8o
Улаанбаатар хот
mobile menu

Менингококкт халдвар гэж ямар өвчин бэ?

2017-03-19 10:20:00

Менингококкт халдвар нь арьсан дээрх өвөрмөц зөв биш хэлбэртэй цусархаг тууралт болон тархины зөөлөн бүрхүүл, тархины эдийн үрэвслээр илэрдэг, Neisseria meningitidis гэгдэх нянгаар үүсгэгддэг амьсгалын замын цочмог халдварт өвчин.

Хэрхэн халдварлах вэ?

Менингококкт халдвараар өвдсөн хүн, нян тээгчээс агаар дуслын замаар халдвар дамжих ба үүсгэгч нян нь хүний хамар, залгиурт байршиж өвчин үүсгэнэ. Нууц үеийн хугацаа нь 3-10 хоног, дунджаар 5-7 хоног байдаг. 

Хэн өвдөх вэ?

Бүх насны хүн өвчлөх боловч 5 хүртэлх насны хүүхэд илүү өртөмтгий байдаг.

Ямар шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчид хандах вэ?

·         Гэнэт 38-39 хэм ба түүнээс дээш өндөр халуурах

·         Биеээр цусархаг тууралт гарах

·         Толгой, үе мөчөөр хүчтэй өвдөх

·         Олон удаа бөөлжих

·         Хоолонд дургүй болох, ядарч сульдах

·         Татах

·         Биед нь хүрэх, чанга дуу чимээ, хурц гэрэл зэрэгт цочрох

·         1 хүртэлх насны хүүхдэд зулай түмбийж чинэрэх

Сэрэмжлүүлэг

Менингококкт халдвараар бага насны хүүхдүүд, ялангуяа 5 хүртэлх насны хүүхдүүд өвчлөн, хүндрэх хандлагатай байна. Тиймээс ард иргэд, эцэг эхчүүдэд урьдчилан сэргийлэх дараах зөвлөмжийг хүргэж байна. Үүнд:

  1. Менингококкт халдвар маш өндөр, гэнэт 39-40 хэм хүртэл халуурч эхэлдэг.

        Хэрэв менингококкт халдварын байршмал хэлбэр болох хамар-залгиурын үрэвсэлийн дунд хүнд хэлбэр тохиолдож эхэлбэл 37.5-38 хэм хүртэл халуурч 2-3 хоног хоолой аргах шинж илэрнэ. Энэ үед вирүсийн гаралтай амьсгалын замын халдварт бусад өвчин хавсраагүй болон хамар хоолой, гүйлсэн булчирхайн архаг үрэвсэл сэдрээгүй тохиолдолд нусгайрах, ханиах, хамар битүүрэх, хоолой торж хөндүүрлэх зэрэг шинжүүд илрэхгүй. Хэрэв эдгээр шинжүүд ажиглагдсан тохиолдолд менингококкт халдварын хамар-залгиурын үрэвсэлийг ялган оношлоход түвэгтэй байдаг. Хамар-залгиурын үрэвслийн хөнгөн хэлбэрийн үед залгиурын арын хана улайх шинж төдийгөөр эмнэлзүй нь илрэх тул оношлоход төвөгтэй, зөвхөн нян судлалын шинжилгээгээр баталгаажуулсаны дүнд оношлоно.  

        Хэрэв менингококкт халдварын түгмэл хэлбэр болох менингит, менингококцемийн аль нэгээр эхлэн тохиолдвол, эдгээр нь хөнгөн явцтай байсан ч гэсэн маш өндөр халуурна. Энэ үед эцэг эхчүүд гэрээр халуун бууруулах эм хэрэглэсний дараа халуун буух боловч богино хугацааны дараа дахин өндөр халуурч эмнэлзүйн үндсэн бусад шинжүүд илэрч гарна. Тухайлбал менингококцеми байвал биеэр толбо-гүвдрүү, цусархаг тууралт гарах, менингит байвал бөөлжилт нь улам нэмэгдэж толгой хүчтэй өвдөх зэрэг болно. Өндөр халуурахын зэрэгцээ биеэр толбо-гүвдрүү тууралт гарсан тохиолдолд улаан бурхан, улаан эсэргэнэ, томуу ба томуу төст өвчин, харшил (харшлын шалтгаант тууралтын үед халуурдаггүй) гэж андуурах талтай. Улаан бурханы эхэн үед 39-40 хэм хүртэл халуурч 2-3 хоногийн дараа тууралт гарахын зэрэгцээ нүдний салст бүрхүүл улайх, нусгайрах, ханиах зэрэг амьсгалын дээд замын үрэвсэлийн шинж тэмдэг тод илэрдэг. Томуугийн үед менингококкт халдварын үеийнх шиг өндөр 39-40 хэм халуурах боловч хэзээ ч өвчин эхэлсэнээс хойш 6-8 цагийн дотор улаан тууралт ажиглагддаггүй, харин цусархаг тууралт гарах боловч ихэвчлэн биеийн нимгэн арьстай хэсгээр, тухайлбал зовхины эргэн тойрон, хүзүү зэрэгт шигүү маш жижиг хэмжээтэй улаан ягаан өнгийн цусан харвалтууд жигдхэн гардаг. Тууралтын онцлогийг дараагийн хэсэгт өгүүлэх болно. Манай ард иргэд улаан бурхан, томууг гэрээр эмчлэж болдог гэсэн ойлголттой хүмүүс. Түүнчлэн эмнэлэгт дуудлага өгөхдөө ханиад томуу байж магадгүй гэж мэдээлсэнээр эмнэлгийн байгууллага ч мөн тайвширч бүх дуудлагыг орхиод эхний ээлжинд тусламж үзүүлэх ёстойгоо умартан менингококкт халдварын оношлогоо оройтох явдал гардаг. Тэгвэл менингококкт халдварын өвчин нэг бүрийн тавилан эмнэлгийн тусламж үйлчилгээний секунд бүрийн үйл ажиллагаанаас ихээхэн хамаардаг. Иймээс тууралт гарсан тохиолдол бүрт эмнэлгийн байгууллага хамгийн эхэнд заавал үйлчлэх шаардлагатай. Менингит туссан үед өндөр халуурах, олон удаа бөөлжих шинж илэрэхэд хоолны хордлого, тархины доргилт гэх мэтээр андуурч эмчилгээг буруу хийснээс хүндрэх нь олонтаа. Менингитийн үед бөөлжих тусам биеийн байдал улам хүндэрдэг. Гэтэл хоолны хордлогын үед бөөлжисний дараа дотор нэг хэсэг онгойж бие хөнгөрөх маягтай санагддаг. Магадгүй нэг, хоёр удаагийн бөөлжилтийн дараа халуун буурч биеийн байдал сайжрах талтай. Иймээс халуурах шинжийг бусад шинжтэй уялдуулан үзэхдээ илэрч буй ганц нэг шинжээр бус тухайн хүнд үүссэн бүх шинж тэмдгийг цогцоор нь ажиглаж тэдгээрийн хоорондын уялдаа холбоог зөв тогтоож онош тавих шаардлагатай. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment