Улаанбаатар хот дахь “Эрдэнэт” үйлдвэрийн төлөөлөгчийн газарт хууль бусаар байгуулагдсан ТУЗ анхны хурлаа хийж, нэлээдгүй асуудлыг шийдвэрлэжээ. ТУЗ-ийн хурлаар гүйцэтгэх захирлын цалинг 25 сая төгрөг болгож тогтоосон байна. Гэхдээ үүнд урамшуулал, нэмэлт цалин ороогүй. Х.Бадамсүрэн захирал ажлаа авангуутаа 01 тоот тушаалаараа өөрийн хэрэгцээнд зориулж 300 сая төгрөгөөр автомашин худалдан авахыг үүрэгдсэн нь баримтаар нотлогдсон. “Монголын хамгийн том үйлдвэрийн дарга цагтаа онгоц хөлөглөдөг байлаа. Аюулгүй байдлаа хангаж шинэ машин авалгүй яахав” хэмээн намын нөхөд нь өмгөөлөн бичиж байсан. Үүнээс гадна “Эрдэнэт” үйлдвэрийн гүйцэтгэх захирлыг таван хүн орлохоор болжээ. Одоогийн байдлаар гурван дэд захирал ажилладаг. Үүн дээр Нийгмийн асуудал хариуцсан дэд захирал, Хөгжлийн асуудал хариуцсан дэд захирал хэмээх хоёр орон тоо нэмлээ. Үүнээс гадна Х.Бадамсүрэн захиралд долоон зөвлөх томилжээ. Монгол Улсын Ерөнхийлөгчид ч байхгүй зөвлөхтэй болов. Түүхэндээ Эрдэнэт үйлдвэрийн удирдлага ингэж данхайж ирсэн удаагүй. Долоон зөвлөхийн цалин хангамж дэд захирлуудын зиндаанд яригджээ.
Тэгвэл бид Эрдэнэт Үйлдвэрийн захирал, ТУЗ-ийн гишүүдийн цалингийн талаар мэдээлэл хүргэе.
-"Эрдэнэт Үйлдвэр"-ийн Гүйцэтгэх захирал Х.Бадамсүрэн сарын 10 мянган доллар буюу 24.5 сая төгрөгийн цалин авна. Ингэснээр Х.Бадамсүрэн захирал жилийн 294 сая төгрөгний цалин авахаар болж байна. Үүнд урамшуулал, нэмэлт цалин ороогүй болно.
-Харин Эрдэнэт үйлдвэрийн ТУЗ-ийн гишүүдийн сарын цалин 10 сая төгрөг.
-Гүйцэтгэх захирлын орлогч нь мөн л сар бүр 10 сая төгрөгний цалин авахаар болжээ.
-Гүйцэтгэх захирал, ТУЗ-ийн гишүүд, орлогч нар цалингаас гадна улирал тутмын урамшуулал гэж 15,6 сая төгрөг авах юм байна.