8o
Улаанбаатар хот
mobile menu

АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд горилогчдын хэн нь хэн бэ

2017-04-24 09:23:00

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх зургадугаар сарын 26-нд болно. Энэ удаагийн сонгуульд МАН, АН, МАХН гэсэн гурван нам нэр дэвшигчээ сойх эрхтэй. Тэгвэл эхнээсээ горилогчид тодорч эхэлсэн төдийгүй, битүүхэн сурталчилгаагаа эхэлсэн сурагтай. Горилогчдыг эцсийн байдлаар ирэх сарын 02-ны өдөр албан ёсоор Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлэх ёстой. Хугацаа тулсан ч гэсэн Ерөнхийлөгчийн сонгуулийн чимээнээр нэр дэвших сонирхолтой горилогч олширсоор байна. Энэ удаад Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ зарласан хэд хэдэн хүн бий. Тодруулбал, Н.Алтанхуяг, Д.Дорлигжав, Э.Бат-Үүл, Б.Батбаяр /Баабар/, Р.Амаржаргал, Г.Батхүү, Х.Баттулга, Л.Болд, Б.Жаргалсайхан нар битүүхэндээ өрсөлдөөд эхэлсэн. Хамгийн өндөр санал авсан гурван нэр дэвшигчээ намынхаа VIII Их хурлаар оруулж, гишүүдийнхээ саналыг хураах зарчмаар эцсийн байдлаар тодруулна.  Эдгээр хүмүүсээс хамгийн нэр цэвэр хүмүүсээр Л.Болд,Р.Амаржаргал нар нэрлэгдэж байна. Р.Амаржаргал мэдлэгтэй,  ноён нуруутай нэгэн. Нөгөө талд Х.Баттулга гишүүдийнхээ дунд нэр хүнд сайтай санал хуваах магадлал маш өндөр. Нэр дэвшихээ мэдэгдээд байгаа эдгээр хүмүүс намдаа нөлөөтэй, фракцийн  хүрээлэлтэй, нэр хүндийн хувьд ч харьцангуй тэгш. Сунгаанд хүссэн улстөрч бүр оролцох боломжтой ч тэднээс нийт гишүүний саналаар нэг л нэр дэвшигч тодорно.  Хэн нь тодрохыг хэн ч таашгүй байна. Ингээд Ардчилсан намаас  Ерөнхийлөгчийн сонгуульд горилогчдын талаар мэдээлэл хүргэе. 


Олон саад бэрхшээлийг туулсан Н.Алтанхуяг


Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг 1958 оны 1 сарын 20-нд Увс аймгийн Улаангом хотод төрсөн. МУИС-ыг физикч мэргэжлээр төгсөж, тэндээ багшилж байгаад 1996 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон, 1998 онд Монгол улсын Хөдөө Аж Ахуй, Үйлдвэрийн сайдаар томилогдон ажиллаж эхэлсэн. Монголын улс төрд 21 жил ажиллаж байгаа туршлагатай улс төрч. 2012 оны Улсын Их Хурлын сонгуульд түүний удирдсан Ардчилсан Нам амжилттай оролцож, хамгийн олон суудал авснаар тэрээр наймдугаар сарын 9-нд ерөнхий сайдаар томилогдож Шинэчлэлийн засгийн газрыг байгуулан ажилласан. 2014 оны 11-р сарын 5-ны өдрийн УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Н.Алтанхуягийг үүрэгт ажлаас нь огцруулсан билээ. Түүний хувьд Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайдаар сонгогдон ажиллаж байсан. Н.Алтанхуяг өнгөрсөн оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдгээ албан ёсоор зарлаж байсан. Тэрээр "Шударга ёсыг тогтоохын тулд Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшинэ. Шударга бус байдал хэрээс хэтэрч байгаа тул гэнэт ийм шийдвэр гаргахад хүргэлээ" хэмээн мэдэгдэж байсан. Учир нь түүний хувьд өнгөрсөн жил хоёр ч удаа сүр дуулиантай АТГ-т дуудагдаж мэдүүлэг өгсөн. Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүх болон бусад хүнд Засгийн газраас хэрэгжүүлж байсан “Нүүрс” хөтөлбөрийн хөрөнгийг завшиж, үрэгдүүлсэн гэсэн үндэслэлээр буруутгаж ял авсан. 
Уг хэрэгтэй холбоотойгоор хамгийн сүүлд Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуягаас АТГ-ын мөрдөн байцаагч мэдүүлэг авсан. 2016 он түүний хувьд маш хүнд жил байсан. Н.Алтанхуяг болон түүний гэргий Э.Сэлэнгэ төдийгүй бага дүү Н.Наранцэцэгт хилийн хориг тавьж, хорих 461 дүгээр ангид нэлээдгүй хугацаанд хорьсон. Гэр бүлийн гишүүдийг хорьсоны дараагаар тэрбээр мэдээлэл хийх үеэр "Цөөн хэдэн хүмүүс Монголын хамаг баялгийг сорчлоод, Тавантолгой, Оюутолгой, Эрдэнэт зэрэг том ордуудыг атгаад байна гэж хэлснээс хойш ийм үйл явдлууд ар араасаа цуварч байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон тэдний бүлэглэл их амь тавьж байх шиг байна. Үүний нэг илрэл нь цөөн хэдэн хоногийн дотор 2-3 эмэгтэй хүнийг шоронд хийлээ. Намайг эртхэн шиг дуудаж авчраад байцаачихгүй, заавал ойр дотны хүмүүсийг минь шорон гяндангаар тарчлааж байгаа явдлыг болих хэрэгтэй. Тэр хүмүүсийг гаргаад намайг шоронд хий. Би шоронд орсон ч эх орныхоо төлөө, энэ бүхний эсрэг тэмцсээр байх болно. Ц.Элбэгдорж бид хоёр цуг ардчиллын төлөө тэмцсэн. Ц.Элбэгдоржийн үгэнд заавал орох ёстой, үгүй бол шоронд орно гэсэн ардчиллын төлөө би тэмцээгүй" гэсэн юм. Түүний хувьд улстөрийн рейтингээрээ  шилдэг арван улс төрчдийн нэгд зүй ёсоор багтаж байна.  Түүнийг нэр дэвшинэ гэдгээ илэрхийлснээс хойш хэвлэлээр багагүй баалж, АТГ-т хүртэл байцаагдаж байв. Гэсэн ч тэр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших бодлоосоо ухраагүй байгаа гэнэ. 

С.Зоригийн хэрэг ба Э.Бат-Үүл


С.Зоригийн хэрэгт шалгагдаж, үс, цусны шинжилгээ хүртэл өгч байсан Э.Бат-Үүл нэр дэвшихээ мэдэгдээд байгаа. Тэрбээр намынхаа цагаан сарынхаа золголтын үеэр энэ шийдвэрээ дуулгаж байсан. Түүний мэдэгдлийн талаар намын нөхөд нь цахим хуудсаараа дамжуулан "Энэ сайхан өдөр морин цагт Э.Бат-Үүл баатар маань АН дахь МУ-ын Ерөнхийлөгчийн сунгаанд албан ёсоор өрсөлдөхөө илэрхийлж байна" хэмээн олон нийтэд мэдээлж байсан. Э.Бат-Үүлийн хувьд өнгөрсөн жил С.Зоригийн хэрэг сэжиглэгдэн шинжилгээ хүртэл өгч нэлээд дуулиан дэгдээсэн. Гэвч тун удахгүй С.Зоригийн хэрэг нам чимээгүй болсон. Үүний дарга түүний хүү Б.Чулуудайн оффшор данс илэрч бас нэлээдгүй шуугиан дэгдээсэн. Энэ бүхний дараагаар Э.Бат-Үүл Нийслэлийн АН-аа удирдаж УИХ-ын ээлжит сонгуульд өрсөлдсөн ч өвдөг шороодсон. Тэрбээр жилийн өмнө   “Намайг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших гэж байна гээд сандарч мэгдээд байгаа хүмүүст хандаж нэг зүйлийг хэлье. Би нэр дэвшихгүй ээ. Метроныхоо түлхүүрийг гардаж авна аа. Гэр хорооллынхоо иргэдийг сайхан амьдралтай болгоно оо. С.Баяр нэг удаа “Би мөчир болгон дээр суудаг болжмор биш ээ” гэж. Би бас тийм болжмор биш” хэмээн хэлж байсан удаатай. Харин нэг жилийн дараа түүний үг, үзэл бодол өөрчлөгдөж Ерөнхийлөгчийн сунгаанд өрсөлдөх гэж байна

Дуулианы эзэн Х.Баттулга горилж байна 

Дараагийн эрхэм бол УИХ-ын гишүүн асан Х.Баттулга. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай ямар байр суурьтай байгаагаа илэрхийлэлгүй, удтал  шийрэгнэсэн УИХ-ын гишүүн асан, Монголын Ардчилсан Холбооны дарга Х.Баттулга  Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эсэхийг шийдэх АН-ын сунгаанд оролцохоор болсон байна. Зураач, тамирчин, наймаачин хийж явсан Женко Х.Баттулга 1990 оны зах зээлийн давалгаанаас хамгийн их хожсон хүн. Өнөөдөр түүний мэдэлд Оросын хөрөнгөөр монголчуудын бий болгосон Талх чихэр, Баянгол зочид буудал, Мах импекс зэрэг томоохон үйлдвэр аж ахуйн нэгжүүд бий. Хувийн хэвшилд ажилладаг хүмүүс нь цалин бага амьдралд хүрэлцэхгүй байна гэж хичнээн хашгирсан ч Х.Баттулга шиг баян хүн монголд бараг байхгүй, Түүний хөрөнгө жил ирэх тусам нэмэгдсээр. Зарим хүмүүс түүнийг "Эх оронч" гэдэг. Тэгвэл ганц үнэн гэвэл  Х.Баттулга мөн л төмөр замын хэргээр шалгагдаж байгаа. Мөн “Шинэ төмөр зам” төслийн шугамаар “Самсунг компанийн дансанд орсон мөнгөний 70 орчим хувь нь Монголын нэр бүхий хувь хүмүүсийн данс руу эргэн орсон асуудлыг баримтаар нотолсон хэрэг гарсан. Хамгийн сонирхолтой нь энэ хэрэгт Интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа “Либерти партнерс”-ийн захирал Ч.Ганбат, “МТЗ” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяа нараас гадна тухайн үед ЗТБХБ-ын сайдаар ажиллаж байсан Х.Баттулга, болон түүний анхны эхнэр Ц.Энхтуяа, МоАХ-ын болон хожим нь “МТЗ” ТӨХК-ийн санхүүг барьж байсан, Эрүүл мэндийн дэд сайд Т.Болдбаатарын охин Б.Мөнхзул / нарын нэр дээр сэжигтэй гүйлгээ хийсэн эсэхэд хууль хяналтынхан хяналт тавьж ажиллаж байсан. Өнгөрсөн жил Х.Баттулгыг Баянгол зочид буудлын ажлын өрөөндөө байхад АТГ бүр дуулиантай нэгжлэг хийж байсныг уншигч та бүхэн санаж байгаа биз ээ. Товчхондоо иймэрхүү нэгэн намтартай Халтмаагийн хүү нэр дэвшихээр горилж байна. 

Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр бүхий улстөрчдийн рейтингийн судалгаагаар хамгийн олон санал авсан Р.Амаржаргал 


УИХ-ын гишүүн Р.Амаржаргалын хувьд АН-ын нэр цэвэр гишүүдийн нэг. Монголын Улс төрд 25 жил хүчин зүтгэж байгаа.  Чадварлаг эдийн засагч, улстөрийн манлайлагч гэх түүний эерэг чанарууд нь зөрүүд, үл тоомсорлогч, харилцааны ялгаатай хандлага гэх мэт “ярвагар” шинж чанартаа бараг дарагддаг нэгэн. Түүний хувьд Монгол-Германы хамтарсан “Про капитал” судалгааны төвөөс Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр бүхий улстөрчдийн рейтингийн судалгаагаар хамгийн олон санал авсан. Түүнээс харахад АН-аас Р.Амаржаргал Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдвөл нэлээд санал авах магадлал өндөр. 


Сэтгэлийнхээ дуудлагаар Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр болсон Д.Дорлигжав


Ардчиллын анхдагчийн нэг Д.Дорлигжав өнгөрсөн сонгуулиар намынхаа штабыг хэсэг зуур удирдаж ажилласан. Түүний  хувьд сэтгэлийнхээ дуудлагаар Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ мэдэгдсэн билээ. Д.Дорлигжав 2015 онд дөрвөн сая ам.долларын хэрэг нэр нь дуулдаж байсан. Тухайн үед  дөрвөн сая ам.долларын төлбөрийн баримтыг Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин өөрийн твиттер хуудастаа гарган тавьж, "Хуулийн нэр, хуулийн байгууллагын сүр хүчээр баялаг бүтээгчдийг дээрэмдэх авилгын хэмжээ" гэж бичиж байсан. Гэхдээ уг хэргийг АТГ шалгаад авилга, албан тушаалын гэмт хэргийн шинж чанартай үйлдэл байхгүй байна гэсэн дүгнэлт гаргаж байсан. Ингээд Хууль зүйн сайд асан Д.Дорлигжавын сунгаанд хэрхэн оролцохыг түүний чин сэтгэл мэднэ. Д.Дорлигжавын хувьд ардчилсан чиг баримжаатай таван нам нэгдэж, өнөөгийн Ардчилсан намыг байгуулахад даргаар нь ажиллаж байсан нэгэн. 


Нийтлэлч Баабар өрсөлдөнө 


Нийтлэлч Баабар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд өрсөлдөх хүсэлтэй байгаа гэдгээ зарласан. "Би Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлж байна" нэртэй энэ оны 4 сарын 7-нд бичсэн нийтлэлдээ тэрээр: "...Хэдийгээр намайг дээрэмчдийн толгойлогчид хавчин гадуурхаж, нэр төрөөр минь оролдож, алив шатны сонгуулиас шахан зайлуулж байгаа ч гэсэн би Ардчилсан Намын ууган гишүүн, аль ч сонгуульд нэрээ дэвшүүлэх эрхтэй бодгаль. Би ямар ч бүлэглэлд хамаарч байгаагүй төдийгүй тэднийг жигшиж аль болох зай барьж явсаар өдий хүрлээ.... Манай ард түмний ихэнхи нь намайг таних болов уу? гэж найдаж байна. Иймээс аль нэг улс төрийн хүчинг төлөөлж Ерөнхийлөгчид нэр дэвшин сунгаа явуулахад өөрийгөө тэргүүлж чадна гэж итгэж байна.....Мэдээж би Ерөнхийлөгчөөр сонгогдвол хэдхэн жилийн дотор улс орноо бүрэн эмхэлж эрүүл саруул болгож хүчрэхгүй нь ойлгомжтой. Гэхдээ энэхүү том эрх мэдлээр дамжуулан төрийн гол багана болсон улс төрийн намуудыг мафийн гараас салгаж дөнгөнө...Би төрийг байх ёстой газар нь тавихын төлөө байна. Та нар дэмжвэл чадна..." гэж бичжээ. 

БНН-аас урвагч Буянгийн Жаргалсайхан 

АН-д  элсээд удаагүй байгаа БНН-ын дарга асан, "Буян" компаний захирал Б.Жаргалсайхан 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшихээр горилж байна.  Б.Жаргалсайханы хувьд  АН-ын даргаар сонгогдсон С.Эрдэнийн штабын ойрын хүн, санхүүгийн дэмжлэг үзүүлэгчдийн гол хүн байсан гэдэг. Түүний хувьд хэдхэн сарын өмнө өөрийн үүсгэн байгуулсан БНН-аа орхиж, АН-ын шинэхэн гишүүн болоод байгаа. УИХ сонгуульд намаа удирдан оролцсон ч гэсэн өвдөг шороодсон тэрбээр бүр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр горилж байна. 

Хөрөнгө, мөнгөтэй бизнесмэн Г.Батхүү нэр дэвшихээр горилж байна. 


Дараагийн хүн бол УИХ-ын гишүүн асан Г.Батхүү. Г.Батхүүгийн хувьд хөрөнгө, мөнгөтэй бизнесмэн. “Алтангадас” фракцын томоохон төлөөлөл байсан тэр гэнэтхэн л фракцаасаа гарч МоАН санаачилга байгуулснаа мэдэгдсэн. Түүний хувьд өнгөрсөн УИХ-ын сонгуулиар нийслэлийн Хан-Уул дүүрэгт нэр дэвшээд ялагдсан. Өмнөх Ерөнхийлөгчийн сонгуулиар буюу 2009 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр АН-ын “цуваа 6”-гийн нэг байсан ч өөрийн хүсэлтээр нэрээ татаж байсан удаатай. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ochir
byan jagaa deer,busad ni awah yum alga
2017/04/26 202.9.42.109
Иргэн
Нэр цэвэр Амаржаргал нь тохирох байх даа. Бас өөрийнхөөрөө байж чаддаг, бусдыг дуурайж дагадаггүй, эдийн шуналгүй
2017/04/24 202.9.42.157
Zochin
n.Dorligjav deer de .
2017/04/24 122.201.21.155
  • Recent
  • Most Read
  • Most Comment