Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо өнөөдрийн /2017.04.07/ хуралдаанаараа Засгийн газраас 2016 оны аравдугаар сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийлээ.
Хуулийн төслийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар танилцуулав. Ажлын хэсэг 2017 оны дөрөвдүгээр сарын 06-ны өдөр хуралдан:
- Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу ХАСМ, ХОМ гаргах үүрэг бүхий 39 мянга гаруй албан тушаалтан болон тэдгээрийн хамт амьдарч буй гэр бүлийн гишүүд тухайн албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэх хугацаанд офшор бүсэд өөрийн нэр дээр банкны данс нээлгэх, мөнгөн хөрөнгө байршуулах, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчлөх, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулахыг хориглох.
- Дээр дурдсан албан тушаалд сонгогдох болон томилогдох нэр дэвшигч, түүний хамт амьдарч буй гэр бүлийн өмнө нь офшор бүсэд өөрийн нэр дээр банкны данс нээлгэсэн, мөнгөн хөрөнгө байршуулсан, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчилсөн, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулсан бол томилогдсон эсхүл сонгогдсон өдрөөс хойш зургаан сарын дотор банкны дансаа хаалгах, банкинд байршуулсан хөрөнгөө татах, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхээ худалдах, шилжүүлэх, татах, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулсан бол үйл ажиллагаагаа зогсоох, эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээ худалдах, шилжүүлэх, дуусгавар болгох арга хэмжээ авах.
- Дээр дурдсан албан тушаалтан түүний хамт амьдардаг гэр бүлийн гишүүн офшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрт суралцах, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах, хуулиар хүлээсэн албан чиг үүргээ хэрэгжүүлэх хугацаанд хуулийн төсөлд заасан хориглолд хамаарахгүй байх.
- Офшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрийг олон улсын эдийн засаг, банк санхүүгийн байгууллагаас гаргасан жагсаалтыг харгалзан Монголбанк, санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтоох.
- Хуульд заасан хориглолтыг зөрчих, урьдчилан мэдүүлэх үүргээ биелүүлэхгүй байх нь уг албан тушаалтныг эгүүлэн татах үндэслэл болох зэргийг хуулийн төсөлд тусгах гэсэн санал, дүгнэлт гаргасан болохыг танилцуулаа.
Түүнчлэн эдгээр өөрчлөлттэй холбоотойгоор Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төсөлд холбогдох өөрчлөлт оруулсан байна. Ажлын хэсгээс хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй 3 санал, дагалдах хуулийн төслийн талаарх нэг саналыг тус тус бэлтгэн томьёолсон байна.
Ажлын хэсгийн санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хуулийн төслийн зарим заалтын талаар тодрууллаа. Тухайлбал, хуулийн төсөлд ХАСМ гаргадаг албан тушаалтан, түүний хамт амьдарч буй гэр бүлийнхэн гээд хуулийн үйлчлэлийн хүрээг хумьсан нь ямар үндэслэлтэй болохыг Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан асуулаа.
Монгол Улсад өнөөдрийн байдлаар ХАСМ гаргадаг 39.800 албан тушаалтан байдаг ба тэдгээрийн хамаарал бүхий этгээдүүдийг хуулийн үйлчлэлд хамруулахаар болвол нэлээд өргөн хүрээтэй болж, хуулийн хэрэгжилтэд хүндрэл үүсэх магадлалтай хэмээн Ажлын хэсэг үзсэн байна. Түүнчлэн бусад улс орны энэ төрлийн эрх зүйн зохицуулалтыг судалсны үндсэн дээр Ажлын хэсэг уг шийдвэрийг гаргажээ. Хуулийн төсөлд офшор бүс хэмээх ойлголтыг Засгийн газар тодорхойлоно гэж заасан байгаа, тэгвэл нийтийн алба хашиж буй албан тушаалтнуудыг тодорхой эрхүүдийг хуулиар хязгаарлах энэ хязгаарлалт чухам ямар улс орнуудад үйлчлэх талаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар тодрууллаа. Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд “гадаад улсад” гэсэн заалт байсан бөгөөд хэлэлцүүлгийн явцад үүнийг “офшор бүс” хэмээн илүү тодорхой болгохоор ярилцаж, өөрчилсөн гэдгийг Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар тайлбарлав. Хуулийн төслийн 10.1.3 дахь заалтад “...офшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрийг олон улсын эдийн засаг, банк санхүүгийн байгууллагаас гаргасан жагсаалтыг харгалзан Монголбанк, санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн жил бүр Засгийн газар тогтоож байх...” хэмээн тусгасан байна. Одоогийн байдлаар олон улсын хэмжээнд ОУВС, ОУХАН зэрэг 3-4 байгууллага нийт 15 шалгуур үзүүлэлтийг үндэслэн жил бүр офшор бүсийн жагсаалтыг гаргадаг аж. Урьдчилсан байдлаар 42 улс энэ жагсаалтад бичигдэхээр байгаа бөгөөд жагсаалт жил бүр өөрчлөгддөг тул Монгол Улс ийм жагсаалтыг хуульдаа тодорхой заах боломжгүй. Тиймээс Засгийн газар холбогдох байгууллагуудын саналыг үндэслэн жил бүр тогтоож байхаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгах нь зүйтэй хэмээн үзсэн гэлээ. Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, ОУВС-аас гаргасан офшор бүсийн жагсаалтыг дэлгэрэнгүй танилцуулсан юм.
Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан, энэ хуулийн төслийн гол зорилго бол эх үүсвэр нь тодорхойгүй их хэмжээний мөнгийг нуусан, татвараас зайлсхийсэн хууль бус үйлдлүүдийг илрүүлэх, хязгаарлах гэдгийг анхаарах ёстой гэдгийг тодотгож байлаа. Байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, энэхүү хуулийн төсөлтэй холбогдуулан эх үүсвэр нь тодорхойгүй их хэмжээний хөрөнгө, мөнгийг нуусан үйлдэл нь илэрсэн тохиолдолд ногдуулах хариуцлагыг чангаттгасан эсэхийг лавлав. Өнөөдрийн мөрдөгдөж буй хуулиар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн нь тогтоогдвол шууд тус хөрөнгийг хураан авдаг зохицуулалттай бол хэлэлцэж буй төслөөр нэмж эрүүгийн хариуцлага тооцох талаар тусгасан хэмээн Ажлын хэсэг хариуллаа. Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, энэ хуулийн үйлчлэлд хамаарах албан тушаалтны тоог цөөрүүлж, тэдгээрт хамаарах хүрээг нь өргөтгөх байдлаар шууд 300 гаруй албан тушаалтан, тэдгээрийн хамаарал бүхий этгээдийг хуулийн үйлчлэлд хамруулах нь илүү үр дүнтэй гэдэг саналыг хэлж байлаа. Харин Ажлын хэсэг уг саналыг ярилцаж үзсэн ба санхүү, төсвийн эрх мэдэл бүхий нийтийн албаны 300 албан тушаалтныг хуулиар тодорхойлсон тохиолдолд үүний цаана авлигалд өртөх эрсдэл бүхий бүх шатны шүүгч, газрын албаны албан тушаалтан, түшмэд, гаалийн байгууллага зэрэг албан тушаалтан хуулийн үйчлэлд хамаарахгүй болох тул ХАСМ гаргадаг нийтийн албаны бүх албан тушаалтнуудыг хамруулах нь зүйтэй хэмээн үзсэн болохыг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар тайлбарласан юм. Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, иргэдийн нэрлэж буй Монгол Улсаас офшор данс эзэмшигчдийн талаар болон офшор дансанд байршуулсан мөнгөний хэмжээ нь бодитой эсэх, мөн хэлэлцэж буй хуулийн төсөл нь Үндсэн хуулиар олгогдсон иргэний эрх чөлөө, хүний эрхийг хангахад нийцэж буй эсэхийг асуулаа. АТГ-ын дарга Х.Энхжаргал, одоогийн байдлаар Монгол Улс нь офшор бүсээс албан ёсны мэдээ, баримт авах эрх зүйн орчин бүрдээгүй тул тоо, нэр дурдах боломжгүй гэж хариулт өгсөн юм. Харин нийтийн албанд албан тушаал хаших сонирхолтой иргэн, хувь хүний тодорхой эрхүүдийг хэлэлцэж буй хуулийн төслөөр хязгаарлахаар тусгасан гэдгийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт тайлбарласан. Ийнхүү Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд хэлэлцэж буй хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, хариулт авсны дараа Ажлын хэсэг болон Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан шийдвэрлэлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.