8o
Улаанбаатар хот
mobile menu

Төр биш иргэд бүсээ улам улам чангалах нь юутай үнэн

2017-03-30 08:00:00

Төр биш иргэд бүсээ улам улам чангалах нь юутай үнэнҮг, үйлдэл нь байнга зөрөлдөх нь хэвийн хэвшил дадал нь болж дээ. Алхам тутамдаа шүү. Ерөнхий сайд саяхандаа ард түмэн биш төр бүс чангална, санхүүгийн сахилга батад суралцана энэн тэр гээд нэг л мундаг үг хэлж байр сууриа илэрхийлсэн. Жинтэй үг хэллээ, ногоон гэрэл асчихлаа гээд жаахан баяссан ч гонсойж орхив.

Энэ их наяд алдагдалтай тоог дүгнэхэд төр бүсээ чангалах нь тун худлаа зүйл гэдэг туйлбаргүй үнэн.

Хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр өргөн барьсан төсвийн тодотгол нь орлого зургаан их наяд 15 тэрбум төгрөг, зарлага нь найман их наяд 789 тэрбум төгрөг, төсвийн нийт алдагдал 2.774.1 тэрбум төгрөгт хүрнэ.

Энэ их наяд алдагдалтай тоог дүгнэхэд төр бүсээ чангалах нь тун худлаа зүйл гэдэг туйлбаргүй үнэн.

Ард иргэд бүсээ улам улам чангална гэдэг тов тодорхой зүйл болчихлоо. ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахаас өөр гарц энэ төрд байхгүй. Чуулганаар төсвийн тодотголоо батлуулчихна биз. Нэг нам дийлэнх учир хэрэлдэж хэлэлцсэн маягтайгаар зүтгүүлсээр л байгаад баталчих биз ээ.

Ажилгүй олон мянган иргэдээ хувийн байгууллагад орохыг уриалж, тэр тал дээр чинь дэмжинэ гээд л хошгируулсан үг өгүүлбэртээ Ерөнхий сайд шигтгээд орхисон.

Гадны сангийн тавьсан шаардлагыг биелүүлсэн нэр хэмээж хөтөлбөрт хамрагдаж байвал ард түмэн туйлдах эсэх нь дээдэст огт хамаагүй хэрэг.

Эдийн засгийн хямралтай нөхцөлд төрийн албан хаагчдыг халахгүй гэдэг нэрийн дор 180 мянга гаруй төрийн албан хаагчдад хир халдаасангүй. Цалинг нэмэхгүй, нэмж албан хаагч авахгүй гэхчлэн хайрцаглаж орхисон. Ажилгүй олон мянган иргэдээ хувийн байгууллагад орохыг уриалж, тэр тал дээр чинь дэмжинэ гээд л хошгируулсан үг өгүүлбэртээ Ерөнхий сайд шигтгээд орхисон.

Зургаан төрлийн татвараа нэмээд орхичихвол олон зуун баялаг бүтээгчид, жижиг дунд үйлдвэрлэгчид хаалгаа хаахад л хүрнэ. Ажилтнаа цомхотгоход хүрэхээс өөр татварын дарамт  нэмэгдсэн энэ нөхцөлд ажлын байр шинээр бий болгох нөхцөл бүрдэхгүй л болов уу.

Монголчууд одоо орлогоо нуух уу. Нууна. Банкин дахь хадгаламжаа татах уу. Татна. Арайхийн ил болж байсан далд эдийн засаг дахин цэцэглэх үү. Цэцэглэнэ.

Цагаан сар шинэхэн байхад л ОУВС-тай эхний тохиролцоонд хүрлээ. Зургаан төрлийн татвараа нэмнэ хэмээн шуугиулснаас хойш сар гаруй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд өөр гарц гаргалгаа байгаа гэдгийг энгийн иргэдээс авахуулаад нэр төртэй эдийн засагчид  хүртэл шүүмжилж, дэмжиж, дэмнэж үгээ төр засагтаа тээсэн.

Гэтэл өнөөдөр нөгөө зургаан татвар нэмэх явдал гэхээс өөр шийдэлтэй алхам, дорниун шийдвэртэй үг ганц ч  ганхийсэнгүй. 

Татвар нэмнэ, нэмнэ гэсэн үгээр зай завсаргүй “бөмбөгдсөөр” байгаад хүмүүсийн тархинд нутагшив бололтой.

Үнэндээ иргэдийнхээ үзэл бодол ямар байгааг үл тоон Төр засаг шийдвэрээ хүчээр гаргаж, тулган шаардаж байна.

Монголчууд одоо орлогоо нуух уу. Нууна. Банкин дахь хадгаламжаа татах уу. Татна. Арайхийн ил болж байсан далд эдийн засаг дахин цэцэглэх үү. Цэцэглэнэ. 

Сангийн сайд Б.Чойжилсүрэн намаа хоёрдугаарт, улс орноо нэгдүгээрт тавилаа гэсэн ярилцлагаа нэг өдөр бүх сонин, сэтгүүл, сайтаар бодлоготойгоор цацсан. Одоогийн нөхцөл байдлыг дүгнэхэд эрх мэдлээ хадгалж үлдэхийн тулд номхон тэмээ ноолоход амар гэхчлэн ард түмнээ золиослох алхам уруу яваад байна шүү дээ. Хадгаламжийн хүүгээс татвар авахаас бусад татвар нь ирэх долдугаар сарын 01-нээс хэрэгжихээр заасан байгаа. Үүнийг дүгнэхэд Ерөнхийлөгчийн сонгууль өнгөртөл хэлэх ам багатайхан шиг байвал барав гэдэгчлэн цээжний хонжоогоор хийсэн нь илтэд байна.           П.Од

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл