8o
Улаанбаатар хот
mobile menu

Доналд Трамп: ОХУ-тай бизнесийн болон хувийн харилцаа байхгүй

2017-01-15 14:45:00

Шантрашгүй Дональд Трамп Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараах анхны хэвлэлийн бага хурал дээр АНУ- ын тагнуулын албад түүнийг эрхэндээ оруулах баримт оросуудад бий гэсэн мэдээ тараасан хэмээн буруутгав. Тэрбээр уг үйлдлийг “Нацист Германд л ийм юм хийх байх” хэмээн зүйрлэжээ. Ил болгосон мэдээлэлд Москватай түүний хувийн болон компанийн хэлхээ холбооны талаар нотолгоогүй боловч ноцтой зүйл яригдсаныг Трамп ихэд эгдүүцэн няцаасан юм. Түүний хэлснээр уг зүйл нь “өвчтэй хүмүүсийн зохиосон хуурамч мэдээ” гэнэ.

Трамп Нью-Йорк дахь төв байрандаа сэтгүүлчидтэй уулзахдаа, хэрвээ үүнийг АНУ- ын тагнуулын байгууллагаас тараасан бол тэдний хувьд “том хар толбо” болж үлдэнэ гээд “Иймэрхүү зүйлийг хэзээ ч бичиж болохгүй. Бүгдээрээ хуурамч мэдээлэл, зохиомол зүйл. Ийм юм байхгүй” хэмээн мэдэгдэв. Сонгогдсон Ерөнхийлөгч албан тушаалдаа орохоос 10 хүрэхгүй хоногийн өмнө Зэвсэгт хүчний ерөнхий командлагч болон тагнуулын албаны хооронд эхнээсээ зөрчил үүсч болзошгүй байгаа нь түүхэнд үзэгдээгүй явдал.

Тагнуулынхан Трампыг гадаад орны дэмжлэгтэй сонгогдсон мэтээр нотлохыг оролдож буй нь хэдийнэ тэдний харилцааг хурцатгаад байгаа билээ. Сөргөлдөх хандлагыг үл харгалзан ноён Трамп сонгуулийн үед Москва Ардчилсан намын үндэсний хорооны компьютерийг хакердаж, Хиллари Клинтоны сурталчилгаанд хохиролтой мэдээлэл цацсаныг хүлээн зөвшөөрчээ. “Миний бодлоор оросууд хийсэн байх. Гэвч биднийг бусад орон, хүмүүс бас хакердаж байгаа” хэмээв. Ноён Трамп түүнчлэн өөрийнх нь олон улсын бизнес ашиг сонирхол Ерөнхийлөгчийн албан тушаалтай нь зөрчилдөх тухай шүүмжлэлийг намжаахыг оролдсон байна. Шилжилтийн үед түүний гадаад дахь үйл ажиллагаа гаднын дэглэмүүдтэй нягт холбоотой талаар мэдээ гарч байсан юм.

Трампын талд ажилладаг татварын хуульч Шери Диллон хэвлэлийн бага хурал дээр сонгогдсон Ерөнхийлөгч өөрийн хөрөнгийг бусдад шилжүүлэх буюу бусдаар удирдуулахгүй гэдгийг тэмдэглэжээ. Үүний оронд Трампын бизнесийг хүүхдүүд нь удирдаж явуулах боловч гадаадын орнуудтай шинэ гэрээ хэлцэл байгуулахгүй гэж тохиролцсон аж. Тэрбээр твиттертээ “АНУ-ын тагнуулынхан түүнд сүүлийн нэг цохилт хийлээ” гэж бичжээ. Уг мэдээг тагнуулынхан нотолж чадаагүй ч улстөрчид болон хэвлэлийнхний дунд яригдсаар ирсэн агаад Financial Times сонин мөн үүнийг мэдэж байсан.

Ноён Трамп нууц гэгдэх баримтыг нийтэл сэн хэвлэлүүдийг шүүмжлэхийн сацуу тагнуулын албад түүнд энэ талаар баасан гарагт мэдээлнэ гэснийг хожимдсон гэж үзсэн байна. Оросын тал мөн энэ мэдээг няцааж буй. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Москвад сэтгүүлчдэд ярихдаа дээрх баримт гэгчид дурдсанчлан манайд Трампын нэр хүндэд харш ямар нэг баримт байхгүй хэмээн мэдэгдэв.

Ерөнхийлөгч Владимир Путин сонгуулийг хакердах тушаалыг биечлэн өгсөн, эсэх асуултад ноён Трамп “Тэр ийм зүйл хийх ёсгүй. Намайг Ерөнхийлөгч болсны дараа Орос улс АНУ- ыг илүү хүндэтгэн үздэг болно. Хэрвээ Путин Дональд Трампыг дэмжиж байгаа бол би үүнийг давуу тал гэж үзнэ. Харин үүрэг хариуцлага бус” гэжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment