гэж олон улсад үздэг бөгөөд манай орны хувьд бүртгэлтэй автомашины 90 орчим хувь нь зургаагаас дээш жилийн насжилттай байна. Өндөр насжилттай тээврийн хэрэгсэл, түүн дотроо суудлын автомашины эзлэх хувь буурахгүй байгаа төдийгүй агаарын бохирдол, зам, тээврийн ослын ихэнх хувь насжилт өндөр машинтай холбоотой байгаа нь судалгаагаар тодорхой болжээ.

Танилцуулгатай холбогдуулан баруун талдаа жолооны хүрдтэй болон насжилт өндөр автомашины импортыг хязгаарлах талаар тодорхой санал, шийдвэрийн төсөл боловсруулж танилцуулахыг Засгийн газраас Д.Ганбат сайдад даалгажээ. 

Х.Нямбаатар: Цэц дүгнэлт гаргасны дараа Ерөнхийлөгчийг огцруулах асуудлаар байр, сууриа илэрхийлнэ

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр “Улаанбаатарын утааг бууруулах” сэдвээр сэтгүүлчидтэй уулзалт хийсэн. Энэ үеэр Улаанбаатар ирээдүйгүй хот болсон. Байгаль өөрөө Улаанбаатарын утааг шүүж чадахаа байчихсан. Энд хүн амьдрахад хэцүү боллоо гэж мэдэгдсэн.  Ерөнхийлөгчийн энэхүү мэдэгдэлд УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж ундууцаж “Ерөнхийлөгч Улаанбаатар ирээдүйгүй болсон байна. Улаанбаатарт хөрөнгө оруулалт битгий хий” гэсэн утгатай юм ярьсан байна. Энэ хүнийг хугацаанаас нь өмнө огцруулахгүй бол болохгүй болж байгаа юм байна. Улсаа ингэж доромжилж болохгүй. УИХ-ын гишүүдийг Ерөнхийлөгчийг огцруулах бичигт гарын үсэг зурахыг уриалж байна” гэж мэдэгдсэн билээ. 


Ерөнхийлөгчийн өчигдөр хийсэн мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Нямбаатараас байр, суурийг нь сонслоо. Түүний хувьд Улаанбаатар хотын хамгийн их утаатай бүс болох Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон билээ.

Тэрбээр “Үндэсний аюулгүй байдлын зөвлөл утааны асуудлаар хуралдсан. Утаа гамшгийн хэмжээнд хүрсэн учир Монгол улсын нийслэлийн суурьшлыг задлах ёстой гэсэн шийдвэрийг уг хуралдаанаас гаргасан. Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах ёстой гэсэн шийдвэрийг гаргасан. Ерөнхийлөгчийн уулзалтыг би биечилж үзээгүй. Энэ талаарх мэдээллийг сошиалаас авсан. Улаанбаатар хот агаарын бохирдлын хэмжээгээрээ тэргүүлж байгаа. Гэхдээ цаашид утаатайгаа тэмцэж байж хүн төрөлхтний суурьшлийн соёл иргэншлийг үргэлжлүүлэх ёстой. Шинжлэх ухааны байгууллагуудаас гаргасан дүгнэлт дээр үндэслэн бид ажиллах ёстой. Улаанбаатараас нүүлээ гэхэд хаана очиж амьдрах вэ гэдгээ төлөвлөх ёстой биз дээ. Ерөнхийлөгчийг огцруулах асуудлаар хүмүүс өөр, өөрсдийн байр суурийг илэрхийлсээр байгаа. Миний хувьд Ерөнхийлөгчийг огцруулах үндэслэлтэй гэж үзвэл цэцийн дүгнэлт гарсаны дараа л байр, сууриа илэрхийлнэ. Ерөнхийлөгчийг хууль зөрчсөн гэж Цэц дүгнэвэл тэр үед би байр, сууриа албан ёсоор илэрхийлнэ” гэлээ. 

Ц.Элбэгдорж: Сэтгүүлчдийг олон жил эрхлүүлсэн дээ

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр утааны асуудлаар өргөн хэмжээний уулзалтыг зохион байгуулсан. Тэрээр энэ үеэр “Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах хуулийг би анх санаачилсан. Сэтгүүлчдийг нисдэг тэргээр авч явж утааг дээрээс нь харуулж байсан. Тийм ч учраас дэлхийд утаатай хамгийн сайн тэмцсэн Ерөнхийлөгчөөр намайг тодруулж шагнасан”  гэх зэргээр олныг эгдүүцүүлж, алмайруулсан мэдэгдлүүдийг их хийсэн.

Мөн үүний дараа Ерөнхийлөгч маань твиттер хуудсаараа дамжуулан “Утааг харахаар уур хүрэхгүй байх аргагүй. Сэтгүүлчдийг загналаа гэхОлон жил эрхлүүлсэн дээ. Хэвлэлийнхэн цааш бусдыгаа загнах байлгүй”  хэмээн мэдэгдсэн нь бас л цахим ертөнцийнхнийг ярих ярианы сэдэвтэй болгоод байна. 

Бөмбөг дэлбэлнэ гэж сүрдүүлсэн АНУ-ын иргэнд хариуцлага тооцжээ

“Централ тауэр”-т тэсрэх бөмбөг тавьсан гэх дуулиан шуугиан тарьсан АНУ-ын иргэн 52 настай Майкл гэх хүнд захиргааны арга хэмжээ авч хариуцлага тооцсон байна. Цагдаа тагнуулынхны шалгалтаар “Централ тауэр”-ээс ямар ч тэсрэх бодис олдоогүй бөгөөд АНУ-ын иргэнд Терроризмтой тэмцэх тухай хууль зөрчсөн гэх үндэслэлээр арга хэмжээ авсан байна.

Дээрх хуулийг зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй бол 30-50 мянган төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэх заалт хуулинд байдаг байна. 

Хуурамч ам.доллар солиулахыг завдсан хэрэг гарчээ

Чингэлтэй дүүрэгт байрлах нэгэн банкинд “Хуурамч ам.доллар илэрлээ” гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Хэрэг өчигдөр гарсан бөгөөд мэдээллийн дагуу шалгахад Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хороонд оршин суух 65 настай М хуурамч 18 ширхэг 100 ам.долларыг солиулахыг завдаж, үйлдэл дээрээ баригджээ.

Уг хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст үргэлжлүүлэн мөрдөн байцаах ажиллагаа  явуулж  байгаа аж.

Н.Айшолпан охины тоглосон кино Монголд нээлтээ хийнэ

Н.Айшолпан охины амьдралаас сэдэвлэн бүтээсэн "The Eagle Huntress" АНУ-д нээлтээ хийсэн билээ. Уг кино  ирэх дөрөвдүгээр сард Монголын кино театруудад нээлтээ хийхээр болжээ. 

Уг кинонд Монголын баруун бүс, Алтайн нуруунд 2000 гаруй жил амьдарч буй Казах ард түмэн болон бүргэдээр ан хийдэг аавынхаа амьдралд тусалсаар ан хийж сурсан Н.Айшолпан охины тухай өгүүлэх аж. Мөн эмэгтэй хүн ан хийж чаддаг болохыг харуулахын тулд 70 эрэгтэй анчинтай өрсөлдөн, өөрийгөө хүлээн зөвшөөрүүлж буйг харуулсан юм байна. 

Далай ламын тодруулсан Х богдыг хүлээн зөвшөөрөхгүй байх хууль санаачилжээ

Далай ламын монгол дахь айлчлал олон хүний анхаарлыг татсан төдийгүй өнөөдрийг хүртэл асуудал нь намжаагүй байгаа юм. Тус айлчлалын үеэр Далай лам Х богд тодорно хэмээн мэдээлэл хийгээд буцсан. Тэгвэл оны өмнө УИХ-ын нэр бүхий гишүүд Төр, сүм хийдийн харилцааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барьж байсан. Учир нь, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил “Засгийн газар X Богдыг тодруулахад оролцохгүй” гэж мэдэгдсэнээс гадна УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, Н.Оюундарь нар бага насны хүүхдийг шашны байгууллагын үйл ажиллагаанд татан оролцуулахыг хориглосон агуулгатай хуулийн төсөл боловсруулжээ.

Бага насны хүүхдийг хутагт, хувилгаанаар тодруулан шашны байгууллагын үйл ажиллагаанд татан оролцуулж ирээдүйн хувь заяаг нь шууд шийдэх нь буруу гэж тэд үзсэн байна.

Хэрэв энэхүү хуулийн төсөл батлагдвал Далай ламын тодруулсан гэх X Богдыг сэнтийд нь залах боломжгүй болох юм байна. 

Дэлхий дахинд: Доналд Трамп: Мексикийн хилийн ханыг босгож, сонгуулийн санал хураалтыг ОХУ-ын талаас хакердсан явдлыг хүлээн зөвшөөрлөө

Ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Трамп лхагва гарагт анх удаа олон нийтийн өмнө ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтыг Москвагаас удирдан хакердсан явдлыг хүлээн зөвшөөрсөн талаар мэдээлжээ.

Сонгуульд ялсанаас хойш анх удаа зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр дээрх асуудлаар зоригтой хэлжээ. Тэрээр ерөнхийлөгчийн суудалд сууж, тангарагаа өргөхөд 9 хоног үлдсэн бөгөөд улс төрийн олон дуулиан шуугианыг ил болгох талаар хуваалцсэн байна. Тэрээр Мексик, АНУ-ын хооронд хана босгож, шүүхийн бүрэлдэхүүнийг хамгийн түрүүнд шинэчилж, тогтоох хүсэлтэй байгаа талаар мэдээлжээ.

Трамп тангарагаа өргөмөгц ОХУ-тай хамтран ажиллах чухал асуудлын талаар өөрийн бүрдүүлсэн багийн тусламжтай шат дараатай арга хэмжээ авах ажлыг эхлүүлэхээр зориж байна. Доналд Трамп АНУ-ын төрийн нарийн бичгийн даргаар Рекс Тиллерсоныг сонгожээ. Тэрээр хэвлэлийн бага хурлын үеэр сонгуулийн явцад Ардчилсан Намын компьютерийн ард ОХУ-ын ерөнхийлөгчВладимар Путин болон түүний багийхан хакердаж, санал хураалт болон Хиллари Клинтоны талаар мэдээллийг олж авч, цацсан мэдээллийг үнэн байж болзошгүй хэмээн илэрхийлсэн байна.Доналд Трамп хэвлэлийн бага хурлын үеэр “ОХУ хийсэн” хэмээн хүлээн зөвшөөрчээ.

Трамп сонгуульт ажлын үеэр улс төрийнхөө бодлогыг ОХУ-тай харилцаагаа сэргээж, хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа удаа дараа илэрхийлж байсан. Гэвч В.Путин энэ хэлцлийг хүлээн зөвшөөрөөгүй цагт хамтран ажиллах саналыг дэмжих эсэх нь тодорхойгүй байна. Ерөнхийлөгчийн санал хураалтанд ОХУ нөлөөлсөн нь зөвхөн АНУ-ыг бус нийт ардчилсан орны бодлого чиглэлийг өгүүсгэж болох том үйл явдлын гэрч болсон гэж харж байгаа юм.

“Цагаан орд”-ны хэвлэлийн нарийн бичгийн дарга “улс төрийн шулмын ангууч” хочит Шон Спайсер хэвлэлийн бага хурлын үеэр Доналд Трампын санхүү болон хувийн мэдээллийг олонд дэлгэж, ОХУ-тай хамтран ажиллах бодлогын талаар хэлэлцүүлсэн юм. Үргэлжлэлийг энд дарж уншина уу. 

Хятад, Тайваний харилцаа хүнд сорилттой тулгараад байна

Бээжингийн нисэх онгоц тээвэрлэгч Ляонинь хөлөг Тайваний хоолойгоор нэвтэрсний дараа талуудын хийсэн мэдэгдлээс харвалХятад-Тайваний харилцаа энэ жил хүнд сорилттой тулгарах шинжтэй байна.

Өчигдөр өглөө 07:00 цагийн үед Ляонинь хөлөг Тайваний баруун өмнө зүгийн агаарын хяналтын бүсээр нэвтэрсний дараа Тайпэй байлдааны нисэх онгоц хөөргөж, тэнгисийн хөлгүүдээ илгээсэн юм.

Ляонинь хөлөг хойд зүгийг чиглэн аялахдаа 1950-аад онд АНУ-ын тогтоож өгсөн Тайпэй, Бээжингийн зааг шугамын дагуу явжээ.

Харин өнөө өглөөний 06:30 цагийн орчимд Ляонинь хөлөг Тайваний хоолойг өнгөрөөд бааз руугаа чиглэн явсныг Тайваний батлан хамгаалах яам мэдээлсэн байна.

Өнөө өглөө Хятадын тэнгисийн хүчнийхэн бас нисэх онгоц тээвэрлэгч нь Тайваний хоолойг гаталж дууссаныг баталжээ. Энэ хэрэг явдалтай зэрэгцэн өчигдөр Тайваний эх газрын Хятадын хэргийг хариуцсан зөвлөлийн тэргүүн Чан Шяо Юүэ мэдэгдэл хийхдээ “энэ он эх газартай харилцах харилцаанд хэцүү сорилтын жил болох” шинжтэй байгааг онцолсон байна.

Тухайлбал Дональд Трамп АНУ-ын ерөнхийлөгч болох, Хятадын Коммунист Намын 19 дүгээр их хурал болох зэрэг нь Тайваньчуудын хувьд анхааралтай ажиглах ёстой, эмзэг үйл явдлууд гэнэ.

Тэрээр “Манай засгийн газар улс орноо хангалттай хамгаалах чадвартай. Үүнд айх явдалгүй” гээд “Ямар ч аюул занал хоолойн хоёр талын харилцаанд сайн зүйл авчрахгүй” хэмээн нэмж хэлжээ. Үргэлжлэлийг энд дарж уншина уу. 

Си Зиньпин ДЭМБ, НҮБ-д айлчилж, Давост оролцсон анхны хятад ерөнхийлөгч

Хятадын Гадаад хэргийн яамнаас мэдэгдснээр БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Зиньпин Давос дахь энэ удаагийн Дэлхийн эдийн засгийн форумд оролцох болсноороо тус чуулганд оролцож буй Хятадын анхны Ерөнхийлөгч болж байгаа ба Хятад улс олон улсын харилцаанд илүү их  хувь нэмэр оруулах эрмэлзэлтэй байгаа гэнэ.

Ерөнхийлөгч Си Зиньпин нэгдүгээр сарын 15-18-ны хооронд Швейцарьт айлчлан, 17-нд бусад орны улс төрчид болон тэрбумтнуудын хамтаар жил болгоны  форумд оролцох болно хэмээн яамны хэвлэлийн төлөөлөгч Лю Кан хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэн юм.

Швейцарьт байх хугацаандаа Си Зиньпин ДЭМБ, НҮБ болон Олон улсын олимпийн хорооны байруудад  айлчлах юм.

Alibaba-г үндэслэгч Жэк Ма, Dalian Wanda группын дарга Ван Жианлин, Baidu компанийн ерөнхийлөгч Жан Якин нар Ерөнхийлөгч Си Зиньпины айлчлалын багт багтжээ. Дэлхийн эдийн засгийн форум дах Хятад улсыг хариуцсан төлөөлөгч Дэвид Айкман, “Энэ жил Хятад маш том баг бүрдүүлэн  ирж байгаа учраас олон улсын  ихэнх уулзалт дээр Хятад хэлний орчуулагч ажиллах болно” хэмээн Bloomberg телевизэд өгсөн ярилцлагадаа дурьдсан юм.

БНХАУ-ын Дэд ерөнхийлөгч Ли Юаньчао 2016 онд, Ерөнхий сайд Ли Көцян 2015 онд Хятадын багийг удирдан Давосын чуулганд оролцож байсан билээ.

Өндөрлөг газар, цэвэр агаар, сайн чанарын хоол зэрэг нь сүрьеэг эмчлэх эмчилгээнд хамгийн ач холбогдолтой байсан үед боломжтой нэг нь Швейцарийн Давос хот дах сувиллын газарт удаан хугацааны турш хэвтэн эмчлүүлдэг байжээ. Антибиотик эмчилгээ нээгдснээс хойш Давосын сувиллын газар цанын бааз болсон түүхтэй ба 1971 оноос эхлэн дэлхийг илүү сайн сайхан болгох эрмэлзэл бүхий улс төрчид болон сайн дурынхан  жил болгон Давост  уулзалт зохион байгуулах болсон гэдэг.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
kkkk
ТА НАРТ 10-Р БОГД ПАДГҮЙ ЗА ЮУ УИХ-ЫН ГИШҮҮД ГУАЙ,
2017/01/12 203.91.117.8
Azaa
Ardiin nam garaad yumnii vne usuud tatwar nimegdeed aljiinaa temtseh heregtei ard tvmen
2017/01/12 141.0.14.225