8o
Улаанбаатар хот
mobile menu

Обамагийн бодлого шийдвэр Трампын ажилд хаалт болж байна

2017-01-24 11:13:10

АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обама Цагаан ордноос явахаасаа хэдхэн цагийн өмнө $221 саяыг Палестиний эрх баригчид руу шилжүүлэх шийдвэр гаргасан нь ил болжээ.

Уг шийдвэрийг нь Конгресс дахь Бүгд Найрамдах Намын зарим гишүүд эсэргүүцэж хориг тавиад байна. Ийм шийдвэр гаргаж байгааг Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Пүрэв гарагийн орой зарим хууль тогтоогчдод амаар мэдэгдсэн аж. Хариналбан ёсны мэдэгдлийг Баасан гарагийн өглөө Дональд Трампыг тангараг өргөхөөс хэдхэн цагийн өмнө Конгресст илгээсэн байжээ.

Үүнээс гадна $6 саяыг цаг уурын өөрчлөлттэй тэмцэх хөтөлбөрт, $1.25 саяыг НҮБ-ын байгууллагуудад шилжүүлсэн байна.

Палестиний эрх баригчдад зарцуулах хөрөнгө 2015, 2016 оны төсөвт суусан байгаа тул сөрөг хүчнийхэн хэчнээн хориг тавилаа ч ерөнхийлөгчийн шийдвэрийг өөрчлөх боломжгүй гэнэ.

Энэ шийдвэр Конгрессийн гишүүдээс гадна Трампын засаг захиргааны хүчтэй эсэргүүцэлтэй тулгарах нь тодорхой. Шинэ ерөнхийлөгч Дональд Трамп нь Израйлийн засгийн газрыг хүчтэй дэмжихээ амладаг ба ерөнхий сайд Бенжамин Нетаньяхуг ирэх сард Вашингтонд айлчлахыг урьсан юм. Тэр бас Израйль дахь АНУ-ын элчин сайдын яамыг Тел Авиваас Иерусалем хот руу нүүлгэх тухайгаа амлаж байв.

Израйль-Палестиний асуудалд АНУ-ын хуучин, шинэ ерөнхийлөгч нар эрс ялгаатай байр суурь баримталж байгаа нь эндээс харагдаж байгаа юм.

Өнгөрсөн сард НҮБ-ын аюулгүйн зөвлөл зүүн Иерусалемд Израйлчуудын суурьших үйл явцыг олон улсын хууль тогтоомжинд нийцэхгүй гэж үзсэн тогтоол гаргахад Израйлийн ерөнхий сайд Нетаньяху уг шийдвэрийг “Обамагийн явууллага” хэмээн хатуу шүүмжилж байжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment