8o
Улаанбаатар хот
mobile menu

Монголын Үндэсний музей X ангийн сурагчдад үнэ төлбөргүй үйлчилнэ

2017-03-26 12:50:00

Монголын Үндэсний музей нь Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудтай  хамтран ажиллах гэрээ байгуулж, аравдугаар ангийн сурагчдад үнэ төлбөргүйгээр үйлчлэх эрх олголоо. Тодруулбал дээрх музей нь нийслэл хотод үйл ажиллагаа явуулдаг 120 орчим ерөнхий боловсролын сургуулийн 50 гаруйтай нь гэрээ байгуулжээ. Улмаар БСШУЯ-наас баталсан “Цөм хөтөлбөр” болон ЕБС-ийн түүхийн хичээлтэй холбогдуулан аравдугаар ангийн сурагчдад нээлттэй боломжийг бүрдүүлж байна.

Гэрээ байгуулсан сургуулийн аравдугаар ангийн сурагчид нэгээс зургадугаар сард үйлчлүүлэх аж. Түүнчлэн сурагчдаа дагуулж ирсэн багш, цэцэрлэгийн насны хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ч үнэ төлбөргүй үйлчлэх гэнэ.Үндэсний музейд хүүхдэд зориулсан “Музейн Боловсролын өрөө” байдаг бөгөөд үүнд бүх насны хүүхдэд зориулсан олон сонирхолтой боловсролын хөтөлбөрт хамрагдах боломжтой юм байна.

 Монголын Үндэсний музей нь Монгол нутагт хүн анх аж төрөх болсон хуучин чулуун зэвсгийн үеэс эдүгээ хүртэлх нүүдэлчдийн түүх, соёл, өв дурсгал, угсаатны зүй, уламжлалт зан заншилтай холбогдох 56 мянга гаруй үзмэртэй билээ.

  Сан хөмрөгт нь хүрэл зэвсгийн үеийн хос янзага, хүрэл сэлэм, Хүннүгийн үеийн ширмэл ширдэг, авсны алтан чимэглэл, алтан нар сар, Түрэгийн Билгэ хааны алтан титэм, алтан чимэглэлүүд, алтан гүц, хундага, таваг, мөнгөн буга,  Хятаны үеийн ясан шүдний сойз, XIII зууны үетэй холбогдох  нум, сум, үйсэн хоромсого, эмээлийн мод, Монголын эзэнт гүрний үеийн зооснууд, чамин тансаг хийц, загвартай Богтого малгайн алтан чимэглэл, Япон тэнгисээс олдсон Хубилай хааны цэргийн усны сав, XIII-XIY зуунд холбогдох  Язгууртны дээл, XIY-XY зууны үеийн байлдааны ширэн хөө хуяг, ялтсан гутал, “Өндөр” Гонгорын хөөрөг, даалин, таван ханатай Монгол гэр, Жанжин Д.Сүхбаатарын хувцас хэрэглэл, Ж.Гүррагчаагийн сансарт нисэхдээ өмсөж байсан хувцас, Монгол Улсын хоёр дахь ерөнхийлөгч Н.Багабандийн ёслол хүндэтгэлийн хувцас зэрэг ховор, үзмэр хадгалагддаг юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл