8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Генерал цол бий болсон түүхэн өдөр тохиож, "Мэн Гао" нэртэй цемент авахгүй байхыг анхаарууллаа

2017-04-28 18:40:00

Ажлын өдрүүд дуусаж, амралтын өдрүүд эхлэж байна. Ойрын хэдэн өдөр цаг агаар тогтнуун дулаахан байна гэж УЦОШГ-аас мэдээллэж байна. Даваа гарагийн өглөө амарсан биш харин ч илүү ядарчихсан босч ирдэг үе бидэнд олон тохиолддог. Дахиад 2 өдрийн амралт хэрэгтэй юм шиг санагдах үе ч гардаг. Долоо хоногийн эхний өдрийг эрч хүчтэйгээр эхлэж байхын тулд амралтын өдрүүдээр юу хийх ёстой вэ?.Юуны түрүүнд бодлоо чөлөөл. Ажлын талаарх бодлоос өөрийнгөө түр ч гэсэн чөлөөлж сурах хэрэгтэй. Энэ нь огт өөр, цоо шинэ мэдээлэл хүлээн авах боломжийг өөртөө гаргаж өгөх хамгийн шилдэг арга.
Энэ үед л өдөр тутмын ажилтай үед чинь огт орж ирээд байдаггүй цоо шинэ санаа гарч ирдэг. Ажлын өдрүүдэд бид хэт завгүй байдаг. Ямар нэг ажил дуусгахаар махран сууж байх үед, ажлын явцын талаарх мэдээ, мэдээллээр бөмбөгдүүлж байх үед бидний анхаарал тэр л зүйлүүдэд чиглэгдсэн байдаг. Тийм учраас та бүхэн дутуу үлдсэн ажлаа ажил дээрээ үлдээгээд хайртай дотны бүх хүнтэйгээ сайхан амраарай. Харин одоо та бүхэндээ өнөөдрийн шинэ бүхнээр дүүрэн Монголын нэг өдөр тоймоо хүргэж байна. 
Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа

АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд горилогч Э.Бат-Үүл өмнөх амлалтаа биелүүлсэн үү

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, ирэх тавдугаар сарын 3-нд Бага хурлаа хийхээр товложээ. Бага хурал нь 310 гишүүний бүрэлдэхүүнтэй. Өнгөрсөн хугацаанд хэнийг Ерөнхийлөгчид дэвшүүлбэл ялалт байгуулах боломжтой талаар тус нам судалгаа хийжээ.
Ирэх сарын 3-нд хийх бага хурлаараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах аж. Тиймээс судалгаанд үндэслэсэн нэр дэвшигчээ Бага хурлаар оруулж, шийдэх юм. Харин сөрөг хүчин АН-ын хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх сонирхолтой хэд хэдэн горилогч бий. Тодруулбал, Н.Алтанхуяг, Д.Дорлигжав, Э.Бат-Үүл, Б.Батбаяр /Баабар/, Р.Амаржаргал, Г.Батхүү, Х.Баттулга, Л.Болд, Б.Жаргалсайхан нар битүүхэндээ өрсөлдөөд эхэлсэн. АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд горилогч эдгээр эрхмүүдээс энэ удаад зөвхөн Э.Бат-Үүлийг онцолж, түүний талаар мэдээлэл хүргэе. 


ЭРДЭНИЙН БАТ-ҮҮЛ ГЭЖ ХЭН БЭ

Монголын уран зохиолд өөрийн гэсэн орон зайтай зохиолч Сэнгийн Эрдэнийнд 1957 оны долдугаар сарын 01-нд Э.Бат-Үүл мэндэлсэн.  Тэрбээр энэ жил 60 нас хүрч байна. Улс төр судлаач, Физикч, физикийн багш мэргэжилтэй. 1975-1981 онуудад Монгол Улсын Их сургуулийг төгссөн. 1989-1990 оны ардчиллын тэргүүн эгнээнд явсан Э.Бат-Үүл монголын улс төрд 28 жил чанагджээ. Тэрбээр улс төрийн ажил хийсээр 2000-2004, 2008-2012 оны УИХ-д нийт найман жил суусан. Түүний эхнэрийг Б.Дэлгэртуяа гэдэг. Э.Бат-Үүлийнх гурван хүүхэдтэй.
Тэрбээр 1981-1982 онд Барилгын техник мэргэжлийн сургуульд багшаар ажиллаж байгаад, 1982-1985 онд өөрийн хүсэлтээр Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 10 жилийн дунд сургуульд багшаар томилогдон ажиллаж байсан. 1985-1989 онд Шинжлэх ухааны академид эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байлаа. Ийнхүү академид ажиллаж байхдаа 1988 оноос Шинэ Үе хэмээх нууц бүлгэмийг байгуулж ардчилсан үзэл санааг түгээх зорилготой ухуулах хуудас нааж эхэлснээр улс төрийн амьдралын гараагаа эхлүүлсэн түүхтэй. Одоогоос 7 жилийн өмнө Ардчилсан хувьсгал заавал ганц ч болтугай баатартай байх ёстой хэмээсээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж анд найз Үүлдээ Монгол Улсын баатар цол олгож олны нүдийг орой дээр нь гаргаж байсан.  Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Д.Ганболор: Насанд хүрсэн хүн хоногт 200 гр жимс хэрэглэх ёстой

Манай орон цаг агаарын эрс тэс уур амьсгалтай учраас өвлийн улиралд аль болох илчлэг өндөртэй, амин дэмтэй хоол хүнс хэрэглэхийг эмч, мэргэжилтнүүд онцолдог. Үүнтэй зэрэгцүүлэн жимс, жимсгэний хэрэглээ ч ордог. Гэтэл манай улсын хүн амын дийлэнх хувь нь жимсийг зохих хэмжээнээс бага хэрэглэдэггүй гэсэн судалгааны дүн гарчээ. Тэгвэл жимсний хэрэглээний талаар Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн Хоол судлалын албаны Эрдэм шинжилгээний ажилтан Д.Ганболортой ярилцлаа. 

-Жимс, жимсгэнэ нь бие махбодын эсэргүүцлийг сайжруулахад чухал нөлөө үзүүлдэг-

 -Манай улсын хүн амын жимсний хэрэглээг гаргаж, судалсан судалгаа бий юу?

-2013 онд ЭМСЯ, НЭМХ-гээс ДЭМБ-тай хамтран явуулсан Халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын шаталсан судалгаагаар 15-64 насны хүн амын дийлэнх буюу 96.4 хувь нь нь жимс, ногоог хоногт таван хэрэглэдэг гэсэн судалгаа гарсан байдаг. Энэ нь ДЭМБ-ын зөвлөмж хэмжээнээс бага тоо. Тэгэхээр манай улсын хүн ам жимс, ногоо бага хэрэглэдэг нь харагдаж байгаа юм. 

-Жимс, жимсгэнэ хэрэглэхийн ач тус. Эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөх вэ?

Тухайлбал киви нь кальц, төмөр, кали, С амндэм,  нохойн хошуу ,гадил жимс А, С амндэм, тарвас маш олон төрлийн амндэм, эрдэс агуулж байдаг.  Тиймээс жимс тогтмол хэрэглэж хэвших юм бол эдгээр амин дэм, эрдэс бодисуудыг байнга авч байна гэж ойлголж болно.

-Жимс, жимсгэнэ нь бие махбодын эсэргүүцлийг сайжруулахад чухал нөлөө үзүүлдэг. Үүнээс гадна бие организмын өсөлт хөгжилд шаардагдах аминдэм, эрдэс бодисоор баялаг ба нүүрс усыг ихээр агуулдаг. Жимс, жимсгэнэ нь түргэн хугацаанд боловсрон шингэж, хоол боловсруулах үйл ажиллагааг идэвхжүүлдэг. Мөн жимс, жимсгэнэ нь С болон бусад аминдэм, эрдэс бодис, эслэг, нүүрс ус зэрэг тэжээлийн бодисын эх үүсвэр болдог. Тэгэхээр хүний эрүүл мэндэд чухал нөлөөтэй. Түүнчлэн эрүүл мэндэд эерэг ач холбогдолтой. Жимснээс амин дэм, эрдэс бодисууд тус бүрдээ өөр өөрийн үүрэгтэй бөгөөд тодорхой хэмжээгээр хүний биед шаардагатай байдаг. Жимс бүр тодорхой хэмжээний эрдэс бодис, амин дэмийг агуулдаг. Тухайлбал киви нь кальц, төмөр, кали, С амндэм,  нохойн хошуу ,гадил жимс А, С амндэм, тарвас маш олон төрлийн амндэм, эрдэс агуулж байдаг.  Тиймээс жимс тогтмол хэрэглэж хэвших юм бол эдгээр амин дэм, эрдэс бодисуудыг байнга авч байна гэж ойлголж болно. Хүний бие махбодын хэвийн үйл ажиллагааг зохицуулах, хүч чадлыг нэмэгдүүлэх, эрүүл чийрэг өсөж хөгжихөд жимс, жимсгэнэ нэн чухал.  Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү

18 шатахуун түгээх станцын цахилгааныг хязгаарлаж, торгожээ

НМХГ шатахуун түгээх станц, шингэрүүлсэн шатдаг хийгээр автомашин цэнэглэдэг станцуудад шалгалт хийжээ. Шалгалтын үеэр Юнигаз ХХК, Тэс петролиум ХХК, Синчи ойл ХХК, НЕС ХХК, Евро ойл ХХК, Шунхлай трейдинг ХХК-ийн нийт 22 автомашин хийгээр цэнэглэх станц нь ШТС-ын талбай дээр байрлан үйл ажиллагаа явуулж байгаа нь аюултай байдлыг үүсгэж байгаа аж. Горгаз ХХК, Дашваанжил ХХК-иуд дангаараа буюу өөрийн эзэмшлийн талбай дээр автомашин хийгээр цэнэглэх станц суурилуулсан байжээ.

Шалгалтанд хамрагдсан 32.5 хувь нь улсын комиссоор байнгын ашиглалтанд хүлээлгэж өгөөгүй автомашин хийгээр цэнэглэх станц байршуулан шингэрүүлсэн шатдаг хий худалдаалах үйл ажиллагаа явуулж байсан зөрчил илэрсэн байна. Зөрчил гаргасан 13 газар байгаагаас Горгаз ХХК-ийн тав , Тэс петролиум ХХК-ийн дөрөв, Дашваанжил ХХК-ийн гурав, Синчи ойл ХХК-ийн нэг обьект байгаа аж.

Тиймээс цахилгаан хангамжийг хязгаарлаж, таван сая төгрөгийн торгуулийн арга хэмжээг авчээ. Түүнчлэн Петростар ХХК-ийн нэг, Содмонгол групп ХХК-ийн хоёр, М ойл групп ХХК-ийн хоёр, нийт таван шатахуун түгээх станцыг улсын комисст хүлээлгэж өгөөгүйгээр үйл ажиллагаа явуулж байсныг цахилгааныг нь хязгаарлаж, торгуулийн арга хэмжээ авчээ.

"Мэн Гао" нэртэй цемент авахгүй байхыг анхаарууллаа

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын шалгалтаар "Мэн Гао" үйлдвэрийн цементийн сав баглаа боодлыг ашиглан цементийн орц найрлагад өөрчлөлт оруулж савлан худалдаалж байсныг илрүүлжээ.Цементээс дээж авч барилгын сорилын дүнгийн итгэмжлэгдсэн лабораторид шинжилгээ хийж үзэхэд барьцалдах шинж чанарын хувьд чанарын шаардлага хангахгүй гарсан байна.

Орц найрлагад ямар бүтээгдэхүүн хольсон тухай шинжилгээний хариу одоогоор гараагүй бөгөөд ард иргэд барилгын материал худалдан авахдаа хуурамч бүтээгдэхүүн худалдан авахаас сэргийлж, хаяг шошго, дагалдах баримт бичгийг сайтар үзэж авахыг зөвлөж байна.

Эрдэнэтээс Оросуудыг хөөн гаргаснаар дипломат харилцаанд сэв суулгана

Эрдэнэт үйлдвэрийн захирлаар ажиллаад хагас жил ч болоогүй Х.Бадамсүрэн хэвлэлийнхэнд мэдээлэл хийхдээ нэгэн ноцтой асуудлыг хөндлөө. Тэрээр ирэх оны нэгдүгээр сарын 1 гэхэд орос мэргэжилтнүүдээ нутаг буцаахаар шийджээ. Дөч шахам жил хамтарсан үйлдвэрийн статустай ажиллахдаа бүхэл бүтэн хот байгуулж өгсөн оросын ард түмнийг одоо “үндэсний компани болсон” гэх шалгаанаар цүнхийг нь бариулаад галт тэргэнд суулгах гэж байна. Үндэсний компани болж, монголчуудаа ажлын байраар хангах нь зайлшгүй боловч, 49 хувийг худалдан авсан гэрээний зөрчлөөс болж хоёр улсын харилцаа хүйтэрсэн энэ үед ийм хариуцлагагүй мэдэгдэл хийсэн нь шүүмжлэл дагуулж байна. Тэрээр зөвхөн хэвлэлийнхэнд таалагдах ганцхан зорилгоор дипломат харилцаанд маш том ухралт болохуйц мэдэгдэл хийж байгаагаа ч анзаарсангүй. ОХУ том гүрний хувьд “бойжуулж” өндийлгөсөн улсаа чимээгүй ажиглаж байгаад, эдийн засаг болоод улстөрийн асуудлаар “чангахан чимхэхэд” л Монгол тэр аяараа дайвалзаад ирэх нь үнэн.

Чөлөөт хэвлэлийг чөдөрлөхийг санаархаж байна

Ц.ГАРАМЖАВ ГИШҮҮНИЙ ХУВИЙН КОМПАНИ ХӨГЖЛИЙН БАНКНААС ЗЭЭЛ АВСАН ГЭВЭЛ ГҮТГЭСЭН БОЛОХ БОЛОВ УУ

УИХ-ын чуулганы хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Уг хуулийн төслийн 6.21 дүгээр зүйлийн Гүтгэх хэсэгт “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, эсхүл мэдээллийн хэрэгсэл, нийтийн сүлжээгээр тараасан бол хүнийг 10 сая, байгууллагыг 100 сая төгрөгөөр торгох” заалтыг нэмэх санал Ц.Гарамжав гишүүн гаргасан нь нэлээд шуугиан тарив. Уг заалтыг Монголын нийт хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд эсэргүүцэж,  Ц.Гарамжав гишүүн саналаа эгүүлэн татсан. Ер нь УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын  санаагаар бол шударга үнэний төлөө ажилласан сэтгүүлчдийн амыг 10-100 саяар хаана гэнэ.

Жишээ нь , Хөгжлийн банкнаас 17 компани зээл авсан. Түүний нэг нь УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын “Монполимет компани. Тус компани нь зээлийн эргэн төлөлтийн хугацааг хойшлуулсан, хоёр удаа хугацаа сунгасан, зээлийн хорооны дүгнэлтгүй зээл авсан нь  илэрсэн. Судалгаагүй зээл олгосны төлөө Хөгжлийн банкны залуучууд шалгагдаж байгаа. Бодит үнэнийг ингэж бичвэл хүн гүтгэсэн болох болов уу.  

Мөн үүнээс гадна 2016 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдөр Засгийн газрын  тогтоолоор УИХ-ын гишүүн Ц.Гарамжав 4 тэрбум төгрөгийн татвараас чөлөөлөгдсөн тогтоол ил болсон.Тодруулбал Засгийн газрын 201 тоот “Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг хугацааг сунгах, зөвшөөрөл олгох, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай” тогтоолын дагуу “Монцемент билдинг материалс” ХХК 710 ажилчныг 2017 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл хугацаанд ажлын байрны төлбөрөөс чөлөөлөхөөр болсон. Энэ мэт үргэжлэх Ц.Гарамжав гишүүний таагүй мэдээлэл дуусахгүй. 

Сэтгүүл  зүйн үндсэн зарчмуудын  хамгийн  чу¬хал зүйл нь үнэн, бодит  байдал. Бид үнэнийг гуй¬вуулалтгүй мэдээлэх үү¬рэг¬тэй. Сэтгүүлчид бид энэ л зарчимаа баримталж, шударга үнэний дуу хоолой болж байгаа. Гэтэл бидний энэ эрхийг 10-100 саяар торгож эрх чөлөөг хэмжих хатуу  журам тогтоохыг оролдов.

Ер нь УИХ-ын гишүүд бодит  шүүмжлэлийг гүтгэлэг гэж хүлээж авдаг бололтой. Видео, зургаар баталгаажсан шүүмжлэл өрнөж байхад “намайг гүтгэлээ”  тэс хөндлөн тайлбар хийж өөрсдийгөө зөвтгөдөг. Хэдхэн хоногийн өмнө хариуцлагагүй үг хэлсэнийхээ төлөө Японы сайд огцорлоо. Харин манай төрийн түшээд салбараа мэдэхгүй, ёс зүйгүй үйлдэл гаргадаг. Үүнийг  шүүмжилсэн сэтгүүлчдийг  ёс зүйгүй, удаа дараа гүтгэдэг гэж хэлдэг нь нууц биш. Дэлгэрэнгүй мэдээллий энд дарж үзнэ үү. 

Эрдэнэт үйлдвэр удахгүй Өмнөд Африкийн мэдэлд шилжинэ

“Эрдэнэт” үйлдвэрийн төрийн эзэмшилд “байсан” 51 хувийг гадны банкинд барьцаалж зээл авсан тухай асуудал огт байхгүй гэж удаа дараа мэдэгдэж байсан Хууль зүй байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, “Эрдэнэт”-ийн ТУЗ-ийн дарга У.Бямбасүрэн нар худлаа ярьж байсан нь батлагдлаа. “Жастын” гэх тодотголтой Ш.Батхүү “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг Өмнөд Африкийн “Стандарт” банкинд барьцаалж 140 сая ам.долларын зээл авсан тухай мэдээлэл 2013 онд ил болсон. Харин энэ асуудлыг Лондонгийн арбитрын шүүхээр эдгээр өдрүүдэд хэлэлцэж байгаа нь нэгэнт тодорхой болоод байна. Харин төрийн төлөөллийг хэрэгжүүлж байгаа эрхмүүд хэнийг өмгөөлөх гэж, хэнээс юу нуух гэж олон нийтэд жишим ч үгүй удаа дараа худал хэлснийг би таашгүй. Ямартай ч, нэхэмжлэгч тал болох “Стандарт” банкны хохирлыг Монголын засгийн газар барагдуулах санхүүгийн чадамжгүй гэж үзэж байгаа учраас барьцаанд байгаа хөрөнгийг хураах магадлал өндөр байгаа юм байна. Ингэсэн тохиолдол сүүлийн 30 гаруй жил “Монгол-Оросын хамтарсан үйлдвэр” гэх статустайгаар ажиллаж ирсэн “Эрдэнэт” үйлдвэр “Монгол-Өмнөд Африкийн хамтарсан үйлдвэр” болно гэсэн үг. Эрх баригчид яаравчлан хувийн хэвшлийн эзэмшилд байсан 49 хувийг булаан авсны учир энд тайлагдаж байна. Төрийн эзэмшилд байсан 51 хувиа гадны банкны барьцаанд тавьж туучихаад ард түмэн мэдэхээс өмнө 49 хувийг төрийн эзэмшил рүү шилжүүлсэн байх нь. Тэд ард түмнээс яг юуг нуугаад байна? Үүнд хэн хариуцлага хүлээх вэ? “Эрдэнэт”-ийн 49 хувийг хувийн хэвшлээс дээрэмдэж авангуутаа 2000 хүнийг намын томилгоогоор зүтгүүлэх гэж байсан бол одоо арбитрын шүүхэд ялагдсаны дараа Африкаас 2000 ажилчин бөөнөөр ирэх сураг байна. Яагаад гэвэл тэд 51%-ийн хууль өсны өмчлөгчид болох цаг ойрхон болжээ. Монголчууд дотроо хэмлэлдсээр гадны зууш болдог нь дахин амьдрал дээр батлагдаж байна.

Бүх аймаг, дүүргийн эмнэлгүүдэд эрэгтэйчүүдийн тасаг нээнэ

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2021 он гэхэд эрэгтэйчүүдэд тусгайлсан тусламж, үйлчилгээ үзүүлдэг эрүүл мэндийн тасаг, кабинет бүх аймаг, дүүрэгт бий болгох тухай тусгажээ.

Хөтөлбөрийг 2017-2021 онд хэрэгжүүлэх бөгөөд жендэрийн мэдрэмжтэй бодлого, төлөвлөлт нэвтрүүлэх, жендэрийн эрх тэгш байдлын талаарх нийтэд тогтсон хэвшмэл ойлголтыг арилгахад чиглэсэн цогц арга хэмжээ авах хуулийн хэрэгжилтийг хангах, нийгэм, соёл, гэр бүл, эдийн засаг, улс төрийн хүрээнд жендэрийн тэгш байдлыг хангахаар зорьж байна.

2021 он гэхэд:

- Хөдөлмөрийн мөлжлөг, ялгаварлан гадуурхалтаас сэргийлэх тухай асуудлыг хөдөлмөрийн дотоод журамдаа тусгасан байгууллага, аж ахуйн нэгжийн тоо нэмэгдэнэ,

- Олон болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй, бага орлоготой өрх толгойлсон эцэг, эхийн амьжиргааг дээшлүүлэх жендэрийн мэдрэмжтэй бодлоготой болно,

- Жендэрийн сургалтад хамрагдсан удирдах ажилтан, төрийн албан хаагч 50 хувиар нэмэгдэнэ,

- Жендэрт суурилсан хүчирхийлэлд өртсөн хохирогчийг хамгаалах нэгж бүх аймаг, дүүрэгт ажиллана,

- Дүрэмдээ улс төр, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн суудлын квотыг 30 хувиас доошгүйгээр тогтоосон намын тоо нэмэгдэнэ,

- УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-д нэр дэвших эмэгтэйчүүдийн квот 30 хувиас доошгүй байх эрх зүйн орчин бүрдэнэ зэрэг үр дүн гарна гэж тооцоолж байна.

Хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сайд Ц.Номтойбаярт даалгасан бөгөөд шаардагдах хөрөнгийг жил бүрийн Үндсэн чиглэл, улс, орон нутгийн төсөвт тусгаж, олон улсын байгууллагын зээл, тусламжид хамруулж байх гэнэ.

Монгол Улсад генерал цол бий болсны 73 жилийн ойн өдөр тохиож байна

Одоогоос 73 жилийн өмнө буюу 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр БНМАУ-ын Ардын сайд нарын Зөвлөлийн тогтоолоор  цэргийн гарамгай 11 зүтгэлтэнд генерал хэмээх цэргийн дээд цол олгосон түүхтэй билээ.

Тиймээс жил бүрийн энэ өдрийг “Генералуудын өдөр” болгон тэмдэглэж, алтан мөрдэстэй генералууддаа тусгай чиг үүрэгтэй байгууллагууд ээлжлэн хүндэтгэл үзүүлдэг уламжлал тогтсон.

Монгол Улсын хэмжээнд зэвсэгт хүчин, цагдаа, онцгой байдал, тагнуул, хилийн цэрэг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх зэрэг хүчний байгууллагууд энэ өдрийг ээлжлэн зохион байгуулдаг.

Генерал цолтонд хүндэтгэл үзүүлэх энэ жилийн арга хэмжээг Тагнуулын ерөнхий газраас зохион байгуулах юм.

Онцгой байдлын байгууллагаас хурандаа генерал С.Равдан, хошууч генерал Ч.Мижид, хошууч генерал Э.Цэрэндорж, хошууч генерал Д.Лхагвасүрэн, дэслэгч генерал Ч.Түмэндэмбэрэл, хошууч генерал Г.Махбариад, О.Отгонжаргал, хошууч генерал П.Сүндэв, хошууч генерал П.Даш, хошууч генерал Л.Гарамжил, хошууч генерал  О.Үржин, бригадын генерал Т.Бадрал, бригадын генерал Г.Ариунбуян нарын алтан мөрдөст генерал цолтнууд төрөн гарсан билээ.

Монгол Улсад генерал цол бий болсны түүхт 73 жилийн ойг тохиолдуулан Онцгой байдлын байгууллагын нийт бие бүрэлдэхүүний өмнөөс алтан мөрдөст генералууддаа болон тэдний гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд нь  эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе


 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment