8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Мөрөн сумын 32 мянга гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлж, Ажилгүй иргэдийн тоо 34.4 мянгад хүрлээ

2017-04-11 18:40:00

Гэгээн хүсэл мөрөөдлөөр жигүүрлэсэн шинэхэн өдөр өнгөрч байна. Гишгэсэн мөрөө эргэж нэг хар. Ухамсараа алдсан тохиол бүрээ тунгаа. Гутлын улныхаа хээг биш, хvн болж тереед хийж бvтээснээ, хэрхэн амьдарсанаа эргэж хар. Нигүүлсэнгүй байж чадаагүй хором бүрээ сэхээр. Сайн сайхан амжилт бүтээлээ ч тэмдэглэ. Өглөө босохоос орой унтах хүртэлх байр байцаа нэхэн санахдаа саарт нь гутарч, сайнд нь сагсуурах хэрэггүй. Учир нь маргааш таныг нэгэн шинэ өдөр угтах болно. Өглөө бүрийг шинэ өдөр, шинэ боломж хэмээн талархан угтаарай. Нийгэм улс төрийн амьдралд халуун сэдвүүд өрнөсөн энэ өдрийн үйл явдлыг тоймлон хүргэдэг  “Монголын нэг өдөр” тойм булангаа ийнхүү  хүргэж байна. 

Д.Гүрбазар: Жилд 0,3 сая га газар бэлчээрийн талбайгаас хасагдаж байна

Монгол орны бэлчээрийн өнөөгийн байдал болон түүнийг хэрхэн зөв зохистой ашиглах талаар ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн Бэлчээр, тэжээллэг химийн тэнхмийн багш, доктор Д.Гүрбазартай ярилцлаа.

-Бэлчээр гэж юу бэ. Өнөөдөр бэлчээрийн нөөц, хангамж нөхцөл байдал хэр байна вэ?

-Бэлчээр гэдэг нь ургамал, мал, нар, салхи, мал гэсэн таван бодьгалын нийлэмж. Үүнийг л бэлчээр гэж нэрлэж байгаа юм. Монгол орны нийт нутгийн 80 орчим хувь нь хөдөө аж ахуйн эдэлбэр газар байдаг. Үүний 90-иад хувь нь буюу 120 орчим сая га талбай нь бэлчээрийн талбай гэж үздэгНөөц хангамжийн асуудал дээр сүүлийн байгаль цаг уурын дулааралыг дагаад хөрс, чийгийн асуудал багасч байна. Үүний хэрээр бэлчээрт ургах ургамалын тэжээллэг шинж чанар алдагдах, төрөл зүйл нь хомсдож байна. Дээрээ нь уул уурхай ашигт малтмал олборлолт, хот суурин газрыг нягтаршил хүн амын төвлөрөл зэргээс хамаарч бэлчээрийн талбай хомсдож байна. Жилд 0,3 сая га газар бэлчээрийн талбайгаас хасагдаж байна. Энэ нь бэлчээрийн хангамж, нөөцийг багасгаж байна. Манай орны бэлчээрийн талбай 3000 гаруй зүйлийн ургамал ургадаг гэсэн судалгаа бий. Үүнээс 1000 орчим нь жилийн малын хэрэгцээг хангадаг. Манай орны бэлчээрийн талбай 60 сая толгой малын даацтай. Энэ нь хонин толгойд шилжүүлсэн хэлбэр. Гэтэл өнөөдөр бэлчээрийн даац хоёр дахин нэмэгдээд байна.  

Бэлчээрийг зөв зохистой ашиглахын тулд улирал, жилийн туршид бэлчээр ашиглах аргыг зөв сонгох, малыг бэлчээрт идэшлүүлэх аргыг зөв тодорхойлох, бэлчээрийн ургамалд нөөц шим тэжээлийн бодис хуримтлагдах, зарцуулагдах зүй тогтол, мал бэлчээх хугацааг зөв тогтоох,  арчилгаа, тордолгооны  арга хэмжээг авч хэрэгжүүлэх ёстой

-Бэлчээрийг хэрхэн зөв зохистой ашиглах вэ. Манайхан ашиглаж чадаж байна уу?  

-Бэлчээр Монгол Улсын оршин тогтнох үндэс гэдгийг хамгийн түрүүнд харах хэрэгтэй-

-Бэлчээрийг зөв ашиглах гэдэг нь мал сүргийг  цаг ямагт шимтэй өвс ургамал бүхий газар бэлчээж, тогтмол тарга хүчтэй байлгах малаас их хэмжээний бүтээгдэхүүн авахын зэрэгцээ бэлчээр дэх тэжээлийн ургамлын  ургац, тэжээлийн чанарыг бууруулахгүй он удаан жил ашиглах, үүний тулд  тэдгээр ургамлыг өсөж үржих нөхцөлөөр хангахад чиглэсэн иж бүрэн арга хэмжээний цогцыг хэлнэ. Манайхан хараахан зөв зохистой ашиглаж чадахгүй байна. Бэлчээрийг зөв зохистой ашиглахын тулд улирал, жилийн туршид бэлчээр ашиглах аргыг зөв сонгох, малыг бэлчээрт идэшлүүлэх аргыг зөв тодорхойлох, бэлчээрийн ургамалд нөөц шим тэжээлийн бодис хуримтлагдах, зарцуулагдах зүй тогтол, мал бэлчээх хугацааг зөв тогтоох,  арчилгаа, тордолгооны  арга хэмжээг авч хэрэгжүүлэх ёстой. Тухайлбал,  Бэлчээрийг сэрмүүлж ашиглах. Зуны дунд, сүүл, намрын эхэн  үед ашиглах бэлчээрийг хаврын  эхээр нэг удаа хөнгөн сэрмүүлж ашиглах  шаардлагатай байна. Учир нь эдгээр бэлчээрүүдийг огт ашиглалгүй зуны дунд  үе хүртэл орхивол тэдгээрийн тэжээлийн чанар буурахаас гадна идэмж нь эрс мууддаг. Иймээс нэг удаа сэрмүүлж ашиглавал уг  бэлчээрийн  ургамал хэнзлэн ургаж ашиглах үед тэжээлийн шинж чанар нь сайжирсан байдаг.   Бэлчээрийн усан хангамж. Манай улсад бэлчээрийн ус нь туйлын хурц асуудал болж байна. Шинжлэх ухааны үүднээс авч үзэхэд дундаж ундрагатай нэг худгаас хонь толгойд шилжүүлснээр 2800 малыг нэг хоногт услах тооцоо байдаг. Гэтэл сүүлийн үеийн зарим мэдээнээс үзэхэд нэг худагт 30000 хүртэл оногдож байгаа юм. Энэ нь малыг усалгааны горим ихээхэн зөрчилдөж байгааг харуулж байна. Үүнээс гадна бэлчээр талхагдах үндсэн нөхцөлүүдийн нэг болж байна. Одоо үед бэлчээр усжуулах мал сүргийн усан хангамжийн талаар санаа тавьдаг бодлого боловсруулдаг газар байхгүй болсонБэлчээрийн усан хангамжийг сайжруулах. Бэлчээрийн усан хангамжийг сайжруулах нь асуудал манай орны өнөөгийн нөхцөлд нэн чухал асуудлын нэг болж байна.Бэлчээрийн жилийн дөрвөн улиралын усан хангамжийг сайжруулахад гар худаг гаргах, булаг шанд, шургасан усыг задгайлах нь хөрөнгө зардал, хөдөлмөр зарцуулалтын хувьд хамгийн оновчтой арга. Гэхдээ ганц нэг хүн хувийн чанартай түр зуур ашиглах байдлаар хийх нь төдий л үр дүнд хүрэхгүй.                      

-Мал бэлчээрт гаргах,  бэлчээрт мал бэлчээх хугацаа гэж байдаг гэж та сая ярилаа. Тэгэхээр мал бэлчээх хугацаа гэж  байдаг гэсэн үг үү?

-Бэлчээр ашиглах хугацаа нь тухайн бэлчээрийг бүрдүүлэгч ургамлуудын улиралын хөгжлийн хэм, биологийн онцлогоос шууд хамаарна. Энэ  нь юуны өмнө бэлчээрийн ургамлын ердийн өсөлт, зуны дээд ургацын  хэмжээ, ургамалд нөөцлөгдөх шим тэжээлийн хэмжээнээс шууд хамаарна. Иймд бэлчээр ашиглах хугацааг зөв тодорхойлох шаардлагатай. Өөрөөр хэлбэл хавар бэлчээрийг ашиглаж эхлэх  хугацаа, намар бэлчээрийг ашиглаж дуусгах хугацааг зөв тогтоох хэрэгтэй. Хэрэв бэлчээрийн ургамлыг дөнгөж сэргэн ургаж байх үед нь мал идвэл, дөнгөж цухуйсан ургамлын нялх навч, найлзуур бүгд идэгдэж үүнээс хойш ургамал хэнзлэн ургахдаа үндсэндээ хуримтлуулсан нөөц бодисоо улам ихээр зарцуулахад хүрдэг. Тухайн жилээс эхлэн тэр бэлчээрийн ургац нь буурдаг байна. Харин ургамлын навч найлзуурын ямар нэгэн хэсэг үлдэхүйц болсон үед нь малаа бэлчээрлүүлбэл тэрхүү үлдсэн навч найлзуур нь төлжилт явагдаж органик бодис бий болоход оролцон ургамал цаашид хэнзлэн ургахад шаардагдах шимт бодисын нөөцтэй болж улмаар ургац буурахаа болино. Иймээс тухайн бэлчээрийн зонхилох ургамлын  бутлалт салаалалтын үе  шатанд малаа бэлчээж эхлэх нь зүйтэйЗуны бэлчээр ашиглах үед анхаарах нэг зүйл нь нэгж талбайн тэжээлийн нөөцийн тэн хагасыг хөрсөн дээр үлдэж байхаар ашиглах нь зүйтэй. Намрын бэлчээрийн маллагаа нь тарга хүчийг чамбайруулахад анхаарах ба бэлчээрийг өдөр өдрөөр зурваслан хоньчлон хариулах ёстой байдаг. Намрын бэлчээрийг  ашиглаж дуусгах хугацааг тогтоохдоо ургамал дахь нөөц шим тэжээлийн бодисын хуримтлалыг сайтар анхаарах хэрэгтэй.  Учир нь намрын улиралд нөөц шим тэжээлийн бодисыг газар доорхи олон наст  хэсэгтээ сайтар хуримтлуулсан  ургамал дараа жилийн  хавар сайн ургадаг.  Намар орой бэлчээрийн ургамлыг хагдартал нь  малаа бэлчээрлүүлбэл ургамал нөөц шим тэжээлийн  бодисыг хангалттай хуримтлуулж чадахгүй юмуу  огт хуримтлуулаагүйгээс  араа жилийн хавар найлзуур үүсгэх чадвар муудсан тухайн бэлчээрийн ургац буурах  улмаар бэлчээрийн ургамлууд мөхөх үндсэн шалтгаан болдог. Тиймээс намрын бэлчээр ашиглалтыг 30 хоногийн өмнө хязгаарлах шаардлагатай. 

Монгол орны нөхцөлд  өндөр  уулын  бэлчээрийг 30 -36 хоногт нэг удаа хэнзлүүлж, хоёр удаа  ашиглана. Уулын ойт хээрийн  бэлчээрийг 28 -30  хоногт  гурван удаа хэнзлүүлж  дөрвөн удаа ашиглана. Хээрийн бүсэд 36-40 хоногт хоёр удаа хэнзлүүлж гурван удаа ашиглана.

-Бэлчээрийг хугацаанд нь ашиглах нь хэр чухал вэ?  

-Бэлчээрийг хавар, зун, намрын улиралд  давтан  ашиглах тоог  зөв  тодорхойлох шаардлагатай.  Бэлчээрийг олон дахин ашигласанаас болж  бэлчээрийн ургац буурч нөөц шим тэжээлийн бодисыг хуримтлуулах чадваргүй болж, цаашид нөхөн үржих чадваргүй болж доройтолд ордог. Иймээс тухайн бэлчээрийн  байгаль цаг уурын онцлог, ургамлын хэнзлэх  чадвар хугацааг харгалзан нэг төрлийн бэлчээрийг  давтан  ашиглах тоог тогтоодог. Ингэснээр хавар, зун, намрын  улиралд соргог бэлчээр  дагаж олон  дахин нүүлгүйгээр бэлчээрийг хагас суурьшилттай ашиглах боломжтой.  Монгол орны нөхцөлд  өндөр  уулын  бэлчээрийг 30 -36 хоногт нэг удаа хэнзлүүлж, хоёр удаа  ашиглана. Уулын ойт хээрийн  бэлчээрийг 28 -30  хоногт  гурван удаа хэнзлүүлж  дөрвөн удаа ашиглана. Хээрийн бүсэд 36-40 хоногт хоёр удаа хэнзлүүлж гурван удаа ашиглана. Цөлөрхөг хээрийн бүсэд  вегетацийн  хугацаанд  зөвхөн нэг удаа хэнзлүүлж хоёр удаа ашиглана. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Өнгөрсөн сонгуулиар өвдөг шороодсон Б.Бат-Эрдэнэ даагаа нэхэх үү

Өнгөрсөн сард Монгол-Германы хамтарсан “Про капитал” судалгааны төвөөс Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр бүхий улстөрчдийн рейтингийн судалгаа хийж дүнг танилцуулсан билээ. Тэд УИХ-д суудалтай гурван нам буюу МАН, АН, МАХН-аас хэнийг нэр дэвшүүлэхийг хүсч буйг танджээ.
Судалгааны дүнд МАН-аас М.Энхболд хамгийн олон хүний санал авсан бол Д.Лүндээжанцан удаалсан билээ. Харин АН-аас Р.Амаржаргал тэргүүлж, Г.Батхүү дараа нь бичигдэж байв. 

Харин дараагийн судалгаа болох “Сант Марал” сан ээлжит судалгаагаа танилцуулж байна. Судалгаанд Улаанбаатар хот болон Завхан, Хэнтий, Архангай, Төв, Өвөрхангай, Дорноговь аймгуудийн 1,200 иргэд хамрагдсан байна. Энэ удаагийн судалгааны улс төрчдийн рейтингээр нийслэлд  УИХ-ын С.Жавхлан тэргүүлсэн бол дэд байрт Н.Энхбаяр, Р.Амаржаргал, Ц. Нямдорж, С.Ганбаатар, Х.Баттулга, Б.Жаргалсайхан, Б.Бат-Эрдэнэ, Э.Бат-Үүл, Н.Алтанхуяг нар эхний аравт шалгарсан байна. 

Улстөрчдийн рейтинг Улаанбаатар хотод:

С. Жавхлан 

Н. Энхбаяр 

Р. Амаржаргал 

Ц. Нямдорж

С. Ганбаатар 

Х. Баттулга 

Б. Жаргалсайхан 

Б. Бат-Эрдэнэ 

Э. Бат Үүл 

Н. Алтанхуяг нар шалгарсан байна. 
Харин хөдөө орон нутгийн рейтингээр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ тэргүүлсэн бол Н.Энхбаяр удааллаа. Харин эхний аравт жагссан улс төрчдийг нэрлэвэл М.Энхболд, Ц.Нямдорж, З.Амаржаргал, С.Жавхлан, Н.Алтанхуяг, Н.Багабанди, С.Ганбаатар, Х.Баттулга нар эхний аравт багтсан байна. Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирсэн цагт дараагийн Ерөнхийлөгч хэн бэ гэсэн асуулт олон нийтийн анхаарлын төвд байна. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Ц.Даваасүрэн: Швейцарийн банкинд 10 сая доллар нуусан асуудал гарч ирсэн\

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Ц.Даваасүрэн, Н.Учрал, М.Билэгт, М.Оюунчимэг нарын гишүүд өнөөдөр Оффшорын эсрэг лобби бүлэг байгуулсан талаараа сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ үеэр  УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан мэдэгдсэн бол УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Өнөөдөр Оюутолгой, Тамсагийн бүх мөнгө Монголоор орж ирэхгүй байгаа.
Байгалийнхаа баялгийг зараад идчихсэн улсуудад өнөөдөр ямар ч  хариуцлага хүлээлгэхгүй байна. Тэд авлигад авсан мөнгөө гадагшаа гаргаад оффшорт нуучихсан, ийм шударга бус байж болохгүй. ОУВС манай Засгийн газартай хэлэлцээр хийхдээ энэ тал дээр хяналт талаар огт дурдаагүй байна. Тиймээс бид цаашид түр хороо байгуулах замаар асуудлыг зохих газарт нь тавьж ажиллах болно. Оффшор дансны асуудлаар бид гадны томоохон орнуудаас мэдээлэл авах боломжтой гэж харж байна. Бидэнд эхнээсээ мэдээллүүд ирж байгаа. Тухайлбал, Швейцарийн нэгэн томоохон банкинд  10 сая доллар нуусан асуудал гарч ирсэн.Үүнийг гадны байгууллагатай хамтраад шалгана” хэмээн мэдэгдлээ.

Оффшор бүс дэх хөрөнгийг эргүүлэн татна

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Тус хуулийн төсөлд хөрөнгө орлогоо мэдүүлдэг төрийн албан тушаалтнууд болон түүний хамаарал бүхий этгээдүүд оффшор бүсэд данстай байх, мөнгө байршуулах, улмаар компани байгуулж хөрөнгө оруулалт хийхийг хориглож буй юм. ОУВС, Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага зэрэг байгууллагуудаас жил бүр мөнгө угаах, хууль бусаар олсон хөрөнгөө нуух боломжийг бүрдүүлсэн улс орнуудын жагсаалтыг гаргадаг. 2015 онд Сингапур, Хонгконг зэрэг 42 орныг нэрлэсэн байна. Засгийн газар өөрсдийн болон олон улсын байгууллагын судалгаанд тулгуурлан оффшор бүсийг тогтоохоор хуулийн төсөлд тусгасан байна. Мөн төрийн албанд орохоор нэр дэвшигч нь оффшор бүсэд данстай бол түүнийгээ зургаан сарын дотор эгүүлэн татахаар тусгажээ.

Б.Чойжилсүрэн: Сайдын нарын урсгал зардлыг нийт 78 тэрбум төгрөгөөр бууруулж тусгасан

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн /2017.04.11/ хуралдаанаар Монгол Улсын 2017 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслийн талаар Сангийн сайд Б.Чойжилсүрэн танилцуулсан юм. Тэрбээр, Улсын Их Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдаанаар батлагдсан "Эдийн засгийг сэргээх хөтөлбөр” болон ОУВС-гийн "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээний хүрээнд төсвийн нэгдмэл, тэнцвэртэй байдлыг хангах, сахилга батыг сайжруулах, төсвийн алдагдлыг үе шаттай бууруулах, төсвийн тогтвортой байдлыг хангах зорилгоор Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулсан хэмээн онцолсон.

Сангийн сайд, ОУВС-гийн "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд төсвийн орлогын уул уурхайн салбарын үйл ажиллагаанаас хамаарах хамаарлыг бууруулах, төсвийн орлогын тогтвортой эх үүсвэрийг бий болгох, нийгмийн халамжийн зардлыг хүн амын орлого багатай зорилтот бүлэгт чиглүүлэх, хүн ам зүйн бүтэц, хууль тогтоомжийн өөрчлөлтийн улмаас төсөвт үүссэн зардлын ачааллыг бууруулах, тэтгэврийн тогтолцоог шинэчлэх, цалин хөлсийг төсвийн боломжтой уялдуулах, зардлын үр ашгийг нэмэгдүүлэх зарчмыг баримтлан бодлогын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр төсвийн тодотголын төсөлд тусгасныг танилцуулсан юм.

Сангийн сайдын хийсэн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, О.Баасанхүү, Б.Саранчимэг, Я.Санжмятав, Ц.Цогзолмаа, С.Чинзориг нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

Гишүүд төсвийн зарлагыг бууруулах шаардлагыг ОУВС-аас тавьсан. Гэтэл салбарын сайдуудын урсгал зардал нэмэгдсэн талаар сүүлийн үед яригдаж байна. Үүнийг шалтгаан нь юу вэ хэмээн лавлаж байлаа. Хүүхдийн мөнгийг нийт хүүхдүүдийн хэдэн хувьд олгох, хүнсний талоныг хэрхэн олгох талаар тодруулсан.

Сангийн сайд, бодит байдал дээр сайдын нарын урсгал зардлыг нийт 78 тэрбум төгрөгөөр бууруулж тусгасан гэдгийг дурдаад урсгал зардал өссөн мэт харагдаад буйн шалтгааныг тайлбарласан. Өмнөх онд хөрөнгө оруулалт хэд хэдэн эх үүсвэрээс санхүүждэг байсныг зогсоон Засгийн газар, Хөгжлийн банкны хоорондын өр авлага, тооцоог салгасан аж. Ингэснээр хөрөнгө оруулалт нэг эх үүсвэрээс буюу улсын төсвөөс санхүүждэг болж хуучин Хөгжлийн банкнаас санхүүжихээр тусгагдаад байсан зардлыг сайд нарын төсвийн багцад шингээн тусгасан нь зардал нэмэгдсэн мэтээр харагдуулаад байгаа гэлээ. Түүнчлэн Засгийн газар мах, сүүний аяныг эхлүүлэх болсонтой холбогдуулан үүнд шаардагдах урсгал зардал мөн салбарын сайдын төсөвт тавигдсан байна. Мөн ипотекийн зээлийн хүүгийн зардлыг төсөвт тусган оруулж ирсэн гэдгийг Сангийн сайд дурдсан.

Автобус компанийн орлого 90 саяд хүрчээ

Нийтийн тээврийн бүх зорчигчид энэ сарын 1-нээс эхлэн картаар зорчиж эхэлсэн. Ингэснээр автобус баазуудын орлого хоёр дахин өсжээ. Өөрөөр хэлбэл дөрөвдүгээр сарын 1-нээс өмнө автобус баазууд өдөрт 45 сая төгрөг олдог байжээ. Харин зөвхөн картаар үйлчлүүлэх шаардлага тавьснаас хойш өдрийн орлого нь 90 сая төгрөг болж нэмэгдсэн  аж.Зорчигчид автобусны картаа цэнэглэж зорчихоос гадна банкны карт, сим картаа цэнэглээд зорчих боломжтой юм.

Бүртгэлтэй ажилгүй иргэд 34.4 мянгад хүрчээ

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд 2017 оны 3 дугаар сарын эцэст 47.6 мянга болж, 34.4 (72.2%) мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 13.2 (27.8%) мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна.

Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 1.0 (2.9%) мянган хүнээр буурч, өмнөх сараас 311 (0.9%) хүнээр өсч 34.4 мянга болсны 17.8 (51.8%) мянга нь эмэгтэйчүүд байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 11.8 (34.2%) мянга нь Улаанбаатарт, 7.2 (21.0%) мянга нь Хангайн бүсэд, 6.4 (18.7%) мянга нь Төвийн бүсэд, 5.8 (16.8%) мянга нь Баруун бүсэд, 3.2 (9.3%) мянга нь Зүүн бүсэд байна.

Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2017 оны эхний улиралд ажилгүй 18.8 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 2.6 мянган иргэн ажилд зуучлагдан орж, 16.2 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан байна. Эдгээр үзүүлэлтийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэд 10.2 (35.3%) мянган хүнээр, ажилд зуучлагдан орсон иргэд 1.6 (38.6%) мянган хүнээр, ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан иргэд 6.0 (26.9%) мянган хүнээр буурчээ.

Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 45.4 хувийг бүрэн дунд, 31.2 хувийг дипломын дээд болон бакалаврын, 6.9 хувийг техникийн болон мэргэжлийн, 5.9 хувийг суурь, 5.5 хувийг тусгай мэргэжлийн дунд, 2.1 хувийг бага, 1.8 хувийг магистр, доктор, 1.2 хувийг боловсролгүй иргэд эзэлж байна.

Мөрөн сумын 32 мянга гаруй иргэнийг нүүлгэн шилжүүллээ

Онцгой байдлын ерөнхий газраас Хөвсгөл аймагт зохион байгуулж Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд болзошгүй аюул тохиолдсон үед иргэдийг аюулгүй газар түр нүүлгэн шилжүүлэх дадлага сургуулийг Мөрөн сумын хэмжээнд зохион байгууллаа.

Мөрөн сумын нутаг дэвсгэрт зарлан мэдээллийн дуут дохиог зургаан байршилд суурилуулж, болзошгүй аюул тохиолдсон үед иргэдийн аюулгүй газар түр цугларах байршлыг сонгоод байсан юм. Энэ удаагийн дадлага сургууль нь түр цугларах аюулгүй байршлыг иргэдэд таниулах, гамшгийн дараах нүүлгэн шилжүүлэлтийн талаар мэдлэг ойлголт өгөх зорилготой бөгөөд өнөө өглөө 08.30 цагт дуугарсан зарлан мэдээллийн дуут дохиогоор иргэд аюулгүй талбайд цугласан юм.

Газар хөдлөлтийн гамшгийн үеийн нүүлгэн шилжүүлэх дадлага сургуульд Мөрөн сумын 14 багийн иргэд болон Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн харьяа “Далай ван” дээд сургууль, МСҮТ, ЕБС, цэцэрлэгийн оюутан сурагчид, нийт 32 мянга гаруй иргэн хамрагдаж, дадлага сургуульд идэвхитэй оролцлоо.

Ийнхүү 32 мянган иргэн аюулгүй талбайд цугласан нь Монгол Улсын хэмжээнд анхны тохиолдол болж байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Элсэлтийн ерөнхий шалгалт зургадугаар сарын 14-нд эхэлнэ

Монгол Улсын хэмжээнд их, дээд сургуульд элсэгчдийн сурах ерөнхий чадвар, мэдлэгийн түвшинг тогтоох зорилго бүхий элсэлтийн ерөнхий шалгалт зургадугаар сарын 14-нөөс эхэлнэ. Энэ жил улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийг төгсөж байгаа 37 мянга гаруй сурагч байна. Үүн дээр гадаадад ЕБС төгссөн болон өмнөх оны төгсөгчидтэй нийлээд 40 мянга орчим элсэгч элсэлтийн ерөнхий шалгалт өгөх аж.

Хугацаандаа татвараа төлөөгүй бол замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Авто тээвэр эзэмшигч аж ахуйн нэгж байгууллага, иргэн та хуулийн дагуу Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Агаарын бохирдлын төлбөр, Авто зам ашигласны төлбөрөө тээврийн хэрэгслийнхээ улсын дугаарын сүүлийн оронгоос хамаарч, 2017 оны 5 дугаар сарын 31-нийг дуустал төлнө.

Татвар төлөгч та:

1, 6-аар төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл эзэмшдэг бол 1 дүгээр сард

2, 7-оор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл эзэмшдэг бол 2 дугаар сард

3, 8-аар төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл эзэмшдэг бол 3 дугаар сард

4, 9-өөр төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл эзэмшдэг бол 4 дүгээр сард

5, 0-ээр төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл эзэмшдэг бол 5 дугаар сард төлнө.

Хэрэв та хугацаандаа татвараа төлөөгүй бол замын хөдөлгөөнд оролцуулахгүйг анхааруулж байна. Татвар, төлбөр төлөх цэгүүд дараах цэгүүдэд байрлаж байна.

  1. Дүүргийн татварын хэлтсүүдэд 08:30-17:30
  2. БЗД, СХД, БГД-ийн Техник үзлэг оношилгооны төвд байрлах татвар хураах цэг 08:30-20:30
  3. Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв (Дүнжингарав, Драгон, Мишээл салбар) 08:30-17:30
  4. АТҮТ-ийн Цирк салбар 08:30-17:30
  5. 32-ын тойрогт Сансар сүлжээ дэлгүүрт 08:30-17:30
  6. Саруул зах 08:30-17:30
  7. Дэнжийн мянгын дэргэдэх 12-р хорооны байранд 08:30-17:30
  8. Монгол Хьюндай автомотив 08:30-17:30
  9. Да-Хүрээ захад байрлах татварын цэгийн үйлчилгээ 09:00-19:00.

Таны маргаашийн ажилд амжилт хүсье. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
tt
ali aimgiig n yadaj bichj bologgui yum uu
2017/04/11 180.149.93.14