8o
Улаанбаатар хот
mobile menu

Авлигын дуулианд холбогдсон Пак Гын Хэ хэвлэлд анх удаа ярилцлага өглөө

2017-01-27 10:39:00

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Гын Хэ өнгөрсөн лхагва гарагт 2013 оноос хойш анх удаа хэвлэлд ярилцлага өгчээ. Пак Гын Хэ өнгөрсөн арванхоёрдугаар сард парламентад болсон ерөнхийлөгчид итгэл үзүүлэх эсэх санал хураалтаас хойш албан тушаалаасаа түр түдгэлзсэн байгаа бөгөөд олон нийтэд ил гараагүй удсан. Тэрбээр 40 гаруй жил нөхөрлөсөн дотны найз Чой Сун Шилээс болж авлигын дуулианд нэр холбогдон, ард түмнийхээ дэмжлэгийг алдсан бөгөөд түүний эсэргүүцэн жагсагчдын тоо 1 сая хүрсэн.

Тэрбээр консерватив үзэлтэй гэгддэг сэтгүүлч Жон Гю Жэг сонгон ярилцсан нь өөрийгөө хамгаалах тактикийн нэг хэмээн шүүмжилж байна. Пак Гын Хэ цагийн турш үргэлжилсэн ярилцлагадаа олон нийт яагаад түүний эсрэг босч, яагаад суудлаасаа буух болсон зэргийг тайлбарлажээ. 


Пак Гын Хэ “Дуулианы мөрөөр нь хөөж үзвэл энэ бүхэн урьдаас бэлтгэгдсэн арга байсан гэж бодогдож байна. Маш их худал хуурмагаас бий болсон үл ойлголцолтой нүүр тулах нь надад хэцүү байсан. Би маш их сэтгэлээр унаж байна” хэмээн ярьжээ.

 Чой Сун Шил нь ерөнхийлөгчтэй дотно холбоогоо ашиглан Өмнөд Солонгосын “Samsung” групп тэргүүтэй хэд хэдэн том компаниас олон сая ам.долларын авлигыг авсан хэрэгт буруутгагджээ.
 
Авлигын дуулианд “Samsung” болон өөр гурван группын захирлууд байцаалт өгч, тэднийг хилээр гарахыг хориглосон юм.

 Чой Сун Шил авлигын мөнгөө Пак Гын Хэгийн үүсгэн  байгуулсан буяны сангаар дамжуулан угаасан хэмээн шалгагдаж байгаа. Тэрбээр Өмнөд Солонгосын спортын салбарт гар дүрж, өөрийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэн, ерөнхийлөгч найзынхаа хэлэх үгийг хянах зэргээр төрийн хэрэгт оролцсон нь ил болсон.

Сайн найзыгаа төрийн хэрэгт оролцуулсан гэх тухайд Пак Гын Хэ ийн тайлбарлалаа

-“Тэр хувийн чанартай зөвлөгөө өгдөг байсан. Хэн нэгнийг албан тушаалд томилох асуудал бол тусгай процедураар явагддаг ажиллагаа” хэмээн тайлбарлажээ. Хятадын зүгээс хүчтэй эсэргүүцэл дагуулсан АНУ-ын пуужингийн довтолгооноос хамгаалах системийг хойгт байршуулах асуудалд тайлбар өгөхдөө, 

“Пхеньяны өсөн нэмэгдэж буй баллистик пуужин, цөмийн аюул заналын дэргэд өөрийгөө хамгаалах багахан хэрэгсэл” хэмээсэн байна. Мөн энэ нь Өмнөд Солонгос улсын тусгаар тогтнол, бүрэн эрхийн асуудал гэдгийг онцолжээ.

-Цагаан ордны тэргүүнээр Доналд Трамп сонгогдсон тухайд, 

“АНУ-ын ерөнхийлөгч өөрчлөгдсөн учраас гадаад бодлогод өөрчлөлт гарах байх” хэмээсэн байна.
Өмнө нь 2014 онд Севол гатлага онгоц осолдож олон хүн амь үрэгдэхэд Пак Гын Хэ-г буруутгасан шүүмжлэл их байсан. Энэ талаар сэтгүүлч түүнээс “Таны эсрэг буруутгал эмэгтэй төрийн тэргүүний тухай хэт их сонирхол, эсвэл эмэгтэй хүнд хүндлэлгүй ханддаг Өмнөд Солонгосын ёс заншлын аль нэгнээс үүдэлтэй гэж үзэж байна уу” хэмээн асуужээ. Тэрбээр “Эмэгтэйчүүдийг дорд үзэх хандлагаас үүдэлтэй гэж бодож байна” хэмээн хариулсан байв. 

Пак Гын Хэ нэгдүгээр сарын 1-ны өдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчдийн камера, зөөврийн компьютер зэргийг хориглож, томоохон телевиз, сонин хэвлэлийн сэтгүүлчдийг оролцуулсан байна. Тэрээр тус ярилцлагынхаа үеэр "Korean Economic Daily"-гийн ахлах редактор  Жон Гю Жэ-г сонгосон нь өөрийгөө хамгаалах тактикийн нэг байсан хэмээн сөрөг хүчнийхэн шүүмжилж байна. 

Пак Гын Хэ-г огцруулах эсэх асуудлыг Үндсэн хуулийн шүүхийн даргын албан үүргийн хугацаа дуусах  ирэх гуравдугаар сарын 31-нээс өмнө шийдвэрлэх ёстой аж. Гэвч тэрбээр Өмнөд Солонгосын Үндсэн хуулийн шүүхийн хоёр удаагийн сонсголд оролцоогүй юм. Тус ярилцлагынхаа үеэр өөрийн хувийн амьдралын талаар олонд дэлгэжээ.  

Ихва эмэгтэйчүүдийн их сургуулийн оюутан Жон Юра гэгч тусгай элсэлтээр шалгалт өгөлгүй сургуульд орж, хичээлдээ суудаггүй байсан атлаа өндөр үнэлгээ авсанд бусад оюутнууд шударга бус явдал хэмээн үзэж, эсэргүүцэж эхэлсэн юм. Ихва их сургууль улсдаа нэр хүндтэй төдийгүй ихэнх эмэгтэй улстөрчид энэ сургуулиас төрж гарсан байдаг ажээ. Жон Юрагийн их сургуульд шалгалтгүй орсон болон хичээлийн үнэлгээнүүд нь авлигатай холбоотой болох нь илэрч, Ихва сургуулийн захирал огцорсон юм.

Зураг 2 Өмнөд Солонгост 1989 оноос хойш анх удаа хамгийн олон хүнийг хамарсан “сая хүний жагсаал” өнгөрсөн арваннэгдүгээр сард Пак Кын Хэ-г огцруулахын төлөө болсон юм.

Ингээд Өмнөд Солонгосын сэтгүүлчид оюутнуудын жагсаалын үеэр Жон Юра гэгч хэн болохыг судалснаар ерөнхийлөгч Пак Гын Хэ-гийн дотны найз Чой Сун Силийн охин болохыг олж тогтоосон аж. Ингээд Чой Сун Силийг судалж үзэхэд, ерөнхийлөгч Пак Гын Хэ-гийн дотны найз болох нь илэрснээр энэ бүх дуулиан эхэлсэн билээ. Өмнөд Солонгост 1989 оноос хойш анх удаа хамгийн олон хүнийг хамарсан “сая хүний жагсаал” өнгөрсөн арваннэгдүгээр сард Пак Кын Хэ-г огцруулахын төлөө болсон юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment