8o
Улаанбаатар хот
mobile menu

Г.Энхсаруул: Нярай хүүхдийн шарлалт удаж хүндрэх нь тархи гэмтээх сөрөг нөлөөтэй

2017-05-01 08:20:00

Сүүлийн үед манай улсад нярай хүүхдийн шарлалт удаан хугацаагаар үргэлжилж, эцэг эх, асран хамгаалагчдын сэтгэл зовоосон асуудлуудын нэг болоод байгаа аж. Тиймээс энэ удаагийн эрүүл мэнд, зөвлөгөө булангаараас нярайн шарлалтын талаар Глобалмед эмнэлэгийн Хүүхэд, нярайн их эмч Г.Энхсаруултай ярилцлаа.   

-Нярай хүүхдийн шарлалт гэж юу? Заавал шарлалт байх ёстой юу?

-Нярай хүүхдийн арьс салст шарлахыг нярайн шарлалт гэнэ. Энэ нь төрсөн хүүхэд болгонд явагдах эрүүл эмгэгийн зааг байдал үеийн физиологийн шарлалт юм. Гүйцэд нярайн 75 хувьд, дутуу нярайн 80 хувьд амьдралын эхний долоо хоногт нүдэнд харагдахуйц шарлалт илэрдэг. Шарлалт нь улаан эсийн задралын бүтээгдэхүүн болох билирубины төвшин цусанд ихэссэнтэй холбоотой үүсдэг.  

-Шарлалтын хэвийн нь хэд хоногтоо арилах вэ. Биеийн аль хэсэг нь илүү шарлалт явагдах вэ?

-Шарлалтыг эрүүл ба эмгэг шарлалт гэж хоёр ангилдаг. Эрүүл буюу физиологийн шарлалт нь амьдралын эхний 2-3 хоногтойгоос эхлээд гүйцэд нярайд 7-10 хоног, дутуу нярайд 14 хоног үргэлжилдэг. Биеийн дээрээс эхлэн доош чиглэлтэй нүд, нүүр, их бие, хэвлий, гар, хөл шарладаг. Арилахдаа эсрэгээр дороос дээш чиглэлтэй хөлийн улнаас эхлэн бүдгэрч арилах ба хамгийн сүүлд нүд нүүрний шар арилна. Эцэг эхчүүд хүүхдийн нүд нүүрний шар арилаагүй байна гэж их санаа зовж байн байн эмнэлэгт ханддаг. Гэвч энэ нь билирубины цусан дахь аюултай хэмжээнд хүрэхүйц биш байдаг. Харин хүүхдийн алга, хөлийн ул шар байх нь илүү аюултай учраас ирж үзүүлэх ёстой. 

Гүйцэд нярайн 75 хувьд, дутуу нярайн 80 хувьд амьдралын эхний долоо хоногт нүдэнд харагдахуйц шарлалт илэрдэг.

-Хүндэрсэн үедээ шарлалт хэр удаан үргэлжилдэг вэ. Сөрөг нөлөө юу байдаг вэ?   

-Алга, хөлийн ул шар байх нь илүү аюултай учраас ирж үзүүлэх ёстой-

-Дээрх физиологийн хугацаанаас буюу 14 хоногоос дээш хугацаагаар үргэлжлэх, алга, хөлийн ул шар байх, мөн шарлалт буурч байгаад дахин ихсэх зэрэг нь шарлалт хүнд байгааг илтгэнэ. Шарлалт удаж хүндрэх нь тархи гэмтээх сөрөг нөлөөтэй.  Цусан дахь билирубин нь шууд ба шууд бус гэсэн хоёр фракцитай байдаг. Шууд  билирубин нь усанд уусдаг учир тархи гэмтээх аюулгүй. Харин шууд  бус билирубин нь тосонд уусдаг учраас тархийг илүү гэмтээн тархины эмгэгшил үүсгэн түүний хүндрэл болох цөмөн шарлалт үүсгэдэг. Шууд бус билирубин ихсэхэд арьс салст тод шар, шууд билирубин ихсэхэд шар ногоон өнгөтэй болдог. Энэ өнгөний ялгаа нь хүнд хэлбэрийн шарлалтын үед тод илэрнэ. Цусан дахь билирубины түвшин 170мкмоль/л-с доош орж байж тархинд үзүүлэх хортой нөлөө аюулгүй гэж үзнэ. Цөмөн шарлалт үүссэн тохиолдолд тавилан хүнд тархины саажилт үүсэх эрсдэлтэй .

-Шарлалт арилахгүй удах шалтгаан юу байна вэ?

-Шарлалт дутуу нярай хүүхдэд гүйцэд нярайг бодвол илүү удаан ажиглагддаг. Мөн бусад эмгэгийн үед буюу төрөлхийн халдвар, цус багадалт, элэг цөсний замын эмгэг, цөсний сувгийн нарийсал битүүрэл, элэгний ферментийн дутагдал, ходоод нарийн гэдэсний түгжрэл, хөхний сүүний шарлалт хүүхдийг хожуу амлуулах, шингэний дутагдалд орох, хооллолтын бэрхшээлтэй байх зэргээс шарлалт удаан үргэлжилдэг. Энэ үед нярайн баас цайвар цагаан өнгөтэй, шээс өтгөн бор өнгөтэй болдог.

-Шарлалт хүндэрсэн хүүхдэд ямар эмчилгээ хийдэг вэ? 

Дахин сануулахад 14 хоногоос дээш шарлалттай, шарлалт буурч байгаад дахин нэмэгдэх, алга, хөлийн ул шар бол цаг алдалгүй эмчид үзүүлж эмчийн заавраар тохирох эмчилгээг аваарай.

-Шарлалт хүндэрсэн эмгэг шарлалтын үед эмнэлэгт хэвтэн биллирубины хэмжээг тодорхойлж фото эмчилгээг эрт эхэлнэ. Фото эмчилгээ нь цусанд дахь шууд бус билирубиныг хоргүй нэгдэл болгон хувиргадаг.Нярайг хангалттай хэмжээгээр хөхөөр хооллоно, хордлого тайлах шингэн нөхөх эмчилгээ хийнэ. Ерөнхийдөө шарлалт үүсгэсэн шалтгаанаас хамаарч эмчилгээг хийнэ. Жишээлбэл, халдварын гаралтай шарлалт бол антибиотик эмчилгээ, шарлалтаас үүдсэн тархины эмгэгээс сэргийлэх зорилгоор тархины цусан хангамж үйл ажиллагааг сайжруулах эмийн эмчилгээ, элэгний конюгацыг сайжруулах эмийн эмчилгээ хийнэ. Бусад шинж тэмдгийн эсрэг эмчилгээг хийнэ. Эцэг эхчүүд өөрсдөө дур мэдэн лив 52, урсофалк өгөлгүй заавал эмчид үзүүлж байж тохирох эмийг өгөхийг сануулж байна.

-Шарлалт явагдаж байгаа хүүхдийн биед ямар өөрчлөлт гарах вэ?

-Эмнэлзүйд хүүхдийн арьс салст нүдэнд харагдахуйц илт шар  булчингийн хүчдэл сулрах, унтаарах, хөхөндөө муудах, цочромтгой болох, чанга уйлах, билирубин өндөр байгаа үед нумарсан хэлбэрийн булчингийн чангарал таталт хүртэл илэрдэг. 

-Наранд хүүхдийг нүцгэлж шарах нь шарлалтыг бууруулахад тустай-

-Хүүхдийнхээ шарлалтыг арилахгүй байгааг хэрхэн мэдэх боломжтой. Ямар нэгэн шинж тэмдэг илэрдэг үү?

-Хүүхдээ хараад мэдэж болно. Мөн билиметрээр арьсан дахь шарлалтыг хэмжээд өмнөх хэмжилтээс ихэссэн байна уу багассан байна уу гэдгийг хянаж мэдэх боломжтой. Нүүр, нүдний салст, цээж, хэвлий, гарын алга, хөлийн ул тод шар хэвээрээ байгаа, билиметрээр 250 мкмоль/л-с дээш байгаа, гурав ба түүнээс дээш хоногтой нярай алга, хөлийн ул тод шар байгаа бол харъяа дүүргийн эмнэлэгт яаралтай хандан үзүүлэх ёстой.

-Иргэдийн дунд агаарын бохирдол болон хүнсэндээ хэрэглэж байгаа бүтээгдэхүүнээс болж нярайн шарлалт үүсдэг гэх ойлголт байдаг. Энэ үнэн үү?

-Эдгээрээс болж нярайн шарлалт үүсдэг гэвэл үгүй гэж бодож байна . Харин шарлалт удаан үргэлжилхэд нөлөөлөх хүчин зүйлс мөн.

-Эцэг эхчүүд нярай хүүхдийнхээ шарлалтанд хэрхэн анхаарах вэ. Энэ талаар мэдээлэл зөвлөгөө өгнө үү?

-Эцэг эхчүүд хүүхдийнхээ шарлалтыг маш сайн анхаарч, анзаарч хянаж байх нь чухал. Тиймээс шарлалт төрсний дараа хэд хоногтойгоос эхэлж хэд хоногтой арилсан бэ гэдгийг заавал мэдэж байх ёстой. Ингэснээр физиологийн ба эмгэг шарлалтыг ялган оношлоход мөн эмчилэхэд чухал ач холбогдолтой. Мөн хангалттай сайн хөхүүлэх нь чухал, хүүхдийн баас хар ногоон өнгөтэй гарах нь баасаар билирубин гадагшилж байгаа учир эцэг эхчүүд санаа зовох хэрэггүй. Физиологийн шарлалтын үед байгалийн гэрэлд ялангуяа 12-13 цагийн үед цонхоор туссан наранд хүүхдийг нүцгэлж шарах нь шарлалтыг бууруулахад тустай. Арьсны  хэмжилт билиметрээр  шар дутуу нярайд 250 мкмоль/л , гүйцэд нярайд 350-400мкмол/л байвал заавал мэдрэлийн эмчийн зөвөлгөө авч хянуулах хэрэгтэй. Дахин сануулахад 14 хоногоос дээш шарлалттай, шарлалт буурч байгаад дахин нэмэгдэх, алга, хөлийн ул шар бол цаг алдалгүй эмчид үзүүлж эмчийн заавраар тохирох эмчилгээг аваарай.

-Ярилцсанд баярлалаа.

Д.Нэргүй

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Нямлүнцог
Тэмүжин шар гэрэл цацруулан төрсөн гэлээ үү ?
2020/06/10 66.181.161.119