8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Ц.Мянганбаяр яллагдагчаар татагдаж, Хортой 20 хотын жагсаалтыг Монгол улс тэргүүллээ

2017-02-03 18:40:00

Амжилт бүтээл дагуулсан ажлын долоо хоног ийнхүү дуусаж байна.  Дуулиантай, дуулгах сонинтой, дурсах өдөртэй долоо хоног таньд шинэ амжилт бүтээл дагуулсан гэдэгт итгэлтэй байна. Тас хийсэн өвлийн өдрүүд дуусаж, таван ес эхэлсэн хаврын өдрүүд наашилж байна. хэдийгээр хаврын улирал наашилж байгаа ч гэсэн уншигч та дулаан хувцаслаарай. Хэрэв ханиад хүрч, ажлын эрч хүч чинь сулраад байвал  нимбэг буюу лимоныг шүүсийг буцалсан халуун усанд шахаж түүнийгээ бага зэрэг зөгийн балаар амтлан уувал гайхалтай сайн эм болно шүү. Мөн энэ амралтын өдөр цаг агаар тогтнуун байх тул гэр бүлдээ цаг гаргаарай гэж зөвлөмөөр байна.
 Оюун уxаан ундаршгүй тул
Уншиж мэдэxэд цаг гарга
Ариун xишиг бурxныx тул
Хайр сэтгэлдээ цаг гарга... гэдэг шүлэг байдаг шүү дээ.Ингээд та бүхэндээ тойм мэдээллийн "Монголын нэг өдөр" булангаараа өнөөдөр болсон үйл явдлыг товчхон хүргэе. 
Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа 

Б.Осоргарав: Ерөнхий сайд бусдад зэмлүүлсэн байж магадгүй

“Эх орноо эдийн засгийн хүндрэлээс гаргахын төлөө” хөдөлгөөн, хандивын аяныг  санаачлагч, Монгол Улсын гавьяат эдийн засагч Б.Осоргарав гуайтай уулзаж ярилцлаа.

-Хандивын аян санаачлагч  Б.Осоргаравыг өөрийнх нь хүсэлтээр  хүлээн авч уулзахдаа “Таны эх оронч сэтгэлийг хүндэлж байна. Гэхдээ Засгийн газар  ард түмнээсээ хандив авахгүйгээр бондын өрөө ч төлнө, эдийн засгийн хямралаа ч давна, тийм бололцоо бүрэн байгаа”  гэдгээ тодорхой хэлсэн гэдэг. Ер нь уулзалтын үед ямар яриа өрнөсөн юм бэ?

-Уулзалтын үеэр би ард түмний хандиваар Монгол Улсынхаа өрийг дарна, ийм тийм чиглэлээр зарцуулна гэсэн асуудал ерөөсөө хөндөж яриагүй. Ерөнхий сайд аяныг санаачилж өрнүүлсэнд гүн талархлаа илэрхийлье. Таныг эхлүүлсэн ажлыг дэмжиж байна. “Эх орноо эдийн засгийн хүндрэлээс гаргахын төлөө” хөдөлгөөний эсвэл таны нэр дээрх дансанд хандивын мөнгийг төвлөрүүлэх нь зохимжгүй байх. Ард түмэнд  буруу ойлголт төрөх вий, нэг хүн мөнгө цуглуулах гэж байна, төвлөрсөн мөнгө тодорхой хэмжээнд алга болно гэсэн хардлага, сэрдлэгэ төрчих вий. Тиймээс Төрийн санд данс нээе, хандивласан мөнгийг нэртэй ус, өдөр судартай нь ард түмэндээ тогтмол мэдээлж байх системд оруулья гэсэн яриа өрнөсөн. Би тэр саналыг хүлээн зөвшөөрсөн. Өөрийнхөө хандивласан мөнгийг хоёр банкинд тав таван саяар нь хийчихсэн. Төрийн болоод Хаан банкны дансаа нэгэнт хэвлэлийн бага хурлаар зарлачихсан учраас хоёр хуваагаад байршуулснаа Ерөнхий сайдтай уулзах үеэрээ хэлсэн. Гэхдээ дахиад л идэж уусан гэсэн хэл ам дагуулаад өнгөрөх вий гэсэн эмзэглэл иргэдийн дунд байгаа. Тиймээс ард түмний хяналттай төрийн дансанд байршуулчихвал надад татгалзах зүйл алга гэдгээ сайдад илэрхийлсэн. Түүнээс биш таны цуглуулж байгаа мөнгө төр засагт хэрэггүй ээ, өр зээлээ төлчих мөнгөө олчихсон, Засаг газар төлчихнө гэсэн утгатай нэг ч үг хэлээгүй. Сөрөг сондгой мэдээлэл яваад байна. Ерөнхий сайд бусдад зэмлүүлсэн байж магад. Осоргарав гуайг авчирч уулзаад, дэмжиж тусаллаа, төр засаг ард түмнээсээ дэмжлэг туслалцаа гуйхдаа тулчихсан биш, буруу мэссэж ард түмэнд хүрчихлээ гэх мэтээс зайлсхийснээс элдэв янзын мэдээлэл гараад байгаа юм болов уу хэмээн би бодож байна. Миний хувьд хандив тусламж хэрхэн зарцуулахаа эргэж ярилцья, ард түмний саналыг сонсьё хамтран ажиллахад бэлэн байгаа илэрхийлсэн. Дахин хэлэхэд хандив туслалцаагүйгээр өрөө төр засаг дарчихна гэж сайд ам ангайгаагүй, би ч ард түмнээс цугларсан хандивыг өрөнд л зарцуулна гэж тулгаж хэлээгүй. Хоёр талтай асуудал шүү. Монгол улсын эдийн засаг хүндэрсэн гэдгийг ерөнхий массаар нь ойлгож байгаа.Өрөнд зарцуулна уу, эмнэлгээ барина уу, сургууль цэцэрлэгтээ нэмэрлэнэ үү энэ чинь дараагийн асуудал хэмээн би ойлгож байгаа. Хэдэн ч төгрөг цугларах юм билээ. Ямар ч юм болох юм билээ. Юу юуны туханд хүрэлгүй  би өр дарчихна, мөнгө цуглуулна энэ тэр гэж цээжээ дэлдэх асуудал огт биш. Ард түмэнтэйгээ, төр засагтайгаа ярилцаж байгаад шийдэгдэх асуудал. Би анхнаасаа ийм байр суурьтай байсан. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

Б.Цэрэннадмид: ЭЕШ-ын агуулгад элсэгчдийн сонсоод ойлгох чадварыг шалгалсан даалгавар нэмэгдэж орсон 

2017 оны Элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/-ын шалгуулагчдын бүртгэл энэ сарын 1-ний өдрийн өглөөний 09.00 цагт орон даяар эхэлсэн билээ. Үүнтэй холбогдуулан Боловсролын үнэлгээний төвийн Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах мэргэжилтэн Б.Цэрэннадмидаас тодрууллаа.

-Энэ оны ЭЕШ-ын бүртгэл орон даяар эхэллээ. Урьдчилсан байдлаар хэчнээн элсэгч шалгалт өгөх вэ?

-2017 оны ЭЕШ-ын бүртгэл хоёрдугаар сарын 1-ний өдрөөс орон даяар эхэлсэн. Бүртгэлийн хугацаа ирэх дөрөвдүгээр сарын 14-ний орой 18.00 цагт дуусна. Элсэгчдийн тоо мэдээлэл одоогоор хараахан гараагүй байна. Урьдчилсан байдлаар 40 мянга гаруй хүүхэд шалгалт өгнө гэсэн урьдчилсан тоо бий.

-Энэ жилийн ЭЕШ-ын бүртгэлийн журамд  өөрчлөлт орсон уу?

-Засгийн газрын 37 дугаар тогтоолын дагуу элсэгчид эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны төвшнийг тогтоох, сайжруулах зорилготойгоор элсэгчид монгол хэлбичгийн шалгалтыг заавал өгнө. МХБШ-ыг нэг удаа авах бөгөөд босго оноогүй. Монгол хэлбичгийн шалгалтын дүн оноог батламжилсан батламж хуудсыг шалгуулагч бүрт өгнө. Харин Монгол хэлбичгийн шалгалтын босго оноог их, дээд сургуулиуд өөрсдөө оюутан элсүүлэх журамдаа тусгаж өгч болно. Мөн монгол хэлбичиг, англи хэл, орос хэлний шалгалтын агуулгад элсэгчдийн сонсоод ойлгох чадварыг шалгалсан даалгавар нэмэгдэж орсон. Өмнөх жил түүврийн аргаар оруулж байсан бол энэ удаад бүх элсэгчид уг даалгаварыг гүйцэтгэнэ

 

Монгол хэлбичиг, англи хэл, орос хэлний шалгалтын агуулгад элсэгчдийн сонсоод ойлгох чадварыг шалгалсан даалгавар нэмэгдэж орсон. Өмнөх жил түүврийн аргаар оруулж байсан бол энэ удаад бүх элсэгчид уг даалгаварыг гүйцэтгэнэ.

-Нэг хичээл хэдэн төгрөгийн хураамжтай вэ?

-МХБШ бүртгэлийн хураамжгүй. ЭЕШ-ын хураамж шалгалт бүрд 5800 төгрөг. Өөрөөр хэлбэл нэг хичээлийн шалгалт 5800 гэсэн үг. Батламж хуудас 700 төгрөг. Шалгуулагч хэдэн ч шалгалт өгсөн нэг батламж хуудастай байна. Шалгуулагч бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан www.eec.mn вэб сайтын шалгуулагчийн булангаар дамжин шалгалт өгөх хичээлээ нэмж болно.Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

Амьд байгаа хүнийг нас барсан хэмээн ажлаас нь чөлөөлжээ

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Ардчилсан намынхан өнөөдөр хэвлэлийнхэнд хандаж мэдээлэл хийлээ. Архангай аймагт МАН олонхи болсноос хойш төрийн албан хаагчдыг хоморголон халж байгааг онцоллоо. Тус аймагт МАН олонхи болсон цагаас хойш 210 хүнийг ажлаас нь халаад байгаа аж. Төрийн албанаас дээрх хүмүүсийг халахдаа “2012 оноос хойш ажилд орсон” гэдэг шалтгаанаар халсан нь шударга бус үйлдэл гэж Эрдэнэбулган сумын АН үзэж байгаа аж.

Мөн үүнээс гадна Эрдэнэбулган сумын долоон багийн нийгмийн ажилтнуудыг ч үндэслэлгүйгээр ажлаас нь чөлөөлсөн гэлээ. Тэднийг ажлаас нь чөлөөлөхдөө хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.2 буюу ажилтан нас барсан гэдэг шалтгаанаар ажлаас чөлөөлсөн байна. Гэтэл дээрх долоон нийгмийн ажилтан нь өнөөдөр амьд сэрүүн байгаа аж. Тэд энэ хууль бус үйл ажиллагаагаа таслан зогсоохыг шаардлаа.

НӨАТ-ийн мэдээллээ дутуу бүртгүүлсэн иргэдийн анхааралд

2017 оны 1 дүгээр сарын 25-ны байдлаар нэгдсэн системд хэрэглэгчийн мэдээллээ дутуу бүртгүүлсэн 137’822 татвар төлөгч иргэн байгаа бөгөөд мэдээллээ нягтлан шалгах, засварлах сүүлийн хугацаа 2 дугаар сарын 15-ны өдөр хүртэл үргэлжлэх аж. 

Та мэдээллээ үнэн зөв оруулахын тулд:

EBARIMT.MN - ХУВЬ ХҮН - НЭВТРЭХ - ДАНС - ТОХИРУУЛАХ   дарааллаар орж, доорх байдлаар мэдээллээ үнэн зөв болгоно уу.    Хэрэв Та код, нууц үгээ мартсан бол ХУВЬ ХҮН - НЭВТРЭХ -  “Бүртгэлээ сэргээх бол ЭНД дарна уу!”  дарааллаар орж өөрийн бүртгүүлсэн мэйлээр нууц үгээ авах боломжтой.  Жишээ загвар:

С.Чинзориг: Малчин эрэгтэй 55, эмэгтэй 50 настай тэтгэвэрт гардаг болж байна

УИХ-ын гишүүн С.Чинзориг нарын гишүүд өчигдөр батлагдсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль болон Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн талаар мэдээлэл хийлээ.  

УИХ-ын гишүүн С.Чинзориг Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн талаар хэлэхдээ “Малчид болон хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн талаар “Улсын хэмжээнд 330 мянга орчим малчин байдаг. Энэ хуулийн өөрчлөлтөөр малчдын тэтгэвэрт гарах насыг таван жилээр наашлуулж байгаа. Эрэгтэй 55, эмэгтэй 50 настай тэтгэвэрт гардаг болж байна гэсэн үг” хэмээн хэллээ.

Малчдын тухайд есөн хувь нь НДШ төлдөг. Хувиараа хөдөлмөр эрхлэгчийн 13 хувь нь НДШ төлдөг гэсэн судалгаа байгаа юм. Ингэхээр 85-90 хувь нь нийгмийн даатгалын гадна байгаад байна. Тэд өндөр нас наслаад ирэхээр нийгмийн даатгалын баталгаа нь алдагдах сул талтай. Тиймээс малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн НДШ-ийг нэмэгдүүлэх үүднээс нэг удаа нөхөн төлөх боломж олгож байгаа юм” гэлээ.

Ц.Мянганбаяр нарыг яллагдагчаар татан шалгаж эхэлжээ

Прокурорын байгууллагаас Орхон голыг бохирдуулсан хэргийг сэргээн шалгаж эхэлсэн байна. Тодруулбал, “Алтандорнод Монгол”, “Монгол газар” компанийнхан тус голын эх дээр олборлолт хийснийхээ дараа нөхөн сэргээлт нэрээр өөр компаниудтай гэрээ байгуулан, үлдэгдэл дээрээ ажиллуулснаар голын усыг маш ихээр бохирдуулсан гэх шалтгаанаар шалгалж эхэлжээ. 

Улмаар 2010-2011 онд “Алтандорнод Монгол”-ыг удирдаж байсан Ч.Бямбаа, Д.Даваасамбуу, “Монгол газар”-ын Ц.Мянганбаяр, У.Даш зэрэг хүмүүсийг шалгаж байсан ч УЕПГ-аас тэдэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон байжээ. 

Чуулган: Номхотгох цамц хэрэглэж, эрүүлжүүлнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.Хуулийн төслөөр согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг эмнэлэгт бус эрүүлжүүлэх байранд эрүүлжүүлэх асуудлыг зохицуулахаар тусгасан юм. Ингэхдээ эрүүлжүүлэхэд орсон этгээдэд эмч хяналт тавих зохицуулалтыг мөн тусгаад байгаа аж. Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайдын тайлбарласнаар согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн иргэнийг эрүүлжүүлэхийн тулд номхотгох цамц өмсгөн өлгийдөх юм байна. Өөрөөр хэлбэл, цагдаагийнхан гав, бороохой хэрэглэхээс илүү номхотгох цамц хэрэглэх нь илүү үр дүнтэй гэж үзэж буй аж.

Анхны хэлэлцүүлгийг ийн хэлэлцэж дууслаа. Ингэснээр хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлж байна. 

Хамгийн хортой 20 хотын жагсаалтыг Монгол улс тэргүүлж байна

Eco Experts байгууллагаас гаргасан судалгаагаар дэлхийн хамгийн их бохирдолтой, хортой орнуудын жагсаалтад Монгол улс 15 дугаар байрт бичигдлээ. Энэхүү жагсаалтыг гаргахдаа агаарын бохирдлоос болж нас барж буй хүний тоо болон нүүрс төрөгчийн давхар ислийн агууламжийг үндэслэсэн талаар байгууллагын судлаачид онцолжээ.

Судалгаагаар 2016 оны жилийн дундаж температур сүүлийн 115 мянган жилд байгаагүй өндөр хэмжээнд хүрсэн. Иймд хүлэмжийн хий ихээр ялгаруулдаг, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ багатай орнууд дэлхийд заналхийлж буй хүчин зүйл болж байгаа талаар Eco Experts байгууллагаас мэдэгджээ.

Олон улсын эрчим хүчний агентлаг, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагуудын судалгаанд үндэслэн доорх таван хүчин зүйлсээр дэлхийн орнуудыг жагсаасан юм.

Хүн амын эрчим хүчний хэрэглээ
Хүн амын нүүрс төрөгчийн давхар исэл ялгаруулах түлш ашиглаж байгаа байдал
Агаарын бохирдол
100 мянган хүн ам тутамд агаарын бохирдлоос болж амиа алдаж буй хүний тоо
Сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ
Жагсаалтад Ойрхи Дорнодын газрын тосоор баялаг орнууд эхний арван байрыг эзэлсэн бөгөөд Саудын Араб хамгийн их бохирдолтой аж. 

Хамгийн хортой 20 орон

Саудын Араб
Кувейт
Катар
Бахрейн
Арабын Нэгдсэн Эмират
Оман
Туркменистан
Ливи
Казахстан
Тринидад Тобаго
Ираны
Люксембург
Болгар
Босни ба Херцеговина
Монгол
Солонгос
Бүгд Найрамдах Македон
Сингапур
Ирак
БНХАУ

Д.Сумъяа, М.Уранцэцэг нарыг 50 мянган ам.доллараар шагнана

Олон улсын жүдо бөхийн холбооноос 2016 оны турш дэлхийн чансааг тэргүүлсэн 14 жүдочидод 50 мянган ам.долларын шагнал хүртээхээр болжээ. Тэрбээр 10 улсын эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жүдоч энэхүү шагналыг хүртэх юм байна. 

Харин манай улсаас энэхүү мөнгөн шагналыг олимпийн медальт анхны эмэгтэй жүдоч, -57 кг-д чансааг тэргүүлэгч Д.Сумъяа, анхны дэлхийн аварга эмэгтэй жүдоч -48кг-ын дэлхийн чансааны тэргүүн жүдоч М.Уранцэцэг нар хүртэх юм. 

Амралтын өдрөө ая тухтай сайхан өнгөрүүлээрэй. 

 

 

 

 

 

 


 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment