8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: АН-ын гишүүд, дэмжигчид жагсаж, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг АТГ-т мэдүүлэг өгсөн өдөр

2017-01-26 18:56:00

Хүний амьдралын утга учир гэдэг нь аз жаргал, баяр баясгалан, таашаал, зовлон гунигийн хамтад нь  мэдэрч байж оршдог. Эрхэм уншигч танд энэ өдрийн мэнд хүргэе. Өнөөдөр нийгэм улс төрийн амьдралд болж өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэдэг “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэхэд бэлэн боллоо. Тоймоо хүлээн авна уу.

Г.Эрдэнэбат: Монголд оффшорын гэх хууль хэрэгжих боломжгүй

Засгийн газраас өргөн барьсан оффшорын гэж нэрлэсэн хуулийн төслийг УИХ санаачлагчид нь буцаасан. Энэ хуулийн үндсэн нэр нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай төсөл юм. Хуулийн төсөл гурван зүйл заалтаас бүрдсэн бөгөөд яагаад ингэж маргаан дагуулж, хуулийг буцаахад хүрсэн бэ гэдэг асуулт олон нийтийн дунд байгаа юм. 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө санаатай болон санамсаргүйгээр Монголын улстөрчид, бизнес эрхлэгчид болон тэдний ах дүү хамаатан садны гадаад дахь дансны мэдээллүүд олон нийтэд ил болсон. Өөрөөр хэлбэл, оффшор бүсэд багтдаг улс орнуудад манай улсын хэд хэдэн улстөрч данстай гэдэг нь ил болсон. Гадаадад, дотоодод данстай байх, үгүй нь хувь хүний эрх ч төрийн өндөр албан тушаалтнууд нь гадаадын оффшор бүсэд их хэмжээний данс нээлгэж, мөнгө хадгалж байгаа нь яаж ч харсан хардлага төрүүлэхээр. Авлигад авсан мөнгөө татваргүй дансанд нуусан уу, улсын мөнгө шамшигдуулсан уу гэх зэргээр олон нийтийн хардлагад өртөж байсан. Тиймээс Засгийн газраас улстөрчид, төрийн өндөр албан тушаалтнуудын гадаадад данс эзэмших, хувь нийлүүлэх, мөнгө байршуулах зэрэг асуудлыг нь таслан зогсоохоор оффшорын хууль өргөн барьсан юм. Тэгвэл уг хуулиар УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Хууль зүй, дотоод хэргийн яам хамтран энэ сарын 23-ны өдөр Төрийн ордонд хэлэлцүүлэг зохион байгуулсан. Хэлэлцүүлэгт иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд оролцсоноос гадна УИХ-ын гишүүд, Хууль зүйн яамны төлөөллүүд, хуульчид оролцсон юм.

Энэ үеэр нэгэн сонирхолтой асуудал хөндөгдсөн нь оффшорын гэх хууль хэрэгжих боломжгүй тухай яриа байв. 


ҮНЭХЭЭР ОФФШОРЫН ХУУЛЬ ХЭРЭГЖИХ БОЛОМЖГҮЙ ЮУ. ЭНЭ ТАЛААР МЭРГЭЖИЛТНҮҮД ЯМАР ТАЙЛБАР ХИЙСНИЙГ ХҮРГЭЖ БАЙНА.

УЕП-ын орлогч Г.Эрдэнэбат: Гадаад улсад данс эзэмшиж байгаа нь нотлогдвол төрийн албанаас чөлөөлөх юм байна.Тэгвэл гадаад улсад данс эзэмшиж байгааг нь яаж нотлох вэ?

- Аль нэгэн хүнийг оффшорт данстай эсэхийг нь мэдэхээр тухайн улсын хуулийн байгууллага руу хүсэлт хүргүүлэхэд “Та нар аль банкны ямар дансанд байгаа мөнгийг асуугаад байна вэ” гэж асуудаг. Бидэнд ийм ойлголтын зөрүү бий. Нуулгүй хэлэхэд манай улсад ийм Ерөнхий хүсэлт ирэхэд “Тодорхой болгож ирүүлнэ үү” гээд буцаадаг. Энэ бол олон улсын эрх зүйн түвшинд аль, алинд байгаа тулгамдсан асуудал. Хэрэгтэй гэвэл энэ бичиг баримт ямар ач холбогдолтой юм бэ, хийж байгаа ажиллагаанд тань ямар хамааралтай юм бэ гэдэг. Монгол улсын эрх зүйн орчны хүрсэн түвшин бидэнд тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд бүрэн хангалттай бишээ. Эрүүгийн байцаан шийтгэх хууль нь “Бидэнд эд зүйл, нотлох баримтыг авч өгнө үү” гэж хүсэх хэмжээнд байна. Эрх зүйн туслалцаа хүсэх гэрээний хэмжээ нь тухайн хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай мэдээ, мэдээллийг авах түвшинд хүрээгүй байна. Эрүүгийн хэрэгт үзүүлэх эрх зүйн туслалцааны  хүрээнд хөрөнгө буцаан авах, шилжүүлэн өгөхтэй холбоотой үр дүнтэй механизмтэй болъё гэвэл нэн тэргүүнд эрүүгийн хэрэгт мэдээлэл солилцох эрх зүйн механизмүүдийг илүү оновчтой ашиглах, мэдээллээ авах арга хэрэгсэлтэй болох хэрэгтэй. Хэрэв ийм арга хэрэгсэлтэй болж чадахгүй бол бидний яриад буй асуудал хэрэгжихэд их л төвөгтэй болно. Би өөрийнхөө хувийн байр, сууриа илэрхийлэхэд гадаад улсад данс эзэмшиж байгаа нь нотлогдвол төрийн албанаас чөлөөлөх юм байна. Тэгвэл гадаад улсад данс эзэмшиж байгааг нь яаж нотлох вэ?. Эрүүгийн хэрэгт үзүүлэх эрх зүйн туслалцааны даалгавар хүсэлтийн хүрээнд энэ тухай бид олж мэдэж чадахгүй. Манай ийм албан тушаалтай хүн танай улсад данс эзэмшиж байна уу гээд хүсэлт явуулах боломж гурван утгаар байхгүй. Нэгдүгээрт, энэ хүнд эрүүгийн хэрэг үүсээгүй бол хүсэлт явуулж болохгүй. Хоёрдугаарт, данс эзэмшиж байгаа юу гэж асуувал “Ямар ерөнхий асуулт вэ. Хаанахын ямар банкинд ямар данс эзэмшиж байгаа талаар асууж байна вэ” гэдэг хариултыг аваад буцна. Гуравдугаарт, “Танай улсад данс эзэмшиж байна уу” гэдэг мэдээллээ ч олж авч чадахгүй. Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн байгууллагатай хамтрах эсвэл өөр бусад ямар нэгэн аргаар хэн нэгнийг гадаад улсад данс эзэмшиж байгаа мэдээллийг олж авлаа гэхэд оффшорын хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн алинаар нь ч тэр хүнд эрүүгийн хэрэг үүсэхгүй. Эрүүгийн хэрэг үүсээгүй бол гаднаас мэдээлэл авах ямар ч боломж байхгүй. Юуны өмнө гадаад улсад данс эзэмшиж байгааг нь тогтоох процесс хийгдэх ёстой. Үүнийг хууль эрх зүйн орчноор зохицуулах ёстой. Үргэлжлэлийг энд дарж уншина уу. 

Ц.Пүрэвхүү: Засгийн газрыг монголын шүүхэд өгөөд зогсохгүй олон улсын шүүхэд хандана

“Утааны эсрэг ээж аавуудын холбоо”  ТББ-ын тэргүүн Ц.Пүрэвхүүтэй ярилцлаа.  

1000 жирэмслэлт тутмын 73-н амьгүй болж байна. Энэ тоо баримтыг би 3-4 дахин дарж хэлж байна.

-“Утааны эсрэг аав ээжүүдийн холбоо” ТББ-ын эхний жагсаалаараа Засгийн газар болон Нийслэлийн удирдлагуудад шаардлага хүргүүлсэн. Хоёр дахь удаагийн жагсаалын тов гарчихлаа. Эхний жагсаалын үр дүн, энэ сарын 28-нд болох хоёр дахь жагсаалаас юу хүлээж байна вэ?

-Баярлалаа. Юуны өмнө танай сайтын уншигчддад энэ өдрийн мэнд хүргэе. Ярилцлагаа эхлэхийн өмнө багахан хэмжээний тоо баримт мэдээллийг өгөх нь зөв болов уу. Өнгөрсөн жил 0-5 хүртэлх насны 450 хүүхэд хатгаанаас болж нас барсан. Энэ хэрээр 450 ээж хагацал үзэж сэтгэл санааны хохирол амссан. УИХ-д сууж байгаа 76 гишүүнийг хэд дахин үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний том тоо. Насанд хүрсэн хүний тоотой нийлүүлвэл өнгөрсөн жил 4765 хүн нас барсан байдаг. Зөвхөн агаарын бохирдол утаанаас болж өвчин нь хүндэрч эмчилгээ авахгүй байсаар байгаад нас барсан хүний тоо. Энэ тоо баримт жагсаал хийхэд хангалттай шалтгаан, баримт болж өгсөн. 1000 жирэмслэлт тутмын 73-н ураг амьгүй болсонЭнэ тоо баримтыг би 3-4 дахин дарж хэлж байна. Миний дурдсан энэ тоо баримт маш ноцтой баримт учраас бид нэгдэж “Утааны эсрэг аав ээжүүдийн холбоо” төрийн бус байгууллага байгуулан эхний жагсаалаа хийсэн. Эхний жагсаал өнгөрсөн арванхоёрдугаар сарын 26-ны өдөр болсон. Жагсаалд 4000 гаруй оролцож өөрсдийн дуу хоолойгоо хүргэсэн. Тухайн жагсаалаар бид Засгийн газар болон нийслэлийн удирдлагуудад хэд хэдэн шаардлага хүргүүлсэн. Гэтэл нийслэлийн удирдлагуудаас өнөөдрийн байдлаар ямар ч хариу ирээгүй байна. Зөвхөн Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл /ҮАБЗ/ хуралдаж утаа гамшгийн хэмжээнд хүрлээ гэдгийг хүлээн зөвшөөрсөнЭнэ нь бидний эхний жагсаалын үр дүн. Өвлийн хүйтэнд ирж нэгдэж гадаа жагссан 4000 гаруй хүний хүч. Эхний ээлжинд ҮАБЗ-ийг хуралдуулж чадсан гэдэг нь том алхам. Хоёрдахь жагсаал энэ сарын 28-ны өдөр Чингисийн талбайд “Боож үхлээ” нэртэйгээр зохион байгуулна. “Боож үхлээ” энэ нэр тийм сайхан нэр биш. Гэхдээ утаа гамшгийн хэмжээнд хүрч иргэд нь “Боож үхэх” дээрээ тулаад байгаа болохоо ингэж нэрлэсэн. Мэдээж өмнөх жагсаалаас илүү үр дүнг хүлээж байна. Нийслэл хотод амьдарч байгаа хүн бүрийг ирж бидэнтэй нэгдэж дуу хоолойгоо хүргээсэй гэж хүсч байна.

-ҮАБЗ утаа гамшгийн хэмжээнд хүрсэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн хэрнээ өнөөдрийг хүртэл дорвитой авсан арга хэмжээ алга.  Энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?

-ҮАБЗ хуралдаж утаа гамшгийн хэмжээнд хүрсэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн нь мэдээж том алхам, өөрчлөлт. Гэсэн ч өнөөдрийн байдлаар арга хэмжээ алга. Олон улсад утаа гамшгийн хэмжээнд хүрсэн гэж үзсэн тохиолдолд иргэдээ тэр бүсээс нүүлгэн шилжүүлж, 24 цагийн яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг. Гэтэл манайд гамшиг гэж зарлаж зөвшөөрсөн хэрнээ онцгойлон авсан арга хэмжээ юу байна вэ. Юу ч байхгүй. Улс орон гамшгийн нөхцөлд ингэж ажилладаггүй. Яагаад гэхээр манайд гамшгийн нөхцөл байдалд хэрхэн, яаж ажиллах талаарх хууль, журам байхгүй. Тиймээс үүнийг хуульчилж өгөх шаардлагатай гэсэн байр суурьтай байна. Утаа гамшгийн хэмжээнд хүрлээ гэж зарлаж, зөвшөөрсөн хэрнээ юу ч хийж амжаагүй байхад ахиад хэдэн хүүхэд нас барахыг бид мэдэхгүй. Хэдэн залуу гэр бүл хагалцал үзэхийг хэн ч мэдэхгүй. Утааны эсрэг авах урт болон богино хугацааны мастер төлөвлөгөөг боловсруулах ажлыг УИХ-ын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд  Д.Оюунхорол гишүүнийг ахалж ажил гэсэн үүргийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өгсөн. Ирэх хоёрдугаар сарын 20-ны гэхэд анхныхаа Үндэсний хөтөлбөрөө боловсруулж оруулж ирэх үүрэг өгсөн. Гэтэл энэ сарын 19-ны өдөр Зөвлөл нь хуралдаагүй. Д.Оюунхорол сайд Испани руу олон улсын үзэсгэлэнд оролцохоор явчихсан байсан. Улс эх оронд утаа гамшгийн хэмжээнд хүрчихсэн, гамшгийн нөхцөл байдал үүсээд байхад салбарын сайд нь гадагшаа үзэсгэлэнд оролцохоор явж байгаа нь хэр зохимжтой вэ. Утаа гамшгийн хэмжээнд хүрчихсэн байхад дорвитой ажил хийхгүй, хэнэггүй хайхрамжгүй байна. Мөн гарц гаргалгаан дээр сууж ажиллах мэргэжилтнүүд байхгүй байна. Өнгөрсөн 15 жилийн хугацаанд утааг багасгахын төлөө ямар үр дүнгүй арга авч ирсэн. Өнөөдөр яг түүн шиг ажиллах гэж байна. Үргэлжлэлийг энд дарж уншина уу. 

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг АТГ-т мэдүүлэг өгчээ

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг АТГ-т очиж мэдүүлэг өгчээ. Ямар хэргээр  АТГ-д  мэдүүлэг өгснийг албаныхан нууцалж байна. Зарим эх сурвалжийн хэлснээр “Хөгжлийн банк”-ны асуудлаар экс Ерөнхий сайд мэдүүлэг өгсөн аж. “Хөгжлийн банк”-ны  гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат тэргүүтэй хүмүүсийг шалгаж эхлээд багагүй хугацаа өнгөрсөн. Өмнө нь энэ хэрэгтэй холбогдуулан Эдийн  засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяраас өнгөрсөн оны есдүгээр сард  мэдүүлэг авч байсан юм.

 Х.Тэмүүжин: Ц.Нямдоржийн цусалсан 2.4 тэрбум бол задгай мөнгө

УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаярын 2003-2006 оны хооронд Эрдэнэт үйлдвэрт 2.5 тэрбум төгрөгийн өртөг бүхий бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн гэх "шахаа"-ны асуудал нийгэмд дуулиан тарьсан.

УИХ-ын дэд дарга үүнийгээ ч хүлээн зөвшөөрч, таньдаг хүндээ хэлж миний хүүд туслаарай хэмээн хэлсэн гэдгээ өөрийн амаар хэлсэн. Энэ талаар Ц.Нямдорж тайлбар өгөхдөө, "Миний хүүхэд гэрээ хийе гээд Эрдэнэт үйлдвэр руу хоёр удаа явахад би таньдаг хүндээ хэлсэн юм. Та нар боломжийн юм байдаг бол хууль дүрмийнх нь дагуу туслахыг бодооч гэж гуйсан юм. Үүнийг хайцаалаад нуугаад бултаад байх юм байхгүй.  Хэн ч гэсэн хүүхдээ нэг юм хийх гээд байхад  дэмжих нь  хүний л ёс шүү дээ" гэсэн юм. 

Тэгвэл жиргээчдийн зүгээс ч бас дээрх үйл явдалтай холбогдуулан байр сууриа илэрхийлсэн. Үүн дотроос Экс Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, "Ц.Нямдоржийн 2.4 тэрбум үе, үеийн УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийн цусалсан мөнгөний дэргэд задгай мөнгө" хэмээн жиргэсэн байна. Экс сайдын хэлж буйгаар бол шахаа хийсэн 2.5 тэрбум төгрөг бол юу ч биш бололтой

Дөрвөн хүний амь аварсан дэслэгчийг "Цагдаагийн алдар" медалиар шагнана

Шатаж буй байшингаас дөрвөн хүний амийг аварсан Цагдаагийн дэслэгч Г.Ганбаярыг ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт "Цагдаагийн алдар" медалиар шагнахаар болсон байна. Хэргийн талаар дурьдвал тэрбээр, энэ сарын 24-ний өглөө ажилдаа явах замдаа 08:00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Хайрханы 14-08 тоотод оршин суух иргэн Ц.Найманжингийн эзэмшлийн өвлийн сууцанд гал гарч дотор нь унтаж байсан Д.Алтанзул, Ц.Найманжин, Ц.Есөнжин, Г.Нэргүй нарыг галын аюулаас гаргасан билээ.

АН-ын гишүүд, дэмжигчид өнөөдөр жагсана

Ардчилсан намын гишүүд, дэмжигчид өнөөдөр 12.00 цагт төв намынхаа байрны гадаа жагсаал хийхээр болсон байна. Ирэх ням гариг буюу нэгдүгээр сарын 29-нд болох намын даргыг сонгох сонгуульд саналаа өгөх эрхгүй болсон гишүүд ийнхүү эсэргүйцлээ илэрхийлэн жагсаал хийх аж.  

Ардчилсан намын дарга З.Энхболд нэгдүгээр сарын 24-нд тушаал гаргаж, нэгдүгээр сарын 6-нд Ардчилсан намын хэрэг эрхлэх газарт шинэчилсэн бүртгэлээ хийлгэсэн гишүүдийн бүртгэлийг бүхэлд нь хүчингүй болгох шийдвэр гаргасан юм. Үндэслэлдээ анхан шатны намын байгууллагадаа бүртгүүлээгүй нь намын дүрмийг зөрчсөн үйлдэл хэмээн үзсэн юм.

 

Дэлхий  дахинд: Трамп исламын шашинтнуудад виз олгохыг хориглов

АНУ-ыг заналхийлж буй террорист бүлэглэлүүдийн үүр уурхай болоод буй зарим исламын шашинтай улсын иргэдийг тус улсад нэвтрэхийг хориглосон хуулийн төсөлд Ерөнхийлөгч Дональд Трамп гарын үсэг зурсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ. Тус бүлэглэлийн дайчид энгийн иргэний дүрд хувилан олон улсад халдлага үйлдэж, заналхийлж буй юм.

Трамп Сири, Ирак, Иран, Ливи, Сомали, Судан болон Йемен улсын иргэдэд виз олгохоос татгалзсан байна. Тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байхдаа ялалт байгуулвал “исламын шашинтнуудад хориг тавина” хэмээн амлаж байсан юм. АНУ-ын Цагаачлалын асуудал хариуцсан агентлаг “Ойрхи Дорнодын зургаан орон, Африкийн хэд хэдэн орон энэхүү хоригт багтсан болно” гэж мэдэгджээ.

Өмнөх Ерөнхийлөгч Барак Обама иргэний дайны хохирогч болж буй Сирийн 100 мянган иргэнд оргонол олгохоо илэрхийлсэн юм. Энэ талаар Ерөнхийлөгч Трамп “Буруу шийдвэр” гэсэн байна.

Ямайкийн алдарт тамирчин Усэйн Болт нэг алтан медалиа хураалгана

Дэлхийн хамгийн хурдан хүн болох Ямайкийн алдарт тамирчин Усэйн Болт нэг алтан медалиа хураалгах дээрээ тулсан байна. Тэрбээр олимпийн наадмаас есөн алтан медлаь хүртсэн билээ. Усэйн Болтын багийнхан Бээжин-2008 зуны олимпийн 29 дэх наадмын 100 метрийн саадтай харайлтад түрүүлсэн Неста Картер хориотой бэлдмэл хэрэглэсэн нь тогтоогдсон байна. Дашрамд дуулгахад тамирчид  тэмцээний үеэр сэргээш хэрэглэснээ нуух боломж байдаггүй юм байна. Учир нь тэднээс авсан сорьцыг 10 жил хадгалж, нягталж шалгадаг юм байна.

Трамп исламын шашинтнуудад виз олгохыг хориглов

АНУ-ыг заналхийлж буй террорист бүлэглэлүүдийн үүр уурхай болоод буй зарим исламын шашинтай улсын иргэдийг тус улсад нэвтрэхийг хориглосон хуулийн төсөлд Ерөнхийлөгч Дональд Трамп гарын үсэг зурсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ. Тус бүлэглэлийн дайчид энгийн иргэний дүрд хувилан олон улсад халдлага үйлдэж, заналхийлж буй юм.

Трамп Сири, Ирак, Иран, Ливи, Сомали, Судан болон Йемен улсын иргэдэд виз олгохоос татгалзсан байна. Тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байхдаа ялалт байгуулвал “исламын шашинтнуудад хориг тавина” хэмээн амлаж байсан юм. АНУ-ын Цагаачлалын асуудал хариуцсан агентлаг “Ойрхи Дорнодын зургаан орон, Африкийн хэд хэдэн орон энэхүү хоригт багтсан болно” гэж мэдэгджээ.

Өмнөх Ерөнхийлөгч Барак Обама иргэний дайны хохирогч болж буй Сирийн 100 мянган иргэнд оргонол олгохоо илэрхийлсэн юм. Энэ талаар Ерөнхийлөгч Трамп “Буруу шийдвэр” гэсэн байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
утаа
Зайсан нүхт их тэнгэр хотыг тойрсон зусланд бгаа айл өрхүүдээс бусад гэр хороололд бгаа айл өрхүүдын хүн амд утаанд эрүүл мэндээрээ хохирсон тул нөхөн төлбөр олго.
2017/01/26 139.5.218.35
  • Recent
  • Most Read
  • Most Comment