8o
Улаанбаатар хот
mobile menu

ТОЙМ: Шүүхийн танхимд 3,2 кг хүү мэндэлж, Монгол Улс аз жаргалын индексээр 100-д жагссан өдөр

2017-03-21 18:36:00

Хатуу хахир өвлийн өдрүүд алслан холдож урин дулаан хаврын өдрүүд ийнхүү айлчан ирж байна.  Хүн бүр л хаврыг мөрөөдөж мод бут гөлөглөн нахиалахыг тэсэн ядан хүлээдэгсэн. Өдрөөс өдөрт харсаар байтал модод ногоороод хоног сунаж өдөр уртсаад л хүмүүсийн алхаа гишгээ хүртэл аажуурч хавар үнэхээр хүсэхээр ч ирдэг л дээ. Гэхдээ таны хаврын улиралд зайлашгүй анхаарал зүйл их байна. Наад зах нь хаврын улирал эрс тэрс уур амьсгалтай байдаг учраас ялангуяа хүүхнүүд бид арьсаа онцгой арчлах хэрэгтэй байдаг. Хавар хүмүүсийн биеийн шинэ хуучин арьсны солилцоо аажмаар дээшилж, арьсны өөхөн булчирхайн ялгарал өдрөөс өдөрт нэмэгддэг. Хавар, зуны үед арьсаа сайтар хамгаалж сувилахгүй бол цаг агаарын нөлөөгөөр өнгө нь ганддаг. Тиймээс энэ улиралд нүүрний арьсанд хамгийн их арчилгаа шаардагддаг. Бид арьсанд тослог дутагдахаар хуурайшдаг гэдэг ядруу ойлголттой байдгаасаа нүүрээ хуурайшиж холцруутаж эхлэнгүүт элдэв тос нялж эхэлдэг. Харин арьс хуурайшна гэдэг түүнд ус, чийг дутагдснаас үүдэлтэй бөгөөд энэ нь арьс унжийж сулрах, үрчлээ үүсэх зэргээр илэрдэг. Тиймээс та бүхэн ус их  ууж биеийн дотор гаднын усны хэмжээг хангалттай байлгах. Шингэн зохих хэмжээгээр ууж, биеийн доторх усны хэмжээгээ хангалттай байлгаарай. Байнга усанд орох, нүүрээ угаах зэрэг нь арьсанд ус нөхвөрлөж, чийглэг байлгаж чадна. Үүнээс гадна, нүүрээ уураар үлээлгэж байвал маш сайн гэдгийг сануулая. Харин одоо та бүхэндээ Монголын нэг өдөр тойм булангаа хүргэж байна. 

Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа

Ж.Түвдэндорж: Говийн аймгуудад цус ойртолт хамгийн их байна

Монголчуудын дунд цус ойртолт ихсэж, угийн бичгээ хөтөлдөггүйгээс гурав, дөрөв дэх үедээ цусан төрлийн холбоотой хүмүүс хоорондоо гэр бүл болох үзэгдэл түгээмэл болж байгаа талаар эрдэмтэд онцолж байна. Энэ асуудал үндэсний аюулгүй байдал хийгээд хүн амын удмын сангийн аюулгүй байдалд харанга дэлдсэн үзүүлэлт болоод байгаа нь судалгаагаар нотлогджээ. Ингээд цус ойртолтын талаар Монголын ураг, удам, уламжлалын холбоог үүсгэн байгуулагч, тэргүүн Ж.Түвдэндоржтой ярилцлаа.

-Бид цус ойртолт гэж ярьдаг боловч чухам юуг хэлээд тэр бүр сайн мэддэггүй. Цус ойртолт гэж чухам юуг хэлдэг юм бэ?

-Цус ойртох үзэгдэл нь хүн амын дотор олон үе удмын турш үл анзаарагдах байдлаар явагддаг генетик процесс юм. Генийн сангийнхаа тодорхой хувиар хоорондоо ураг төрлийн холбоотой хүмүүс гэрлэхийг цус ойртсон гэрлэлт гэдэг. Нэг үгээр хэлбэл цус ойртолт гэдэг нь ураг, удам, ах дүүс буюу нэг үр нэг савнаас бий болсон хүмүүс хоорондоо холбогдож гэр бүл болохыг цус ойртолж гэдэг. Яс, цус, мах гэсэн гурван цус ойртолт байдаг. Цус ойртолтыг дотор нь шууд цус ойртолт, алсуур цус ойртолт гэж ангилдаг. Шууд цус ойртолт гэдэг нь цусан төрлийн холбоотой хүмүүс хоорондоо гэрлэхийг хэлнэ. Алсуур цус ойртолт гэхээр нэг нутаг усныхан, нэг сум, багийн уугуул хүмүүс олон үе удам дамжин хоорондоо гэрлэснээс үүсдэг. Цус ойртолт манай улсад олон бий. Ах дүү, садан төрөл бүү хэл, төрсөн ах дүү, ээж хүү хоёр гэрлэж гэр бүл болсон харамсалтай тохиолдол гарсан.  Өнөөдөр хөдөө орон нутагт нэг баг, сум, аймгийн дотор гэрлэлт явагдаж байхад тухай нийт гэрлэлтийн 73,9-86,1 хувь нь тухайн баг, сумын иргэд хоорондоо гэрлэж байна. Үүнээс харахад цус ойртолт үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлэх хэмжээнд хүрээнд байна. 

Нөгөө талаараа цус ойртолтын хэд хэдэн шинж байдаг. Оюун ухаан сэтгэхүйн чадавхийн төвшин буурах, оюуны төрөлхийн болон гүнзгий хомсдолтой төрөх хүүхдийн тоо өсөх нь цус ойртолттой холбоотой юм байна. Мөн дархлаа буурах, аминчхан бодолтой хүмүүсийн тоо өсөх нь ч цус ойртолтын тод хэлбэр гэнэ.

-Хөдөө орон нутагт цус ойртолт өндөр байна гэсэн үг үү. Нийслэл хотын хувь цус ойртолт хэр байна вэ?

-Орон нутаг цус ойртолт өндөр байгаа нь судалгаагаар гарсан. Тодруулбал говийн аймгуудад цус ойртолт хамгийн их байна.  Мөн урагшаа говь уруу явахын хэрээр хүн амын суурьшилт сийрэгжиж, хосууд бие биеэ сонгох сонголт багасан, хүссэн хүсээгүй хоорондоо гэрлэж байна. Цус ойртолтыг газар зүйн тархалтаар нь авч үзвэл Булган, Говь-Алтай, Дорноговь, Дорнод хамгийн өндөр байна. Мөн Архангай, Баян-Өлгий аймагт өндөр байна гэсэн судалгаа гарсан. Харин Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймагт цус ойртолт хамгийн бага гарсан. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Хууртаж эсвэл шахалтаар албан тушаалд томилогдчихсон дарга нар байна уу, гомдлоо тайлаарай

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат:-“...Та бүхэн “Төрдөө зүтгэнэ” хэмээн андгай өргөж албанд орсон төрийн хүмүүс учраас нийгэмд та бид үлгэрлэх үүрэгтэй. Энэ алхам төрийнхөө төлөө ард түмнээсээ илүү ачааг үүрдгээрээ бахархдаг албан хаагчдын хувьд эхлүүлэхэд төвөггүй. Харин албадлагаар, хэн нэгний татаас, шахаагаар дарга болсон, хүчинд автаж юм уу, хууртаж албан тушаалд томилогдсон хүн байвал тэрийгээ хэлээд одоо явж болно. Хэрвээ та мөнгө хийх гэж байгаа бол төрд биш, бизнесийн салбарт зүтгэ. Тийм хүмүүс одооноос эхлээд Төрийн ордноор, яамдын байраар эргэлдэх хэрэггүй. Төрийн албанд өнөөдрөөс эхлээд боловсрол, мэргэжлийн дипломоос гадна чадвар, сэтгэл, ёс зүйг эрхэмд тооц. Төрийн мөнгөөр шинэ тавилга, шинэ унаа машин авахгүй байхыг үүрэг болгож байна. Хэрвээ тавилга нь гологдож, албаны унаа нь тухгүй санагдаж байвал тэр хүн өөрөө ажилдаа гологдож байна гэж ойлго. Тэнд таныг хувийн бизнесээ хийгээд илүү тансаг өрөөнд ажиллах таатай орчныг бүрдүүлэхийн төлөө бид харин энд зүтгэе...” гэжээ.

Маш сайхан ч, сайн ч хэлжээ. Энэ мэтээр үлгэрлэвэл ч Монгол Улс одоо байгаагаас илүүтэй, хурдацтай хөгжмөөр, цэцэглэмээр “ногоон гэрэл” асаад эхэлчихлээ хэмээн санагдаж байна.

Сангийн сайд Б.Чойжилсүрэн:-”...-ОУВС-гаас тодорхой шаардлага тавьсан. Бид тохирохдоо арай уян хатан болгох ёстой гэж үзсэн. Хямралтай үед иргэдээ ажилгүй болгохыг урьтал болгосонгүй. Гэхдээ тэтгэвэрт гарсан хүний оронд шинээр хүн ажилд авахгүй. Харин боловсрол, эрүүл мэнд, онцгой байдал, цагдаагийн байгууллагаас хоёр хүн тэтгэвэрт гарвал нэг хүн томилохоор зохицуулалт хийхээр төсөл боловсруулсан.

-Чухал салбарууд дээр ажиллах хүчин нь дутаад эхлэхгүй юу?

-Янз бүрийн л хүсэл мөрөөдөл байгаа. Хүсэл мөрөөдөлдөө хүрэх хэмжээний орлоготой болж байж л энэ асуудлыг ярих хэрэгтэй. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийхээс өөр аргагүй...”Яахын аргагүй намаа хоёрдугаарт, улсаас нэгдүгээр тавьсан " их жас"-ын эрхмийн үг.

Юутай ч МАН-ын гишүүдийн ах, дүү, хамаатан саднаас нэлээд нь Засгийн газрын 100 хоногт багтан өндөр алба хашиж эхлээд, өнөөдөр бүүр тухлачихсан нь хэнд ч нууц биш.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.  

Х.Баттулгын охин Б.Намуун Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшлээ

АН-ын сонгуулийн хоёр дахь шинэчлэл болох дотоод сонгуульд өрсөлдөж буй нэр дэвшигчид өчигдөр үнэмлэхээ гардан авлаа. Үндэсний бодлогын хорооны 380 суудлын төлөө 511 хүн нэр дэвшиж байна. Энэ удаад  нэр дэвшиж буй эмэгтэйчүүдийг нэрлэвэл, Хүүхдийн төлөө үндэсний төвийн дарга асан, өнгөрсөн УИХ-ын сонгуульд Баянзүрх дүүрэгт нэр дэвшиж байсан И.Нарантуяа, ИЗНН-ээс АН-д элссэн Р.Булгамаа, Барилга хот байгуулалтын дэд сайд асан Г.Байгалмаа, УИХ-ын гишүүн асан Х.Баттулгын охин Б.Намуун,  Ерөнхий сайд асан Бямбасүрэн гуайн охин Энхбайгаль нар эмэгтэйчүүдийг төлөөлөхөөр нэр дэвшсэн байна. 

Машин руу буудсан хэргийн шинжээчдийн дүгнэлт гарчээ

Өнгөрсөн долоо хоногт Сүхбаатар дүүргийн нутаг, ОХУ-ын ЭСЯ-ны дэргэд байсан машин руу буудсан гэх хэргийг цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн билээ. Тус хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтсийнхэн, ШШҮХ-гийнхэнтэй хамтран шалгаж байгаа бөгөөд шинжээчид машин руу чиглүүлж буудаагүй, тэнэсэн сум хүч нь суларч бүхээгт үлдсэн гэсэн дүгнэлт гарсан байна.

Зөвшөөрөлгүйгээр морины уралдаан зохион байгуулсанаас болж бяцхан хүү амиа алджээ

Энэ сарын 12-ны өдөр Ховд аймгийн Дөргөн суманд нэгэн буддын сүмийн "Майдар эргэх ёслол" гэх шашны зан үйл болсон байна. Үүнийг тохиолдуулан нутгийн иргэд хурдан морины уралдаан зохион байгуулжээ. Харин энэ үеэр 11 настай П гэх хүүхэд мориноосоо унаж хүнд гэмтэл авч эмнэлэгт хүргэгдсэн ч өчигдөр нас барсан. Талийгаач хүүгийн тархи нь бяцарсан байдалтай эмнэлэгт хүргэгдэн очиж, ухаан орохгүй байсаар байгаад амьсгал хураасан байна. Нутгийн иргэд зөвшөөрөлгүйгээр морины уралдаан зохион байгуулсан байна. 

Шүүхийн танхимд дөнгөж сая жирэмсэн эх нярайлжээ

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн танхимд сая /15.00 цаг/ жирэмсэн эмэгтэй төрсөн байна. Тус эмэгтэйг шүүгчийн туслах нь эх барьж авчээ. Ийнхүү яаралтай тусламжийг шуурхай үзүүлсэн тул эмэгтэй эсэн мэнд амаржиж, 3.2 киллограмм хүүтэй болжээ.

Нярайлсан эмэгтэйг Б.Чимгээ гэдэг юм байна. Тэрээр төрийн албанд ажилладаг /ХУД-ын ИТХ-ын төлөөлөгч/ бөгөөд шүүхийн танхимд төрүүлсэн хүү нь дөрөв дэх төрөлт нь ажээ. Тэрээр тухайн үед иргэний үүргээ биелүүлж шүүх хуралд иргэдийн төлөөлөгчөөр уригдан оролцож байсан гэнэ. 

Автобусны моторын хэсгээс гал гарч тархсан байна

Өнөөдөр 09:30 цагийн орчимд Баянзүрх дүүргийн нэгдүгээр хороо Сансарын тунель орчимд Ч41 буюу Баруунсалаа-Халдвартын чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд явж байсан автобус шатсан хэрэг гарсан. Автобус 2007 онд БНСУ-д үйлдвэрлэгдсэн Монгол Улсад 2016 оны тавдугаар сард импортоор орж ирсэн “НЧБ” ХХК-ийн эзэмшлийн автобус байжээ.

Гал гарсан гэх дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн аврах, гал унтраах 010 дугаар ангийн бие бүрэлдэхүүн яаралтай очиж галыг бүрэн унтраасан байна. Автобусанд 6-7 зорчигч үйлчлүүлж байсан. Гэмтсэн, бэртсэн, угаартсан хүн байхгүй аж.

Энэ талаар нийслэлийн Тээврийн газрын дарга Д.Отгонбаатар “Автобаазуудад өглөө бүр тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгаж гаргадаг шалгах механикууд байдаг. Автобусны гэрэл дохио, өнгө үзэмж зэргийг шалган гаргадаг. Далд цахилгааны асуудлыг тэр бүрчлэн шалгах боломж байдаггүй. Гал гарсан шалтгаан болон хохирлын хэмжээ 14 хоногийн дараа гарна. Тэр үед дэлгэрэнгүй мэдээллийг өгөх болно” хэмээлээ.

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх газрын дарга Н.Нямхорлоо “Дуудлагын дагуу аврах гал унтраах ангийнхан очиход зорчигчдийг бүрэн буулгасан байсан. Гал мотор буюу хөдөлгүүрийн хэсгээс гарч тархсан байсан. 20 минутын дотор галыг бүрэн унтраасан” хэмээсэн юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

396 иргэнд 24.1 тэрбум төгрөгийн зээл олгожээ

Монголбанкны Ерөнхийлөгчийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А-295 дугаар тушаалаар “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”-ыг шинэчлэн баталсан бөгөөд тус журмын дагуу Монголбанк орон сууцны ипотекийн санхүүжилтийг хэвийн олгож байгаа аж. 

2017 оны 2 дугаар сард Монголбанкнаас “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бий болгох хөтөлбөр”-ийн хүрээнд нийт 396 зээлдэгчдэд 24.1 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэрийг олгосон бол 3 дугаар сарын эхний ээлжийн санхүүжилтээр нийт 259 зээлдэгчдэд 14.1 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэрийг олгосон байна. 

Монгол Улс аз жаргалын индексээр 100-д жагсчээ

2017-03-21 16:02:56 

Дэлхийн аз жаргалын өдөр гуравдугаар сарын 20-нд тохиодог. BBC ангентлагаас дэлхийн хамгийн таатай болон гаслантай орнуудын жагсаалтыг гаргажээ. НҮБ-ын судалгаанд үндэсэлсэн уг жагсаалтад 155 орон эрэмбэлэгдсэнээс Монгол Улс 100-д орсон байна!

Хөрш орнуудаасаа хол хоцорч, дайн самуунтай Сьерра-Лион, Сомали, Нигерь улсуудаас ч дор орсон шинэ үеийн ардчилсан Монгол Улсыг дэлхий дахинаа хэрхэн үнэлж байгааг эндээс харж болно. Уул уурхайн баялгаараа эхний аравт багтдаг хэрнээ, нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд тэргүүлдэг атлаа, төвийг сахигч ардчилсан улс гэж зарладаг мөртлөө иргэдийнх нь аз жаргалын индекс сүүл мушгиж явна.

Хүний амь бүрэлгээд зугтсан этгээдийг эрэн сурвалжилж байна

Налайх дүүргийн нутаг дэвсгэрт өчигдөр хүн амины хэрэг гарчээ. Эл хэрэг тус дүүргийн дөрөвдүгээр хороонд гарсан бөгөөд гэмт этгээд хэргийн газраас оргон зугтсан байна.

Хэргийн талаар талийгаачийн эхнэр анх цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн аж. Тэрээр “манай нөхөр хүнд хутгалуулаад нас барчихлаа” гэж мэдээлжээ. Энэ дагуу шалгахад Налайх дүүргийн нэгдүгээр хороонд оршин суух 28 настай эрэгтэй Э-г нуруун тус газарт нь хутгалж, амийг нь бүрэлгээд зугтсан байжээ.Уг хэрэгт Налайх дүүргийн оршин суугч 50 настай Ж гэх эрэгтэйг сэжиглэн, эрэн сурвалжилж байгаа юм байна.

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудиас 425  зөрчил илэрчээ

Нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн засаг даргын орлогч Ш.Анхмаагийн баталсан  удирдамжийн дагуу нийслэлийн ерөнхий боловсролын  1, 9, 13,  18, 23,   67, 93, 105, Шавь цогцолбор сургуулиудад боловсролын хяналт, эрүүл ахуй халдвар хамгааллын  хяналтын  чиглэлээр хамтарсан шалгалт хийлээ.

Шалгалтын явцад давхардсан тоогоор 425  зөрчил илрүүлж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллах чиглэлээр мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, улсын /ахлах/ байцаагчийн 25 заалт бүхий 4  албан шаардлагыг  ерөнхий боловсролын 1, 18,  23,  93 дугаар бүрэн дунд сургуульд хүргүүлэн, илэрсэн зөрчлийг үндэслэн Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2, 16.1.3,  Эрүүл ахуйн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2  дахь заалтыг үндэслэн 8 албан тушаалтанд 3.120.000 төгрөгийн шийтгэвэр ногдуулж бүрэн барагдуулан ажиллав

Шалгалтад хамрагдсан бүх сургуулиудад  боловсролын чанар хүртээмж, эрүүл ахуй халдвар хамгааллыг сайжруулах,  эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, хууль тогтоомжийг мөрдөх талаар байгууллагын сургалтыг зохион байгуулсан байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment