8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Оффшорчдын эсрэг жагсаал даяаршиж, Ц.Нямдорж С.Зоригийн хэргийг дахин сөхсөн өдөр

2017-03-31 18:50:00

“Урьдаар зөв хүмүүжлийг ол. Дараа нь мэргэн ухаанд суралц. Эхнийх нь үгүй бол сүүлчийнхэнд хүрэх хэцүү” гэсэн сайхан үгийн хамт эрхэм уншигч таныг энэ өдрийн амрыг эрье. Үдэш бүрийн энэ цаг үед эрхэм уншигч тантай учран золгодог “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэхэд бэлэн боллоо. Тоймоо хүлээн авна уу. Амралтын өдрөө сайхан өнгөрүүлээрэй.  

Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд 20 тэрбумыг урамшуулал нэрээр хувааж иджээ

Иргэнээ сонсох 11-11 төв Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг шалгуулах, хувьчлуулах асуудлыг онцлох сэдэв болгосон. Энэ хугацаанд иргэдээс хэд хэдэн ноцтой мэдээлэл ирсэн байна. Тухайлбал, 2016 оны нэгдүгээр сараас Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирал өөрийн доор ажиллах 21 захиралтай Нэмэлт цалин урамшуулал олгох гэрээг байгуулсан. Үүний дүнд нийт 20 тэрбум 83 сая төгрөгийг урамшуулал нэрээр удирдлагууд нь хувааж “цохьсон” байна. Мөн 2016 оны 12 сарын 9-ны өдөр Х.Бадамсүрэн захирал анхны тушаалаа гаргаж, 300 сая төгрөгөөр “Таван богд” группээс Лексус 570 маркийн автомашин Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгөө худалдан авсан байна. Түүнчлэн өөрийн амьдрах байрандаа буюу 2-р хорооллын 11-р байрны 27 тоотод 24,6 сая төгрөгөөр супер засвар хийлгэсэн аж. Эдгээр мэдээллүүдийг баримт нотолгоотой нь хавсаргаж, төрийн гурван өндөрлөгт хандсан албан бичиг Иргэнээ сонсох 11-11 төвөөс өргөн барих гэж байгаа гэлээ.

Оффшор, авлигын эсрэг жагсаал дэлхийн өнцөг бүрт өрнөлттэй

Оффшорчдыг эсэргүүцсэн жагсаал өнөөдөр Сүхбаатарын талбайд 12:00 цагаас эхэллээ. Жагсаал “Оффшорд байгаа 17 тэрбум долларыг эх орондоо авчиръя” гэх уриатай.  Мөн тэд “Бүгд л завгүй, эх орондоо зав гарга”, “Нэгдэл бол хамгийн сайн тэмцэл”, “С.Баярыг эргүүлэн татая” гэх мэт уриа лоозонгийн дор нэгдэнэ

Тэгвэл бидний урд хойд хөрш болоод бусад орнуудад ч авлигын эсрэг хөдөлгөөн, жагсаал цуглаан ойрын өдрүүдэд бас өрнөсөөр байна.

ОХУ-ЫН 100 ОРЧИМ ХОТОД АВЛИГЫН ЭСРЭГ ЖАГСААЛ БОЛОВ

Гуравдугаар сарын 26-нд ОХУ-д авлигын эсрэг томоохон хэмжээний эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан. Эсэргүүцлийн жагсаалыг "Авлигын эсрэг сан"-г үүсгэн байгуулагч Алексей Навальный удирдан зохион байгуулсан ч түүнийг Москвагийн цагдаагийн газраас хууль бус жагсаал зохион байгуулсан хэмээн үзэж саатуулжээ. Үүний дараа тэрбээр өөрийн твиттер хуудаснаа "Залуус аа би зүгээ. Надад анхаарал хандуулсны хэрэггүй. Тверийн гудамж руу явж, жагсагчидтай нэгдээрэй. Өнөөдрийн жагсаалын сэдэв - Авлигын эсрэг" хэмээн жиргэжээ.Шаардлагыг хүлээн аваагүй тохиолдолд жагсаалд оролцсон иргэдийг 20 мянган рублиэр торгож, 15 хоног саатуулна гэдгийг мэдэгдсэн ч маш олон хүн жагсаалд оролцсон. Авлигын эсрэг эсэргүүцлийн жагсаал Сибирь, Урал, Краснодар, Новосибирск, Иркутск, Владивосток, Красноярск, Екатеринбург зэрэг 100 орчим хотод болжээ. Хэдийгээр эмх замбараагүй байдал үүсээгүй, тайван жагсаал болсон ч олон зуун хүнийг цагдаа нар баривчлан саатуулжээ.

СОЛОНГОСЫН ИРГЭДИЙН УЙГАГҮЙ ЖАГСААЛ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ ОГЦРУУЛСАН

Өмнөд Солонгост 1980-аад оноос хойших хамгийн том жагсаал Бямба гаригт (2016.XI.26) зохион байгуулагдсан. Ерөнхийлөгч Пак Кын Хег огцруулахын төлөө жагсаалд нийслэл Сөүл хотноо 1.5 сая хүн, бусад хотуудад нийт 400 мянган хүн нэгджээ. Сөүл хотноо тайван болж өнгөрсөн жагсаалын үеэр 25 мянган цагдаа хамгаалалтад ажиллажээ. Түүнчлэн жагсаалд фермерүүд, буддын лам нар, их сургуулийн оюутнууд нэгдсэн байна. Өмнө нь 1980-аад онд Өмнөд Солонгост ардчиллын төлөө олон сая хүн  жагсаж байсан аж.

Төрийн хэрэгт дотны найз Чой Сун Шил гэгч эмэгтэйг оролцуулсандаа Ерөнхийлөгч Пак Кын Хе хоёр ч удаа уучлал гуйсан юм. Ерөнхийлөгчийг огцрохыг шаардсан жагсаал таван долоо хоногийн турш үргэлжилж байгаа ч Пак Кын Хе суудлаасаа буух бодолгүй байгаа аж. Чой Сун Шилтэй нэр холбогдсон дуулианаас хойш Пак Кын Хе Ерөнхийлөгчийн рейтинг унаснаар тэрбээр огцорсон.

БНХАУ-ЫН ТӨР АВЛИГАТАЙ ХАТУУ ТЭМЦЭЖ БАЙНА

Хятадад дарга нарынхаа хойд урдах хэр­гүүдийг шалгаж, хээл хахууль авсан баримт сэлтийг ил болгож эхнээс баривчлан шууд цаазлах ял хүлээлгэж байна. Энэ тухай мэдээлсэн хүмүүсийн үгийг баримт болгож, улстөрчдөө цагдаж байна. Гэхдээ үүний хажуугаар авлигын эсрэг дуугарч, жагсаал хийсэн хүмүүсийг ч баривчилсан байдалтай авлигын эсрэг хатуу тэмцэж байна.

ХАРИУЦЛАГАГҮЙ БАЙДЛЫГ ҮГҮЙ БОЛГОЁ

Доминикан Улсын нийслэл Санто Домингод мянга мянган хүн авлигын эсрэг жагсаалд оролцов. Тус улсын өнцөг булан бүрээс ирсэн нийгмийн бүхий л давхаргын хүмүүс жагсаалд ногоон хувцас өмсөж оролцсон байна. “Хариуцлагагүй байдлыг үгүй болгоё” уриатай жагсагчид тус улсын албан тушаалтнуудад Бразилийн "Одебрехт" компани хээл хахууль өгсөн асуудал сөхөгдсөнтэй холбоотойгоор эсэргүүцэл илэрхийлэн ийнхүү жагссан байна.

“Авлигажсан хүмүүс өөрсдийн үйлдэлд хариуцлага хүлээх ёстойг илэрхийлж бид иргэнийхээ үүргийг биелүүлэн жагсаалд оролцож байна” хэмээн жагсаалд оролцож буй өмгөөлөгч Алехандра Монтеро сурвалжлагчид ярив. “Авлигажсан хүмүүс хариуцлага хүлээж, хулгайлсан хөрөнгөө өлсгөлөнд нэрвэгдэж буй хүмүүст эргүүлэн төлөх ёстой гэж үзэж байгаа тул би энэ жагсаалд оролцож байна” хэмээн өөр нэгэн жагсагч оюутан Жонатан Перес ярьжээ. АНУ-ын Хууль зүйн Департаментаас 12 дугаар сарын 21-нд нийтэлсэн материалд "Одебрехт" компани 12 улсад 788 сая ам.долларын хээл хахууль өгсний 92 сая ам.доллар нь хориод жилийн өмнө Доминикан Улсын албан тушаалтнуудад өгсөн хэмээн дурдагдсан байна.

Ц.Нямдорж: С.Зоригийг алагдсан орой гэрт нь Ерөнхий сайд тэргүүтэй 70  гаруй хүн ороод гарсан

ИХ-ын дэд дарга Ц.Нямдорж цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээлэл хийх үеэр  С.Зоригийн хэргийн талаар өөрт байгаа мэдээллээ хуваалцлаа. Ц.Нямдорж хэлэхдээ "С.Зоригийн  амь насыг хөнөөсөн хэргээр 3 хүн 24-25 жилийн ялаар шийтгүүлсэн. Байдал их ээдрээтэй, эвгүй байгаа учраас хэдийгээр миний хариуцах ажил биш ч гэсэн шүүх, хүний эрх, эрх чөлөө зэрэг олон зүйл хөндөгдөж байгаа учраас мэдээлэл хийж байна. Шоронд ороод таван жил болчихсон хүн яахаараа Содномдаржаа, Чимгээ хоёр луу мессэж бичиж байдаг юм. Ц.Амгаланбаатар шоронд хоригдох хугацаандаа Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар руу утсаар ярьж айлган сүрдүүлсэн 102 мессэж бичсэн байна. Хэргийн газрын цорын ганц гэрчийг жил гаруй хугацаанд хорьчихоод гэрч биш, хохирогч биш хэн ч биш болгосон. Өнөөдөр намайг Б.Булгантай холбоотой, хил давуулах гэж байна гэж зарим хэвлэлээр мэдээлэл гарсан байна. Би Б.Булганыг ерөөсөө танихгүй. Жилийн өмнөөс энэ хэргээс болж хохирч буй хүмүүсийн гомдол надад ирж эхэлсэн. Би шалгаж байгаа хүмүүст нь хандаж, асуудалд нухацтай хандахыг сануулж нууцын байдлаар захидал явуулсан. Яагаад энэ хэрэг замхарсныг би хэлье. С.Зоригийг алагдсан орой тэр гэрт нь тэр үеийн Ерөнхий сайд тэргүүтэй 70 гаруй хүн ороод гарсан. Эндээс хэрэг замхрах бүх завхрал эхэлсэндээ. Өмгөөлөлч нарт нь өмгөөлөх бололцоо ч олгохгүй, хаалттай байдлаар шүүх хурлыг явууллаа. Хэрэгт холбогдсон хүмүүсийн ар гэрийнхэн үндсэндээ сүйрээд дуусч байна” хэмээн хэллээ.

“Танайх телевиз, хөргөгчтэй юу” хэмээх асуулт 4.5 тэрбумын үнэтэй юу

Тэрбум тэрбумаар нь зарцуулах ажил мундсан биш дээ.  Өрхийн амьжиргааны төвшинг тогтоох судалгаанд 4.5 тэрбум төгрөг зарцуулна гэнэ. Бүр нарийн яривал айлын хаалга тогшоод “танайх телевиз, хөргөгч, угаалгын машин, индүүтэй юу” гэж асуухад 4.5 тэрбум төгрөг тусгажээ. Арай л юмаа. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас гурван жил тутамд Өрхийн амьжиргааны судалгааг хийдэг. Энэ удаагийн амьжиргааны төвшин тогтоох судалгаанд 600 гаруй мянган өрх хамрагдах бөгөөд судалгааг өргөн цар хүрээнд авч үзэх, төрөөс халамж хүртэх ёстой жинхэнэ эзэд нь халамж хүртэж байгаа эсэхийг тодорхойлох чухал судалгаа хэмээн онцолж албаныхан энэхүү мөнгийг тусгасан хэмжээн ярьж байна. Судалгааны зорилго нь Монгол Улсын бүх иргэний амьжиргааны төвшний үзүүлэлтүүдийг багтаасан цахим мэдээллийн сан бүрдүүлэх, төр, засгаас иргэдэд үзүүлэх тусламж, үйлчилгээнд хамруулах өрх, иргэнийг оновчтой сонгох, ядуурлыг бууруулах болон өрхийн амьжиргааг дээшлүүлэх ажил төлөвлөх, хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой гэнэ.

Өрхийн амьжиргааны төвшинг тогтоох судалгаанд 4.5 тэрбум төгрөг зарцуулна гэнэ. Бүр нарийн яривал айлын хаалга тогшоод “танайх телевиз, хөргөгч, угаалгын машин, индүүтэй юу” гэж асуухад 4.5 тэрбум төгрөг тусгажээ. Арай л юмаа.

Эдийн засгийн хүндрэлтэй холбогдуулан, хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 60 хувьд олгох шийдвэр гаргаад өнөөдрийг хүртэл олгож байгаа. Харин 2019 оноос нийт хүүхдүүдэд жигд байдлаар хүүхдийн мөнгийг олгохдоо өмнө нь аваагүй үлдээд байсан хүүхдийн мөнгийг нөхөн олгохоор зохицуулаад байсан билээ. Гэтэл эдийн засгийн хямарлаас гарахын тулд  ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдахын тулд хүүхдийн мөнгийг зөвхөн зорилтот бүлэгт олгохоор болсон. Энэ нь нийт хүүхдийн 40 хувь бөгөөд одоогийн олгогдож буй 60 хувиас 20 хувийг нь хасна гэсэн үг юм. Уг нь өмнөх өрхийн амьжиргааны төвшинг тогтох судалгаагаар зорилтод бүлэг гэсэн ангилалд орсон хүүхдээс ахиад 20 хувийн  мөнгийг хасахаар болжээ. Энэ хассан мөнгөө зорилтот бүлгийн буюу амьжиргааны төвшин доогуур, нэн ядуу, өрхийн орлогогүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй айл өрхүүдэд хоолны талон хэлбэрээр олгохоор зохицуулалт хийх аж. Угаасаа амьжиргааны төвшингөөс доогуур айлд сар болгон хүнсний талон олгодог. Ингэхдээ сард сард насанд хүрсэн хүн 10 мянга, хүүхдэд таван мянган төгрөгийн эрхийн бичиг олгодог. Үргэлжлэлийг энд дарж уншина уу.  

Оффшорчдын эсрэг сэрэх цаг

Оффшор гэдэг үг хэллэг манайд жинхэнэ “мода”-нд ороод буй. Хүүхэд хөгшидгүй л гадаадын банкинд их хэмжээний мөнгөтэй  нэгнийг оффшорчин гэнэ гэсэн ерөнхий ойлголттой болчихсон. Энэ оффшор данстай холбоотой асуудал мандсанаас хойших гурав гаруй жилийн хугацаанд нэлээдгүй маргаан дагуулсаар өнөөдрийг хүрч байна. Тэгвэл ойрмог өдрүүдээс УИХ-ын дарга М.Энхболд, Хуульзүй дотоод хэргийн сайд С.Бямбацогт нар энэ талаар хөндөж ярих боллоо. Энэ нь хаврын чуулганаар оффшор бүсэд данстай иргэдэд хариуцлага тооцох хуулийн төсөл хэлэлцэгдэж батлагдах дохио болов уу хэмээн найдаж байна.

Оффшор данстай хүн Монгол төрийн албанд ажиллахгүй байхаар хуульчилна.

УИХ-ын дарга М.Энхболд:-"Оффшор данстай хүн Монгол төрийн албанд ажиллахгүй байхаар хуульчилна. Төрийн алба мэргэшсэн, тогтвортой, бие даасан, хариуцлагатай байх нөхцөл бололцоог "Төрийн албаны тухай хууль"-аар бүрдүүлнэ. Олон жил дуншсан асуудлыг одоо хийж хэрэгжүүлнэ”

Хуульзүй дотоод хэргийн сайд С.Бямбацогт:-“УИХ-аас оффшорчдод хариуцлага тооцох тухай хууль батлагдвал тэдэнд хариуцлага тооцох эрхзүйн боломж бүрдэнэ. Хууль батлагдсаны дараа Засгийн газраас оффшор бүсэд хөрөнгөө нуусан, хувьцаа эзэмшиж байгаа, хууль бусаар хөрөнгөжсөн, авлига авсан, албан тушаалаа ашигласан этгээдүүдийг“Хөрөнгөө Монгол Улсад оруулж ир. Оруулж ирэхгүй бол хариуцлага тооцно” гэсэн асуудлыг ярина. Оруулж ирэхгүй бол илрүүлж хүчээр хурааж, Монгол Улсад оруулж ирэх арга хэмжээ авна.” хэмээн дуугарсан байна. Үргэлжлэлийг энд дарж уншина уу. 

Ардчилсан намын үндсэн дүрмийн өөрчлөлтийг дээд шүүх бүртгэлээ

Улсын Дээд шүүхийн гуравдугаар сарын 31-ны өдрийн хуралдаанаар Ардчилсан намын Үндсэн дүрэмд орсон өөрчлөлтийг хэлэлцэж, албан ёсоор бүртгэж авлаа. Тус намын Үндсэн дүрэмд орсон өөрчлөлтийг бүртгэх эсэх асуудлыг өмнө нь хэлэлцээд зарим бичиг баримтын бүрдэл дутуу гэдэг шалтгаанаар түр хойшлуулаад байсан юм. Харин өнөөдрийн хуралдаанаар бичиг баримтын бүрдэл хангагдсан, мөн Ардчилсан намын Үндсэн дүрэмд орсон нэмэлт өөрчлөлт нь Улстөрийн намын тухай болон бусад холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй байна гэж үзэн бүртгэж авснаа мэдэгдлээ.

Бага насны хүүхдүүд шүдэнзээр тоглож байгаад гал алджээ

Бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос болж, хүнд бэртэж гэмтэх, түлэгдэх, улмаар амиа алдах тохиолдол гарч байгааг Цагдаагийн газраас анхааруулж байна. Өчигдөр гэхэд гурван настай хүүхэд гэртэйгээ шатаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал Сонгинохайрхан дүүргийн XI хороонд суух зургаан настай О, найман настай У, Г нар шүдэнзээр тоглож байгаад гал алдаж, улмаар иргэн Х-ийн өвлийн сууцыг шатаасан байна. Азаар хүний амь эрсдээгүй ч галын улмаас байшингийн дээвэр, үүдний амбаар шатсан аж.

Тус хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн II хэлтэс үргэлжлүүлэн шалгаж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment