Хүн бүр л хаврыг мөрөөдөж, мод бут гөлөглөн нахиалахыг тэсэн ядан хүлээж байгаа мэт. Цаг хугацаа гэдэг харвасан сум лугаа өнгөрдөг юм байна. Байгаль дэлхий сэргэж, өнгөө засахтай зэрэгцэн хүн бүрийн сэтгэл тэнийнэ. Арга ч үгүй биз. Хүн байгаль хүн байгаль хоёр хүйн холбоотой болохоор тэр. Хаврын улирал олон ааштай салхи шуурга нь төвөгтэй шүү гэж ярих хүмүүс бий. Гэтэл тэр сэвэлзэх салхи нь энэ ертөнцөд хавар ирж буй тод илрэл. Эрхэм уншигч та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Үдэш бүрийн энэ цаг мөчид та бүхэнд хүргэдэг “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэхэд бэлэн боллоо. Тоймоо хүлээн авна уу.
Я.Ариунболд: Украйнд саатуулагдсан монгол иргэн дипломатч биш
Өөрийгөө Австри дахь Монголын дипломат албанд ажилладаг гэж танилцуулсан Монгол Улсын иргэн бенз маркын микро автобусаар их хэмжээний хайрцагтай тамхи тээвэрлэж яваад Украйны хилчдэд энэ сарын 20-ны баригдаж, саатуулагд хэрэг гарсан юм. Тэгвэл энэ асуудлаар Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Я.Ариунболд өнөөдөр тайлбар, мэдээлэл өгчээ.
Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Я.Ариунболд: “Москва, Варшав, Вена дахь Элчин сайдын яамд Киев, Минск дэх Дипломат төлөөлөгчийн газар /ДТГ/-ын ажилтнууд бүрэн бүрэлдэхүүнээрээ нэг ч хүн дутуугүй ажиллаж буйг албан ёсоор мэдэгдье. Шалгалтын явцад манай дипломат ажилтан биш болох нь тогтоогдсон. Хууль бусаар их хэмжээний тамхи тээвэрлэж явсан автомашин ч Украин дахь Монголын дипломатын газрын автомашин биш байсан. Харин өчигдөр саатуулагдсан монгол иргэн нь Д00000949 дугаарын дипломат паспорттай Очирбатын Лхагварэнцэн гэх хүн байсныг Украйныг хавсран суугаа Варшав дахь ЭСЯ-наас мэдээлсэн” хэмээсэн юм.
БНХАУ-аас олон тооны иргэн Монгол улсын хилээр давж орж иржээ
БНХАУ-аас олон тооны иргэн Монгол улсын хилээр давж орж иржээ. Тодруулбал, өчигдөр буюу энэ сарын 20-ны өдрийн 11:00 цагийн орчимд Дорнод аймгийн Халх гол сумын ойролцоох хилийн шалган нэвтрүүлэхээр БНХАУ-ын 200 гаруй иргэн ажиллах хүчээр орж ирсэн байна. Баттай эх сурвалжийн хэлж буйгаар Монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй БНХАУ-ын хөрөнгө оруулалттай уул уурхай, газрын тос олборлолтын компанийн туслан гүйцэтгэгчээр ажиллуулахаар оруулж ирсэн хүмүүс аж.
О.Баасанхүү: Ц.Нямдорж гишүүнээ, МАХН-ын гишүүдийн бэлэглэсэн зурагтыг буцааж авъя
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар ҮХЦ-ийн дүгнэлтийг хэлэлцсэн юм. Энэ үеэр дүгнэлттэй холбоотой тогтоол гаргах ёстой гэх горимын саналыг Ц.Нямдорж гишүүн хэлсэн.Үүний дараа О.Баасанхүү гишүүн мөн горимын санал хэлэв. Тэрбээр “ Ц.Нямдорж гишүүн хуульч гэхээр ганц хуульч байдаг юм шиг ааш гаргах юм. Дандаа хүн болгоныг доромжилж байдаг. Цэц та нарынх зөв байна гээд дүгнэлт гаргасан байхад биднийг зөв байсан гэж тогтоол гаргах ёстой гээд байх юм. Ц.Нямдорж гуай та өөрөө зүгээр Ерөнхийлөгч бол. Өөрөөс нь өөр хүн байхгүй юм шиг ааш гаргаж байх юм. Ерөнхийлөгч болгоныг унахаар дандаа бөөрнөөс нь шаадаг зангаа болих хэрэгтэй. Үнэхээр хэлэх байсан юм бол эрх мэдэлтэй байхад нь хэлэхгүй яасан юм бэ. Таныг зурагтгүй байхад чинь МАХН-ын ахмад гишүүд зурагт бэлэглэсэн гэсэн. Тэр зурагтаа буцааж авъя” хэмээн хэллээ.
Хүүхдүүдээс харамласан 60 тэрбум төгрөгөөр долоон концессын нэгийг санхүүжүүлнэ
Даравч далдайна булавч бултайна. Эрх баригчдын шунал, түрэмгийлэл зан ил цагаандаа гарлаа. Төсвийн тодотголын өнгөн дээрээ шүүмжилж байгаа мэт царайлсан мэт боловч баталж орхисон. Эдийн засаг маш хүнд болохоор танахаас өөр арга байхгүй гэхчлэн муухай царайлсаар байгаад хүүхдийн мөнгө, тэтгэврийн насыг нэмж орхисон. Ичихгүй Хөдөлмөрийн сайд нь монгол хүний 65 биш 76 хүрсэн гээд л ярих жишээтэй. Айлын хүүхдийн алагчилж үзсэнээр нийт хүүхдийн 60 хувь төрийн хайр халамжийг хүртэхгүй. Ингэснээр 60 тэрбум төгрөг хэмнэсэн. Чуулган дээрээ бөөнөөр сууж байгаад эдийн засаг хүндхэн байгаа учраас концессын гэрээ байгуулахгүй аманд нь бал бурам түрхсэн мэт олны яривч ачир дээрээ хаалттай хаалганы цаана МАН-ын хэдхэн нөхөд концессын гэрээ байгуулахаар тухалсан ч шунал нь хэтийдэж булаалдан булхай нь өнөөдөр олны өмнө ил болчихлоо.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат МАК-ын Ерөнхий сайд гэдэг шинэ гуншинтай болж, Оюутолгой-Цагаан суварга чиглэлийн агаарын шугам, дэд станц төсөл”-ийн концессын гэрээг Монголын алт /МАК/ ХХК-тай гэрээ байгуулан гүйцэтгүүлэхээр зүтгэснээр хэрүүлийн алимыг шидэж тэр нь чи би нохой гахайдаа тулсан гэдэг. Энэхүү концессын төсөвт өртөг нь 78 тэрбум 752 сая төгрөг юм байна.
Энэ мэтчлэн нууцын гэрээ хийсэн долоон концессын гэрээний нэгийг санхүүжүүлэхэд нөгөө хүүхдээс хэмнэсэн тэрбум төгрөг зарцуулна
ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат “...Би нэг зүйл хэлэхгүй болохгүй юм байна. Надтай холбоотой нэг Концессын гэрээний асуудал байна. Дорноговь уруу явж байгаа 30 гаруй км замын ажлыг Концессын гэрээгээр гүйцэтгэж байгаа. Гэхдээ энэ өмнөх Засгийн газрын үед байгуулагдсан гэрээ л дээ” хэмээн хэлснээр намынхаа нөхдийн дайралтад өртөж хэрүүлийг дэврээсэн. Тус төслийн төсөвт өртөг нь 35 сая 922 мянган төгрөг.
Дараагийн ил болсон гэрээ бол 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сумын дөрвөн замын уулзвараас Нөмрөг сум хүртэлх 167 км хатуу хучилттай автозамын төсөл. Үргэлжлэлийг энд дарж уншина уу.
Ж.Оюун-Эрдэнэ: Бага насны хүүхдүүд булчингийн хөгжлийн хоцрогдолд орох эмгэг ихсэж байна
Бага насны хүүхдийн биеийн өсөлт, хөгжлийн талаар "Монголмед" эмнэлгийн хүүхдийн эмч Ж.Оюун-Эрдэнэтэй ярилцлаа.
-Хүүхдийн өсөлт хөгжлийн хоцрогдол гэж юу вэ. Тухайлбал дөрвөн настай хүүхдийн өндөр, жин хэд байвал хэвийн байх вэ?
-Манай оронд 1961 оноос эхэлж өсөлт бойжилтын судалгааг бүс нутаг, хот, хөдөө, нас, хүйсний ангиллаар хэсэгчилсэн байдлаар хэд хэд хийгдсэн байдаг. Гэхдээ Монгол орны хэмжээнд дорвитой нотолгоонд суурилсан томхон судалгаа одоогоор байхгүй байна. Хүүхдийн өсөлт бойжилтын хоцрогдол гэдэг тухайн насандаа байх ёстой хүүхдийн өндөр, жин хэвийн хэмжээнээсээ бага байхыг хэлнэ. Жишээ нь дөрвөн настай эрэгтэй хүүхдийн биеийн жин 16-19 кг, өндөр 97-107 см байна. Харин эмэгтэй хүүхдийн биеийн жин 14-19кг, өндөр нь 95-105 см байдаг байна. Энэ хэмжээнд байвал хэвийн гэж ойлгож болно.
-Нярай хүүхэд, бага насны хүүхэд хоёрын өсөлт хөгжлийн явцад ялгаа бий юу?
-Хүүхдийн бие бялдрын өсөлт нь улс орны нийгэм эдийн засгийн хөгжил, хотжилт, ахуй амьдралын нөхцөл, амьдарч буй нутаг орны онцлог зэрэг хүчин зүйлээс шалтгаалан хувьсах шинжтэй байдаг. Мөн удамшлаар нөхцөлдөн тухайн үндэстний биологийн онцлог, нөхөн үржихүй, хүн ам зүйн байдлыг харуулах чухал үзүүлэлт болдог. Бага насны хүүхэд гэдэг бол 0-5 насны хүүхдүүд. Харин нярай хүүхэд гэдэг бол 0-28 хоногтой хүүхдийг хэлдэг. Нярайн хүүхдийн эрүүл мэнд, өсөлт бойжилт нь ураг байх үеийнх нь эрүүл мэндийн байдал буюу эхийн эрүүл мэндийн байдлаас шууд хамааралтай байдаг. Нярай үеэс цааш эхийн асаргаа сувилгаа, асран хамгаалагчдын сувилж, бойжуулах арга аргачлал, гадаад орчин, амьдралын хэв маяг цаашилбал ахуй амьдралын нөхцөл байдал, нутаг орны онцлог, цаг уур зэргээс ихээхэн хамааралтай болж эхэлдэг. Мэдээж аль ч насны хүүхдийн эрүүл мэндийн нөхцөл байдалд удамшил нөлөөлдөг.
-Хүүхдүүд өсөлт, хөгжлийн хоцрогдолд ороод байгаа шалтгаан. Түүнд нөлөөлж буй хүчин зүйлс?
-Хүүхдүүдийн биеийн өсөлт хөгжлийн хоцрогдолын шалтгааныг эмгэг болон эмгэг бус гэж ангилж үздэг. Эмгэг бус буюу нөлөөлөх хүчин зүйл нь хоол тэжээлийн дутагдал аминдэм, эрдсийн дутагдал, хоололтын бэрхшээл зэрэг орно. Үүнээс гадна эрүүл мэндийн боловсрол дутмаг, хайр халамж дутах, ядуурал, сэтгэл зүйн таагүй байдал, орчны таагүй нөлөө, цаг уур, орон гэрийн тав тухгүй байдал. Харин эмгэг шалтгаанд. Үргэлжлэлийг энд дарж уншина уу.
АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүмүүсийн нэр тодорхой боллоо
АН-ын дарга С.Эрдэнэд Ерөнхийлөгчийн сунгаанд өрсөлдөх хүсэлтэй долоон горилогч бүртгүүлжээ. Ирэх Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд АН-ыг төлөөлж Р.Амаржаргал, Н.Алтанхуяг, Х.Баттулга, Э.Бат-Үүл, Д.Дорлигжав, Л.Болд, Б.Жаргалсайхан нарын долоон горилогчийн нэг нь нэр дэвшин, өрсөлдөхөөр бүртгүүлсэн байна. Хамгийн өндөр санал авсан гурван нэр дэвшигчээ намынхаа VIII Их хурлаар оруулж, гишүүдийнхээ саналыг хураах зарчмаар эцсийн байдлаар тодруулах юм байна. Эдгээр хүмүүсээс хамгийн нэр цэвэр хүмүүсээр Л.Болд,Р.Амаржаргал нар нэрлэгдэж байна. Р.Амаржаргал мэдлэг, намба ноён нуруутайн хувьд ч тэр, боломжийн. Гэхдээ нөгөө талд Х.Баттулга гишүүдийнхээ дунд нэр хүнд сайтай санал хуваах магадлал маш өндөр. Нэр дэвшихээ мэдэгдээд байгаа эдгээр хүмүүс намдаа нөлөөтэй, фракцийн хүрээлэлтэй, нэр хүндийн хувьд ч харьцангуй тэгш. Хэн нь тодрохыг хэн ч таашгүй.
Ямартай ч АН-аас эдгээр эрхмүүдийн нэг нь Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нь тодорхой болж байна. УИХ-ын гишүүн Р.Амаржаргалын хувьд АН-ын нэр цэвэр гишүүдийн нэг. Чадварлаг эдийн засагч, улстөрийн манлайлагч гэх түүний эерэг чанарууд нь зөрүүд, үл тоомсорлогч, харилцааны ялгаатай хандлага гэх мэт “ярвагар” шинж чанартаа бараг дарагддаг нэгэн. Түүний хувьд Монгол-Германы хамтарсан “Про капитал” судалгааны төвөөс Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр бүхий улстөрчдийн рейтингийн судалгаагаар хамгийн олон санал авсан. Түүнээс харахад АН-аас Р.Амаржаргал Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдвөл нэлээд санал авах магадлал өндөр.
Дараагийн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх магадлалтай эрхэм бол УИХ-ын гишүүн асан Н.Алтанхуяг. Түүний хувьд улстөрийн рейтингээрээ шилдэг арван улс төрчдийн нэгд зүй ёсоор багтаж байгаа. Н.Алтанхуягийг “Алтангадас”-ынхан тэр чигтээ дэмжиж байгаа бөгөөд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ нэлээд эртнээс мэдэгдээд байгаа билээ. Түүний хувьд өнгөрсөн арваннэгдүгээр сарын 06-нд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдгээ албан ёсоор зарлаж, "Шударга ёсыг тогтоохын тулд Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшинэ. Шударга бус байдал хэрээс хэтэрч байгаа тул гэнэт ийм шийдвэр гаргахад хүргэлээ" хэмээн мэдэгдэж байсан билээ. Үргэлжлэлийг энд дарж уншина уу.
Эхнэрээ заазуурдаж хөнөөсөн Өргөнталыг шүүх хурал хойшиллоо
Өнгөрсөн 2016 оны арванхоёрдугаар сарын 31-нд Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд оршин суух Хятад улсын иргэн Өргөнтал нь эхнэрээ зээ дүүгийнх нь хамт заазуурдаж хөнөөсөн хэрэг гарсан билээ. Мөн 13 настай дагавар хүүгийнхээ гарыг заазуураар цохиж хүнд гэмтээсэн юм. Түүнд хамаарах хэргийн шүүх хурал Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 11.00 цагт эхэлсэн ч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч биеийн байдал муу ирээгүй тул ийнхүү ирэх сарын 08-ны өдөр хүртэл хойшлуулсан байна. Хоёр хүний аминд хүрсэн Хятад улсын иргэн Өргөнталыг шүүх хурал хойшилжээ.
Түүнд прокурорын байгууллагаас Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 91.2.2.танхайн сэдэлтээр, 91.2.6.өөр гэмт хэргийг нуун далдлах буюу хялбарчлах зорилгоор, 91.2.12.онц харгис хэрцгий аргаар, 91.2.15.хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж, 91.2.16. хоёр буюу түүнээс олон хүнийг санаатай алсан хэрэгт буруутгаж, яллах дүгнэлт үйлдээд буй. Хэрэв тэрээр гэм буруутай нь тогтоогдвол 15-25 жилээр хорих ялаар шийтгүүлэх юм.
Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны ЗДТГ-т гал гарчээ
Хөвсгөл аймгийн Алаг-эрдэнэ сумын Хатгал тосгоны Засаг даргын тамгын газарт гал гарчээ. Галын улмаас тус тосгоны Засаг даргын тамгын газар шатсан байна. Галын шалтгааныг одоогоор тогтоогүй байгаа аж.
Эх сурвалжтийн хэлж буйгаар өчигдөр 06.00 цагийн орчимд аймгийн Онцгой байдлын хэлтэст галын дуудлага ирсэн. Энэ дагуу тус аймгийн Аврах, гал унтраах 27 дугаар ангийн 13 албан хаагч хоёр машинтай гарч, нутгийн 75 хүнтэй нийлж галыг бүрэн унтраасан байна.