8o
Улаанбаатар хот
mobile menu

Хойд Солонгос, Малайзын удирдагчид харилцан бие биеэсээ "хариугаа" авч эхэллээ

2017-03-08 13:20:00

Хойд Солонгосын дэглэм өөрийн нутагт байгаа Малайзийн бүх иргэнийг гарч явахыг хориглосныг төрийн төв мэдээллийн сувгаар зарлажээ. Өөрөөр хэлбэл Пьёньян Малайзийн иргэдийг барьцаалсан явдал болж байна. “Малайзад болж байгаа хэрэг явдал бүрэн шийдвэрлэгдэх хүртэл БНАСАУ-д байгаа Малайзийн бүх иргэнийг тус улсаас гарч явахыг түр хугацаагаар хориглож байна” гэж Хойд Солонгосын гадаад явдлын яамны мэдэгдэлд дурдсаныг KCNA (Korea Central News Agency) мэдээллээ.

Өнгөрсөн сарын дундуур Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны эцэг нэгтэй ах Ким Жон Намын амийг Куала Лумпурын олон улсын нисэх буудалд хорлосон хэрэг гарснаар хоёр орны хоорондын харилцаа муудаж эхэлсэн юм. Куала Лумпурт суух Хойд Солонгосын элчин сайдыг Малайзаас албадан гаргасан ба үүний хариуд Пьёньян ийм алхам хийжээ.

Хойд Солонгосын гадаад хэргийн яам тус улсад байгаа Малайзийн иргэдийг хилээр гарч явахыг түр хориглож байгаагаа зарласан нь Ким Жон Намын аллагын хэргийг бүрэн шийдэгдэх хүртэл гэсэн нөхцөлтэй байлаа. Тэгвэл үүний дараа Малайзийн ерөнхий сайд Нажиб Разак “манай иргэдийг барьцаалсан явдал нь жигшүүртэй хэрэг” гэж мэдэгдээд Хойд Солонгос дахь иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах хүртэл Малайзад байгаа Хойд Солонгосын иргэдийг хилээр гаргахгүй байх үүргийг цагдаагийн газартаа үүрэг болгожээ.

Өнгөрсөн сарын дундуур гарсан аллагын хэргийг шалгаж байгаа Малайзийн цагдаа Хойд Солонгосын долоон иргэнийг хэрэгт сэжиглэн эрэн сурвалжилж эхэлсэн нь Пьёньяныг бухимдуулсан юм. Одоогоор сэжигтэний хоёр нь Куала Лумпур дахь элчин сайдын яамандаа нуугдаж байгаа гэж цагдаагийн төлөөлөгч мэдээлсэн байна.

Малайзийн төрийн мэдээллийн сувгийн дамжуулснаар Хойд Солонгост нийт есөн малайз хүн байгаагийн гурав нь элчингийн ажилтан, зургаа нь тэдний гэр бүлийн хүмүүс байгаа гэнэ.

Эх сурвалж: bbc, time, cnn

чухал.мн

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл