8o
Улаанбаатар хот
mobile menu

Ким Жон Намыг алахаар 5 жилийн турш оролдож байсан

2017-02-16 09:27:00

Өмнөд Солонгос болон Малайзийн телевизийн сувгууд Ким Жон Уны эцэг нэгтэй ах Ким Жон Намын амийг хөнөөсөн байж болзошгүй эмэгтэйн хяналтын камерт бичигдсэн дүрсийг үзүүлж байна. Мөрөө шүргэсэн бараан өнгийн үстэй "ЛОЛ" гэсэн бичигтэй цагаан цамц өмссөн эмэгтэйг Кимийг хөнөөсөн байж магадгүй хэмээн таамаглаж байгаа юм. 

Тус эмэгтэйг баривчилсан ч хэргийн үйлдсэн эзэн мөн биш гэдгийг тодорхойлоогүй байна. Хэргийн газраас таксигаар зугтаад баригдсан тэр эмэгтэй Вьетнамын иргэний бичиг баримттай, 28 настай Доан Тхи Хуон гэгч байжээ.Албаныхан баривчлагдсан эмэгтэйг өөр нэг хүний хамт хүйтэн дайны үеийн аллагын аргаар буюу хордуулсан зүүгээр хатгах, химийн хортой бодис нүүрэнд нь шүрших аргаар Ким Жон Намыг алсан гэж үзэж байна.

Малайзийн цагдаагийн ахлагч Фадзил Ахмат “талийгаач буудлын хүлээн авагчид очиж, хэн нэгэн араас нүүрийг нь самардаад ямар нэг шингэн түүн рүү цацсан гэж хэлсэн байна” хэмээн хэвлэлд ярьжээ. Үүний дараа Ким Жон Намыг эмнэлэг рүү авч явах замд амиа алдсан байна.

Өмнөд Солонгосын албаныхан алагдсан хүнийг Ким Жон Нам мөн болохыг албан ёсоор өчигдөр зарлажээ. Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн үүргийг түр гүйцэтгэгч Хван Кё Ан энэ тухай “Ким Жон Намын аллага Хойд Солонгосын дэглэмийн ямар хүнлэг бус, бурангуй болохыг харуулж байна” гэж аюулгүйн зөвлөлийн хурал дээр хэлсэн байна.

Мөн өчигдөр Хойд Солонгосын албаны хүмүүс талийгаачийн цогцсыг хадгалж байгаа эмнэлэгт очиж, цогцост задлан шинжилгээ хийлгүйгээр Хойд Солонгосын талд хүлээлгэж өгөхийг шаарджээ. Гэвч Малайзийн тал хүсэлтийг хүлээж авалгүй, өөрсдийн хууль дүрмийн дагуу арга хэмжээ авна гэсэн хариулт өгсөн байна.

Өмнөд Солонгосын тагнуулын албаны мэдээлснээр Хойд Солонгос Ким Жон Намыг сүүлийн таван жилийн турш алахаар оролдож байсан гэнэ. 2012 онд ийм оролдлого гарсны дараа Ким Жон Нам дүүдээ захидал бичиж, өөрийн болон гэр бүлийнхээ хүмүүсийг өршөөхийг гуйж байжээ.

Захианд “Миний гэр бүл болон надад оноосон шийтгэлээ цуцлахыг гуйж байна. Бид хаашаа ч зугтаж чадахгүй, хаана ч нуугдах боломжгүй, шийтгэлээс зугтах ганц арга бол амиа хорлох гэдгийг мэдэж байгаа” гэж өгүүлсэн байсан гэнэ.

Ким Жон Ун өөрийн дэглэмийг урт хугацаанд оршин тогтнуулахын тулд өрсөлдөгчдөө нэг нэгээр устгаж байгаагийн илрэл нь энэхүү аллага гэж Өмнөд Солонгосын тагнуулын алба үзэж байгаа юм. Ким Жон Нам нь удаан хугацаанд Макаод голлон амьдарч байсан ба түүнийг Хятадын эрх баригчид Хойд Солонгосын дараагийн удирдагчид нөөцлөн хамгаалалтандаа авсан байсан гэдэг.

 

Эх сурвалж: Business Insider, BBC

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл