8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Мялзан өвчний улмаас гурван хар сүүлт үхэж, С.Зоригийн хэргийн хохирогчид мэдээлэл хийсэн өдөр

2017-01-16 18:40:00

Шинэ эрч хүч, шинэ хүсэл мөрөөдлөөр дүүрэн шинэ долоо хоног эхлэж байна. Та энэ долоо хоногт юу хийж бүтээхээ төлөвлөсөн үү. Төлөвлөгөө гаргаагүй бол яг одоо төлөвлөгөө гаргаарай. Ажилт гаргана гэдэг тухайн өглөөг хэрхэн угтсанаас ихээхэн шалтгаалдаг юм шүү. Тийм учраас та бүхэндээ маргааш өглөө ямар хоол хүнс хэрэглэвэл үр дүнтэй талаар мэдээлэл хүргэх гэж байна. Эрдэмтэд өглөө ямар хоол идвэл тохиромжтой болохыг судалж, өндөг хамгийн тохиромжтой хүнс болохыг тогтоожээ. Өглөөний цайгаа уухдаа өндөг тогтмол идэж байвал өдрийн турш эрч хүчтэй ажиллах тэжээлийг авдгаас гадна эрүүл мэндэд тустай болохыг Америкийн эрдэмтэд тогтоосон байна.

Эрдэмтдийн тогтоосноор, өглөө бүр өндөг идэх нь биеийн жинд нөлөөлөхгүй, харин ч эрүүл мэндэд тустай аж. Өндөгтэй хоол идэж ажлын өдрөө эхэлсэн хүн ажилдаа амжилт гаргах эрч хүчийг ихээр авдаг гэнэ. Тийм учраас та бүхэн маргааш өндөг идэхээ бүү мартаарай. Харин одоо та бүхэндээ Монголын нэг өдөр тойм мэдээллээ хүргэх гэж байна.

Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа

Д.Арвин: Яана даа, Монгол улсын хувь заяа гэж сэтгэл өвдөж сууна

УИХ-ын гишүүн асан Д.Арвинтай ярилцлаа.

-Ойрд уулзаагүй хүнтэй уулзаж байна. Улс төрөөс холдоод ямар ажлыг хийж байна даа?

- "Их Өргөө" компанийнхаа ажилд тусалж байна даа. “Хуучин байрыг шинэ орон сууцаар” нэртэй хөтөлбөрийн дагуу Сансар хотхоны 85 айлын орон сууцыг бариулах ажлыг хөөцөлдөж байна.

- Хувийнхаа ажлын хажуугаар намынхаа үйл ажиллагаанд оролцож байгаа биз дээ. Ардчилсан нам даргаа сонгох гээд тун завгүй ажиллаж байна шүү дээ?

- Намын Их хуралд суусан. Намын анхан шатны гишүүд намынхаа даргыг сонгож байгаа. Миний хувьд намынхаа аль нэг үүрд харъяалагддаггүй.

- Яагаад?

- Намын батлахаа намын даргаасаа авчихсан учраас аль нэгэн үүрд бүртгүүлж амжаагүй. Тийм учраас намын анхан шатны байгууллагын дотоод ажилд огт оролцдоггүй.Би Ардчилсан намд харьцангуй хожуу орсон шинэ гишүүн учраас дотоод ажилд нь огт оролцдоггүй.

- Сүүлийн үед Ардчилсан намыг шинэчлэх асуудал хурцаар яригдаж байгаа. Ер нь танай нам шинэчлэгдэж чадах уу?

- Намын Их хуралд оролцож буй гишүүдийн оролцоог харахад маш идэвхтэй байсан. Намыг шинэчлэх нь зөвхөн дарга нарын асуудал биш. Фракциудын асуудал ч бас биш. Намын гишүүд нь өөрсдөө зөв байж нам шинэчлэгдэнэ. Мөн зөв лидер гарах ёстой. Намын гишүүд ухамсартай, зөв байх ёстой. Дарга нар болон гишүүд нь хариуцлагагүй байвал нам шинэчлэгдэнэ гэж яриад ч хэрэггүй.

- Гэхдээ намын даргад нэр дэвшигчдээс дэмжиж байгаа хүн байгаа биз дээ?

- Хэн нэгнийг нь илүү дэмжээгүй. Аль нэгэн нь жирийн гишүүд дэмжигчдийн саналыг аваад л ирэх байх.

- Таны хувьд УИХ-д удаа дараа сонгогдсон гишүүн хүн. Тийм ч учраас одоогийн УИХ-ын алдаа, оноог сайн харж байгаа байх. Ер нь одоогийн УИХ хэр чадамжтай харагдаж байна вэ?

- УИХ-ын гишүүн байх хэцүү. Үнэхээр хүнд. Учир нь бид иргэдээс сонгогддог. Тийм болохоор эргээд иргэдтэйгээ тулж ажилладаг. Тээр тэнд орших Дорнодын зах хязгаарт УИХ-ын гишүүн л очиж ажиллаж байна шүү дээ. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Ч.Амартүвшин: Олдворуудаа хадгалах байртай болчихвол дэлхийд алдартай музейтэй болох боломжтой

 2016 онд 588 дурсгалт шинээр илрүүлэн бүртгэж баримтжуулжээ  

“Монголын архелоги-2016” эрдэм шинжилгээний хурал өнгөрсөн 7 хоногт болж өндөрлөсөн билээ. Монголын архелогичид өнгөрсөн онд шинээр нээсэн олдвор, шинэ содон үзмэрүүд талаар Түүх архелогийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч доктор, дэд профессор Ч.Амартүвшинтэй ярилцлаа.  

-Монголын архелогичид өнгөрсөн онд шинээр нэлээд олон олдвор, шинэ содон үзмэрүүд илрүүлсэн гэсэн. Аль аймгийн нутаг дэвсгэрээс хэчнээн зүйлс илрүүлсэн вэ?

-Өнгөрсөн 2016 оны оны байдлаар архелогийн авран хамгаалах судалгааг нийт 18 аймгийн 50 гаруй сумын нутагт археологийн хайгуул, малтлага судалгаа явуулсан. Баянхонгор аймаг 10, Говь-Алтай 20, Дорноговь 25, Дундговь аймагт 60, Өвөрхангай аймагт 29, Өмнөговь аймагт 146, Сүхбаатар аймагт 99, Төв аймагт 89, Увс аймагт 12, Улаанбаатар хотод 27, Хэнтий аймгийн нутагт 45 зэрэг нийт 588 дурсгалт шинээр илрүүлэн бүртгэж баримтжуулаад байна. Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хүрээнд эдгээр дурсгалыг тухайн аж ахуйн нэгж, компани, замын төслүүд авран хамгаалах малтлага судалгаа хийлгэх ёстой. Тэгэхээр бид Соёлын өвийн хуулийн дагуу танай энэ нутаг дэвсгэрт соёлын өвийн дурсгал байна шүү үүнийг хамгаалах ёстой гэсэн зөвлөмжийг аж ахуйн нэгж, компаниудад өгөөд байна. 588 дурсгал дотроо Чулуун зэвсгийн дурсгалт газар 4, хүрлийн үеийн хиргисүүр 55, шоргоолжин булш 2, дөрвөлжин булш 74,  хадны зураг 6, Хүннү, Сяньби, Түрэг, Монголын үеийн булш зэрэг тоо, төрлөөр нь ангилсан. Хайгуулын судалгаанаас гадна авран хамгаалах судалгаа их чухал. Энэ жил 6 аймгийн 7 суманд 5 удаагийн архелогийн авран хамгаалах малтлага судалгаа явуулсан. Үүний 4 нь автозамын шугамын дагуу, 1 нь уул уурхайн ашиглалтын талбайд хийсэн. Малтлага судалгаанаас Хүрэл зэвсгийн үеийн хиргислүүр 3, дөрвөлжин булш 12, шоргоолжин булш 1, Хүрлийн үеийн булш 21 зэрэг нийт 86 дурсгалыг бид авран хамгааллаа.   Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Т.Хүрэлбаатар: Шүүх, прокурорынхон хилсээр хүнд ял өгсөн учраас хэргийн захиалагч олдохгүй

С.Зоригийг хөнөөсөн хэрэгт буруутгагдаж шүүхээс ял сонссон Т.Чимгээ, О.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарын ар гэрийнхэн мэдээлэл хийлээ.  Энэхүү хуралд Т.Чимгээгийн ээж Ц.Марууш, О.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаа, Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбаатар, Ц.Амгаланбаатарын эгч Н.Гансүх нар оролцсон юм. Хурлын үеэр Т.Чимгээ, О.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нар анхан шатны шүүхээс 24-25 жилийн ял оноосныг шударга бус шүүлт болсон, гэмгүй хүмүүсийг гүтгэж байна гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хоёр шаардлага тавьж байгаагаа мэдэгдсэн юм. Тодруулбал, дараагийн буюу давж заалдах шатны шүүхийг шударгаар явуулах үүднээс нээлттэй явуулж өгөхийг хүсч байна. Улмаар Т.Чимгээ, О.Содномдаржаа нарыг нэг жил таван сарын хугацаанд тарчлаан хорьсон. Тиймээс одоо байцаалтын явцад батлан даалтаар гаргахыг хүсч буйгаа илэрхийлсэн юм. Түүнчлэн энэ үеэр Т.Чимгээ, О.Содномдаржаа, Ц.Амгаланбаатарын ар гэрийнхэн хэрэгт шаардлагатай, гал түймрийн нотломж зэрэг зарим нэг нотлох баримтыг дэлгэж үзүүлэв.  Мөн талийгаач С.Зоригийн хамтрагчид болон АН-ын нөхдүүдээс тусламж үзүүлээч гэж хүсч байгаа илэрхийллээ.  

Б.Содномдаржаагийн ээж  Л.Жавзмаа: “Хэрэг гарах тэр үед манайх ферм нээн, ажиллуулж байсан. Тэр үед миний хүү аавтайгаа бухалдсан өвсөө ачиж явсан хүүхэд. Тэр үеийн юмыг эх хүн би өөрөө л гэрчилнэ. Яг тэр хэрэг болох үед миний хүү өвс, хадлангаа бэлтгээд л байж байсан. Миний хүү тэр хүнийг хөнөөлөө гээд яах юм бэ. С.Зориг гэж ямар хүн, юу хийдэг болохыг мэдэхгүй. Үүнийг би эх хүний хувьд гэрчилнэ.  Би шүүх хуралд ганцхан удаа орж мэдүүлэг өгсөн. Шүүх хурлын үеэр тагнуулынхан асуулт тавьж би хариулсан. Миний хариулсан хариултыг хавтаст хэрэгт хавсаргаагүй байсан. Миний мэдүүлгийг хавтаст хэрэгт хасваргахгүй байсан юм бол надаас асуулт асуух хэрэг байсан юм уу. Гомдолтой байна. Шүүхийн шийдвэрийг эсэргүйцэж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Хоёр хүний амийг хөнөөсөн Өргөнтал түр оршин суух зөвшөөрөлтэй байжээ

БНХАУ-ын иргэн хоёр хүний амийг хороож, дагавар хүүхдээ заазуурдаж гэмтээсэн хэрэг саяхан гарсан.Тэрбээр БНХАУ-ын иргэн Өргөнтал гэгч бөгөөд Монгол Улсад 2007 оны тавдугаар сард орж иржээ. Сэжигтэн Өргөнтал талийгаач Х-тэй хамт амьдраад таван жил болсон бөгөөд 2014 онд тэд гэрлэлтээ батлуулсан гэдэг. Гэсэн хэдий ч тэрээр энэ хугацаанд манай улсад оршин суух зөвшөөрөлийг албан ёсоор аваагүй байжээ. Гадаадын иргэн харъяатын газрын дарга Д.Мөрөн сэтгүүлчдийн асуултанд хариулахдаа “Өргөнтал нь эхнэр Х-тэй 2014 онд гэр бүлээ батлуулсан байдаг. Энэ дагуу Монгол Улсад оршин суух зөвшөөрлийг манай байгууллагаас хүсч байсан. Харин манай байгууллагаас жил гаруй хугацаанд татгалзсан хариу өгч байлаа. Ингээд 2015 оны тавдугаар сард Гадаадын иргэн харъяатын газраас албан ёсоор Монгол Улсад оршин суух зөвшөөрөл авсан. Хуулийн дагуу нэг жилийн хугацаатай оршин суух зөвшөөрлийг олгосон юм. Одоо сэжигтнийг цагдаагийн байгууллагад шалгаж байна” гэв.

Мялзан өвчний улмаас 700 гаруй бөхөн, гурван хар сүүлт үхжээ

Дэлхийд нэн ховорт ордог бөхөн гөрөөс Говь-Алтай, Ховд аймгийн зургаан сумын нутагт цөөн тоогоороо амьдардаг. Сүүлийн өдөр хоногуудад бөхөн гөрөөс мялзан өвчний улмаас олноороо үхэж байна. Албаныхан одоогоор 727 бөхөн үхсэнийг олж тогтоогоод байгаа аж. Мөн мялзан өвчний улмаас гурван хар сүүлт үхсэнийг тогтоосон байна.

Өвчин гарсантай холбогдуулан Ховд, Говь-Алтай Аймгийн Онцгой комиссын шийдвэрээр ажлын хэсэг байгуулж тухайн сумдын Засаг даргын тамгын газартай хамтран уг голомттой нутаг дэвсгэрт ажиллаж байгаа юм.

Ажлын хэсгийнхэн БОАЖЯ-ы яамны заавар, зөвлөмжийн дагуу өвчний голомттой сумдад дараах ажлыг хийгээд байна. Үүнд:

  1. Ховд аймгийн Дарви, Чандмань сумдын Засаг даргын тамгын газраас сум бүртээ халдварт өвчнөөр үхсэн амьтны сэг зэмийг устгах Засаг даргын захирамж гарч нүхийг 4*6 хэмжээтэй 3 м гүнтэй нүх ухаж тэмдэгжүүлэн устгалын ажил хийж байна.  
  2. Үхсэн амьтны сэг зэмтэй газрыг өвчний цаашид тараахгүй байх үүднээс газрын хөрс, өвсийг ариутгах арга хэмжээг авч ажиллаж байна.
  3. Чандмань, Дарви сумдын багийн Засаг дарга нар багийнхаа айл бүрээр сурталчилгааны ажлыг зохион байгуулж байна.

“Ажнай” Д.Бат-Эрдэнэ боксын холбоог удирдана

Монголын боксын холбооны их хурал өнөөдөр боллоо. Хуралд МБХ-ны Ерөнхийлөгч Д.Бат-Эрдэнэ, Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Батнасан тэргүүтэй 100 орчим боксын хүрээнийхэн оролцсон байна.

Тэгвэл тус хурлын гишүүдийн саналаар Монголын боксын холбооны Ерөнхийлөгчөөр Д.Бат-Эрдэнийг сонгожээ. Ингэснээр ирэх дөрвөн жилд тус холбоог Д.Бат-Эрдэнэ удирдахаар болж байгаа юм.

Н.Номтойбаяр: Би өөртөө давуу байдал үүсгэж хөнгөлөлт эдэлсэн асуудал байхгүй

Засгийн газар өнгөрсөн арванхоёрдугаар сарын 21-нд Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн хугацааг сунгах, зөвшөөрөл олгох, ажлыйн байрны төлбөрөөс чөлөөлөх тухай тогтоол баталжээ. Уг тогтоллоорооо “Монцемент билдинг материалс” ХХК-ийн 710, “Монголын алт” ХХК-ийн 1600 гадаадын ажиллах хүч, мэргэжилтнийг 2017 онд ажлын байрны төлбөрөөс чөлөөлсөн нь олны анхаарлыг татаад байгаа юм. Үүнтэй холбогдуулан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяраас дараахь тодруулгыг авлаа.

-Таныг Засгийн газраар эрх ашгийн зөрчилтэй тогтоол батлууллаа гэсэн шүүмжлэл гарсан. Та энэхүү тогтоолын талаар ямар тайлбар хэлэх вэ?

-Импортыг орлох үндэсний томоохон үйлдвэр аж ахуйн нэгжүүдийг Гадаадаас ажиллах хүч авах, гадаадад ажиллах хүч илгээх тухай хуулиар татвараас чөлөөлдөг зохицуулалттай. Энэ жил энэхүү татварын хөнгөлөлтөд 22 компани хамрагдаж байгаа. Түүнээс биш би өөртөө давуу байдал үүсгэж хөнгөлөлт эдэлсэн асуудал байхгүй. Өмнө нь С.Чинзориг, Я.Санжмятав сайдын үед ч гардаг байсан тогтоол. Импортыг орлох томоохон бүтээн байгуулалтуудыг төр, засгийн зүгээс дэмжих энэ тогтоолыг баталдаг. Тухайн үйлдвэрүүд нь ашиглалтад орсноор ажлын байр нэмэгддэг, татвар төлдөг. Надтай холбоод байгаа аж ахуйн нэгж чинь жилд 130 орчим орчим тэрбум төгрөгийн татвар төлдөг байгууллага шүү дээ.

-Та сая 22 аж ахуйн нэгжид хөнгөлөлт үзүүлж байгаа гэлээ. Тогтоол дээрээ хоёрхон аж ахуйн нэгжийн нэр байгаа нь хардлага төрүүлээд байх шиг байна л даа?

оёр биш ээ. Хавсралтад нь тусгасан аж ахуйн нэгжүүдийн жагсаалтыг хар л даа. Миний хувьд ашиг сонирхлын зөрчил байхгүй. Гадаадаас ажиллах хүч авах, гадаадад ажиллах хүч илгээх тухай хуульд заасны дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд нь Засгийн газрын хуралдаанд оруулж батлуулдаг юм.  

Дэлхий дахинд 

Доналд Трампын тангараг өргөх ёслолын талаар хэн юу хэлэв

АНУ-ын ардчилсан намаас суудалтай төлөөлөгчид Доналд Трампын тангараг өргөх ёслолд оролцохгүй гэдгээ мэдэгджээ. Учир нь Трампыг ОХУ-тай холбоотон болохыг хүссэн, АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийг хууль бус арга ашиглан ялалтанд хүрсэн гэж үзэж байгаа юм.

АНУ-д конгрессийн суудалд  Ардчилсан намыг төлөөлөн суудаг суудалтай төлөөлөгчид өөрсдийн твиттер хуудаснаа #trumpinaugrationday хаштаг үүсгэн санал бодлоо солилцож байна. Энэхүү цахим хөдөлгөөнийг Жеоржиагийн төлөөлөгч Жон Левис санаачлан эхлүүлсэн бөгөөд мужийн төлөөлөгчид Трампын тангараг өргөх ёслол дээр очиж байсанаас гэртээ тухлан суух нь дээр хэмээн твиттерийн хуудаснаа дуу нэгтэйгээр бичжээ. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

"Samsung"-ийн И Жае Юн гэж хэн бэ?

Өмнөд Солонгосын прокурорын алба Samsung компанийн өв залгамжлагч, дэд ерөнхийлөгч И Жае-Юнийг хахуулийн хэргээр баривчлах зөвшөөрөл өгөхийг хүслээ.

Ерөнхийлөгч Пак Гын Хетэй холбоотой хэрэгт дурдсанаар Samsung компани төрөөс дэмжлэг авахын тулд Чой Сун Силийн санд хандив өргөсөн гэж сэжиглэж байгаа юм.

И Жае Юнийг өнгөрсөн долоо хоногт бүтэн 20 цаг байцаасан бөгөөд 2014 онд түүний эцэг Лий Гонь-хи зүрхний шигдээс болж, тэр цагаас хойш түүнийг Samsung группийн жинхэнэ ерөнхийлөгч гэж үзэх болжээ.

И Жае-юн гэж хэн бэ:

  • Samsung группийн үүсгэн байгуулагч И Бёон-чолийн ач хүү, одоогийн ерөнхийлөгч И Гонь-хигийн ууган хүү.
  • 48 настай, насаараа Samsung группт ажиллаж байгаа, одоо дэд ерөнхийлөгчийн албыг хашдаг.
  • Өнгөрсөн жил Samsung Electronics-ийн удирдах зөвлөлд оруулахаар нэрийг нь дэвшүүлсэн бөгөөд аравдугаар сарын 27-ны өдөр ТУЗ-ын гишүүн болжээ.
  • Өдгөө 74 настай эцэг нь албан тушаалаасаа буусны дараа Samsung группийн ерөнхийлөгч болно гэж үздэг.
  • Шүүмжлэгчид түүнийг ажлын чадвараараа бус, айлын ууган хүү учраас энэ албан тушаалд хүрсэн гэж үздэг.

Өмнөд Солонгосын шүүх ирэх Лхагва гарагт Прокурорын хүсэлтийг хүлээн авах эсэхийг шийдэх бөгөөд энэхүү хэрэгтэй холбоотойгоор Ерөнхийлөгч Пак Гын Хегийн хэрэг улам гүнзгийрч магадгүй юм. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл