8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: БЗХӨ тараавал хуулийн хариуцлага тооцох тухай хэлэлцэж, 29 дүгээр сургуулийн захирал Б.Батсайхан шуугиан тарьсан өдөр

2017-04-25 18:40:00

Хаврын дэггүйхэн салхи хацар илбэсэн өдрийн мэндийг эрхэм уншигч та бүхэндээ хүргэе. Мөн энэ 7 хоногт төлөвлөсөн ажилд нь амжилт хүсье. Үдэш бүрийн энэ цаг мөчид та бүхэнтэй учран золгодог тоймоо хүргэхэд бэлэн боллоо. Өнөөдөр нийгэм, улс төрийн амьдрал болж өрнөсөн үйл явдлыг “Монголын нэг өдөр” тоймлов.

Траншейны нүхэнд гурван настай хүүхэд унаж нас баржээ

Дархан-Уул аймгийн Дархан суманд нэгэн эмгэнэлтэй явдал болжээ. Траншейны тагийг хаагаагүй орхисноос болж бага насны хүүхэд унаж эндсэн байна. Энэхүү дуудлага энэ сарын 23-ны өдрийн 23:15 цагт тус аймгийн ОБЕГ-т иржээ. Энэхүү траншейн нь тус сумын Х багт байрлах 4-2-р байрны өмнө байдаг аж.

Дуудлагын дагуу Гал унтраах, аврах 22 дугаар ангийн дөрвөн албан хаагч гурван настай охины цогцсыг траншейны нүхнээс гарган, хэргийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.

Бэлгийн замын халдварт өвчин тараавал хуулийн хариуцлага тооцно

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийг хэлэлцлээ. Хуралдааны үеэр бэлгийн замын халдварт өвчинтэй холбоотой асуудал дээр гишүүд байр сууриа илэрхийллээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Оюундарь хэлэхдээ "Бэлгийн замын халдварт өвчний тархалт нэмэгдэж байна. Гэтэл хүмүүс оношлуулж, эмчлүүлэхгүй явсаар эрчүүд нь цэрэг татлагын үеэр, эмэгтэйчүүд нь жирэмсний хяналтад орох үеэр илэрч байна. Тиймээс бэлгийн замын халдварт өвчнөө эмчлүүлэхгүй явах, бусдад тараахыг зөрчилд тооцох саналтай байна" гэв. Үүний хариуд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр “Эрүүгийн хуулийн төслийн 15.6 дугаар зүйлд бусдын эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй халдварт өвчин, дархлал хомсдол вирус халдаахыг гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан. Өөрөөр хэлбэл Н.Оюундарь гишүүний ярьж байгаа асуудал бол Эрүүгийн хууль тогтоомжоор зохицуулагдсан харилцаа” гэв.

29 дүгээр сургуулийн багш, ажилчид жагсана

29 дүгээр сургуулийн асуудал шуугиан тарьж байгаа энэ үед тус сургуулийн багш ажилчид өнөөдөр жагсаал хийхээр болжээ. Сар гаруй өмнө тус сургуулийн сурагчид багш нарыгаа дохионы хэлээр хичээлээ заалгахыг шаардсан билээ. Ингэхдээ ахлах ангийн нэгэн сурагч сургууль дотор нь болдог бусармаг зүйлийг илчилсэн ярилцлага өгсөн. Улмаар багш, ажилчид нь үүнийг эсэргүүцэж хэвлэлийн хурал хийлгэж, БСШУЯ-наас ажлын хэсэг гарч энэ асуудлыг шалгасан ч тус сургуульд “бэлгийн хүчирхийлэл байхгүй” хэмээн үзсэн. Хэдийгээр холбогдох яам болон сургуулийн удирдлагууд ийнхүү ямар ч бусармаг зүйл байхгүй хэмээн үзэж байгаа ч сурагчид нь удаа дараа дарамт, шахалт, гадуурхалт байдаг гэдгийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарласаар байгаа юм.

Л.Эрдэнэ: Монголчуудын сул талыг олон улс тодорхойлж, түүнийгээ бидний эсрэг ашиглаж байхыг үгүйсгэхгүй

Монголчуудын дутагдалтай сул  талыг олон улс тодорхойлж гаргаж иржээ. Монгол хүн гэж хэнийг хэлэх вэ, Зөв монгол хүн хэрхэн бий болгох талаар Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын яамны харьяа олон улсын хөтөлбөрийн сургалттай ШИНЭ ЭХЛЭЛ лаборатори сургуулийн захирал Л.Эрдэнэтэй ярилцлаа.  

-Нэгд хүн байх, хоёрдугаарт монгол хүн байх. Энэ хоёрыг бага байхад нь ойлгуулж, ухамсарт нь суулгаж өгөх нь хамгийн чухал-

-“Зөв монгол хүн” Зөв монгол хүүхэд” хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн судалгааны  үр дүнд 27 дадал, чадварыг тодорхойлж гаргаж ирсэн гэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү ?

-Монгол Улсын Засгийн газар болон Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны яам /БСШУЯ/-наас хэрэгжүүлж байсан “Зөв монгол хүүхэд” хөтөлбөрийн хүрээнд судалгааны ажил хийсэн. Энэхүү судалгааны үр дүнг харж байхад маш олон санаа гарч ирж байсан. Үүний нэг нь монгол хүний эзэмших 9 есөөр гурамсалсан 27 шинж чанар, чадварыг гаргаж ирсэн. Нэг үгээр хэлбэл зөв монгол хүнээс илэрч байх шинж чанар, дадал хэвшил. 9-н багц 27 нь дадал, чадварыг нэг бүрчлэн ярих юм бол маш их хэмжээнийг цаг орно. Тиймээс энгийн зүйлээс нь чухалчилж ганц, нэгийг онцолж энд ярьяа. Энэ бүгдийг шүлэглэж, мөр холбосон хэлбэрээр бичсэн байдаг. “Үндэсний бичиг нь босоо, Үүрдийн бахархал нь Монгол” гэх мэтээр бичсэн. Үндэсний бичиг нь босоо гэдэг энэ өгүүлбэрийн цаана Уйгаржин Монгол бичгийг зайлшгүй хэрэглэх, өдөр тутмын хэрэглээндээ нэвтрүүлэх шаардлагатай гэсэн утга, агуулга, санаа явж байгаа юм. Харин “Үүрдийн бахархал нь Монгол”. Хүн бахархах зүйлтэй байж цааш нь хөглөгдөж, дэвшиж байдаг. Өнөөдөр яагаад Еврей хүн, Еврей үндэстэн дэлхийн шилдгүүд болж байна. Нобелийн шагнал хүртсэн хүмүүсийн ихэнх нь Еврэйчүүд байдаг. Учир нь Еврей эмэгтэй Еврей хүн тээж, төрүүлэх, өсгөх хүмүүжүүлэх ёстой гэдгийг гэр бүлийн суурь хүмүүжлээр бий болгож өгсөнд л оршдог. Мөн сургуулийн орчин буюу бага ангид нь суурь боловсорлоор нь дамжуулан ухамсарлуулж, ойлгуулсан байдаг. Эндээс тухайн хүүхэд эх  орныхоо  төлөө хүлээсэн үүрэг гэдгийг ухамсарлачихсан байдаг. Тиймээс өнөөдөр Монгол хүн, монгол үндэстэн хүчирхэг, зөв байхын тулд Монгол гэсэн бахархалыг бий болгох шаардлагатай гэсэн санааг энэ өгүүлбэрээр гаргаж ирэхийг зорьж, эрмэлзсэн.

Дээр дурдсан 27 дадал, чадвараас аль болох олныг өөртөө шингээж, тусгаж авсан, түүнийгээ бусдад үлгэрлэж нийгэмд эсрэг үзэл, бодлыг бий монгол хүнийг зөв монгол хүн гэж хэлэхэд илүү ойртох болов уу.

-Зөв монгол хүн гэж ямар хүнийг хэлэх вэ?

-Хүн байх  нэг ёсондоо хоёр категориас бүрддэг. Нэгд хүн байх, хоёрдугаарт монгол хүн байх. Энэ хоёрыг бага байхад нь ойлгуулж, ухамсарт нь суулгаж өгөх нь хамгийн чухал. Еврейчүүд, Япон улс үүнийг нэн тэргүүнд тавьж эрхэмлэдэг учраас Еврей хүн, Япон хүн дэлхийн шилдгүүд болдог. Гэтэл манай улс үүнийг тэр бүр ойлгодоггүй.  Дээр дурдсан 27 дадал, чадвараас аль болох олныг өөртөө шингээж, тусгаж авсан, түүнийгээ бусдад үлгэрлэж нийгэмд эсрэг үзэл, бодлыг бий монгол хүнийг зөв монгол хүн гэж хэлэхэд илүү ойртох болов уу. Өнөөдөр бид гаднах үзэмжээ алдаад байна уу, дотоод мөн чанараа алдаад байна уу гэдгийг харах хэрэгтэй байна. Бид монгол хүнд байх, эрхэмлэж явах энэхүү дадал, чадварыг ухамсарлаж, шингээж авч чадахгүй бол Монгол гэдэг үндэстэн аль нэг улсын мэдэлд орох, эрлийзжэх, магадгүй үндэстэн дотроо цус ойртож уусч алга болоход ойртсон байна. Ингэхээр монгол хүн, Монгол үндэстэн гэсэн дархлаа үгүй болно. Энэ дархлаагаа авч үлдэхэд дээрх 27 дадал, чадвар ихээхэн чухал үүрэгтэй, ач холбогдолтой байна.

-Гадны олон улс Монголчуудын төрөлх зан чанарыг судалж гаргаж ирээд бидний сул тал болгож ашиглаж ирсэн гэж та сая ярилаа. Энэ талаар мэдээлэл өгнө үү?. Үргэлжлэлийг энд дарж уншина уу 

Улс төрийн гурав дахь хүчин хөзрөө дэлгэж эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх зургадугаар сарын 26-нд болно. Энэ удаагийн сонгуульд МАН, АН, МАХН гэсэн гурван нам нэр дэвшигчээ сойх эрхтэй. Тэгвэл эхнээсээ горилогчид тодорч эхэлсэн төдийгүй, битүүхэн сурталчилгаагаа эхлүүлээд байгаа.  Горилогчдыг эцсийн байдлаар ирэх сарын 02-ны өдөр албан ёсоор Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлэх ёстой. Хугацаа тулсан ч гэсэн Ерөнхийлөгчийн сонгуулийн чимээнээр нэр дэвших сонирхолтой горилогч олширсоор байна. Энэ удаад Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ зарласан хэд хэдэн хүн бий. Тодруулбал, Н.Алтанхуяг, Д.Дорлигжав, Э.Бат-Үүл, Б.Батбаяр /Баабар/, Р.Амаржаргал, Г.Батхүү, Х.Баттулга, Л.Болд, Б.Жаргалсайхан нар битүүхэндээ өрсөлдөөд эхэлсэн. Харин эрх баригч МАН-аас нэр дэвшигчээ одоохондоо ярилцаагүй байгаа бөгөөд өчигдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн асуудлаар болон сонгуулийн санхүүжилт босгох асуудлаар хэлэлцсэн байна.

Харин гурав дахь хүчин болох МАХН эхнээсээ хөзрөө дэлгээд эхэллээ. МАХН-аас О.Баасанхүү гишүүн ганцаараа Эрдэнэтчүүдийн итгэлийг хүлээн гарч ирсэн ч  тойргийнхоо иргэдийг сэтгэгдэлийг гонсойлгоод авлаа. Учир нь О.Баасанхүү гишүүн өчигдөр Төрийн ордонд суулт зарлаж багагүй эсэргүүцэл илэрхийлээд байлаа. Түүнийг УИХ-ын Тамгын газраас өрөөгөө суллаж өг гэсэн шаардлага тавьсан байна. Учир нь УИХ-ын гишүүдийн өрөө солигдож байгаа учраас талаар өмнө УИХ-ын гишүүн О.Баасанхүүд албан бичиг явуулж,  шаардлага тавьсан байна. Гэвч тэрбээр тус шийдвэрийг эсэргүүцэж, УИХ-ын дарга М.Энхболдын үүдэнд, улаан буйдантай корридорт суухаар болжээ. УИХ-ын дарга ажилдаа ирэхдээ намайг хараад туслахаа гэж бодно уу, нарийн бичгээ гэж харна уу, өөрөө мэдэг хэмээн улс төржив. О.Баасанхүү гишүүн өөрийн ажлаа мартаж, улстөржиж эхлэв.   Бүр сүүлдээ төв талбай дээр гэр барьж албан тасалгааныхаа нээлтийг хийнэ хэмээн сүржигнэв. Түүний энэ арга ядсан үйлдэл нь МАХН амьд, хүчтэй өрсөлдөгч гэдгээ харуулахыг хүссэн бололтой. Харин ч түүний үйлдэл арга ядаж бусдын анхаарлыг татах гэсэн башир арга байсан бололтой. Гэсэн ч түүнийг буруутгах аргагүй юм. Түүний хувьд алтнаас үнэтэй ганц суудлыг олж ирсэн гавъяатай нэгэн. Энэ үйл явдалтай зэрэгцээд МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд горилогчид эхнээсээ тодорч эхэллээ. Үргэлжлэлийг энд дарж уншина уу. 

Сураггүй болсон хүү цагийн ажил хийж байжээ

Сонгинохайрхан дүүргийн 105 дугаар сургуулийн есдүгээр ангийн сурагч Д энэ сарын 15-нд гэрээсээ гараад ор сураггүй алга болсон ч хүү /2017.04.20/ эсэн мэнд олдсон. “Сураггүй алга болсон хүүг нийтийн байранд хорьж байжээ” гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр тархсан.

Хүү гэртээ гар утасгүй бол харихгүй гэж шийдээд Сонсголонд ачаа тээш буулгадаг газарт очиж цагийн ажил хийж, оройдоо 7-н буудалд байрлах найз Б-ийн гэр, нийтийн байранд хонодог байсан аж.Тиймээс хүү ямар нэгэн байдлаар хэн нэгэнд хулгайлагдсан болон хоригдож байсан асуудал тогтоогдоогүй байна. 

ЦУОШГ: Энэ долоо хоногт 20 хэм хүртэл дулаарна

Өнөөдрөөс эхлэн ихэнх нутгаар цаг агаар дулаарна гэж Цаг, уур орчны шинжилгээний газраас мэдээллээ. Тодруулбал, өнөөдөр Улаанбаатар хотод 10 хэмийн дулаан бол маргааш 13 хэмийн дулаантай байх нь. Харин баасан гарагт буюу энэ сарын 28-ны өдөр 20 хэм дулаан байна.

Гэхдээ өнөөдөр баруун аймгуудын нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орж, салхи шуургатай, сэрүүхэн байна гэж Цаг, уур орчны шинжилгээний газраас мэдээлэв.

Х.Нямбаатар: Бусдын амгалан тайван байдлыг алдагдуулвал баривчилна

Хуульзүйн байнгын хорооны хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авлаа. Гишүүдийн асуулт хариултыг хүргэж байна.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Мансуурсан үед нь баривчилна гэж байна. Тэгвэл хоёр пиво уучихаад мансуурсан явж болно. Айраг уучихаад мансуурч болно. Ингээд аж ахуй нэгжүүдээр очиж, хэл ам татна. Наанадаж дэлгүүрт оочер дугаар зөрчинө. Энэ бүхэнд баривчлаад байх уу. Шүүхэээс гадуур цагдаагийн дур зоргоор баривчлаад байж болохгүй. Шийтгэх торгуулиар нь үлдээвэл ямар вэ?. Хүний эрхэнд халдаж болохгүй  гэдгийг анхаарууллаа.Х.Нямбаатараа чи  их баривчлах дуртай хүн бэ?

 УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: Танхайрах гэсэн зөрчлийг бид бүтэн өдөржин хэлэлцсэн. Согтуурах, танхайрах, зүй бусаар бие авч явах зөрчлийг бүгдийг багтаасан байгаа. Олон улсын конвенциор танхайрсан тохиолдолд хорих нь хориотой. Бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан тохиолдолд баривчлахаар оруулсан. УДШ үүнд тайлбараа гаргасан. 

ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт: Хууль санаачилсан төслөөр нь явчихвал олон нийтэд илүүтэй хүрэх байх. Олон нийтийн дарааллын журам зөрчсөн, хэрүүл маргаан үүсгэсэн тохиолдолд гээд тодорхой зааж өгсөн. Үүний цаана нэг хүний эрх нөгөө хүний эрхээ хязгаарлагддаг. Хүний эрх зөрчихгүй бол хүний эрхэнд халдахгүй. Тиймээс баривчлах төслөөр нь үлдээх нь зөв гэсэн юм.

Харин Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд “Баривчлах заалт унаж, торгох заалт үлдэж байна гэв.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Мөрийтэй тоглох гэдгийг Эрүүгийн хуулиас авсан нь танай намд мөрийтэй тоглодог хүн маш олон байгаа учраас хэргээр авч л дээ. Одоо тэгээд гэртээ тоглох юм байна л даа.

Улсын дээд шүүхийн чинь тайлбар Эрүүгийн хуульд оруулсан заалтаар гаргасан тайлбар. Батлаагүй хуульд Улсын дээд шүүхийн тайлбар гэж байдаггүй юм гэв.

“Бэлэг их өгөхийг БЭЛГИЙН ДАРАМТ гэж ойлгоод байгаа юм”

Өнгөрсөн сараас эхлээд  29 дүгээр сургуулийн асуудал олны анхаарлыг татаж, БСШУЯ-аас хүртэл ажлын хэсэг томилогдон тус сургууль очиж ажилласан билээ. Тус сургуулийн сурагчид хичээлээ ойлгохгүй мөн багш нар бэлгийн дарамт үзүүлдэг талаараа хэвлэлд ярилцлага өгсөн нь нэлээд шуугиан тарьсан. Өчигдөр “Ийгл Ньюс” телевизийн “Эрэн сурвалжлагч” нэвтрүүлгийн ээлжит дугаараар 29 дүгээр сургуулийн сурагчдад тулгамдаад буй асуудлыг хөндөн гаргасан байна. Тус нэвтрүүлгийн үеэр 29 дүгээр сургуулийн захирал Б.Батсайхан нэвтрүүлгийн үеэр "Тэд чинь /29-дүгээр сургуулийн сурагчид/ бэлэг их өгөхийг бэлгийн дарамт гэж ойлгоод байгаа юм. Хүүхдүүдийг зодсон гэх нэр бүхий багш нарт сануулах арга хэмжээ авсан” хэмээсэн хэлсэн байна. Эрхэм захирлын хэлж буйгаар бол багш нар бэлгийн дарамт үзүүлдэггүй харин ч дарамт болох хэмжээний их бэлэг өгдөг болов. Тус сургуулийн гураваас дээш хүүхэд бэлгийн дарамтад өртөж байсан тухайгаа ярьсан байхад тус сургуулийн захирал багш нар харин ч өөрсдийгөө өмөөрсөн тайлбар хийж байгаа нь үнэндээ инээдтэй харагдаж байна. Хэдийгээр тус хүүхдүүд төрөлхийн сонсголгүй ч гэсэн бэлэг өгөх, бэлгийн дарамт гэдгийг ойлгох ухаантайгаа байгаа шүү, эрхэм захирлаа.  

Троллейбусны жолооч осол гаргаад зугтжээ

Өчигдөр шөнө буюу  2017 оны 04 дүгээр сарын 24 өдрийн 20.30 цагт 6491 УБД дугаартай 2-007 номертой троллейбус осол гаргажээ. Ингэхдээ "Хүнсний-20"-ын замын эсрэг талын нүхэн гарцны хажуу талыг мөргөн зугсан байна. Зам хөдөлгөөний камераар хянадаг гэдгийг нийтийн тээврийн жолооч мартсан бололтой.Тэр дундаа төв зам дагуу алхам тутамд камерын хяналттай байдаг билээ. 

Гадаадын таван банк Монголд үйл ажиллагаа явуулах хүсэлтэй байна

Герман, Швейцари, Япон, Хятад, Орос улсуудын банкууд Монголд үйл ажиллагаа явуулах хүсэлт ирүүлсэн байна. Тодруулбал, БНХАУ-ын "Bank of China", ХБНГУ-ын "Deutsche bank", АНУ-ын "Goldman Sachs" банкууд Монголд үйл ажиллагаа явуулах хүсэлт илүүлсэн байна. Тус хүсэлтийг Сангийн яам судлаж үзээд Монголбанктай зөвшилцөхөөр болсон аж.

Банкны тухай хуулиар гаднын банк манай улсад үйл ажиллагаа явуулахын тулд дор хаяж нэг жилийн дотор төлөөлөгчийн газраа ажиллуулах ёстой. Эхнээсээ Монголд төлөөлөгчийн газраа байгуулсан байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл