8o
Улаанбаатар хот
mobile menu

Жимс, ногоо хэрэглэх нь хавдрын эрсдэлийг бууруулдаг

2017-05-10 12:31:00

 ХАВДАР ҮҮСГЭХ ОРЧНЫ ЭРСДЭЛТ ХҮЧИН ЗҮЙЛС

Орчин дах зарим бодис, хүчин зүйлсийн нөлөөгөөр хүний биед хавдар үүсэх эрсдэл нэмэгддэг. Өөрсдийгөө эдгээр хүчин зүйлсэд өртөхөөс сэргийлэх зам бол мэдээлэл, мэдлэгтэй байх, амьдралын зөв дадал хэвшлийг мөрдөх юм.

Орчны эрсдэлт хүчин зүйлс гэж чухам юу вэ?

Хүрээлэн буй орчин дах хүний биед хавдар үүсгэх чадвартай зүйлсийг хавдрын эрсдэлт хүчин зүйлс гэнэ.  Аливаа эд, зүйлсийг мэдэгдэж буй “хавдар үүсгэгч”, “хавдар үүсгэх эрсдэлт хүчин зүйлс”–ийн ангилалд оруулсан бол тэдгээр хүчин зүйлсийн нөлөөнд өртөхөд хавдар үүсэх эрсдэл нэмэгддэг болох нь шинжлэх ухаанаар батлагдсан гэж ойлгож болно. Биднийг хүрээлэн буй орчинд хавдар үүсгэх эрсдэлт хүчин зүйлс их байдаг хэдий ч орчны бус хувь хүний амьдралын хэв маяг, дадал заншил мөн хавдар үүсгэх  томоохон эрсдэлт хүчин зүйл гэдгийг  санах нь чухал.

Орчны таагүй нөлөөллийн дүнд өсөлт, хөгжлийг зохицуулдаг генүүдэд (онкогенүүдэд)гарсан бүх өөрчлөлтүүдийн дүнд эс хязгааргүй, хяналтгүй хуваагдах дохио авдаг. Улмаар хавдрыг  дарангуйлагч генүүдэд гарсан өөрчлөлтүүд нь гэмтсэн ДНХ-ийг   засварлах юм уу тийм ДНХ агуулсан эсийг устгалд оруулалгүй хуваагдаж олшроход нь саад учруулдаггүй байна.
 

ОРЧНЫ БАТЛАГДСАН ХАВДАР ҮҮСГЭХ ЭРСДЭЛТ ХҮЧИН ЗҮЙЛС:

 

Тамхи: Дэлхий дээр жил бүр тамхинаас болж 6 сая хүн хорвоог орхидог. Үүнээс 600,000 хүн дам тамхидалтын улмаас нас бардаг. Тамхидалт уушгины хавдар үүсгэдэг нь батлагдснаас гадна бөөр, төвөнх, толгой хүзүү, хөх, давсаг, улаан хоолой, нойр булчирхай, ходоодны хавдар үүсгэх боломжтой нь тогтоогдсон байна.

Агаарын бохирдол: Агаар дах тоосонцорын бохирдол, ялангуя дизель түлшний шаталтын явцад ялгарах хорт хий, утаа уушгины хавдрын эрсдлийг нэмэгдүүлдэг болох нь тогтоогджээ. Иймээс агаарын бохирдолтой орчинд амьдарч, ажилладаг хүмүүс уушгины хавдраар өвчлөх өндөр магадлалтай гэсэн үг.

Хооллолт, жин, хөдөлгөөний дутмагшил: Зарим нэг судалгаагаар махан хоол түлхүү хэрэглэдэг хүмүүс улаан хоолой, ходоод, нойр булчирхай, бүдүүн болон шулуун гэдэсний хавдраар өвдөх  эрсдэл өндөр байдаг. Мөн  нөөшилсөн, давсалсан мах, бусад хүнсий бүтээгдэхүүн бүдүүн гэдэс, ходоодны хавдраар өвчлөх эрсдлийг нэмдэг бол бүхэл үр, жимс, ногооны хэрэглээ эдгээр хавдрын эрсдлийг бууруулдаг гэж үздэг.  Илүүдэл жинтэй хүмүүс зарим төрлийн хавдраар өвдөх эрсдэл өндөртэй байдаг ба тийм нас ахисан эмэгтэйчүүд хөх, умай , бөөр, бүдүүн гэдэсний хавдраар өвдөх хандлага өндөр байдаг.

Цацраг туяа: Цацраг туянд өртөх нь хавдар үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг. Байгалийн болон хиймэл хэт ягаан туяа арьсыг цагаас эрт хөгшрүүлдгээс гадна, арьсны эсийн ДНХ-ийг гэмтээх аюултай ба үр дагавар нь арьсны хавдраар илрэх боломжтой. Сүүлийн үед эмчилгээ оношилгооны зорилгоор гамма туяаг ашиглахад суурилсан компьютер томографийн шинжилгээнд олон давтамжтай орох хандлага нэмэгдэж байгаа, иймээс зайлшгүй, шийдвэрлэх нөхцөлд л энэ аргыг хэрэглэж, бусад үед нь хэт авиа, MRI буюу соронзон резонансын оношилгоог хийлгэх нь зохимжтой.

Өндөр хүчдэлийн шугам: Цахилгаан соронзон оронтой холбоотой мэргэжлийн өвчлөлийн зарим судалгаагаар цахилгаан соронзон орон нь цусны цагаан эс, тархи, хөхний хавдрын эрсдлийг нэмэгдүүлдэг гэж тогтоогдсон байна. Мөн түүнчлэн өндөр хүчдлийн шугамд ойр амьдардаг хүн амын дунд хүүхдийн цусны хавдрын өвчлөлийн тохиолдол алслагдсан бүсэд амьдардаг хүн амынхтай харьцуулахад их байсан нь олон орны судалгаагаар тогтоогджээ.

Радон:  Радон нь ураны задралын явцад үүсдэг цацраг идэвхит өнгө, үнэр, амтгүй хий бөгөөд радоныг зөвхөн тусгай багажаар илрүүлэх боломжтой аж. Радоны хамгийн урт насалдаг изотоп Rn-222 гэхэд хагас задралын хугацаа 3.8 хоног байдаг. Радон нь дэлхий дээр хаа сайгүй тархсан байдаг, АНУ-д тамхины хэрэглээний дараа уушгины хавдрын хоёр дах үндсэн шалтгаанаар тооцогддог ба уушгины хавдрын энэ шалтгаанаар үүссэн тохиолдол нийт хавдрын 5-8%-ийг эзэлдэг гэжээ.

Вирүс болон бактери: Вирүс, бактери зэрэг халдварт өвчин үүсгэгчид нь зарим төрлийн хавдрыг үүсгэдэг нь батлагдсан байдаг. Үүнд бэлгийн замаар халдварладаг хүний папилома вирүс умайн болон шулуун гэдэсний анхдагч хавдар үүсгэдгийг жишээлж болно. Мөн манай оронд элбэг тохиолддог гепатит В, С вирүс нь элэгний өмөнгийн голлох шалтгаан болдог. Гепатит В, С вирүсийн халдварын эрсдэлт хүчин зүйлсэд мэргэжлээс шалтгаалсан халдвар авах, мансууруулах бодис хэрэглэх үед тариураар халдвар авах, олон харилцагчтай болон тохиолдлын бэлгийн харилцаанд орох, эмчлүүлэх явцад халдвар авах зэрэг орно.  

Олон цагиргат үнэрт нүүрстөрөгчид: Эдгээр нэгдлүүдэд өртсөн хүмүүс уушиг, арьс,шээсний замын хавдар туссан тохиолдол нэлээд судалгаагаар илэрчээ. Агаар дах ОЦҮНТ-ийн анхдагч эх үүсвэр нь нүүрс ус агуулсан материалыг шатаах байдаг. ОЦҮНТ нь мөн мод, түлш, хог түлэхэд ялгардгаас гадна машин, тамхины утаагаар ялгардаг. Үүнээс гадна хайрсан, түлэгдсэн хүнс, задгай гал дээр бэлдсэн хорхог, хуурсан кофе, шарсан зайдаст агуулагддаг тул ингэж бэлдсэн хүнсийг удаан хугацаанд хэрэглэх нь шулуун гэдэс, нойр булчирхай, ходоод болон хөхний хавдар үүсэхэд хүргэдэг.

Металлууд:

Хүнцэл: Хүнцлээр их хэмжээгээр бохирдсон усыг унданд хэрэглэхэд арьс, уушги, давсаг, бөөр, элэгний зэрэг маш олон төрлийн хавдар хүний биед үүсэх аюултай. Уурхайн ажилчид хүнцлээр бохирдсон агаараар амьсгалснаар уушгины хавдар тусах эрсдэлд ордог. Хүнцэл мөн модон эдлэл хамгаалах будаг, ХАА-д өргөнөөр ашиглагддаг шавьж болон хортой ургамал устгагчийн найрлагад ордог.

Монголд түгээмэл орчны бохирдуулагч металл болох хүнцлээс гадна берилий, кадмий, хром, тугалага, никелийн нэгдлүүд гол төлөв уушгины хавдар үүсгэдэг нь судалгаагаар тогтоогдсон байна.

Винил хлорид: Винил хлорид нь өнгөгүй хий юм. Өртсөн хүнд голчлон уушгины мөн элэг, тархины судасны хавдар үүсгэдэг. Гол төлөв винил хлоридын үйлдвэрт ажилдаг хүмүүс өртөх өндөр магадлалтай.

Бензидин: Хамгийн анх бензидиныг хүнийн биед хавдар үүсгэдэг болохыг 1921 онд тогтоож байжээ. Бензидин нь  250 гаруй нэр төрлийн даавуу, цаас, савхин  эдлэлийн будагны найрлагад ордог байна. Бензидинд суурилсан будагнууд нь гол төлөв давсагны хавдар үүсгэдэг байна.

Бензин, хлороформ болон бусад барилга, хими цэвэрлэгээнд өргөн хэрэглэгддэг уусгагчууд амьтанд хавдар үүсгэдэг нь туршилтаар тогтоогдожээ.

Пестицидууд: Пестицидын найрлагад ордог АНУ-д бүртгэгдсэн 900 нэгдлийн 20 нь туршилтын амьтанд хавдар үүсгэж байсан байна. Эдгээр нэгдлүүдийг бүгдийг нь хараахан судалж амижаагүй байгаа ба этилэн оксид, амитрол, хлорфеноки, ДДТ, диметилгидразин, гексахлорбензин, гексаметилфосфорамид, хлордекон, хар тугалганы ацетат, линдан, мирекс, нитрофен, токсафене зэрэг пестицид болон нэгдлүүдийг АНУ-д хэрэглэхийг хориглосон байна. Пестицидэд өртөх өндөр магадлалтай пестицид үйлдвэрлэгч, газар тариалан эрхлэг, шавьж утсгагч, пестицид шүршигч онгоцны жолооч зэрэг мэргэжлийн хүмүүс цус, тунгалгийн тогтолцоо, уруул, ходоод, уушги, тархи, түрүү булчирхай, арьсны хавдар тусах нь элбэг гэж судалгаагаар тогтоогдсон байна.

Эм: Зарим хавдрын эсрэг хэрэглэгддэг циклофосфамид, хлорамуцил, мелфалан эмүүд болон эрхтэн шилжүүлэх эмчилгээнд хэрэглэгддэг дархлаа дарангуйлагч, циклспорин, азатиоприне эмүүд нь цусны тогтолцооны хоёрдогч хавдар үүсгэх хандлагатай байдаг байна. Хэдий тийм болов ч эдгээр эмүүдийг хүний амийг аврах, уртасгах ашигтай талууд нь сөрөг үр дагавараасаа давамгайлж байдаг тул АНУ-ын Эм, Хүнсний Хорооноос эдгээр эмүүдийн хэрэглээнд хориг тавиагүй байна. Мөн үйлдвэрлэлийн аргаар гарган авсан нийлэг прогестероны хэрэглээ хөхний хавдар, зүрхний өвчин, зүрхний шигдээс, цус бүлэгнэлтийн доголдолд хүргэдэг нь илэрсэн байна. Жирэмслэлтээс сэргийлэх  эм бэлдмэлүүдийг удаан хугацаанд хэрэглэх нь умайн эндометрит, өндгөвчний хавдрын эрсдлийг мэдэгдэхүйц бууруулдаг боловч хөхний хавдар үүсгэх эрсдэлтэй гэсэн судалгааны үр дүн байдаг аж.

Орчны хавдар үүсгэгчид мөн төрөл бүрийн органик уусгагчууд, асбест болон түүнтэй төстэй утаслаг болон ширхэглэг тоосонцорууд, диоксин хий мөн ордог.

Өөрсдийгөө өртөлтөөс хэрхэн сэргийлэх вэ?

Юуны өмнө дээр дурьдсан орчны эрсдэлт хүчин зүйлст өртөхгүй байхыг хичээх хэрэгтэй.

Эрсдлээс урьдчилан сэргийлж болох олон аргууд байдаг, үүнд:

  • Тамхины утаанд өртөхгүй байх. Хамгийн сайн арга нь тамхи татахаас татгалзах. Тамхи татдаг хүнтэй хамт амьдардаг бол тамхи татдаг хүнийг тасалгаанд тамхи татахыг хориглох, гэртээ агаар шүүгч суурилуулах, хувцсаа олон давтамжтай угаах зэрэг арга хэмжээ авч болно.    

  • Биеийн зохистой, эрүүл жинг барих мөн 7 хоногт 3-4 цагийг биеийн идэвхитэй хөдөлгөө хийхэд зарцуулах.

  • Архины хэрэглээг аль болох багасгах, насанд хүрсэн хүн спирт агуулсан шар айраг зэрэг зөөлөн ундааг өдөрт 1-2 лаазаас хэтрүүлэн уухгүй байх, болж өгвөл энэ хэмжээг багасгах.

  • Махыг бага хэмд болгох. Ингэснээр махыг түлэх юм уу хэт шарахаас сэргийлнэ.

  • Махны хэрэглээг багасгах бүхэл үр, ногоо, жимсний хэрэглээг нэмэгдүүлэх.

  • Дархлаажуулалтын зөвлөмж товлолыг чанд баримталж халдвараас сэргийлэх.

  • Цахилгаан соронзон оронд өртөх өртөлтийг багасгах. Үс хатаагч, цахилгаан халаагууртай хөнжлийн хэрэглээг хязгаарлах.  

  • Гэр цэвэрлэх. Гэрт орохоосоо  өмнө гутлаа солих, хивс, шалавчийг тоос сорогчоор тогтмол цэвэрлэх.   

  • Байгалийн цэвэрлэгээний бодис хэрэглэх.Дэлгүүрээс худалдаж авч буй цэвэрлэгээний зориулалттай химийн бодисын найрлага, зааврыг сайн уншиж худалдаж авах. 

  • Радон мэдрэгч худалдаж авах. Хэрэв та радон хуримтлагдах магадлалтай орчинд амьдардаг бол радоны хэмжээг тусгай үйлчилгээний байгууллагад хүсэлт гарган тогтоолгож, радоны хий нэвтрэхээс сэргийлж нүх сүвийг битүүмжлэх арга хэмжээ авах боломжтой. Мөн радон хэмжигч худалдан авч радоны хуримтлалд хяналт тавих боломжтой.   

  • Олон цагиргат үнэрт нүүртөрөгчөөс зайлсхийх.ОЦҮНТ нь хуванцар эдийг шатаах, мөн нөөшилсөн хүнс зэрэгт хуримлагдах хандлагатай тул тэдгээрийг байнга хэрэглээхээс зайлсхийх.

Эх сурвалж: НЭМҮТ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл