“Бүргэдийн анчин охин” киногоороо дэлхий нийтэд нэрд гарч буй Айшолпан болон түүний аав Р.Нургайв нар МҮОНТ-д ярилцлага өгсөн байна.
“Бүргэдийн анчин охин” кино олон улсад нээлтээ хийснээс хойш Айшолпаны гэр бүлийг Казакстан улс иргэншилдээ багтахыг урьсан аж. Гэсэн ч тэд уг саналыг хүлээж авахаас татгалзжээ.
Энэ талаар Айшолпаны аав Р.Нургайв гуай, “Охины маань тоглосон кино гадаадад гарснаас хойш янз бүрийн санал ирж байна. Охинтойгоо Казакстанд очиж иргэн нь болоод бидний нэрийг гаргаач гэдэг санал хүртэл ирж байсан. Бидэнд тийм сонирхол байхгүй. Бид хэдийгээр казак үндэстэн ч Монголд төрж өссөн, монгол цустай хүмүүс. Миний өвөг дээдэс бас энд төрж, өссөн. Тиймээс Монголоороо, төрсөн нутгаараа бахархдаг. Монголдоо амьдарч байгаад энэ сайхан боломжийг бурханы хишгээр олж авсан. Тэрийг хэзээ ч мартахгүй” хэмээн ярьсан байна.
Мөн нэгэн Айшилпан охинтой кино зургийн баг анх нэг ам.доллараар гэрээ хийсэн тухай мэдээлэл шуугиан тарьж байсан. Энэ тухай “Анх зургийг чинь авсан зурагчныг нэгхэн доллараар гэрээ хийсэн гэх мэтээр шуугисан үе бий” хэмээн асуусан сэтгүүлчийн асуултад Айшолпан охин, “Тэр худлаа. Ашэр ах бидэнтэй байнга холбоотой байдаг. Манайд жилд заримдаа гурван удаа ирдэг. Тэр нэг долларыг мөнгө дуудах арга гээд гэрийн гадна наагаад явсан байсан. Тэрнээс гэрээ ерөөсөө биш. Э.Цэрэндолгор гэдэг эгч буруу ойлгосон юм шиг байна лээ. Аав бид хоёрыг бүргэдийн баярт явсан хойгуур хүмүүс ээжтэй маань уулзаад , буруу зөрүү ойлголцоод шуугиан болгосон. Харин сайд байсан Ц.Оюунгэрэл эгч гэрээг маань гурван хэл дээр албан ёсных болгож өгсөн. Тэр гэрээ манай гэрийн амьдралд маш их тус дэм болж байгаа” хэмээн хариулсан байна.