8o
Улаанбаатар хот
mobile menu

Г.Баянжаргал: Гар хөл амны өвчнөөр жирэмсэн эх өвдөхөд хэвлийд байгаа хүүхэд халдвар авах магадлал өндөр байдаг

2017-04-14 08:30:00

-Ховор тохиолдолд амин чухал эрхтэн элэг, зүрх ,тархийг гэмтээж амь насанд аюул учруулж болдог-

Сүүлийн үед бага насны хүүхдүүдийн дунд Гар хөл амны халдварт өвчин гарах болсон байна. Энэ өвчнөөс хэрхэн сэргийлэх, өвчний шалтгаан, эмчлэх аргын талаар “Глобалмед” эмнэлгийн хүүхдийн их эмч, анагаах ухааны магистр Г.Баянжаргалтай ярилцлаа. 

-Бага насны хүүхдүүдийн дунд гар хөл амны халдварт өвчин их гарах болж. Энэ өвчин юугаар үүсгэгддэг юм бэ?

 -Ер нь бол өөрөө тодорхой үүсгэгчтэй боловч бас тухайн хүний дархлалын системийн хямралтай холбоотой өвчлөл үүсдэг. Нэг үгээр хэлбэл хоолой, залгиур улайж, амны хөндийн салст, завьж, буйл, хэл, тагнай, гарын алга, хөлийн ул болон өгзөг дээр толбот гүвдрүүт, цэврүүт тууралт гардаг цочмог халдварт өвчин. Энтеровирус нь хүний (+)ss РНХ вирусийн генээр үүсгэгддэг. Түүхэн хөгжлийнх нь явцад олонтаа тохиолддог хэлбэр нь Полиовирусууд. Дараагийн элбэг тохиолддог хэлбэр нь коксаки болон эховирус. 

Нэг үгээр хэлбэл хоолой, залгиур улайж, амны хөндийн салст, завьж, буйл, хэл, тагнай, гарын алга, хөлийн ул болон өгзөг дээр толбот гүвдрүүт, цэврүүт тууралт гардаг цочмог халдварт өвчин.

-Ихэвчлэн хэдэн насны хүүхдүүдэд түлхүү тусаад байна вэ?

-Насны хувьд 10-аас доош насны хүүдүүд  ихэвчлэн өвддөг. Мөн насанд хүрэгчид өвдөх тохиолдол байдаг. Ялангуяа хурц идэвхитэй хэлбэрээр өвчилсөн жирэмсэн эх өвдөхөд хэвлийд байгаа хүүхэд халдвар авах магадлал өндөр. Нярай хүүхэд халдвар авсан тохиолдолд ихэнхдээ хөнгөн хэлбэрээр өвчилдөг. Гэхдээ ховор тохиолдолд амин чухал эрхтэн элэг, зүрх ,тархийг гэмтээж амь насанд аюул учруулж болдог. 

-Гар хөл амны өвчин эхний долоо хоногт хамгийн их халдвартай байдаг-

-Ямар шинж тэмдгээр илэрдэг вэ. Бидний мэдэж байгаагаар тууралт гарч эхэлдэг. Биеийн аль хэсгээр ихэвчлэн гарах вэ?

-Хоолой залгиур улайж амны хөндийн салст, завьж, буйл, хэл тагнай гарын алга хөлийн ул болон өгзөг орчмоор толбот гүвдрүүт маягийн тууралт гарч халуурч эхэлдэг. Тууралтын онцлог улаан хүрээтэй дотроо тунгалаг шингэн агуулсан, тууралтууд энд тэнд гарсан маягтай илэрдэг.  

Ялангуяа гар хөл амны өвчний шинж тэмдэг илэрсэн эхний долоо хоногт хамгийн их халдвартай байдаг.

-Гар, хөл амны халдварт өвчин нь ямар замаар дамжиж халдварладаг вэ?

-Агаар дусал болон ахуйн хавьтал, өтгөнөөр дамждаг. Өвчтэй хүний шүлс, хамрын шингэн нус, ялгадас, арьсан дээр гарсан бижрүүний шүүсдэс, өтгөнөөс халдвар дамжин халдана. Ялангуяа гар хөл амны өвчний шинж тэмдэг илэрсэн эхний долоо хоногт хамгийн их халдвартай байдаг. Халдвар авсанаас хойш 3-7 хоногийн дараа өвчний анхны шинжүүд илэрнэ. Өвчин илрэхэд хамгийн их нөлөөлөх хүчин зүйл бол нас.

-Өвчилсөн тохиолдол ямар эмчилгээ хийлгэвэл зохистой вэ?

-Өвчний хүнд хөнгөн байдал болон тухайн хүүхдийн дархлалын системийн чадамж эмчилгээнд их нөлөөлнө. Мөн хавсарсан өвчнөөс шалтгаалан эмчилгээг сонгож хийнэ. Тэгэхээр эхлээд тухайн хүүхдийн биеийн байдлыг үзэсний дараа эмчилгээгээ тодорхой болгоно гэсэн үг. 

-Хэзээнээс энэ өвчин гарах болсон юм бэ. Өмнө нь гарч ирж байсан уу?

-Гар хөл амны өвчин нь 1956 онд анх бүртгэгдсэн. 1997 онд Малайз, Япон, 1998 онд Тайванд олон хүүхдийг хамарч дэгдэлт маягаар гарсан. Сүүлийн үед манайд хавар, намрын улиралд энэ өвчин нэлээд гарах болсон. 

-Илэрдэг үе шат гэж байдаг гэсэн. Хүндэрсэн тохиолдол яах вэ?

-Ихэнхдээ хавар намрын улиралд өвчний дэгдэлт ихэсдэг. 6-7 сард өвчний оргил үе буюу дээд хэмжээндээ хүрдэг. Гар хөл амны өвчний илэрдэг гурван үе шат байдаг. Нууц үе: Ихэвчлэн 2-7 хоног, дунджаар 3-5 хоног. Халдвартай үе: Өвчлөлийн эхний 7 хоногт хамгийн их халдвартай, вирүс өтгөнөөр 7-н долоо хоногийн турш гадагш ялгарч болно. Хүндрэл: Ховор тохиолдолд уушигны хаван /цус алдалт, энцефалит, асептик менингит, цочмог сул саажилт, миокардит зэрэг өвчнөөр хүндэрдэг. 

-Хавар, намрын улиралд өвчний дэгдэлт ихэсдэг-

-Хүүхдийн эрүүл мэндэд ямар сөрөг нөлөө, хор хөнөөлтэй вэ?

-Ерөнхийдөө энэ өвчнөөр дархлаа сул хүүхдүүд голдуу өвчилдөг. Өвчилсөн  хойно хүүхдийн дархлааны системийг доголдуулдаг сөрөг нөлөөтэй.

-Гар хөл амны халдварт өвчнөөс хэрхэн яаж сэргийлэх вэ?

-Хамгийн түрүүнд мэдээж халдвартай хүнийг тусгаарлах нь чухал. Мөн энэ нь бохир гарын өвчин. Тиймээс хүүхдийг гараа зөв,сайн угааж сургахад онцгойлон анхаарах хэрэгтэй.

-Энэ өвчний талаар эцэг, эхчүүд хэр мэдээлэлтэй байна вэ. Бага насны хүүхдүүдтэй эцэг, эхчүүдэд хандаж зөвлөгөө өгнө үү?

-Миний бодлоор бол энэ өвчний талаарх эрүүл мэндийн боловсрол дутмаг юм шиг санагддаг. Ихэвчлэн амны мөөгөнцөр юм уу хоолойн хурц үрэвсэлтэй андуураад ирэх тохиолдол их байна. Ингэхдээ өөрсдөө дур мэдэж буруу оношилж, буруу эмчилгээг дур мэдэж хийчихээд ирдэг. Үүнээс болж өвxнөө хүндрүүлчихсэн байдаг. 

Вирусын гаралтай амны шархлаат өвчний үед

  1. Амыг арчиж цэвэрлэхгүй
  2. Антибиотик, мөөгөнцөрийн эсрэг эм хэрэглэхгүй
  3. Гэрийн нөхцөлд уламжлалт аргаар хүүхдийн дархлааг дэмжих
  4. Орчин тойрны эрүүл ахуй дэглэмийг боломжын хэрээрээ сахих
  5. Хүүхдийн агаарын солилцоог зөв хийх. Эдгээрийг өдөр тутамдаа сайтар хийж, хэрэгжүүлж хэвших хэрэгтэй. Тэгвэл гар хөл амны өвчнөөс сэргийлж чадна. 

-Ярилцсанд баярлалаа.

Д.Нэргүй

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Эмээ
Баярлалаа. Эм гэмтэх тухай мэдмээр байна.
2017/04/14 103.212.116.76
  • Recent
  • Most Read
  • Most Comment