Хүн болгон өөрийн гэсэн хүсэл мөрөөдөлтэй.Тэрхүү хүсэл мөрөөдлөөс нь амьдралын зорилго нь ундарч урган гардаг. Хугацаа тавьсан хүсэл мөрөөдөл бол зорилго юм. Энэхүү зорилгоо бид зураглан харж чадсанаараа өөрийн амьдралдаа томоохон өөрчлөлтүүдийн авчирдаг. Тиймээс бид өөрсдийн зорилгоо тодорхойлох зайлшгүй шаардлагатай бөгөөд аливаа зүйл энгийнээс эхэлдэг. Эрхэм уншигч танд энэ өдрийн мэнд хүргэе. Улс төр нийгмийн амьдралд болж өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэдэг “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэхэд бэлэн боллоо. Тоймоо хүлээн авна уу.
Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг албан тушаалаа өгснөөс хойш анх удаа "Цензургүй яриа" нэвтрүүлэгт оролцсон юм. Тэрбээр Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь болон, юу хийсэн бүтээсэн болон цаашид ямар замаар явах ёстой талаар өөрийн байр сууриа илэрхийлсэн байна. Ингээд Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн улс төр, болон нийгмийн асуудлаар хэлсэн онцлох 30 ишлэлийг хүргэж байна.
-
АН өнгөрсөн хугацаанд эв нэгдэлгүй, нэг баг болж чадаагүй учраас ялагдсан.
-
АН, МАН-ын төлөвшлөөс улс орны ирээдүй ихээхэн шалтгаална. Хоёр нам бие биенээ хурцалж чадвал төдий чинээ урагшилна.
-
Зургаан сарын эхээр Эрдэнэт үйлдвэр манай улс руу шилжиж байгаа асуудал УИХ дээр яригдсан.
-
УИХ-ын дарга асан З.Энхболд над руу утасдаж Эрдэнэтийн асуудлаар Ерөнхий сайдын хувиар тайлбар хий гэж хэлсэн. Тэгээд би хариуцлагатай мэдэгдэл хийсэн.
-
АН дөрвөн жил ажилласан ажлаа ард түмнээр дүгнүүлсэн.
-
Харь улсад байсан 49 хувийг авчирч чадаагүй “дожоогүй Ерөнхий сайд” байхыг хүсээгүй.
-
Эрдэнэтийн 49 хувийг монгол компани өөрөө хөөцөлдөөд авч ирсэн. Буруу юм байхгүй. Үргэлжлэлийг энд дарж уншина уу.
Ийм нэгэн бор шувуу Төрийн ордонд нисч эхэллээ. Тодруулбал, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа хүлээлгэн өгөхөөр бэлтгэж байгаа гэх мэдээлэл байна. Хэрвээ Ц.Дашдорж сайдын албан тушаалаа хүлээлгэн өгвөл Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам сайд болон дэд сайдгүй болох юм. Учир нь тус яамны дэд сайдаар ажиллаж байсан Х.Бадамсүрэн “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар ажиллаж буй бөгөөд түүний орны хүнийг өнөөдрийг хүртэл томилоогүй байгаа юм. Тэгвэл Х.Бадамсүрэнгийн оронд дэд сайдаар УИХ-ын гишүүн асан Д.Загджавыг томилогдох нь гэх мэдээлэл байсан ч тэрбээр дэд сайд бус сайд болно гэсэн бор шувуу нисч байна.
Д.Загджавын хувьд ойрын үед Төрийн ордонд дарга нарын өрөөгөөр орж, гарах нь ихэссэн. Үүнийг харсан хүмүүс “Д.Загджав удахгүй нэг албан тушаалд томилогдох нь” гэх яриа байсан юм.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар түүнийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад томилж магадгүй байгаа аж. Харин МАН-ын залуус түүнийг хүлээж авахгүй хэмээн дургүйцэж байгаа гэх мэдээлэл байна. Энэ талаар Д.Загджаваас тодруулахад хариулт өгөхөөс татгалзаж “ Би мэдэхгүй байна. Дараа нь би мэдээлэл хийнэ” гэлээ
С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргээр анхан шатны шүүхээс 24 жилийн ял сонссон Т.Чимгээгийн ээж Ц.Марууштай ярилцлаа.
-С.Зориг агсныг хөнөөсөн гэх хэргийн анхан шатны шүүхээс танай охин Т.Чимгээ 24 жилийн хорих ял сонссон. Шүүх хурлаас хойш Т.Чимгээтэй уулзсан уу?
-Энэ шүүх хурал маш будлиантай, шударга бус болсон. Товчхондоо миний охин хилс хэрэгт гүтгэгдэж насаараа хоригдох дээрээ тулаад байна. Төрсөн охин минь амьдралынхаа талыг шоронд өнгөрүүлэхээр болж байхад эх миний сэтгэл ямар байгаа нь ойлгомжтой. Шүүх хурал 5 өдөр хаалттай үргэлжилж О.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нар 25, Миний охин Т.Чимгээд 24 жилийн хорих ял оноолоо. Шүүх хурал дууссанаас хойш охинтойгоо уулзаагүй. Миний охин 24 жилийн ял сонсоход би давхар ял сонссон. Миний охин юу хийсэн юм бэ. 24 жилийн ял оноолоо гэсэн тэр үгийг сонсоод миний толгой дундуур цохиод авах шиг болсон. Зүрх өвдөж, даралт ихэссэн. Би өөр яах юм бэ. /уйлав/
-Шүүх хурлын дараа уулзах хүсэлт тавьсан уу?
-Өмнө нь шалгагдаж байхад уулзах гэхээр уулзуулдаггүй байсан. Шүүх хурлын дараа уулзах хүсэлт гаргасан ч уулзуулаагүй.
-Шүүх хуралд та гэрчээр оролцсон шүү дээ. Шүүх хурал ямархуу байр байдалтай болов. Танаас ямар асуулт асууж байсан бэ?
-Шүүх хуралд гэрчээр оролцоход надаас 1998 онд танай охин хаана байсан вэ, танай охин таны хэд дэх хүүхэд вэ, танай охины алхаа гишгээ ямар вэ, хөл гар нь маажиг уу гэж асууж байсан. Шүүх хурал болохоос өмнө тагнуулынхан манай гэрийг нэгжиж биднийг шалгаж, байцааж байсан. Тэр үед надаас гэнэт 1998 онд та хаана байсан вэ гэж асуусан би тулгамдаж сайн мэдэхгүй байна гэсэн. Сүүлд шүүх хуралд оролцохдоо би тэнд байсан ийм зүйл хийж байсан гэдгээ хэлсэн. 1998 онд миний охин Дорноговь аймагт гурван нялх хүүхэдтэй хөгшин эмээгээ харж байсан. Тухайн үед манай нөхөр нас барж би ээжийгээ харж, асрах боломжгүй байсан учраас Чимгээ хөгшин эмээгээ харж, асарч байсан гэж хэлсэн. Тэгэхэд прокурорын дүрэмт хувцас өмссөн хүүхэн миний хариултыг илт гуйвуулсан. Өмнөх мэдүүлэг дээр сайн мэдэхгүй байна гэсэн байж та одоо яагаад ингэж ярьж байгаа юм бэ гэж байсан. Үүнээс харахад хэргийг аль нэг тал руу нь буруу эргүүлж, мушгих, будлиантуулах гэж байна уу даа гэж бодсон. 1998 онд болсон хэрэгтэй холбоо зүйл манайд юу байх ёстой юм бүү мэд. Гэнэт л орж ирээд гэрийн хамаг зүйлийг сандаачиж шалгаж эхэлсэн. Ямар учиртайг нь асуухад нууц гэхээс өөр юм хэлэхгүй байсан.
-Чимгээгийн үр хүүхдүүд одоо хаана байгаа вэ?
-Миний охин уг нь хоёр охин, нэг хүү гурван хүүхэдтэй байсан. Том охин нь өнгөрсөн наймдугаар сард зам тээврийн ослоор нас барсан. Одоо охин, хүү хоёр нь бидэнтэй цуг байгаа. Чимгээг шоронд байхад том охин нь нас барсан. Охин бид хоёр үзээгүй зүйлээ үзэж байна. Хүн зовлон даадаг гэдэг үнэн юм байна. Үхсэний хойноос үхэлтэй биш, шоронд орсны хойноос шоронд оролтой биш. Эгчид нь үнэхээр хэцүү байна. Амьдрал бидэнд яагаад ийм хатуу хандаж байгаа юм бэ. /уйлав/
-Охин нь нас барсан байхад Т.Чимгээг ажил явдалд нь оролцуулсан уу?
-Нөхөр нь Чимгээтэй уулзаж байхад шоронгийн харгалзагч охин нь нас барсан талаар хэлэх гэж оролдож байсан. Танай ямар охин нас барсан юм, эргэлтийн хоол унд нь ажил явдлын идээ, будаалга байна гэх зэргээр ярьж байсан гэж нөхөр нь надад хэлсэн. Энэ хэний явуулга вэ, охин нас барсан гэдгийг тэд яаж мэдэв.
-Гэр бүлийнхэн бид хоорондоо ярилцаад гаргуулж охины ажил явдалд оролцуулах гэж тагнуулынханд хүсэлт гаргасан ч хүлээж аваагүй. Гэтэл нэг өдөр нөхөрт нь эргэлт оруулж болно гэж хэлсэн байсан. Тэгээд бид охиныхоо талаар хэлэхгүй байя гэж ярилцаад шийдчихсэн байсан. Нөхөр нь Чимгээтэй уулзаж байхад шоронгийн харгалзагч охин нь нас барсан талаар хэлэх гэж оролдож байсан. Танай ямар охин нас барсан юм, эргэлтийн хоол унд нь ажил явдлын идээ, будаалга байна гэх зэргээр ярьж байсан гэж нөхөр нь надад хэлсэн. Энэ хэний явуулга вэ, охин нас барсан гэдгийг тэд яаж мэдэв. Үргэлжлэлийг энд дарж уншина уу.
Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт өчигдөр таван иргэн архинд хордож нас барсан хэрэг гарсан. Үүний улмаас Нийслэлийн Онцгой Комиссын Ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Ажлын хэсгийнхэн мэдээллийн эхэнд үүсэн нөхцөл байдалтай холбогдуулан энэ сарын 18-наас эхлэн гурав хоногийн турш архи согтууруулах ундаа худалдан борлуулахыг хориглож байгааг мэдэгдлээ.
Түүнчлэн нас барсан иргэдэд хийсэн шинжилгээний дүнг танилцуулсан юм. Шинжилгээгээр нас барсан иргэд их хэмжээний шингэн зүйлд хордож нас барсан нь тогтоогдсон бөгөөд одоогоор архинаас болсон эсэх нь хараахан тодорхой болоогүй байгаа гэдгийг ажлын хэсгийнхэн дуулгалаа. Мөн үүнээс гадна "Найрсаг" архины үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоож, тухайн байрыг лацдаж битүүмжилжээ.
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Уг хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ 2015 оны долдугаар сарын 8-нд баталсан. Уг хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй болон эрхээ хасуулсан этгээд согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2-4 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, 7-30 хоног баривчлах шийтгэл оногдуулна” гэж заасан. Энэ нь торгох, баривчлах үндсэн шийтгэлийг давхардуулсан. Дээрх зөрчлийн улмаас согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодсон 4900 орчим иргэнд хариуцлага ногдуулж чадаагүй байна. Тиймээс хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд, эсхүл хуульд заасан үндэслэлээр жолоодох эрхээ хасуулсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол хүлээлгэх хариуцлагыг торгох шийтгэл байхаар тусгажээ. Харин мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон этгээдийг 7-30 хоног баривчлах шийтгэл ногдуулахаар тусгасан байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух, үг хэлэх гишүүн байсангүй. Ийнхүү хуулийн төслийг чуулганы хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулахыг гишүүдийн олонх дэмжив.
БСШУСЯ-наас хүйтний эрч чангарч, ханиад томууны дэгдэлт нэмэгдэхээс урьдчилан сэргийлж, ЕБС-ийн сурагчдын амралтыг нийслэлийн хэмжээнд нэгдүгээр сарын 30 хүртэл сунгахаар шийдвэрлэсэн. Гэхдээ орон нутгийн сурагчдын хувьд Завхан, Ховд аймгаас бусад аймгийн сурагчдын амралтыг сунгаагүй бөгөөд сургуулийн үйл ажиллагаа хэвийн явагдах юм байна.
Учир нь дээрх хоёр аймгаас амралтыг сунгах хүсэлт ирүүлж, үүнийг дагуу сайдын тушаал гарч, ижил зохицуулалтыг хийхээр болсон байна. Харин бусад аймгуудын хувьд үйл ажиллагаа хэвийн явагдана гэж БСШУСЯ-наас мэдээллээ.
Манай улсын хоёр иргэн Хонконгийн “Tsim Sha Tsui” их дэлгүүрт хулгай хийж байгаад үйлдэл дээрээ баригдсан тухай орон нутгийн хэвлэлээр мэдээллээ. Баригдсан этгээдүүд тус бүр 34, 41 настай байжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр хулгай хийж байсан монголчуудыг орон нутгийн цагаар 17:00 цагийн үед “H&M” дэлгүүрээс гарч явах үед нь баривчлан саатуулсан байна. Цагдаа нарын мэдээлснээр хулгай хийсэн монголчууд тугалган цаасанд брэндийн үнэтэй хувцас, эд хэрэглэлийг боогоод, улмаар тооцоо хийлгүй шууд гарч явдаг байжээ.Шалгалтын явцад 18 хувцас, эд материал илрүүлсэн төдийгүй нийт 5000 хонконг долларын үнэ бүхий хувцас хэрэглэл байсан гэнэ.
Энэ сарын 20-ны өдөр АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгч Барак Обама эрх мэдлээ Дональд Трампад шилжүүлэн өгнө. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгчийн хувиар ард түмэндээ хандан сүүлчийн удаа мэдэгдэл хийсэн талаар бид өмнө мэдээллэж байсан билээ.Тэгвэл Обама гэр бүлийнхээ хамтаар найман жил амьдарсан Ерөнхийлөгчийн гэр буюу Цагаан ордноос явах бэлтгэлээ хангаж эхэлсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.Обама номын сан болон зарим хувийн эд зүйлсээ Цагаан ордноос гаргаж эхэлсэн бөгөөд айл нүүлгэлтийн ажилчид эдгээр эд зүйлсийг Ерөнхийлөгчийн шинэ гэр рүү зөөж эхэлсэн байна. Цагаан ордноос Обама яваад Вашингтон хотноо байрлах 4.3 сая ам.долларын үнэтэй тансаг харшид амьдрах юм.
Өчигдөр буюу Даваа гарагт Өмнөд Солонгосын прокурор Самсунг Электроникс компанийн дэд ерөнхийлөгч Ли Жэ Ёныг авлигын хэрэгт буруутган баривчлах шийдвэр гаргажээ.Шүүх энэ шийдвэрийг баталбал ерөнхийлөгч Пак Гын Хэг тойрсон дуулиант хэрэгтэй холбогдож баривчлагдсан хувийн хэвшлийн хамгийн өндөр албан тушаалтан тэр болох юм.
Прокурор 48 настай Ли 43 тэрбум воныг ($36.4 сая) ерөнхийлөгчийн найз Чой Сүүн Силд авлига болгон өгсөн гэж үзжээ. Өнгөрсөн сард хэвлэлүүд Самсунг компанийг Чой Сүүн Силийн 20 настай охин Чун Юү Рагийн морин спортын бэлтгэлд зориулж $3 саяыг хандивласан гэж үзжээ. Энэ мөнгөний $850,000 орчим нь сайн үүлдрийн морь худалдан авахад зарцуулагдсан гэдэг.
Бас Чой хатагтайн эзэмшдэг Германд бүртгэлтэй Core Sports International зөвлөх фирмд Самсунг $18 саяыг төлсөн гэсэн мэдээлэл бий.
Энэ бүхний хариуд Самсунгийн хоёр охин компани болох Samsung C&T, Cheil Industries компаниудыг нэгтгэх $8 тэрбумын наймааг Солонгосын Үндэсний Тэтгэврийн Сангаар дэмжүүлэхэд Пак ерөнхийлөгчийн нөлөөг ашигласан гэж прокурор үзжээ.
Тус тэтгэврийн сан нь Самсунгийн хамгийн том хувь эзэмшигч юм.
Өнгөрсөн сард тэтгэврийн сангийн ерөнхийлөгч Мүүн Хюн Пог ерөнхийлөгчийг тойрсон дуулиантай холбогдуулан баривчилсан байна. Хоёр компанийг нэгтгэснээр Ли Жэ Ён Самсунг Электроникс компанийн хамгийн том хүн болох замаа зассан гэдэг.
Самсунг компанийн мэдэгдэлд прокурорын шийдвэртэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлээд, шүүх үнэн зөвөөр шийднэ гэдэгт итгэж байгаагаа өгүүлсэн байна.
2012 оны тоо баримтаар Самсунгийн нийт борлуулалт Өмнөд Солонгосын ДНБ-ий 23 хувийг бүрдүүлдэг. Өнгөрсөн онд гарсан Note 7 гар утасны алдагдал тус улсын экспортод сөргөөр нөлөөлж байгааг төв банк нь мэдээлж байсан юм.
Ли Жэ Ёныг баривчилснаар Самсунгийн удирдлага шилжих явцад тасалдал гарахаар болж байна. Учир нь түүний эцэг, Самсунгийн үндэслэгч Ли Бюн Чул одоогоор тус компанийн ерөнхийлөгч байгаа ч 2014 оноос хойш эрүүл мэндийн доройтлоос болоод билэгдэл төдий байгаа юм.
Тэгвэл өв залгамжлагчийн хувь заяа бүрхэг болсноор Самсунг Электрониксийн удирдлагын асуудал хүнд байдалд орлоо.
chuhal.mn