Авлига, хээл хахууль нь аливаа улс орныг чимээгүй идэж, сүйрүүлдэг гэх яриа бий. Энэ сарын 11-ны өдөр Авлигатай тэмцэх бие даасан байгууллага, байгуулагдсаны түүхт 10 жилийн ойн өдөр тохиож, тэмдэглэн өнгөрүүллээ.
Энэхүү тэмдэглэлт өдрийн хүрээнд АТГ-аас хамтран ажилладаг олон улсын байгууллагын зочид, төлөөлөгчид, дотоодын төрийн болон хувийн байгууллагын удирдах ажилтануудтай хамтран “Авлига, хээл хахуулийн эсрэг үндэсний чуулган”-ыг Төрийн ордны “Их танхим”-д зохион байгуулж, авлига, хээл хахуультай тэмцэх хөтөлбөрийг боловсронгуй болгож, оролцогч талуудын санал, зөвлөмж, сэтгэгдлийг сонслоо.
Чуулган үндсэн дөрвөн салбар хуралдаанаас бүрдсэн бөгөөд хуралдаан бүр өөр, өөрийн онцлог шинжтэй болсон юм. Тухайлбал нэгдүгээр салбар хуралдаан “Авлигатай тэмцэх эрх зүйн орчин, шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагаа” сэдвийн хүрээнд УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, Авлигын эсрэг парламентийн бүлгийн дарга Ж.Энхбаяр салбар хуралдааныг даргалсан.
Харин хоёрдугаар салбар хуралдааныг “Төрийн байгууллагын ил тод, шудрага, хариуцлагатай байдал” сэдвийн хүрээнд Монгол улсын шадар сайд У.Хүрэлсүх даргалжээ. Гуравдугаар салбар хуралдааныг Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд удирдаж, “Хувийн хэвшил дэх авлигаас урдчилан сэргийлэх” асуудлаар салбарын төлөөлөлтэй хэлэлцэж, санал сэтгэгдлийг сонслоо.
Мөн дөрөвдүгээр салбар хуралдааныг УИХ-ын гишүүн, Өргөгдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл “Авлигаас урдчилан сэргийлэх үйл ажиллагаанд олон нийт, хэвлэл мэдээллийн болон төрийн бус байгууллагын оролцоо” сэдвээр салбар бүр тус тус 5 сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн. Харин хуралдааны нэгдсэн үр дүнд МУ-ын ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, МУ-ын шадар сайд У.Хүрэлсүх, МУ-ын УИХ-ын дарга З.Энхболд нар чуулганы үр дүнгийн талаар үг хэлж, шийдэл гарцаа тодорхойлсон юм.
Авлигатай тэмцэхэд олон нийтийн оролцоо, соён гэгээрүүлэх ажлыг нэмэгдүүлэх, төрийн байгуулллага, түүний ажилтнууд нь ёс зүйн хүрээнд ажиллах, авлигатай тэмцэхэд хувийн хэвшлийн байгууллага, түүний ажилтан, иргэн бүрийн оролцоо чухал гэдгийг чуулганд оролцогчид онцолж байлаа. Сүүлийн жилүүдэд эрүүл мэнд, боловсрол, газартай холбоотой байгуулллага, уул уурхай, ашигт малтмал, батлан хамгаалах салбарууд авлигад өртөх өндөр магадлалтайд тооцогдож байна. Мэдээж уул уурхай, ашигт малтмалын салбар хөгжиж байгаа улсын хувьд энэ салбарт авлигын эрсдэл өндөр байгаа учраас гадаадын хөрөнгө оруулалт татахын тулд авлигын индексээ бууруулах онцгой шаардлагатай байгааг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат онцолсон юм.
Монгол улс авлигын эсрэг хууль, дүрэм журмыг хэрэгжүүлэх удирдлагын тогтолцоо буюу ISO 37001:2016 стандартыг мөрдөж ажиллах онцгой үүрэг хүлээсэн. Олон улсын стандартчлалын байгууллага /ISO/-аас олон төрлийн стандарт гаргадаг ч авлигын эсрэг стандарт гэдэг бол Монголд төдийгүй дэлхийд шинэ зүйл юм.
ISO байгууллагаас авлигаас сэргийлэх, авлигыг илрүүлэх, авлигын эсрэг хариу арга хэмжээ авах зорилго бүхий авлигын эсрэг хууль, дүрэм журмыг хэрэгжүүлэх чухал стандарт юм. Энэхүү стандартыг төрийн болон хувийн хэвшил, төрийн бус байгууллага, сайн дурын ашгийн бус байгууллагууд мөрдөж ажиллах юм.
ISO олон улсын байгууллагаас энэхүү стандартыг 2016 оны аравдугаар сарын 13-ны өдөр баталж, дэлхийн олон улс орнууд энэ стандартыг хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байгаа аж. Манай улсын хувьд ирэх жилүүдэд ISO 37001:2016 стандартыг хэрэгжүүлэхэд гол анхаарлаа хандуулж ажиллахаар боллоо.
Чуулганы нэгдсэн хуралдааны үеэр авлига, хээл хахуулийн эсрэг олон шат дараатай арга хэмжээ авч явуулахыг эрмэлзэж, Засгийн газар дэмжин ажиллахаа мэдэгдсэн. Тэгвэл чуулганы үр дүнд олон шинэлэг санаа дэвшүүлсэний дүнд “Авлига, хээл хахуулийн эсрэг менежментийн тогтолцоо” буюу ISO 37001 стандартыг хэрэгжүүлэж, ажил хэрэг болгох үүргийг засгийн газар өглөө. Мөн МУ-ын шадар сайд У.Хүрэлсүх “ISO 37001” стандартын талаар судалж, нэвтрүүлэх ажлыг судлахыг хүсэж байгаа талаар илэрхийлж, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд “Энэ ажлыг холбогдох байгууллагуудад судлаж, ажил болгон хэрэгжүүлэхийг уриалсан юм.
Энэхүү стандартыг Монгол улсад нэвтрүүлсэнээр авлига, хээл хахуульгүй нийгмийг цогцлооход чухал алхам болох юм.
chuhal.mn