8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Цармын бүргэдийг эмчилж, Увс аймагт хүчтэй газар хөдлөлт боллоо

2017-04-14 18:40:00

Эвийг эрхэмлэж, эх орноо хуваачихгүй  үнэт зүйлээ эрхэмлэж ажиллана шүү эрхэм УИХ-ын гишүүдээ. Зөвшилцөл, хамтын ажиллагаа ус агаар шиг хэрэгтэй байна... Ерөнхийлөгчийн сонгууль  дөхөж халуухан улс төр эхлэлээ гэж зарим нэг нь баясах ч алтаар үнэлээд хаанаас ч олж чадахгүй ганцхан эх орон минь шүү дээ. Эдгээр хүмүүсийн хэн нь улс орныхоо төлөө сэтгэл зүрхээ зориулж, хэн нь удаан тогтох албан тушаалаа эрхэмд тавьж байгаа бол... Хэрээ хэрээнийхээ харыг гайхах зуур хэтэрсэн улс төрийн уршигаар ард түмэн минь л хохирох вий дээ...Эрхэм төрийн түшээд улс төрийн шоугоо больж, ард түмэн рүүгээ нэг өнгийж хараасай. Одоо л нэг эх орноо хөгжүүлье гэж харах тэр үед Эх орон минь хүний гарт очиж, ард түмэн өлсгөлөнгөөр амиа алдаж байх вий. Өчигдөр УИХ-ын ээлжит хаврын чуулган дээр УИХ-ын С.Жавхлан “ Ахмад настны тэтгэврийн насыг нэмэгдүүлэхгүй гэж.Сонгуульд нэр дэвшиж байхдаа мэнчийж улайрч, мэнэрч зүтгэсээр 65-уулаа орж ирсэн биз дээ. Надад энд эрх мэдэл, үүрэг алга л даа. Энд 75 хүний эсрэг С.Жавхлан ганцаараа байгаа шүү. Харин гадаа гараад монголчуудтайгаа нэгдэхээр ганцаараа байна уу, үгүй юу хараарай. Татвар нэмэх асуудлыг эсэргүүцэж, жагсаал хийнэ. Цаашлаад УИХ-ыг тараах хэмжээний жагсаал хийнэ. Та нарын татвар нэмэх асуудал зөв юм уу, буруу юм уу гэдгийг түмэн олноос асууна.  Та нарын мэргэжил, мэдлэг чинь миний цээжин дотор булиглах зүрхнээс  үнэхээр жижигдэж байна. Монгол түмнийг доромжлохоо зогсоох хэрэгтэй.  Маргаашнаас би жагсана.  Хэрэв миний буруу байвал би бууж өгнө” хэмээн хэллээ. Ямар гишүүн тойрогтоо сонгосноо та эргэн нэг хараарай. Харин одоо та бүхэндээ Монголын нэг өдөр тоймоо хүлээн авна уу.

Г.Баянжаргал: Гар хөл амны өвчнөөр жирэмсэн эх өвдөхөд хэвлийд байгаа хүүхэд халдвар авах магадлал өндөр байдаг

Сүүлийн үед бага насны хүүхдүүдийн дунд Гар хөл амны халдварт өвчин гарах болсон байна. Энэ өвчнөөс хэрхэн сэргийлэх, өвчний шалтгаан, эмчлэх аргын талаар “Глобалмед” эмнэлгийн хүүхдийн их эмч, анагаах ухааны магистр Г.Баянжаргалтай ярилцлаа. 

-Бага насны хүүхдүүдийн дунд гар хөл амны халдварт өвчин их гарах болж. Энэ өвчин юугаар үүсгэгддэг юм бэ?

 -Ер нь бол өөрөө тодорхой үүсгэгчтэй боловч бас тухайн хүний дархлалын системийн хямралтай холбоотой өвчлөл үүсдэг. Нэг үгээр хэлбэл хоолой, залгиур улайж, амны хөндийн салст, завьж, буйл, хэл, тагнай, гарын алга, хөлийн ул болон өгзөг дээр толбот гүвдрүүт, цэврүүт тууралт гардаг цочмог халдварт өвчин. Энтеровирус нь хүний (+)ss РНХ вирусийн генээр үүсгэгддэг. Түүхэн хөгжлийнх нь явцад олонтаа тохиолддог хэлбэр нь Полиовирусууд. Дараагийн элбэг тохиолддог хэлбэр нь коксаки болон эховирус. 

Нэг үгээр хэлбэл хоолой, залгиур улайж, амны хөндийн салст, завьж, буйл, хэл, тагнай, гарын алга, хөлийн ул болон өгзөг дээр толбот гүвдрүүт, цэврүүт тууралт гардаг цочмог халдварт өвчин.

-Ихэвчлэн хэдэн насны хүүхдүүдэд түлхүү тусаад байна вэ?

-Насны хувьд 10-аас доош насны хүүдүүд  ихэвчлэн өвддөг. Мөн насанд хүрэгчид өвдөх тохиолдол байдаг. Ялангуяа хурц идэвхитэй хэлбэрээр өвчилсөн жирэмсэн эх өвдөхөд хэвлийд байгаа хүүхэд халдвар авах магадлал өндөр. Нярай хүүхэд халдвар авсан тохиолдолд ихэнхдээ хөнгөн хэлбэрээр өвчилдөг. Гэхдээ ховор тохиолдолд амин чухал эрхтэн элэг, зүрх ,тархийг гэмтээж амь насанд аюул учруулж болдог. 

-ГАР ХӨЛ АМНЫ ӨВЧИН ЭХНИЙ ДОЛОО ХОНОГТ ХАМГИЙН ИХ ХАЛДВАРТАЙ БАЙДАГ-

-Ямар шинж тэмдгээр илэрдэг вэ. Бидний мэдэж байгаагаар тууралт гарч эхэлдэг. Биеийн аль хэсгээр ихэвчлэн гарах вэ?

-Хоолой залгиур улайж амны хөндийн салст, завьж, буйл, хэл тагнай гарын алга хөлийн ул болон өгзөг орчмоор толбот гүвдрүүт маягийн тууралт гарч халуурч эхэлдэг. Тууралтын онцлог улаан хүрээтэй дотроо тунгалаг шингэн агуулсан, тууралтууд энд тэнд гарсан маягтай илэрдэг.  

Ялангуяа гар хөл амны өвчний шинж тэмдэг илэрсэн эхний долоо хоногт хамгийн их халдвартай байдаг.

-Гар, хөл амны халдварт өвчин нь ямар замаар дамжиж халдварладаг вэ?

-Агаар дусал болон ахуйн хавьтал, өтгөнөөр дамждаг. Өвчтэй хүний шүлс, хамрын шингэн нус, ялгадас, арьсан дээр гарсан бижрүүний шүүсдэс, өтгөнөөс халдвар дамжин халдана. Ялангуяа гар хөл амны өвчний шинж тэмдэг илэрсэн эхний долоо хоногт хамгийн их халдвартай байдаг. Халдвар авсанаас хойш 3-7 хоногийн дараа өвчний анхны шинжүүд илэрнэ. Өвчин илрэхэд хамгийн их нөлөөлөх хүчин зүйл бол нас.

-Өвчилсөн тохиолдол ямар эмчилгээ хийлгэвэл зохистой вэ?

-Өвчний хүнд хөнгөн байдал болон тухайн хүүхдийн дархлалын системийн чадамж эмчилгээнд их нөлөөлнө. Мөн хавсарсан өвчнөөс шалтгаалан эмчилгээг сонгож хийнэ. Тэгэхээр эхлээд тухайн хүүхдийн биеийн байдлыг үзэсний дараа эмчилгээгээ тодорхой болгоно гэсэн үг. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Ахын хаялга дүүд

 

Хүн ахтай, дээл захтай. МАН-ын албан тушаалын “бялууны хэрчим” үргэлжилсээр байгаа бололтой. Баттай эх сурвалжаас авсан мэдээллээр Эрчим хүчний дэд сайд асан Д.Зоригт тун удахгүй томоохон албан тушаалд залрах сурагтайД.Зоригт нь Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийг улс төр судлаач, хятад судлаач мэргэжлээр дүүргэсэн. Австралийн их сургуульд олон улсын харилцааны магистр, Японы Киюшюгийн их сургуульд Хуульзүйн ухааны магистрт суралцсан нэгэн. Өндөр боловсролтой тэрбээр намын ах нартаа их тоогддогийн тод жишээ нь албан тушаалын томоохон томилгооны сургаар түүний нэр нь дуулддаг. 

Саяхандаа хүртэл Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны дэд сайдад ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунай, УИХ-ын гишүүн асан Д.Загджав нартай нэр зэрэгцэн “сойгдож”, “Оюутолгой”-н гэрээ хэрхэн зурагдсаныг маш сайн мэдэх, боловсролтой сэхээтнээ салбар яам уруу  нь илгээх нь гэсэн зураглал байсан.

С.Баярын Засгийн газрын үед Д.Зоригт танхимынхаа хамгийн залуу гишүүн нь байж, “Оюутолгой”-н гэрээ зурагдах үйл явцад оролцсон түүхэн гавьяатай. С.Баяр, Сү.Батболд нарын сонгуулийн зөвлөхөөр ажиллаж явсан Д.Зоригт бүр сайд болохоосоо өмнө Тавантолгой, Оюутолгой төслийн томоохон ажлын хэсгүүдэд багтаж, “Эрдэнэс МГЛ” төрийн өмчит компанийн захирлаар ажиллаж байсан. Саяхандаа хүртэл Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны дэд сайдад ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунай, УИХ-ын гишүүн асан Д.Загджав нартай нэр зэрэгцэн “сойгдож”, “Оюутолгой”-н гэрээ хэрхэн зурагдсаныг маш сайн мэдэх, боловсролтой сэхээтнээ салбар яам уруу  нь илгээх нь гэсэн зураглал байсан.

Түүний ажил, улстөрийн амбиц, карьерыг сөхвөл Гадаад хэргийн яам, Сангийн яам, Үйлдвэр, худалдааны яаманд ажиллаж байсан. “Эрдэнэс MGL” компанийн гүйцэтгэх захирал. Мөн Эрдэс баялаг эрчим хүчний сайдын алба хашиж байхдаа Ашигт малтмалын тухай хуулийн төсөл болон “Тавантолгой”, “Оюунтолгой”-н гэрээг байгуулах ажлын хэсэгт нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ. 

Харин ч намын ах нартаа тоогдоостой, удахгүй томилогдох сайхан чимээтэй аж төрж байгаа аж.

Д.Зоригт МАХН-д /МАН/ 2004 онд элсч, АСЗХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, Бага хурлын гишүүнээр сонгогдож байсан бөгөөд нам доторх фракцуудын дотор Сү.Батболдын хүрээлэлд багтдаг нэгэн.

Өнгөрсөн сонгуулийн өмнөх сунгаанд намын бага хурлын үеэр заалнаас сонгогдсон Т.Аюурсайханд ялагдаж,  Чингэлтэй дүүргээс УИХ-ын сонгуульд дэвших мөрөөдөл нь замхарсан.Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

Чөлөөтийнхөн ААШТ-нд оролцох боломжгүй боллоо

Ирэх бард болох Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн АШТ, ДАШТ-нд манай улсын чөлөөт бөхийн тамирчид оролцох боломжгүй болжээ.Тодруулбал Азийн АШТ, ДАШТ-нд манай улсын эрэгтэй найм, эмэгтэй найман тамирчин оролцохоор бэлтгэл сургуулилтаа хийж байсан аж. Гэвч монголын чөлөөт бөхийн холбооны зарим дасгалжуулагч Азийн АШТ-д өрсөлдөх баг, тамирчдын мэдүүлгийг хоцроосон тул Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос манай тамирчдыг оролцуулах боломжгүйд хүрснийг Монголын чөлөөт бөхийн холбоонд мэдэгдсэн байна.

Хоёр хүний аминд хүрсэн өвөрмонгол эрийг энэ сарын 21-нд шүүнэ

БНХАУ-ын ӨМӨЗО-ны харъяат 45 настай Ө гэх эр согтуугаар хамтран амьдрагч монгол эхнэрээ дөрвөн настай дүүгийнх нь хамт хөнөөсөн мөн 13 настай дагавар хүүд хүйтэн мэсээр халдаж гэмтэл учруулсан хэрэг өнгөрсөн оны сүүлчээр гарсан.

Хэргийн мөрдөн байцаалт дуусч шүүх хурлын тов гарчээ. Прокуророос гэр бүлдээ халдсан өвөрмонгол эрийг ЭХТА-ийн 91.2.2, 91.2.6, 91.2.12,91.2.15, 91.2.16-д тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна. Шүүх хурал Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын 21-нд 09:00 цагаас болох аж.

Гранат дэлбэрсний улмаас шархадсан цэргүүдийн зургаа нь эмнэлгээс гарчээ

Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвийн байрлалын район Төв аймгийн Алтанбулаг сумын Очир толгой орчимд 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуулийн бэлтгэлийг хангах үед гарсан ослын улмаас хоёр албан хаагч амиа алдаж, найман цэргийн алба хаагч шархадсан.

Шархадсан цэргийн алба хаагчдын биеийн байдал сайжирч, өчигдөр орой буюу дөрөвдүгээр сарын 12-ны 19.00 цагийн орчимд О.Ууганбаяр, Л.Очирбат, Ж.Баднаанямбуу нар, өнөөдөр 11.00 цагт Б.Цэндсүрэн, П.Пүрэвжав, Т.Анхбаяр нар нийт зургаан цэргийн алба хаагч эмчийн байнгын хяналтанд эмнэлгээс гарчээ.
Эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа Б.Тэмүүжин, П.Данзанравжаа нарын биеийн байдал тогтвортой байгаа бөгөөд П.Данзанравжааг энгийн тасагт шилжүүлсэн байна. 

Маргаашаас дугаарын хязгаарлалтын хамрах хүрээг тэлнэ

НИТХ-ын тогтоолоор Улаанбаатар хотын авто замын ачааллыг бууруулах цогц арга хэмжээний хүрээнд нийслэл хотод бүсчлэл тогтоож, автомашины улсын дугаарын сүүлийн оронгоор хязгаарлаж хөдөлгөөнд оролцуулах зохицуулалтыг хийж эхэлсэн.Мөн НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор улсын дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь, замын бүсчлэлд өөрчлөлт оруулсан билээ.

Ингэхдээ дугаарын хязгаарлалтын цагийн хуваарийг улирал хамаарахгүй 08.00-20.00 цаг болгон өөрчилж, замын бүсчлэлийн хамрах хүрээг өвлийн улиралд багасгаж, зуны улиралд тэлэхээр зохицуулалт хийсэн. Энэ дагуу дөрөвдүгээр сарын 15-аас 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл дугаарын хязгаарлалтын зуны цагийн хуваарьт шилжих юм.

Зөвшөөрөлгүй худаг гаргавал 12 сая хүртэлх төгрөгөөр торгоно

Ногоон бүсийн ойн сан бүхий газарт хууль зөрчин мод тайрч, бут, сөөг, торлог устгаж барилга барих, зөвшөөрөлгүй худаг гаргуулах тохиолдол гарч байгаатай холбогдуулан иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад нийслэлийн Байгаль орчны газраас дараах анхааруулгыг хүргэж байна.

Ойн чиглэлээр:

- Ойн тухай хуулийн 8.6, 29.1.10-т заасны дагуу нийслэлийн ногоон бүсийн ойн сангийн газарт улсын тусгай хэрэгцээний болон ойн аж ахуйн арга хэмжээг хэрэгжүүлэхээс бусад зориулалтаар барилга байгууламж барих, объект байрлуулах, мод, бут, сөөг, торлог тайрахыг хориглодог. Ой гэж мод, бут, сөөг болон бусад ургамал, хаг хөвд, амьтан, бичил биетэн шүтэлцэн орших хам бүрдлийн экологи-газарзүйн онцлог нөхцөл бүхий орчныг, ойн сан гэж ой, ой дотор байгаа ойгоор бүрхэгдээгүй болон ойн тэлэн ургахад шаардлагатай талбай бүхий орчныг хэлдэг. Иргэдийн дунд бут, сөөг, торлог бүхий газрыг ойн санд багтахгүй гэсэн ташаа ойлголт байдгаас Ойн тухай хуулийг зөрчиж байна. Тухайлбал: 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөр СБД-ийн Хуурай мухарын аманд иргэн Б.У нь байшингийн суурь ухах зорилгоор 0,0375 га талбайн бут, сөөг, торлогийг устгасан тул уг иргэнд Эрүүгийн хэрэг үүсгүүлж, хохирлыг барагдуулах, газрын зөвшөөрлийг цуцлах асуудлыг холбогдох байгууллагуудад тавиад байна.

Худаг, усны чиглэлээр:

- Усны тухай хуулийн 27-р зүйлд заасны дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт худаг гаргах бол Байгаль орчны газраас зөвшөөрөл авч, улсын тэмдэгтийн хураамж төлсний дараа мэргэжлийн байгууллагаар өрөмдлөгийн ажлыг гүйцэтгүүлэх шаардлагатай. Ашиг олох зорилгогүйгээр буюу ахуйн хэрэглээнд усыг ашиглах тохиолдолд усны төлбөрөөс чөлөөлөгддөг. Манай улсын хэмжээнд тусгай зөвшөөрөл бүхий 200 гаруй аж ахуйн нэгж ажиллаж байна. Төвлөрсөн усан хангамжийн хамгаалалтын бүс, төвлөрсөн шугам сүлжээнд холбогдсон, ойн сан газар, усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсэд худаг гаргахыг хориглодог тул газрын координатыг нийслэлийн Байгаль орчны газрын 318003 дугаарын утсаар, эсвэл биечлэн ирж урьдчилан шалгуулах боломжтой. Зөвшөөрөгдсөн бүсэд худаг гаргах зөвшөөрөл нь аливаа чирэгдэлгүйгээр шуурхай шийдвэрлэгддэг тул хууль ёсны дагуу худаг гаргуулж ашиглахыг анхааруулж байна. Зөвшөөрөлгүй  худаг гаргавал иргэнийг 1,200,000-3,600,000 төгрөг, аж ахуйн нэгж байгууллагыг 4,800,000-12,000,000 төгрөгөөр торгож, учирсан хохирлыг нөхөн төлүүлнэ.

Л.Элдэв-Очир:Офшор хадны мангаа гэсэн дүр зургийг гаргаад ирчихлээ

Л.Элдэв-Очир: Офшорын тухай хууль эрчимтэй хэлэлцэгдэж,  эцсийн хэлэлцүүлэгтээ орж байна. Энэ хууль нийгмийн захиалга гэхээсээ илүүтэйгээр цөөхөн зохион байгуулалттай хүмүүс улстөр, популизм болгож байгаа. Энэ асуудал дээр миний нэр дурдагдаад явж байна. Тийм учраас намын бүлгийн хурал дээр энэ хуулийг хурдавчилья, хуулийн зохицуулалтыг бий болгоё гэсэн санал хэлж байсан. Үүний дагуу манай ажлын хэсэг маш шуурхай ажиллаж эцсийн хэлэлцүүлгийг өнөөдөр оруулж ирж байгаад баяр хүргэе. Энэ хууль нэлээд маргаан дагуулсан хууль болох байх. Хамаарал бүхий этгээдүүд, хөрөнгө оруулагчтай холбоотой, хууль хяналтын байгууллагууд хэрхэн ажиллах, төсөв санхүү хэрэгжих шатандаа маргаан маш их дагуулсан хууль болж таарах байх. Офшор бүс нь хөрөнгө оруулагчдын таатай орчныг бүрдүүлсэн, татварын хөнгөлөлттэй ийм л бүс. Гадуур ард иргэдийн эсрэг санаатай зохион байгуулж, санхүүжүүлээд, маш олон хүнийг гүтгэж байгаа. 17 тэрбум төгрөгийг аваачаад нуусан гэж байгаа. Би бизнес эрхэлдэг хүн Монгол орныхоо эдийн засгийн тоог мэддэг хүний хувьд итгэхгүй байна. Нэр дурдагдаж байгаа төрийн өндөр албан тушаалтнууд хөрөнгө оруулгын мэдүүлэгтээ мэдүүлсэн гэж ойлгож байгаа. Би гэм буруугүй гэдгээ мэдэж байгаа учраас энэ асуудлыг бушуухан зохицуулаад өгөөсэй. Нотлох юмсан гэж бодож байгаа юм. Нийгэмд сонин байдал үүсгээд байгаа. Ард иргэдийг эдийн засаг хүнд нөхцөлд турхираад байгаа улсуудад дэндүү харамсаж байна. Одоо монголчууд хоорондоо уулзахаараа офшорчин царайлчихаад чи мөн том байна аа гэж хүнийг баалж байгаа юм шиг. Ийм л яриатай болчихсон. Офшор хадны мангаа гэсэн дүр зургийг гаргаад ирчихлээ. Зөрчилтэй улсууд тайлангаа гаргаад ирэхлээр энэ асуудал цэгцрэх байх аа.     

Увс аймагт хүчтэй газар хөдлөлт болжээ

Увс аймгийн Цагаанхайрхан суманд өчигдөр буюу энэ сарын 13-нд газар хөдөлсөн талаар ОБЕГ-аас мэдээллээ. Тус сумын  төвөөс урд зүгт 34 км-т/ Ө-49010/00’’ У-94029/00’’-т байрлах Далан хуруу багийн “Үзүүрийн булаг” гэдэг газарт өдрийн 1:42 цагт 3.6 магнитутын хүчтэй газар хөдлөлт болжээ. 

ОБЕГ-аас тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан сумын ЗДТГ-ын даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол байхгүй гэсэн мэдээлэл ирүүлсэн байна.

“Ээжээ сайн байна уу” хөшөөний хүүхдийн гарыг хөрөөджээ

Дорнод аймгийн Чойбалсан хотын найрамдал паркад байрлах “Ээжээ сайн байна уу” хөшөөний хүүгийн гарыг хугалсан хэрэг энэ сарын 11-ний шөнө гарчээ. Тус хөшөөг өнгөрсөн онд 42 сая төгрөгөөр барьж байгуулсан бөгөөд дахин сэргээн засварлахад 10 гаруй сая төгрөг шаардагдах юм байна.

Нийтийн эзэмшлийн эд зүйлсийг эвддэг сүйтгэдэг, хулгайлдаг хэргийн эзэн холбогдогч өнөөг хүртэл олдоогүй байгаа гэнэ. Дашрамд дурдахад, хөшөөний гарыг хугалж, хулгайлсан этгээд олдоогүй байгаа бөгөөд энэ хөшөөг арматур болон шавраар хийдэг байна. 

Хүүхдүүдэд зүрхний үзлэг үнэ төлбөргүй хийнэ

П.Н.Шастиний нэрэмжит Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг дээр тус эмнэлэгийн зүрхний мэс заслын тасгийн эмч нар болон БНСУ-ын эмч нарын баг ирэх зургадугаар сарын 18-наас 25-ны өдрүүдэд зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдийг үнэ төлбөргүй үзлэгт хамруулахаар болжээ.Үзлэгт хамрагдсан хүүхдүүдээс онц хүнд хэлбэрийн эмгэгтэй, яаралтай мэс засал хийх шаардлагатай хүүхдүүдэд тухайн өдрүүдэд Монгол, Солонгос эмч нар хамтран мэс засал хийх аж.Тухайн үзлэгт хамрагдахыг хүссэн хүүхдүүдийн ар гэрийнхэн тус өдрүүдэд 3-р эмнэлэгийн Зүрхний мэс заслын тасагт хандаарай.

Татварын буцаан олголт дансанд орж эхэлжээ

Хувь хүний орлогын албан татварын хуулийн дагуу орон сууцны болон сургалтын төлбөрийн хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэхээр 74,222 татвар төлөгч иргэн 2016 оны тайлан ирүүлсэн бөгөөд нийт 45.0 тэрбум төгрөгийн илүү төлөлтийг баталгаажуулсан байна. Татварын Ерөнхий газраас ХХОАТ-ын буцаан олголтоо авах иргэдийн эхний ээлжийн олголтын материалыг Нийслэлийн Төрийн санд шилжүүлсэн талаар бид мэдээлж байсан. Тэгвэл иргэдийн буцаан олголтын мөнгө иргэдийн дансанд орж эхэлжээ.

Хур тунадастай, шороон шуурга шуурна

Өнөөдөр баруун аймгуудын баруун хэсгээр, 15-нд нутгийн баруун хагаст, 16-нд нутгийн зүүн хагаст, 17-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Салхи 15-нд нутгийн баруун хэсгээр, 16-нд говь, тал хээрийн нутгаар, 17-нд баруун аймгуудын нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. 15-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар бага зэрэг сэрүүсч Хүрэн бэлчир орчим болон Дархадын хотгороор шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, Идэр, Тэс голын хөндий, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 11-16 градус дулаан байна гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Цармын бүргэдийг эмчилж байгальд нь буцааж тавилаа

 

Нийслэлийн шуурхай утас болох 310005 утсанд энэ сарын 1-ний өдөр Сүхбаатар дүүргийн “Цагдаагийн гудамжны эмнэлгийн хашаанд хөл нь гэмтсэн бүргэд шувуу байна” гэсэн иргэний мэдээлэл ирсэн байна. Мэдээллийн дагуу нийслэлийн Байгаль орчны газар, Агнуурын мэргэжлийн байгууллагын төлөөлөл газар дээр нь очиж шалгахад цармын бүргэд хөл чанга уяатай удаан байсны улмаас яс нь цухуйж шархалсан, хумс нь тайрагдаж нисэх чадваргүй турж эцсэн байдалтай байсан тул эмнэлгийн тусламж үзүүлэхээр тухайн газраас шилжүүлэн авч явсан аж.

“Агнуур судлалын нийгэмлэг” ТББ-ынхан гэмтсэн бүргэдийг зориулалтын газарт эмчлэн, тайрагдсан хумсыг шовхлон засч 11 хоногийн турш тэжээн тэнхрүүлж, гэмтлийг эдгээлээ. Бүргэдийн хумсыг шовхлон зассанаар байгальд идэш тэжээлээ өөрөө олж идэх чадвар нь сэргэсэн тул бүргэдийг ан агнуурын мэргэжлийн байгууллагын тусламжтайгаар энэ сарын 12-ны өдөр Богдхан уулын дархан цаазат ууланд тавьж нисгэлээ.

Мэдээлэл өгсөн болон асран тэнхрүүлсэн иргэдэд талархал илэрхийлж, байгалийн зэрлэг амьтдыг суурьшлын бүсэд орж ирсэн үед нь нийслэлийн Байгаль орчны газарт болон Шийслэлийн шуурхай мэдээллийн утсанд мэдэгдэж байхыг иргэддээ уриалж байна.

Жич: Цармын бүргэд нь махчин шувууны нэг төрөл болох шонхортны багт багтдаг. Биеийн жин нь 3,8-6,5 кг, биеийн урт 0,8-0,9 м бөгөөд далавчны дэлгэц 2.4-2.7 метр хүрдэг. Бүргэд 4 наснаасаа эхлэн үржилд орж, үүрээ засан хосоороо амьдарч эхэлдэг. Бүргэдийн насыг толгойн ясаар мэдэж болох бөгөөд 25-30 насалдаг байна

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл