8o
Улаанбаатар хот
mobile menu

Хумхаа өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ

2017-04-25 13:55:52

Хумхаа өвчин нь эгэл биет шимэгчээр үүсгэгддэг, цочмог халдварт өвчин. Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын 2015 оны мэдээгээр 90 гаруй улс оронд хумхаа өвчнийг дамжуулагч шумуул тархсан байдаг  ба дэлхийн хүн амын тэн хагас нь хумхаагийн эрсдэлт нутагт амьдарч байна.

Манай оронд хумхаа өвчний байгалийн голомт тэмдэглэгдээгүй ч Орхон, Туул, Онон, Балж, Улз, Хэрлэн, Халх голын сав нутагт хумхаагийн халдвар дамжуулагч A.Maculipennis, A.hyrcanis шумуул тархсан байдаг. Дэлхийд 2016 онд 212 сая хүн өвчилж, 429 000 нас баралт бүртгэгдсэн бол манай оронд хумхаагийн хүний өвчлөл тасралтгүй бүртгэгдэх болсон. 2009-2016 онд хумхаагийн хүний өвчний 11 тохиолдол бүртгэгдэжээ.

Халдварт бүх насны хүмүүс өртөж өвчилнө. Өвчний нууц үеийн хугацаа нь үүсгэгчийн төрлөөс хамаарч 7-25 хоног байна.

Өвчтөн даарч чичрэх, гэнэт халуурах, хөлрөх шинж тэмдэг дараалан явагддаг ба энэ шинж тэмдэг 1-ээс 3 өдрийн мөчлөгтэйгээр давтагдан үргэлжилдэг өвөрмөц онцлогтой. Үүнээс гадна толгой өвдөх, элэг, дэлүү томрох, арьс салст шарлах, цус багадах шинж тэмдэг илэрнэ.

Хүний биед хумхаагийн үүсгэгч 1.5 -3 жил хүртэл хадгалагдаж чаддаг учраас өвчин дахиж болдог. Иймд хумхаагаар өвчлөгсдөд дахин хумхаа өвчний шинж тэмдэг илэрвэл эмнэлгийн байгууллагад яаралтай хандаж оношилгоо эмчилгээнд орох нь  нэн чухал.

Эмчлэгдээгүй болон дутуу эмчлэгдсэн өвчтөн зарим тохиолдолд хумхаагийн плазмоди тээгч болж, улмаар хумхаагийн халдварын эх уурхай болдог байна. Иймд хумхаа өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний чухал хэсэг нь хумхааг үр дүнтэй төгс эмчлэх явдал  юм.

Урьдчилан сэргийлэх:

  • Хумхаа өвчний голомтот бүс нутагт зорчих, аялах, албан томилолтоор явахдаа уг өвчний талаар эмнэлгийн байгууллагаас мэдээлэл заавар зөвлөлгөө авах;
  • Хумхаатай бүс нутагт зорчихдоо хумхаагийн шимэгч дарангуйлах эмийг хэрэглэх буюу нөөцлөх, голомттой бүс нутгагт зорчихоос 7 хоногийн өмнөөс хлороквин фосфатыг 500 мг-аар эсвэл мефлоквиныг 250 мг-аар 7 хоногт 1 удаа уух бөгөөд 4-өөс 6 долоо хоногийн турш эмчилгээг үргэлжлэн хийх нь хумхаагийн халдварт өртөхөөс сэргийлнэ;
  • Шумуулд хазуулахаас сэргийлж, урт ханцуйтай хувцас өмсөх, шумуул үргээгч бодисыг хэрэглэх, орон байрны хаалга, цонх, орондоо шумуулаас хамгаалах тор татах;
  • Шумуул үржих нөхцөлийг таслан зогсоож, усны савыг тагтай байлгах;

Өвчний дээрх шинж тэмдэг илэрсэн үед харьяа эрүүл мэндийн байгууллалагад хандах хэрэгтэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл