8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Монгол Улс 580 сая ам.долларын зээлээ төлснөө мэдэгдсэн, савтай бензин дэлбэрч гэр бүлийн таван хүн түлэгдэж гэмтсэн өдөр

2017-03-20 18:42:00

Яг одоо гадаа нэг л тогтуун сайхан байна. Хааяахан сэвэлзэх жихүүн салхи бүсгүйн хацрыг илбэж улам л үзэсгэлэнтэй болгох мэт. Хаврын улирал цаанаа л нэг  өвөрмөц. Сэтгэл нь гэгэлзэж, харцанд нь хөнгөн мишээл тодорсон хүмүүс алхах юм. Ийм сайхан оройн мэндийг эрхэм уншигч та бүхэнд хүргэж байгаадаа баяртай байна. Үдэш бүрийн энэ цаг үед та бүхэнд хүрдэг “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэхэд бэлэн боллоо. Тоймоо хүлээн авна уу.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат: Хямралыг давахад ард түмэн биш, төр бүсээ чангална

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат төрийн захиргааны төв болон захиргааны байгууллага, төрийн өмчит улсын үйлдвэрийн газрын удирдлагуудтай уулзаж, үүрэг даалгавар өгсөн байна. Энэ үеэр Ерөнхий сайд хэлэхдээ "2017 оны гуравдугаар сард төлөх ёстой 580 сая долларын хугацаа тулсан өр зээлээ Монгол Улс төлж чадах уу, чадахгүй дампуурлаа зарлуулах уу гэсэн ард түмэн болон олон улсынхны эргэлзээ, тээнэгэлзээ дунд бид анх ажил авсан. Харин өнөөдөр Монгол Улс хугацаа тулсан бондын өргүй болж, 580 сая ам.долларынхаа өрийн асуудлыг бүрэн шийдэж, улмаар жолоо цулбуургүй мэт уруудаж явсан эдийн засагтаа ч, итгэл алдраад гараад явчихсан гадаадын хөрөнгө оруулагчдын өмнө ч ногоон гэрэл асааж чадлаа. Энэ бол хоосон яриа, улс төрийн PR биш нь ердөө хэдхэн хоногийн өмнө олон улсын санхүүгийн зах зээл дээр гаргасан Засгийн газрын 124 сая ам.долларын захиалгатай бондод гадаадын хөрөнгө оруулагчид 3.3 тэрбум ам. долларын санал ирүүлснээс бэлээхэн харагдаж байна" гэсэн байна. 

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат  "Бид нийтээрээ, нийгмээрээ маргаашийнхаа төлөө өнөөдрөөс зүтгэж эхлэхгүй бол оройтоно. Бид хийхгүй бол гадны улс орноос хэн нэгэн ирж хийж өгөхгүй. Тийм учраас хууль нь шударга үйлчилдэг, санхүүгийн сахилга баттай шинэ нийгэм бүтээхийг төр, төрийнхөн та бүхэн манлайлна. Хамгийн түрүүнд ард түмэн биш, харин Монголын төр өөрөө бүсээ чангална.

Монголын хууль цааз бүсээ чангална.

Монгол төрийн сахилга бат бүсээ чангална.

Та бүхэн “Төрдөө зүтгэнэ” хэмээн андгай өргөж албанд орсон төрийн хүмүүс учраас нийгэмд та бид үлгэрлэх үүрэгтэй. Энэ алхам төрийнхөө төлөө ард түмнээсээ илүү ачааг үүрдгээрээ бахархдаг албан хаагчдын хувьд эхлүүлэхэд төвөггүй. Харин  албадлагаар, хэн нэгний татаас, шахаагаар дарга болсон, хүчинд автаж юм уу, хууртаж албан тушаалд томилогдсон хүн байвал тэрийгээ хэлээд одоо явж болно. Хэрвээ та мөнгө хийх гэж байгаа бол төрд биш, бизнесийн салбарт зүтгэ. Тийм хүмүүс одооноос эхлээд Төрийн ордноор, яамдын байраар эргэлдэх хэрэггүй. Төрийн албанд өнөөдрөөс эхлээд боловсрол, мэргэжлийн дипломоос гадна чадвар, сэтгэл, ёс зүйг эрхэмд тооц. Төрийн мөнгөөр шинэ тавилга, шинэ унаа машин авахгүй байхыг үүрэг болгож байна. Хэрвээ тавилга нь гологдож, албаны унаа нь тухгүй санагдаж байвал тэр хүн өөрөө ажилдаа гологдож байна гэж ойлго. Тэнд таныг хувийн бизнесээ хийгээд илүү тансаг өрөөнд ажиллах таатай очрныг бүрдүүлэхийн төлөө бид харин энд зүтгэе хэмээн хэлсэн байна. 

Зогсоолд байсан автомашин руу буудаж танхайрсан хэргийг шалгаж эхэлжээ

Зогсоол дээр байсан автомашин руу гал нээж танхайрсан хэрэг гарчээ. Тодруулбал. энэ сарын 18-наас 19-нд шилжих шөнө ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны хажуугийн автомашины зогсоол дээр нэгэн иргэний автомашин руу буудаж танхайрсан хэрэг гарсан байна.

Нэгэн залуу машинаа тус зогсоолд тавиад, хэсэг хугацааны дараа эргэн ирэхэд машиных нь цонх руу буудсан, сум нь дотор талд нь унасан байдалтай байжээ. Одоогоор хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа аж.

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг баривчилжээ

Өнгөрсөн долоо хоногт эрэн сурвалжлагдаж байсан оргодлыг баривчилжээ. Тодруулбал Төв аймгийн Замын тасгийн хамт олон шуурхай ажиллаж Баянгол дүүргийн хоёрдугаар хэсгээс эрэн сурвалжлагдаж байсан оргодол П-ээг саатуулж харьяалагдах хэлтсийн дагуу хэрэг бүртгэгч, цагдаагийн ахлах дэслэгч А.Ариунзаяад хүлээлгэн өгчээ.

Мөн Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт үйл ажиллагаа явуулах “Гацуурт” ХХК-нийн уурхай дээр байрлах кантенериас иргэн Л нь бусадтай бүлэглэн портер маркийн тээврийн хэрэгсэл ашиглан 200л түлш, 200 л бензин, масло гидрийн шингэн, товууд зэрэг тос тослогоо материал хулгайлан явж байсныг Цагдаа зохицуулагч, Цагдаагийн ахлах ахлагч Б.Алтанхуяг, М.Энхбаатар нар илрүүлж шуурхай ажилласан бол ахлах зохицуулагч, цагдаагийн ахмад Н.Мягмархишиг, цагдаагийн ахлах ахлагч Э.Сүхбаатар нар Борнуур суманд хоёр хөлөө машинд дайруулсан хүнийг эмнэлэгт хүргэж өгч, ослын газраас зугтсан этгээдийг илрүүлсэн байна.

С.Алтантуухай: Дэлгүүрээ гэрийнхээ нэг өрөө гэж боддог

Хүний амьдралын зорилго, утга учир яг юу юм бэ. Баян болох юмуу. Эсвэл бусдад туслах уу. Бусдад туслалаа гээд энэ амьдралд төрсний утга учир болох юм бол би өөрөө энэ хорвоо дээр жаргах гэж мэндлээгүй гэсэн үг үү гэж хааяа асуумаар санагддаг. Зарим нэг нь ч хүн туслах гэхээс илүү өөрөө авах, өөртөө ашигтай байхыг илүүд үздэг нийгэмд бид амьдраад байх шиг. Нөгөө талаас бид өөрсдөө ийм нийгмийг бий болгоод ч байх шиг.  Жаргалыг хүсдэггүй амьтан нэг ч үгүй. Магадгүй өт хорхой хүртэл амар амгалан жаргалыг л хүснэ.  Хүний үйл хэрэг санаа бодол бүгд л өөрийн аз жаргалыг бүтээхэд л дөрөөлөгдсөн, дөрөө эсвэл шат болж өгдөг. Аз жаргалыг яаж бүтээн бий болгох талаар ихэнх хүмүүс буруу ойлгож буруу арга замаар явж байгааг үгүйсгэх аргагүй. “Алимны мод таривал алим л ургана. Төмс тарьчихаад алим гарна гээд байвал утгагүй” гэдэг сайхан үг бий. Үүнийг нэг адил  хүмүүс аз жаргал амсахын тулд буруу аргаар явж жинхэнэ жаргал бус зовлонгийн шалтгаанаа тарьсаар л байдаг. Харин өөрөө аж жаргал, ухаарал хайрласан хүн түүнийхээ үр шимийг хүртнэ. Үүнийг нэг тод жишээ бол Сонгинохайрхан дүүрэг Цамбагаравын ар талын буудлаас 200 метр яваад хүрэх газарт байрладаг “Заяа” гэх энэхүү жижигхэн хүнсний мухлагийн эзэн юм. Түүнийг С.Алтантуухай гэдэг. Сэтгэлдээ дүндүүрлэдэг тэр зүйлсийг илэрхийлж гаргах аргаа олохгүй арга яадсандаа урмын сайхан үгсийг дэлгүүртээ бичиж нааж эхэлжээ. Ингээд түүнийг жижигхэн бөгөөд агуу орон зайгаар багахан хугацаанд ийнхүү аялсан юм.

Гаднаа “Тамхи, нэгж зарахгүй” гэсэн бичигтэй уг дэлгүүр лүү ороход цаанаа л нэг гэгээлэг, бас өнгөлөг.  Мөн аль хэдийнэ олны танил болж олон хүний хөлд босго нь элэгдэж хуучирчээ. Хаалгаа нээгээд ороход “Маргааш өнөөдрийнхөөс илүү сайхан болно гэж амьдарч сурцгаая, Уйгаггүй хөдөлмөрийн үр шимд амьдрал дээшилнэ” хэмээн сайхан үгс биднийг угтсан юм. Эндэхийн хүмүүс төдийгүй байнгын үйлчүүлэгчид нь гоё үгстэй дэлгүүр гэдгээр нь анддаггүй юм билээ. Ингээд “Заяа” дэлгүүрийн эзэн С.Алтантуухай ахтай цөөн хором хөөрөлдсөнөө хүргэе. 

 

Хүн хийх дуртай, тэмүүлж байгаа зүйлээ хийх нь зөв биз дээ.Хүний гутал тослох, өөр хийж болох зүйл юу байна тэр бүхнийг хийх юмсан гэхээс өөр бодол надад төрж байгаагүй.

-Юуны өмнө та манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

-Танай сайтын хамт олон, уншигчид болон Монголын нийт ард түмэнд энэ өдрийн мэнд хүргэе. Намайг С.Алтантуухай гэдэг.  Би нийслэлийн 18 дугаар сургуулийг 1982 онд төгссөн. Улаанбаатар хотын унаган хүн. Эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг.

-Таныг сэхээтэн гэр бүлээс гаралтай хэрнээ арван жилээсээ л ажилчин ангийн сонгосон гэж сонссон. Яагаад ийм сонголт хийх болсоноо бидэнтэй хуваалцана уу?

-Тухайн үед их сургуульд орох хуваарь надад байсан ч би ажилчин ангийг сонгосон. Яагаад гэвэл манай гэр бүл тэр чигээрээ сэхээтэн хүн байсан. Харин манай ээж ганцаараа ноос нэхмэлийн үйлдвэрт машинист хийдэг байсан. Тиймээс ээжийгээ дагаад ажилчин ангийн түшиглэсэн. Нэг үгээр хэлбэл ээжийнхээ ажилчин ангийн халааг авсан. Нэг гэр бүлд дангаараа сэхээтэн байх ёсгүй. Арван жилд байхдаа л өөрийн гэсэн жижигхэн амбаартай болж түүндээ юу ч хамаагүй хийж мөнгө олох юмсан, ажил хөдөлмөр эрхлэх юмсан гэсэн бодол дандаа төрдөг байсан. Хүн хийх дуртай, тэмүүлж байгаа зүйлээ хийх сайхан шүү дээ. Хүний гутал тослох, өөр хийж болох зүйл юу байна тэр бүхнийг хийх юмсан гэхээс өөр бодол надад төрж байгаагүй. Цэргээс ирээд сав баглаа боодлын цехэд гуравдугаар зэрэгтэй мөртлөө тавдугаар зэрэгтэй хүний ажил хийж байсан. Тэгэхэд би гуравдугаар зэргийн цалингаа авна. Тавдугаар зэргийн ажилтай хүн өдрийн тавхан цаг ажиллаг хэрнээ надаас илүү их цалин авдаг. Илүү ажил хийсэн би ашиггүй үлддэг байлаа. Тухайн үед цалингаа их голдог байсан. Тэгэхэд манай цехээс “Талх чихэр” компани сав баглаа авдаг байсан. Тэднийх нь намайг чи ингэж их ажил хийж байж хөдөлмөрөө үнэлүүлэх хэрэгтэй гэсэн.  Тэгээд би “Талх чихэр”-т орсон. Хөдөлмөр хийгээд амтанд нь орсон хүн мөнгөний араас хөөцөлдөж эхэлсэн. Энд ороод аварга болж байхад ардчилал гарч ирээд нийгэм ганхаж эхэлсэн. Тэгээд 1998 онд Солонгос очиж ажил хийхээр явсан. Тэнд нэлээд олон жил ажиллаж байтал ээжийн бие муудаж дуудагдаж ирсэн тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл дэлгүүрээ ажлуулж байна.  Үргэлжлэлийг энд дарж уншина уу. 

Цэцэрлэг, сургуулиудын барилгын 50 гаруй хувь газар хөдлөлтийг тэсвэрлэхгүй

Дэлхийн банкнаас хотод дахь 406 цэцэрлэг сургуулийн барилгад газар хөдлөлтийн гамшгийн үнэлгээг хийжээ. Нийт сургуулиудын 50 гаруй хувь нь эрсдэл өндөртэй гарсан байна. Гамшгийн эрсдлийн үнэлэгээгээр хананд цууралт эсэх, барилгын сууринд суулт өгсөн эсэх барилгын дотоод хийц ямар байгааг авч үзсэн байна. Үүнээс гадна сургууль цэцэрлэгийн анги дүүргэлтийг судалжээ. Судалгаагаар ихэнх сургууль цэцэрлэгийн барилга хуучирсан, анги дүүргэлт хэтэрсэн, олон сургууль гурван ээлжээр хичээллэсэн байдалтай. Өдрийн цагаар газар хөдөллөө гэхэд барилга шууд нурах эрсдэлтэй гэсэн үнэлгээ өгчээ.

Өдрийн цагаар газар хөдөллөө гэхэд барилга шууд нурах эрсдэлтэй гэсэн үнэлгээ өгчээ.

Аливаа гамшгийн үед бага насны хүүхэд, хөгшид, хөгжлийн бэрхшээлтэй иргэд илүүтэй өртдөг. Сургуулийн цэцэрлэгийн барилгад анхаарал хануулах зайлшгүй шаардлагатай аж. 7-8 баллын хүчтэй газар хөдөлбөл Улаанбаатар хотын нийт барилга байгууламжийн 25-30 орчим хувь нь өндөр эрсдэлтэйд тооцогдож байна. Газар хөдлөлтийн ая даахгүй гэгдэх барилга байгууламжийн цөөнгүй хувийг сургууль цэцэрлэгийн барилга эзэлж байна. Зарим цэцэрлэг, сургуулиуд аврах гарц хаалтыг битүүмжилсэн, агуулах хийсэн, цонхонд тор хаалт хийсэн зөрчилтэй байжээ.  

Манай сургуулийн цэцэрлэгийн олонх нь тоосгон ханатай, төмөр бетон хучилттай аж. Харин олон улсад ийм барилгууд газар хөдлөлтөд хамгийн эмзэгт тооцдог . 

Ажлын хэсгийнхэн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн барилгын газар хөдлөлтийг тэсвэрлэх байдалд хурдавчилсан байдлаар өөрөөр хэлбэл олон улсын хэмжээнд ашигладаг хамгийн энгийн арга зүй болох төлөвлөлт болон үндсэн даацад үүсэж буй гэмтлийн харагдах байдалд үнэлэлт өгсөн. Барилга байгууламжуудыг эрэмбэлэх, шаардлагатай тохиолдолд хүчитгэх ажлыг хамгийн бага өртгөөр чанартай зохион байгуулах талаар тусгасан гарын авлага боловсруулах юм байна. Манай сургуулийн цэцэрлэгийн олонх нь тоосгон ханатай, төмөр бетон хучилттай аж. Харин олон улсад ийм барилгууд газар хөдлөлтөд хамгийн эмзэгт тооцдог 

100 гаруй түр цугларах талбайтай болж, цаашид ашиглах боломжгүй 98 барилгыг нураана

 Үргэлжлэлийг энд дарж уншина уу. 

Сэрэмжлүүлэг: Цас орж, цасан шуурга шуурна

Иргэд, малчид, тээврийн хэрэгслийн жолооч, аж ахуйн нэгж, байгууллагын анхааралд:

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр  2017 оны 03 дугаар сарын 21, 22-ны өдөр баруун аймгуудын нутгаар, 23-ны өдөр баруун, төв, говийн аймгуудын ихэнх нутгаар их хэмжээний хур тунадас, нойтон цас орж, салхи 12-14 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурч, хүйтрэнэ.

Иймд:

-Хүчтэй салхи шуурганы үеэр иргэд, тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд зорчихгүй байх, бага насны хүүхэд, өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд анхаарал тавих, холбогдох мэргэжлийн байгууллагуудаас гаргасан анхааруулах, сэрэмжлүүлэх мэдээллийг үндэслэн ажлаа зөв зохицуулах;

-Цас их хэмжээгээр орж, хүчтэй салхи шуурга болох үеэр зам даваа хаагдан, цахилгаан дамжуулах агаарын шугамд саатал гарч болзошгүй тул холбогдох мэргэжлийн байгууллагууд хүч хэрэгслийг тодотгон бэлтгэл, бэлэн байдлаа хангах;

-Хүчтэй салхи шуурганы үеэр автозамын зорчих хэсэгт үүссэн хальтиргаа гулгааны улмаас зам, тээврийн осол гарах, автомашин олноор замд саатах, автомашины шатахуун дуусах, эвдрэх, иргэд холбоогүй болох зэрэг тохиолдол гарч зорчигчдын амь нас, эрүүл мэндэд эрсдэл учирдаг тул зайлшгүй тохиолдолд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хязгаарлалт хийдэг тул Онцгой байдлын ерөнхий газрын 325726, 265726 дугаарын утсанд холбогдож мэдээлэл авахыг зөвлөж байна.

Англи дахь Монголын Консул Б.Одонжил жагсагчдыг сүрдүүлсэн үү

Өнгөрсөн эмэгтэйчүүдийн баяраас эхлэн Лондонд Ичинхорлоо гэх бүсгүй С.Баярыг эсэргүүцэн Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын ЭСЯ-ны байрны гадна жагсаал зохион байгуулж байгаа. Түүний жагсаал өдөр ирэх тусам хүрээгээ тэлж, жагсагчдын тоо өсч байна. 

Үүнтэй холбогдуулан Англи дахь Монголын Элчин сайдын консул Б.Одонжил цахим хуудастаа жагсагчдыг сүрдүүлсэн утга бүхий зүйл цахим хуудастаа бичжээ.

Тэрээр "Элдэв гүтгэлэггүй, бодит мэдээлэл: 3 дугаар сарын 8-ны өдрөөс ЭСЯ-ны гадна цуглаж шаардлага тавьж байгаа хүмүүстэй уулзаж, гурван зүйл асуудлаар ярилцсан.

1. ЭСЯ-ны гадаа зогсож байгаа учраас гарч ирэв. ЭСЯ-ны үүд хаалга нээлттэй байна, ЭСЯ-нд хандаж хэлэх, өгөх хүсэлт байна уу гэж асуусан БАЙХГҮЙ гэсэн.

2.ЭСЯ-аар уламжлан УБ-т холбогдох байгууллагад хандаж хүргүүлэх хүсэлт шаардлага байна уу гэж асуусан БАЙХГҮЙ гэсэн.

3. Хувь хүний болон түүний үр хүүхдийн нэр хүндэд холбоотой уриа лоозон барьжээ. Энэ асуудлаараа тэр хүнтэй нүүр уулзаж ярих, шаардах зүйл байна уу гэж асуусан БАЙХГҮЙ гэсэн.

Дотогш орж тохиролц гэсэн гэж худал бичсэнд харамсаж байна. Би монгол хэлээр ярьсан. Арай тэгж ойлгомооргүй л юм. Дотроо тийм хүсэлтэй байсныг таашгүй. Монгол хүмүүс хүний нутагт өөрийн үзэл бодлоо илэрхийлэх гээд хэнийг ч биш, эх орноо л муухай харагдуулаад байгааг ахмад хүний хувьд зөвлөе гэж бодоод зөвшөөрвөл нэг зүйл хэлье гэсний хариуд Шаардлагагүй.

Ярих эсэхээ өөрөө мэд гэсэн. Би юм хэлээгүй. "Нууц зүйл" хэлье гэсэн гэж худал бичсэнд харамсаж байна. Бас л тийм хүсэлтэй байсан байж мэдэх. Гэхдээ ер нь миний хэлэх гэж бодсон дээрх үгс маань монголчууд хоорондоо аминчилж ярих л зүйл байсан болов уу.

Шаардлага гаргаж байгаа хүмүүсийн дотор Монгол, Британий хууль зөрчиж давхар харъяалалтай байгаа, гадаад овог нэрээ олон нийтэд гаргаагүй, хүний газарт хань ижилтэйгээ хамт ирээд түүнийгээ цагдаад барьж өгөөд хорих газар руу явуулчихсан гэх мэт тодорхой баримттай хүмүүс л голдуу байна даа.

Та нар минь харь нутагт байгаа бусад монголчууддаа л ТОМ ГАЙ бүү болоосой доо гэж хүсэж байна. Сэтгэгдэл, хариу бичих хүмүүс нэр усаа тодорхой, үнэн бичиж, уншигчдад бодитой мэдээлэл өгч байна гэж найдаж байна" гэжээ. Б.Одонжил. 2017.03.08 Лондон" хэмээжээ.

Өнөөдөр Дэлхийн аз жаргалын өдөр тохиож байна

Өнөөдөр дэлхийн аз жаргалын өдөр тохиож байна. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2012 оны хуралдаанаар хүн гэдэг амьтан сайн сайханд тэмүүлж, аз жаргалтай байхыг чиг мөрөөдлөө болгодог бодгаль учраас “Аз жаргалын өдөр” гэсэн баярын өдөртэй байх нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргажээ. Улмаар жил бүрийн гуравдугаар сарын 20-ны өдрийг "Дэлхийн аз жаргалын өдөр" болгон улс орнууд тэмдэглэж ирсэн байна. 

Сүүлийн үед улс орнуудын хөгжлийг тодорхойлохдоо аз жаргалын индекс гэдгийг гаргаж ирэх болсон бөгөөд улс гүрнүүд ч эдийн засгийн хөгжлөөс гадна хувь хүний хөгжил, аз жаргалтай ирээдүйдээ итгэлтэй байдал гээд олон зүйлийг харгалзах болсон аж. 
 
Ямартай ч аз жаргалын өдөр гэдэг албан ганц өдөртэй боллоо. Гэхдээ хүн бүр л өдөр бүрийг аз жаргалаар дүүрэн, сайн сайханд тэмүүлж, инээмсэглэл дүүрэн өнгөрүүлж байгаасай.

CHUHAL.MN сайтын зүгээс эрхэм уншигч та бүхэндээ "Дэлхийн Аз Жаргалын өдөр"-ийн баярын мэнд хүргэе. "Аз жаргалын үнэ цэнэ гэр бүлээс эхэлдэг. Гэр бүлийн аз жаргал хамгийн том баялаг" гэдэг сайхан үг байдаг.  Тиймээс та бүхэн гэр бүлдээ илүү их цаг гаргаарай.

Савтай бензин дэлбэрч гэр бүлийн таван хүн түлэгджээ

2017 оны гуравдугаар сарын 10-ны өдрийн оройны 6-7 цагийн үед Увс аймгийн Завхан сумын нэгдүгээр багийн нутагт мал малладаг Ө.Лутбаяр гэх залуугийн гэр шатаж, гэр бүлээрээ түлэгдсэн харамсалтай хэрэг гарсан байна. Мал төллөөд эхэлсэн байсан учир тухайн үед Ө.Лутбаяр гадна мал хуйгаа хараад явж байсан аж. Харин гэрт долоон сартай жирэмсэн эхнэр нь, гурав болон таван настай хоёр хүү, Ө.Лутбаярын аав 70 настай Өлзийтогтох нар байжээ.

Эмч нарын хэлж буйгаар 03-70 насны эдгээр хүмүүс 50-90 хувийн түлэгдэлттэй байгаа бөгөөд хоёр хүүгийн ээж Уранчимэг мөн долоон сартай жирэмсэн, сэтгэл санаа тогтворгүй, маш хүнд байдалд байгаа аж. 

Хүнд зодуулсан Э.Цэндбаатар нарын боксчдын эрхийг зургаан сараар хасчээ

ОУХМ, Рио-2016 олимпийн наадмын тавдугаар байрын шагналт боксчин Э.Цэндбаатар бусдад зодуулж, Гэмтэл согог сэргээн засах үндэсний төвд эмчлүүлж байна. Цагдаагийнхан түүнийг зодож гэмтээн, машинаараа дайрсан этгээдүүдийг баривчлан шалгаж байна. Хэрэг явдал гарах үед Э.Цэндбаатартай хамт боксын шигшээ багийн тамирчин Х.Энх-Амар, Г.Баярхүү болон залуу тамирчин Ц.Жамъяанбат, Д.Давааням, О.Бямба-Эрдэнэ нар байжээ. Тэгвэл дээрх тамирчдыг Үндэсний шигшээ багийн алба, Монголын боксын холбооноос Хандгайт дахь цугларалтаас буулгасан байна.Э.Цэндбаатар, Х.Энх-Амар, Г.Баярхүү нарыг Үндэсний шигшээ багаас зургаан (3.20-9.20 хүртэл) сараар хасах шийдвэрийг Монголын боксын холбоо гаргажээ.

 Гадаадын 69 иргэнийг албадан гаргажээ

Энэ оны эхний улирлын байдлаар 13 орны 69 иргэнийг Монгол Улсаас албадан гаргасан болохыг Гадаадын иргэн, харьяатын газраас мэдээллээ.Тодруулбал албадан гаргагдсан гадаадын иргэдийн 37.7 хувь БНХАУ, 33,3 хувь нь БНАСАУ,  10,1 хувь нь ОХУ, үлдсэн хувь нь Япон,  БНСУ, БНСВУ, АНУ, БНТуркУ, БНКазУ, БНФилУ, ХБННУ зэрэг улсын иргэд байжээ.

Албадан гаргагдсан эдгээр иргэдийн дийлэнхи хувь нь оршин суух зөвшөөрлийн хугацаа нь дууссан боловч Монгол Улсаас гарахаас татгалзсан, мөн визийн хугацаа хэтрүүлж, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхлэн, зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулж байсан байна.

 

 

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Mr willams
Энэ форумд оролцож буй зээлдэгчдээс хэд хэдэн удаа зээлдэгчээс хэд хэдэн удаа зээлээр ирснийхээ дараа зээлийг би хэрхэн зээлж авахаа энд ирүүлье. Би бизнесээ эхлүүлэхэд яаралтай зээл хэрэгтэй байсан б
2017/11/26 185.182.81.59