Филиппиний нийслэл Манила хотод "Ертөнцийн гоо бүсгүй" шалгаруулах сүүлийн шатны тэмцээн болж өндөрлөлөө. Тус улс гурав дахь удаагаа энэхүү тэмцээнийг зохион байгуулсан байна. Энэ удаад 86 орны гоо бүсгүйчүүд авьяас, хүчээ сорьсон бөгөөд Францын Лилль хотоос гаралтай 24 настай эрүү, нүүрний мэс засалч мэргэжилтэй Ирис Миттенэр ялагч болжээ.
Тэрээр өнгөрсөн онд “Францын гоо бүсгүй” тэмцээнд нэгдүгээрт шалгарч байсан бол 2015 онд “Нор-Па-де-Калегийн гоо бүсгүй”-гээр тодорч байсан аж. Экстрим спортоор хичээллэж аялах дуртай тэрээр өөрийн үндэсний хоол бэлтгэхдээ гаргууд аж. Тус тэмцээнд ялалт байгуулсан хоёр дахь франц бүсгүй болжээ. Анх 1953 онд Лоррен Кристиан Мартель хэмээх франц бүсгүй шалгарч байжээ.
“Ертөнцийн гоо бүсгүй” тэмцээнд урьд нь гэрлэж байгаагүй 18-26 насны гоо бүсгүйчүүдээс тодруулдаг бөгөөд АНУ-д 1952 онд анх зохион байгуулсан түүхтэй. Тэмцээний хоёрдугаар байрт буюу нэгдүгээр дэд миссийн байрыг Гаити улсын гоо бүсгүй Ракель Пелисье хүртжээ. Харин хоёрдугаар дэд миссээр Колумбийн гоо бүсгүй Андреа Товар тодорсон байна.
Хоёрдугаар дэд мисс. Колумбийн гоо бүсгүй Андреа Товар
Тэмцээний эцсийн шалгаруулалтаар гоо бүсгүйчүүд улс төрийн сэдэвтэй холбоотой асуултад хариулжээ. Жишээ нь цагаачлалын бодлого, АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, Ардчилсан намаас АНУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшин өрсөлдөж байсан Хиллари Клинтоны талаар өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн Колумбын болон Кенийн гоо бүсгүйчүүдийн хариулт олны таашаалыг хүртсэн байна. "Ертөнцийн гоо бүсгүй" тэмцээн нь Дэлхийн гоо бүсгүй тэмцээний дараа ордог томоохон, нэр хүндтэй тэмцээн юм.
Эх сурвалж: ИТАР-ТАСС