8o
Улаанбаатар хот
mobile menu

АНУ Кубын цагаачдад хөнгөлөлт үзүүлэхээ зогсоолоо

2017-01-14 13:40:00

АНУ-ын албан тушаалаа өгч байгаа ерөнхийлөгч Барак Обамагийн засаг захиргаа Кубын цагаачдад оршин суух эрх олгох бодлого дуусгавар болж байгааг гэнэт зарлажээ. Ройтерс агентлаг ингэж мэдээлсэн байна.

Энэ шийдвэр нэн даруй хүчин төгөлдөр болж байгаа бөгөөд Кубын цагаачдын давалгааг зогсоох зорилгоор ингэж шийдвэрлэжээ.

Гаванад америкийн эрх баригчдын энэ арга хэмжээнд баяр хүргэж байна. Кубын тал цагаачдад хөнгөлөлт үзүүлэх бодлогын үйлчлэлийг зогсоохыг шаардаж байсан юм. Хоёр орны харилцаа хэвийн болж буй нөхцөлд хөнгөлөлтийг цуцлах ажил нэлээд хэдэн сарын турш үргэлжилжээ.

АНУ-ын нутагт ямар нэг байдлаар очсон кубын иргэд Америкт оршин сууж,ажил эрхлэн, визтэй эсэхээс үл шалтгаалан цаашид ногоон карт авах боломжтой байсанд 1996 оноос баримтлах болсон уг бодлогын зорилго оршиж байжээ. Харин бусад орны цагаачид ийм хөнгөлөлт эдлэх боломжгүй юм. Гэхдээ далайгаас саатуулагдсан кубын цагаачдыг буцаан явуулдаг байж.

Тийнхүү, тухайлбал гадаадад ажилладаг кубын эмнэлгийн ажилтнууд АНУ-д шилжин очиж болдог байсан байна. Кубын эрх баригчид үүнд дургүйцэж, эрэлттэй, шаардлагатай мэргэжилтнүүдийг татаж байна гэж Вашингтоны засаг захиргааг буруутгаж байсан юм.

2014 оны арванхоёрдугаар сард Обама болон Кубын төрийн тэргүүн Рауль Кастро нар хоёр орны харилцааг аажмаар хэвийн болгож байгааг зарласан билээ. Дипломат харилцаа, арилжааны тогтмол нислэгийг сэргээж, Кубын эсрэг авсан хэд хэдэн хориг арга хэмжээг зөөлрүүлжээ. Гэвч 1960 онд америкийн эрх баригчдын авсан худалдааны хориг арга хэмжээг цуцлаагүй юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment