8o
Улаанбаатар хот
mobile menu

30-40 насныхан төрийн болон орон нутгийн удирдлагад хүч түрэн орж ирлээ

2017-02-08 08:30:00

УИХ, төрийн өндөр албан тушаалтнууд хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ Авлигатай тэмцэх жилийн бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор гаргаж өгдөг номтой. Өнөөдрийн байдлаар төрийн болон нутгийн захиргааны 106 байгууллагаас ирүүлсэн нэрсийн жагсаалтаар энэ онд мэдүүлгээ 39600 орчим албан тушаалтан өгнө. Энэ жилийн хувьд төрийн болон орон нутгийн нийт байгууллага, тэдгээрийн салбар, нэгжийн мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах, эрх бүхий албан тушаалтнуудын 45 орчим хувь нь шинээр томилогдсон. Мэдүүлэг гаргагчдын 25 хувь нь өөрчлөн шинэчлэгдсэн нь сонгуулийн ялалтын нөлөө ямар хүчтэйг илтгэх мэт. Авлигатай тэмцэх газар нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг холбогдох хуульд заасны дагуу хянан шалгаж, томилох эрх бүхий байгууллагад мэдэгддэг. Уг ажлын хүрээнд 2015-2016 оны хооронд ирүүлсэн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэгт тус газрын Судалгаа шинжилгээний албанаас дүн шинжилгээ хийжээ. Дүн шинжилгээнд 2015 онд 7893 мэдүүлэг хүлээн авсан бол 2016 онд 11840 мэдүүлэг хүлээн авсан буюу урьд оныхоос нэмэгдсэн дүнтэй гарсан байна. 2015 оны нэгдүгээр сард ирүүлсэн мэдүүлгийн тоо харьцангуй өндөр байгаа нь 2014 оны 12 дугаар сард Шийдлийн Засгийн газар байгуулагдсан үетэй уялдана. 2015 оны зургадугаар сард Цагдаагийн ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах хороо зэрэг байгууллагаас ирүүлсэн мэдүүлгийн тоо нийт дүнд нөлөөлсөн хэмээн үзжээ.Харин 2016 оны тавдугаар сард ирүүлсэн мэдүүлгийн тоо өндөр байгаа нь УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн өмнөх үетэй давхцаж байгаа тул өндөр гарахаас аргагүй.Сонгуулийн үр дүнгээр шинэ Засгийн газар байгуулагдсанаас хойш буюу 2016 оны  наймдугаар сараас мэдүүлгийн тоо өссөн дүнтэй.

Мэдүүлгийг хянуулахаар ирүүлсэн шалтгаан нөхцөлийг авч үзвэл 2016 онд албан тушаалын ангилал, зэрэглэл дэвшсэн 4050, шилжин томилогдсон 3758, нийтийн албанд шинээр томилогдсон 1895, эрхлэх асуудлын чиг үүрэг өөрчлөгдсөнтэй холбоотой шалтгаанаар 1134 мэдүүлэг ирүүлжээ. Энд бас сонирхолтой баримт байна. 30-40 насныхан төрийн болон орон нутгийн байгууллага, тэдгээрийн салбар нэгжид хүчтэй түрэн орж ирснийг батлах сонирхолтой дүн шинжилгээ хийгджээ. Мэдүүлгээ хянуулсан иргэдийг төрсөн оноор нь авч үзвэл 1941-1996 оны хоорондох хугацаанд хамаарч байгаа бөгөөд үүнээс 1982 онд төрсөн 827, 1986 оны 783, 1980 оны 780, 1987 оны 773, 1985 оны 760 иргэн байгаа нь хамгийн өндөр дүнтэй байна.

Эцэст нь судалгааны дүгнэлтэд Цагдаагийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Төрийн банк, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Гадаад хэргийн яам зэрэг 10 гаруй байгууллагууд хамгийн олон буюу 1168-221 мэдүүлэг ирүүлсэн талаар дүгнэжээ. Мөн улсын хэмжээнд 2015 оны байдлаар хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах ёстой 39583 албан тушаалтан байсан бөгөөд 2015 онд эдгээр албан тушаалтнуудын 20 орчим хувь нь, 2016 онд 30 орчим хувьд нь өөрчлөлт орсон байна. Гэвч санаатай санамсаргүйгээр хөрөнгө орлогоо хуурамчаар мэдүүлэх, нуун дарагдуулах, ашиг сонирхлын зөрчилтэй хэрэг ганц нэгээр дуусдаггүй. Тухайлбал, “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Г.Отгонбаатар нь хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн их хэмжээний өөрчлөлтийн талаарх мэдээллийг хуулийн хугацаанаас 57 хоног хоцроож мэдүүлсэн. Мөн өөрийн төрсөн дүүг томилохдоо “Ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдэл”-ийг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлж шийдвэрлүүлээгүй байдаг. Дээрх асуудлаар Авлигатай тэмцэх газраас холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлагыг тооцуулахаар хандсаны дагуу Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар хууль зөрчсөн буруутай этгээдэд сахилгын шийтгэл ногдуулсан байна. Түүнчлэн Гаалийн ерөнхий газар, Улаанбаатар хотын гаалийн газрын зургаан албан тушаалтан өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлого болон эзэмших эрх бүхий газар, гэр бүлийн гишүүдийн хөрөнгө оруулсан компани, хувьцаа, тээврийн хэрэгсэл мэдүүлээгүй. Харилцах данс, картын данс, бэлэн мөнгөний үлдэгдлийг оны эцсийн үлдэгдлээр бус тухайн мэдүүлэг гаргах үеийн байдлаар мэдүүлсэн, хөрөнгө, орлогын эх үүсвэрийг бүрэн гүйцэт тайлбарлаагүй зэрэг зөрчил гаргасныг тогтоосон.

Авлигатай тэмцэх газраас Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралтад зөрчил гаргасан албан тушаалтнуудад Авлигын эсрэг хуульд заасан сануулах, албан тушаалын цалингийн хэмжээг бууруулах зэрэг хариуцлага тооцуулах тухай албан бичиг хүргүүлсэн байна.                                                                                   П.Түмэн

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Иргэн
Ихэнх нь албан тушаал бол төрийн мөнгө луйвардах хэрэгсэл гэж ойлгосон нусан журууд байгаа шүү. Байнга хяналт тавьж байх хэрэгтэй. Уг нь биеэ засч жаахан юм сурч мэдээд ажил хийвэл үр дүнд хүрдэг юм д
2017/02/08 202.179.24.182