8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Монгол Улс ОУВС-д хамрагдахаар болж, Элчин сайдуудыг томилсон өдөр

2017-05-25 18:40:00

Урин дулаан цаг айлчлан ирж гадаа 31 хэмийн дулаан байна. Хахир хүйтэн өвлийг бодоход зуны улирал дулаахан сайхан ч бүсгүйчүүдийн хувьд хамгийн их санааг нь зовоодог улирал. Учир нь нарны хурц хэт ягаан туяанаас болж, харлаж борлох нь хамгийн их санааг нь зовоодог. Тэгвэл энэ удаад арьсаа хэрхэн хамгаалах талаарх зөвлөгөөг хүргэж байна. Арьсаа тослоггүй чийглэг байлгах хэрэгтэй. Долоо хоногт хоёроос гурван удаа чийгшүүглэгч маскийг тогтмол тавьж байх хэрэгтэй. Хуурай арьс наранд улам хуурайшдаг. Тиймээс сайн чийгшүүлж байх нь зөв. Мөн зуны халуунд хүн хамаг шингэнээ хөлсөөрөө гадагшлуулдаг болохоор шингэн зүйлийг сайн ууж байх хэрэгтэй. Зуны энэ халуун хурц нартай үед гүзээлзгэнэ эсвэл өөр нэг жимс нухаж нүүрэндээ маск хэлбэрээр тавьж заншвал нарны хэт ягаан туяанаас арьсыг хамгаалж сэвх, нөсөө үүсэхээс сэргийлдэг байна. Та нэгэнт сэвхтсэн бол сэвтсэн хэсгээ нимбэгээр арчвал сэвх арилж бүдгэрдэг. 

Мөн гадагшаа гарахдаа үргэлж нар салхинаас хамгаалсан нарны тосыг пудрын доор тавьж бай. Боломжтой бол дэрвэгэр малгай, нарны шил зүүвэл бага ч гэсэн борлохоос хамгаална. Нүүр сэвхтэж борлоход нар, салхи, бороог буруутгах нь учир дутагдалтай. Үүнд идэж ууж байгаа хоол хүнс болон дотоод эрхтний үйл ажиллагаа ч нөлөөлдөг байна. Бүсгүйчүүдийн амтархан идэх дуртай шоколад, кофег байнга уувал харлуулдаг гэдгийг санаарай. Хэрвээ таны нүүр хөлрөөд таныг эвгүй байдалд оруулаад байвал салицилийн хоёр хувийн уусмалаар арчих юмуу нимбэг өргөст хэмхээр өдөрт хоёр удаа буюу өглөө оройдоо арчиж байвал энэ зовлонгоосоо бага ч гэсэн нимгэрнэ.
Харин одоо та бүхэндээ Монголын нэг өдөр тойм булангаа хүргэж байна. 
Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа 

Элчин Сайдуудын хэн нь хэн бэ

УИХ-ын чуулганаар зургаан улсад суугаа Элчин сайдыг эргүүлэн татаж шинээр томилох асуудлыг хэлэлцлээ. Тодруулбал, Швейцараас В.Пүрэвдорж, Францаас М.Батсайхан, Германаас Ц.Болор, Японоос С.Хүрэлбаатар, АНУ-аас Б.Алтангэрэл, Канадаас Р.Алтангэрэл нарыг эгүүлэн татлаа. Улмаар Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Пүрэвсүрэнг 60.4 хувийн саналаар Швейцарь, Ерөнхийлөгчийн зөвлөх А.Баттөрийг 88.2 хувийн саналаар Франц, ҮАБЗ-ийн Стратегийн судалгааны хүрээлэнгийн захирал Д.Ганбатыг 78.4 хувийн саналаар Герман, Гадаад харилцааны дэд сайд асан Г.Тэнгэрийг 96.1 хувийн саналаар Япон, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Ё.Отгонбаярыг 100 хувийн саналаар АНУ, Ерөнхий сайдын Эдийн засгийн бодлогын зөвлөх Н.Чимгүүндарийг 96 хувийн саналаар Канад улсад суух Элчин сайдаар томиллоо. 

Ингээд элчин сайдуудын талаар мэдээллийг хүргэе. 


АНУ-д суух Элчин сайдаар БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаяр гэж хэн бэ


Дэд сайд Ё.Отгонбаяр нь салбартаа төдийгүй нийгэмд танигдсан нөхөр. Булган аймгийн харъяат, Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийг 1989 онд төгссөн. Дипломатч мэргэжилтэй. Ажил амьдралынхаа гарааг Гадаад явдлын яаманд атташе, нэгдүгээр нарийн бичгийн даргаас эхэлж улмаар Монгол Улсаас БНЭУ-д суугаа ЭСЯ-ны хоёрдугаар нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад улс төр рүү хөл тавьсан нэгэн. Ё.Отгонбаярын хувьд 2008 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдаар томилогдон ажиллаж байсан. Өнгөрсөн жилээс эхлэн БСШУС-ын дэд сайдын албан тушаалыг хашиж байгаа. 


Япон Улсад суух Элчин сайдаар Гадаад харилцааны дэд сайд асан Г.Тэнгэр
Г. Тэнгэрийн хувьд 2012 онд Гадаад харилцааны дэд сайдаар томилогдон ажиллаж байсан. Англи, орос, япон хэлтэй, гадаад харилцааны чиглэлээр олон жил ажиллаж мэргэшсэн, Японд сургууль төгссөн.  Намынх нь нөхдүүд түүнийг “япон” Тэнгэр хэмээдэг юм билээ. Японд сургууль төгссөн болохоор нь тэр биз.Энэ эрхэм 2005 оноос улстөрд хөл тавьсан. 
Улмаар 2009 оноос МАН-ын Удирдах зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн даргаар ажилласан. Төрийн албанд зүтгэсэн туршлагаар маруухан гэж хэлж болно. 2012 оны 2 дугаар сарын 12-нд Гадаад харилцааны дэд сайд болж байсан. Г.Тэнгэр 1981-1991 онд Улаанбаатар хотын 10 жилийн нэгдүгээр дунд сургуулийг төгсөж байсан. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Монгол Улсын "Эрдэнэсийн их авдар”-ыг хоосолсон Н.Золжаргалд ямар хариуцлага тооцох вэ

Эдийн засгийн байнгын хорооны өчигдөрийн хуралдаанаар Монгол банкны 2012-2016 онд явуулсан үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнг хэлэлцэв. Өнөөдрийн байдлаар Монголбанк Монголбанк 3 их наяд 19 тэрбум төгрөгийн хуримтлагдсан алдагдалтай.

Үүнд, 2012 онд 302 тэрбум, 2013 онд 424 тэрбум, 2014 онд 535 тэрбум, 2016 онд 1 их наяд 648 тэрбум төгрөгийн алдагдал хүлээжээ.

Байнгын хорооны гишүүд “Монголбанкны нөхцөл байдал Н.Баяртсайханы  үйл ажиллагаанаас үл хамаарч үүссэн тул өмнөх Ерөнхийлөгч Н.Золжаргалыг олж, хариуцлага тооцох ёстой” гэж үзэв. Мөн алдагдалд оруулж, концессын гэрээг хууль бусаар хийсэн этгээдэд хариуцлага тооцох ёстойг ч сануулсан.  “Үнэ тогтворжуулах” хөтөлбөрт хамрагдсан 45 аж ахуйн нэгж зээлийн мөнгөө зориулалтын бусаар ашигласан. Зарим аж ахуй нэгжийг сонгохдоо сонгон шалгаруулах журам зөрчиж, сонгосон талаар УИХ-ын гишүүн Т.Аюурзана тайлбарлалаа. Мөн “Шатахуун импортлогч компаниудад 2013-2015 оны хугацаанд нийт 1 тэрбум 579,95 сая ам.долларыг зах зээлийн ханшаас 300 хүртэлх төгрөгөөр хямд худалдсан. Үүнээс Монголбанк 354,2 тэрбум төгрөгийн ханшийн зөрүүний бодит алдагдал хүлээсэн. Дээр нь 226,4 тэрбум төгрөгийг жилийн 0,89 хувийн хүүтэй зээлийг арилжааны банкуудад олгосон. Арилжааны банкууд 2,91 хувийн хүү нэмж, 3,8 хувийн хүүтэй зээлийг шатахуун импортлогч компаниудад олгосон” гэлээ.

Монголбанк үнэ тогтворжуулна гэдэг нэрээр компаниудад гурван их наяд төгрөгийг 2012-оос тараасанИнгэхдээ Н.Золжаргал нь авилга хээл хахууль авсан байж болзошгүй гэдэг үндэслэлээр АТГ-ын Мөрдөн байцаах албанаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэсэн мэдээлэл байна.  Шалгах явцад Н.Золжаргал нь биеийн байдал тааруу гэдэг шалтгаанаар гадагшаа эмчилгээнд яваад өнөөдрийг хүртэл эх орондоо ирээгүй байгаа гэсэн мэдээлэл байна. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Монгол Улс ОУВС-д хамрагдахаар боллоо

Хоёр Засгийн газар дамнан яригдсан ОУВС-тай хийсэн Монгол Улсын Засгийн газрын хэлэлцээр батлагдлаа. Төсөв болон төлбөрийн тэнцлийн хос алдагдалд орсон манай улс ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахын тулд тавьсан шаардлагын дагуу Засгийн газар 2017 оны нэгдсэн төсөвт тодотгол хийж, УИХ-аар батлуулсан юм. Монгол Улс ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдснаар нэн тэргүүнд 440 орчим сая ам.долларын зээлийн шугам нээгдэнэ. Энэхүү зээлийн хүү хоёр хувиас хэтрэхгүй бөгөөд хөвөгч хүүтэйгээр авахаар тохирсон. 36 сарын хугацаанд хэрэгжих дээрх хөтөлбөрийн хүрээнд нийт 5.5 тэрбум ам.долларын санхүүжилт татах таатай нөхцөл үүсэж байгаа гэдгийг Сангийн сайд Б.Чойжилсүрэн онцолсон удаатай. Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Европын сэргээн босголт хөгжлийн банк болон донор орнууд гурван тэрбум хүртэл ам.долларын төсвийн болон төслийн дэмжлэг үзүүлэхээ урьдчилсан байдлаар илэрхийлээд буй. Нийтдээ ирэх жилүүдэд 5.5 тэрбум ам.доллараар хэмжигдэх валютын урсгал Монголыг чиглэнэ. Эдийн засгийг тогтворжуулах “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд төсөв, мөнгөний бодлогыг чангатгаж, улмаар эдийн засгийн сахилга батыг сайжруулахаар зорьж байгаа юм. Ингэснээр долларын ноёрхол дуусаж, төгрөгийн уналт төгсөх цаг ирж байгааг эдийн засагчид онцолж буй.

Урьдчилсан байдлаар Олон улсын валютын сантай хийсэн яриа хэлэлцээрийн дараа Монголоор овоглосон олон улсын зах зээл дэх бондын ханш цойлж эхэлсэн. Монгол Улсын Засгийн газрын 10 жилийн хугацаатай “Чингис” бондын ханш 5 хувиар өссөн дүнтэй байгаа. 89 нэгж байсан энэ үнэт цаас өдгөө 93 нэгжийг даваад байгаа юм. Богино хугацаанд огцом өсөлт үзүүлсэн нь зөвхөн энэ биш. Үүнээ гадна 96.8 нэгж байсан Монгол Улсын Засгийн газрын таван жилийн хугацаатай “Чингис” бондын ханш ч 100 нэгжийг шүргэж байгаа юм. Ингээд зогсохгүй хөгжиж буй орнуудын бондын өсөлтийг Монголын бондууд хошуулчилсныг “Reuters” уламжилсан удаатай. Дахиад нэг сайн мэдээ. Монгол Улсын Засгийн газрын гадаад зах зээлд шинээр гаргасан "Хуралдай" бондын хоёрдогч зах зээлд дуудагдах үнэ өсөж, 108 ам.долларт хүрч тогтсон. Өөрөөр хэлбэл, шинэ гаргасан “Хуралдай” бонд хөрөнгө оруулагчдын сонирхлыг богино хугацаанд татсан. Энэ бол Хөгжлийн банкны хугацаа нь дуусаж байгаа евро бондыг эзэмшигчдэд шинэ бондыг солих санал тавьж, нийт 600 сая ам.долларын хэмжээтэй, нэг бүр нь 100 ам.долларын нэрлэсэн үнэтэй, 8.75 хувийн хүүтэй, долоон жилийн хугацаатай гаргасан шинэ бонд юм. Хөгжлийн банкны евро бондын нийт хэмжээ 580 сая ам.доллар байсан бөгөөд үүнээс 82 хувь буюу 476 сая ам.долларын хэмжээтэй бонд эзэмшигчид Монгол Улсын Засгийн газрын шинэ бондоор солих саналыг хүлээн зөвшөөрч бодит ажил хэрэг болгосон. Товчхондоо, евро бондын төлбөрийг шинэ бондоор солих замаар хойшлуулах хэлцэл ийнхүү амжилттай болж хэрэгжсэн юм. Энэ үеэр олон улсын санхүүгийн зах зээлийн хөрөнгө оруулагчид 3.3 тэрбум ам.долларын бонд худалдаж авахад бэлэн байгаагаа илэрхийлсэн юм.
Эдийн засаг дахь дээрх эерэг дохионууд хэдхэн сарын өмнө зээл авч чадахгүйдээ тулаад байсан Монгол Улсад итгэх хөрөнгө оруулагчдын итгэл эргэн сэргэсний нотолгоо юм. Олон улсын валютын сангийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлж чадсан тохиолдолд 2017 оны төгсгөл, ирэх оны эхний улирлуудад хувийн секторын нөхцөл байдал сайжирч, эдийн засаг эмчилгээнээс гарах нөхцөл бүрдэнэ гэдгийг эдийн засагчид онцолж байгаа юм.

Ч.Хүрэлбаатар: ОУВС-гийн 24 захирал Монголын төрд итгэлээ

ОУВС-ийн захирлуудын зөвлөл монголын цагаар өчигдөр шөнө хуралдсан. Хурлаар Монгол Улс тус сангийн “Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөр”-т хамрагдахаар болсон байна. Энэ талаар өнөөдөр Сангийн яам, Монгол банк, ОУВС-гийн суурин төлөөлөгчийн газар хамтран дэлгэрэнгүй мэдээлэл өгөх юм байна. Тус хөтөлбөрийн талаар  УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар "Өчигдөр шөнө ОУВС-гийн Захирлуудын зөвлөл Монголтой хамтран хэрэгжүүлэх хөтөлбөрийг баталлаа. АНУ, Япон, Хятад, Англи, Орос, Франц, Герман зэрэг орны 24 захирал санал нэгтэйгээр баталжээ.Тэд Монголд, одоогийн төр засагт итгэж байна. Монголын эдийн засаг тогтворжиж эхлэх нь тодорхой болж байна. Төгрөгийн ханш яах вэ, дахиад унах уу? Америк долларын ханш яах бол? гэдэг асуултыг олон хүн надад тавьдаг. Одоо төгрөгийн ханш унахгүй, харин ч чангарна аа, манай улсын валютын нөөц нэмэгдэж, хөрөнгө оруулалт нэмэгдэнэ ээ гэдгийг хэлье. Монголын эдийн засгийг хямралаас гаргахад хөрөнгө оруулалт хэрэгтэй, бусад орны дэмжлэг хэрэгтэй, хатуу ч зөв бодлого явуулах нь зүйтэй гэж үзэж, дэмжиж байсан бүх хүмүүст талархал илэрхийлье" гэсэн байна. 

Бага ангийн сурагчдын амралт өнөөдрөөс эхэллээ

Боловсрол Соёл Шинжлэх Ухаан, Спортын сайд Ж.Батсуурь ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралтын хугацааг жил бүр өөрчилж ирснийг цуцалж, 2016-2017 оны хичээлийн жилээс тогтвортой мөрдөх шийдвэр гаргасан.

Уг шийдвэрийн дагуу бага ангийн сурагчдын зуны амралтыг эрт эхлүүлж байхаар зохицуулсан. Нийслэл болон хөдөө орон нутгийн бага ангийн буюу I-II дугаар ангийн сурагчдын зуны амралт тавдугаар сарын 25 буюу өнөөдрөөс эхэлж байна. Харин III-V ангийн сурагчид зургаадугаар сарын 1-нээс тус тус эхэлнэ.

Төв талбайд жолооны үнэмлэхний хугацаа сунгалаа

Зам, тээврийн хөгжлийн яамны "Нээлттэй хаалганы өдөрлөг" Чингисийн талбайд болж байна. Хоёр өдөр үргэлжлэх тус өдөрлөгт жолооч нар хүрэлцэн ирснээр хугацаа нь дууссан жолооны үнэмлэхээ сунгах боломжтой юм.

Тодруулбал, 2008 оноос өмнө автомашин жолоодох ангилал авсан жолооч нар үнэмлэхээ 5 жилийн хугацаатай үнэ төлбөргүй газар дээрээс нь авах юм. Та 25 минутын шалгалт өгөхөд л хангалттай. Тэгвэл 2008 оноос хойш  ангилал авсан жолоочид мэргэшсэн жолооч бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх сургалт явуулдаг байгууллагад 21 хоногийн хугацаатай сургалтад хамрагдах юм. Ингэснээр жилийн хугацаанд үнэмлэхийг гаргадаг гэдгийг албаны эх сурвалж мэдээллээ.

С.Баяр: Миний мэддэг тэр Н.Энхбаярыг өнөөдөр би олж харахгүй байгаа

Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн вант улсад суугаа Элчин сайд Санжийн Баяртай ярилцлаа.


-Сайн байна уу та. Ярилцлага авах хүсэлтийг маань хүлээн авсанд баярлалаа. Та Монголдоо ирээд удаж байна уу?

-Сайн сууж байв уу. Би нутагтаа ирээд удаагүй байна.

-Аль хавар таныг энд ирчихсэн байгаа гэсэн мэдээ яваад байсан болохоор асуулаа л даа...

-Тэгсэн үү. Мэдээ яваад байж гэнээ... Мэдээнээс үнэн баримжаа авдаг цаг өнгөрсөн, харамсалтай нь.

-Ингэхэд та энэ удаад ямар ажлаар ирэв дээ?

-“Суусан газраасаа чулуу атга” гэсэн үг бий. Тэрэн шиг суугаа орноосоо хөрөнгө оруулагч татах нь Элчин сайдын хичээх ёстой ажил. Гаднынхан үргэж бусгаад байгаа одоо цагт энэ бол бүр чухал. Тиймээс Английн нэг том компанийн удирдлагыг Элчин сайдын хувьд би Монголд урьсан юм. Манайд их хэмжээний хөрөнгө оруулах тухай яриад байгаа улс.

-Их гэж яг хэр хэмжээний хөрөнгө юм бэ. Яг ямар салбарт хөрөнгө оруулах юм бол?

-Төслийн өртөг нь 1.2 тэрбум ам.доллар. Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулах төсөл. Шивээ овоо дээр цахилгаан станц барих тухай ярьж байгаа. Хоёр талдаа ярьсаар байгаад овоо чамбай болсон төсөл. Лондонд очсон цагаасаа хойш л би энэ төслийг онцгойлон чухалчилж байгаа санаатай.

-Тэгж чухалчлах ямар онцлогтой төсөл юм бэ?

-Хэд хэдэн онцлог бий. Нэгдүгээрт, төсөл сайн учраас оруулах хөрөнгө нь бэлэн гэнэ. Төсөл санхүүжүүлэх банкны төлөөлөл хамт ирсэн. Хоёрдугаарт, нийлүүлэх цахилгааны үнэ өртөг нь харьцангуй хямд. Гуравдугаарт, говь нутагт ус ховор. Тиймээс ус хэмнэдэг хөргөлтийн “хайбрид” системтэй байх гэнэ. Мөн Хаялга нуурын усыг цэвэршүүлж ундных болгоно. Дөрөвдүгээрт, цахилгаан станцаас гарах хаягдал үнсээр нь барилгын блокийн үйлдвэр барина. Тавдугаарт, станцын дэргэд хүлэмжийн том аж ахуй байгуулж, хүнсний ногоо тарина, ажлын байр бий болгоно. Уг төслийг дагаад нийтдээ 800 гаруй ажлын байр шинээр бий болно гээд байгаа. Энэ мэтчилэн яривал боломжийн төсөл болсон мэт. Гэхдээ хэлэлцэх, тодруулах, нягтлах зүйл бас байна. Тиймээс Эрчим хүч, Байгаль орчин, Хүнс Хөдөө аж ахуйн яамаар орж уулзалт, хэлэлцээ хийж байна. Элчин сайдын ажлаа хийж яваа маань энэ.

-Таныг Элчин сайдын хувьд итгэмжлэх жуух бичгээ Английн хатан хаанд барьсны дараа яриа хөөрөө болсныг та анзаарсан уу. Таны тухай гэхээсээ таны гэргийн талаар нэлээд шуугисан...

-Өө тийм үү...

-Хатан хаанд бараалхахдаа таны гэргийг дипломат ёс жаяг зөрчсөн, холоос гараа зүтгүүлж алдаа гаргалаа, хатан хааны мутрыг нь үнсдэг ёстой гэж багагүй шүүмжилсэн. Таны гэргий энэ асуудалд хэрхэн хандсан бэ?

-Дипломат ёс жаяг нарийн. Английн ёслол бүр ч нарийн юм байна. Хатан хааныг нь үнсэх, тэврэх, биед нь хүрэх энэ тэр бол хориотой. Тэр жил Ерөнхийлөгч Обамагийн эхнэр хатан хааныг нь үнсээд ч бил үү, тэврээд ч бил үү буруудсан гэдэг. Гадаадын Элчин сайд нарыг гэргийтэй нь хамт хатан хаандаа бараалхуулна гэдэг нь тусгай дэг жаягтай. Хэдэн өдрийн өмнөөс бэлтгэл сургууль хийлгэдэг тогтсон журамтай. Хатан хааны ёслол хариуцсан маршал хэмээх албан тушаалтай хүн удирдаж тэр бэлтгэлийг хийлгэдэг юм байна. Арга хэмжээний үед хэн хаана зогсох, хоорондоо ямар зай авах, хаанаас яаж мэндчилэх, хэрхэн яаж хандах, юу ярих, эс ярих гээд бүх юм нарийн заавартай. Өгсөн тэр зааврынх нь дагуу бүх арга хэмжээ болсон л доо, уг нь. Ёслохдоо алдсан гэж байгаа бол ёслолын тэр маршал л бидэнд мадагтай юм зааж дээ (инээв).дэлгэрэнгүй ярилцлагыг энд дарж үзнэ үү. 

Зуслангийн төлбөр өдрийн 23-25 мянга байна

Зуслангууд нэгдүгээр ээлжийн хүүхдүүдээ ирэх сарын 10-ны өдрөөс эхлэн хүлээн авахаар болжээ. Энэ жил нийслэлийн ногоон бүсэд 24 зуслан үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авснаас гурав нь шинээр байгуулагдсан зуслан юм байна.

Үүнтэй холбоотойгоор НЗДТГ, Нийслэлийн цагдаагийн газар, Нийслэлийн онцгой байдлын газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын хамтарсан ажлын хэсгийнхэн зургадугаар сарын 5-8-нд зуслангуудад хяналт шалгалт хийж, үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг нь бататгаж өгөх болсон талаар Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын мэргэжилтэн Б.Ариунгэрэл мэдээлэв.

Зуслангийн нэг ээлж долоо хоног үргэлжлэх бөгөөд төлбөр нь өдрийн 23-25 мянган төгрөг байх юм. Зусланд амрах эрхийн бичгийг энэ сарын 25-наас Улаанбаатар чуулгын байранд худалдаж эхлэх аж.

Тав дахь Ерөнхийлөгчид тавих эхний шаардлага – Боловсрол

Монголчууд шинэ Ерөнхийлөгчөө сонгоход ердөө ганцхан сарын хугацаа үлдээд байна. Иймээс ч нийгэмд Ерөнхийлөгч гэж ямар хүн байх ёстой, ямар шаардлага шалгуурыг хангаж байж төр тэргүүлэх хэмжээнд хүрэх тухай яриа эрчээ авлаа. Өмнөх сонгуулиудаар гарч байгаагүй энэ яриа 2017 онд сэдэв болтлоо дэлгэрч байгаа нь нэр дэвшигч нартай шууд холбоотой. УИХ-д суудал бүхий Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх эрхтэй гурван намаас хоёр нь дээд боловсролгүй хүнийг Төрийн тэргүүнд сойгоод байна. АН-ын нэр дэвшигч Х.Баттулга наймдугаар ангийн боловсролтой, МАХН-ын С.Ганбаатар болохоор гурван ч их сургуульд элсэн орсон боловч ганцыг нь ч төгсөлгүй хаясан гэдэг. Иймээс л Ерөнхийлөгч боловсролтой байх нь чухал уу, боловсролгүй байх нь бүр чухал уу гэх асуулт тавигдаад байгаа юм.

БОЛОВСРОЛ ҮНЭХЭЭР ХЭРЭГГҮЙ ЮҮ?

Ерөнхийлөгч байтугай ердийн гэр бүлд ч сайн боловсрол хамгийн чухал сэдэв байсаар ирсэн. Үр хүүхдээ сайн сургуульд оруулж, сайн боловсрол эзэмшүүлэхийг хүсдэггүй хүн нэг ч байхгүй байх. Магадгүй энэ нь хүн амд эзлэх дээд боловсролтой иргэдийн тоог нэлээд өсгөсөн байх талтай. 2016-2017 оны хичээлийн жилд 95 их, дээд сургуульд 157138 оюутан суралцаж байна. Магадгүй энэ нь зарим талаар диплом үнэгүйдсэн гэх үзэл бодол давамгайлах хөрс суурь болдог биз. Дэлгүүрийн худалдагч, үйлчлэгч ажилд авахдаа хүртэл компаниуд диплом хардаг, шаарддаг болсон гэх нь ч бий. Гэвч энэ бол сайны дохио бөгөөд боловсрол эзэмшсэний төлөө, түүний үнэ цэнийг ойлгож, мэдэрсэн хэн нэгнийг муу хэлэх нь зохимжгүй юм. Жишээ нь, АНУ-д гэхэд л иргэдийн 60 хувь нь бакалаврын боловсролгүй гэсэн судалгаа бий. Гэхдээ коллежийн боловсрол хүний амьдралд хэр чухал вэ гэсэн асуулга явуулахад маш чухал гэж хариулах хүний тоо тасралтгүй өссөөр байна. Нэг талаас аж үйлдвэржилтийн эрин улирч, хөдөлмөрийн салбарын дийлэнхийг оюуны хөдөлмөр эзэлж байна. Тийм ч учраас боловсролын төвшин ач холбогдолтой болж үүнийг дагаад цалин мөнгө, бүтээмж нэмэгддэг нийгэм бий болж байна. Тухайлбал, үүний хамгийн том илрэл нь аутсорсинг хэлбэрийн ажил юм. Орон зай, цаг хугацаа хамааралгүйгээр хүмүүс оюуны хөдөлмөр эрхэлж, цоо шинэ ажлын орчин, нөхцөлийг бий болголоо. Тэгэхээр дэлгүүрийн худалдагч болно гээд боловсрол эзэмшихээс хойш сууж боломгүй. Аяндаа нийгэм, цаг үе өөрчлөгдөхийн хэрээр хэрэгцээ, шаардлага нь бий болж ажиллах хүчний шинэ орон зай бий болно гэдэг тооцож үзэх хэрэгтэй. Дэлгэрэнгүй нийтлэлийг энд дарж үзнэ үү. 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
иргэн
Жолооны үнэмлэх сунгаж байна гэдэг мэдээлэл худлаа байна лээ шүү дээ. Олон хүн мэдээлэлд төөрөгдөж очсон байсан.
2017/05/25 150.129.142.23
  • Recent
  • Most Read
  • Most Comment