10o
Улаанбаатар хот
mobile menu

Г.Сувдаа: Цэвэршилт 45 наснаас эхэлж 10 орчим жил үргэлжилдэг

2017-05-29 08:36:00

Эмэгтэйчүүдийн цэвэршилтийн талаар “Эрхэмсэг” эмэгтэйчүүдийн эмнэлгийн эмч Г.Сувдаа эмчтэй ярилцлаа.

-Эмэгтэйчүүдийн цэвэршилт гэж юу вэ?

-Цэвэршилт гэж биений юм бүрэн зогсохыг хэлэх бөгөөд энэ үед өндгөвч эстроген даавар ялгаруулж чадахгүй болсон байна. Цэвэршилт нь дан ганц эмэгтэйчүүдийн асуудал бус бас эрчүүдэд нэгэн адил тохиолдоно. Эмэгтэйчүүдийн хувьд энэ үед илрэх шинж тэмдэг нь эстроген дааврын дутагдалд эрхтэн тогтолцооны талаас үзүүлж буй хариу урвал юм. Ихэвчлэн 40-өөс дээш насны хүмүүст илэрдэг. Хэт эрт болон аяндаа эрт цэвэрших тохиолдол байдаг.

-Ямар ямар шинж тэмдгээр илэрдэг вэ. Цэвэршилт явагдах үед гэж байдаг гэж сонссон. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-Цэвэршилтийн үед эстроген дааврын дутагдлаас болж эрхтэн тогтолцооны зүгээс илрэх хариу урвал гэж дээр дурьдсан. Үүнд, Зүрх судасны үйл ажиллагааны алдагдал, даралт ихсэх, зүрхээр өвдөх, титэмт судасны нарийсал үүсэх, бодисын солилцооны алдагдлын улмаас таргалалт үүсэх, өөхөн эдийн хуваарилалт өөрчлөгдөн хэвлий хэсгээр хуримтлагдах, ургал мэдрэлийн тогтолцоо хэт цочмог болох зэрэг шинж тэмдэг илэрдэг. Мөн хөлрөмтгий болох, салт хуурайших, нүүр хөлийн ул халуу оргих, ясны сийрэгжилт эрчимтэй явагдах, кальцийн солилцоо алдагдах, глюкозын задрал саатах, булчингийн сулрал явагдах, шээс бэлгийн замын үйл ажиллагаа алдагдах, шээс задгайрал үүсэх, сэтгэл зүйн хувьд эмзэгших, хямрамтгай болох, бэлгийн амьдралд өөрчлөлт орох зэрэг эмэгтэйн амьдралын чанарт мэдэгдэхүйц нөлөөлөх өөрчлөлтүүд гардаг.

-Цэвэршилтийн үед янз бүрийн сэтгэл санааны өөрчлөлт гардаг гэсэн. Энэ байдлыг хэрхэн даван туулах вэ?

-Цэвэршилтийн үед гардаг эдгээр өөрчлөлтүүд нь физиологийн түр зуурын үзэгдэл юм. Сэтгэл санааны талаас илрэх шинж тэмдгүүдийг “цэвэршилтийн үеийн невроз” гэх нь ч бий. Энэ үед эмэгтэйн өөрийгөө үнэлэх үнэлэмж өөрчлөгдөх хандлага зонхилдог. Цэвэршилтийн үеийн сэтгэл санааны байдалд нөлөөлөх олон хүчин зүйл байдаг. Жишээ нь, нийгмийн байдал, амьдралын орчин, гэр бүлийн уур амьсгал, ажил эрхлэлтийн байдал, эдийн засгийн гэх мэт. Гэвч зарим тохиолдолд физиологийн байдал нь дээрх хүчин зүйлүүдээс шалтгаалаад эмгэг байдал үүсэх тохиолдол байдаг. Эдгээрийг цэвэршилтийн үеийн хүндрэлүүд гэдэг. Физиологийн үед эмчилгээ шаардлагагүй. Энэ үед гарах шинж тэмдгүүд өөрчлөлтийн талаар эрүүл мэндийн боловсролтой зохих түвшний мэдлэгтэй байх хэрэгтэй. Түүнээс гадна эстроген орлуулах дааврын бэлдмэл хэрэглэх, эсвэл ургамлын гаралтай фитоэстроген бүхий биологийн идэвхт бүтээгдэхүүнүүдийг хэрэглэж болох юм. Эмгэг үүссэн тохиолдолд мэргэжлийн эмч нарт хандаж эмчилгээ хийлгэх хэрэгтэй.

-Цэвэршчихээр уур уцаартай болдог гэсэн яриа хүмүүсийн  дунд байдаг. Хөгширөлт хурдан явагддаг, бэлгийн харьцаанд орохоо больдог гэдэг юм билээ. Энэ үнэн үү?

-Энэ бол харьцангуй ойлголт. Шууд утгаар нь ойлгож болохгүй. Учир нь хүн бүрт харилцан адилгүй илэрдэг. Дээр дурьдсанчилан сэтгэл санааны байдалд нөлөөлөх сөрөг хүчин зүйлээс үүдэлтэй уур уцаартай болох тал бий. Энэ тохиолдолд эмэгтэйчүүдийн эмч сэтгэл зүйчээс зөвлөгөө авах хэрэгтэй. Арьс салстын уян хатан чанар буурах,  хуурайших зэрэг өөрчлөлтүүд илэрдэг учир хөгшрөлтөнд тодорхой хэмжээгээр нөлөөлнө. Бэлгийн үйл ажиллагааны хямралд цэвэршилтийн үеийн дааврын түвшин буурах, архи тамхины хэрэглээ нөлөөлдөг. Цэвэршилт болон насжилттай холбоотой үүсч байгаа бэлгийн үйл ажиллагааны хямралын эмчилгээнд сэтгэл гутралын эсрэг эмчилгээг гэр бүлийн сэтгэл зүйчийн сэтгэл заслын зөвөлгөө эмчилгээ, даавар орлуулах эмчилгээ фитотерапи зэргийг хослуулж хэрэглэдэг.

-Эрт цэвэршилт гэж хэдэн насанд цэвэршихийг хэлэх вэ. Эрт цэвэршихгүй байхын тулд эмэгтэйчүүд ямар арга хэрэглэх вэ. Сэргийлэх боломж бий юу?

-45 наснаас өмнө цэвэрших эсвэл хавдар болон бусад эмгэгийн улмаас мэс заслын аргаар өндгөвч авагдсан тохиолдолд эрт цэвэршилт тохиолддог. Олон хүчин зүйл бий л дээ. 45-аас дээш насанд биед гарч байгаа физиологийн өөрчлөлт учир цэвэршихгүй байна гэсэн ойлголт байхгүй. Энэ бол байгалийн жам. Харин эрт цэвэршихгүй байх гэдэг өөр ойлголт. Манай эмэгтэйчүүд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж хэвших  хэрэгтэй. Ялангуяа Засгийн газраас хэрэгжүүлж буй Эрүүл Монгол хөтөлбөрийн хүрээнд 30-аас дээш насны эмэгтэйчүүдийн умайн хүзүүний хавдар илрүүлэх скрининг үзлэгт заавал хамрагдах, бактерийн болон вирусын гаралтай умай өндгөвчний архаг үрэвслийг сайн эмчлүүлэх гэх мэт өөрөөс шалтгаалах эрүүл мэндийн асуудалдаа анхаарах хэрэгтэй.

-Цэвэршилт хэдэн наснаас, хэдий хэрийн хугацаанд үргэлжилдэг үйл явц вэ?

-Цэвэршилт 45 наснаас эхэлж 10 орчим жил үргэлжилдэг гэж үздэг.

-Хааяа эмч нарын ярьж байхыг сонсохоор сүүлийн үед цэвэршилт залуужлаа гэх зүйл сонсогдох болсон. Үүний шалгаан, нөлөөлж буй хүчин зүйл?

-Нийтлэг биш ч ажиглагдаж байгаа. 40-өөс доош насны зарим эмэгтэйчүүдэд ямар нэг эмэгтэйчүүдийн эмгэггүй хирнээ биений юмны алдагдал илэрч байна. 2-3 сараар ирэхгүй байх, үзэгдээд өнгөрөх гэх мэт. Энэ тохиолдолд өндгөвчний байдалд үнэлгээ өгч дааврын шинжилгээ болон бусад шаардлагатай шинжилгээг  хийж шалтгааныг илрүүлэх шаардлагатай. Мөн нийгэм эдийн засгийн хүчин зүйл ч нөлөөлж байгаа.

-Хожуу цэвэрших тохиолдол гэж бий юу?

-55-аас дээш насанд цэвэрших тохиолдол цөөн хувьд нь тохиолддог.

-Эрт цэвэрших нь муу, хожуу цэвэршихийн сайн болон сөрөг, муу тал гэж бий юу?

-Эрт цэвэршилтийн үед тухайн эмэгтэйн амьдралын чанарт сөргөөр нөлөөлөх тал байна. Хожуу цэвэршилтийн үед тухайн эмэгтэй эрүүл байгаа тохиолдолд сайн муу тал гэж байхгүй. Мэдээж эмэгтэйлэг байдлаа удаан хадгалах давуу талтай.

-Цэвэршилтийн үед ямар нэгэн эмчилгээ хийлгэх шаардлагатай юу. Ямар эмчилгээ хийвэл зохилтой вэ?

-Цэвэршилтийн үед эстроген даавар орлуулах эмчилгээ хийдэг. Мөн фитотерапи буюу ургамлын гаралтай эмэгтэйчүүдийн бэлдмэлүүдийг өргөн хэрэглэдэг. Эмчилгээг эмчийн зөвөлгөөний дагуу хийлгэх хэрэгтэй.

-Зарим эмэгтэйчүүд цэвэршилтийг хойшлуулдаг эмийг сайн дураараа авч уух нь хэр зохистой вэ?

-Эм гэдэг бол нэг талаар хор. Иймээс эмчийн заавар зөвлөгөөгүйгээр эм хэрэглэх нь буруу, харин эрүүл мэндийг дэмжих, зөвшөөрөгдсөн биологийн нэмэлт бүтээгдэхүүнүүдийг хэрэглэж болно.

-Цэвэршилтийн насны эмэгтэйчүүддээ хандаж юу хэлэх вэ. Зөвлөгөө мэдээлэл өгнө үү?

-Манай эмэгтэйчүүд цэвэршилттэй холбоотой асуудлаар өөрт илэрч байгаа шинж тэмдгүүдээ хэлээд эмчид хандах нь ховор байдаг. Ичиж зоволгүйгээр эмчид хандаж тулгараад байгаа бэрхшээлээ хөнгөвчлөх хэрэгтэй. Биед үүсч байгаа ихэнх хямралууд нь цэвэршилттэй холбоотой байхыг үгүйгэхгүй. Жишээ нь Хөлийн шилбээр янгинах, өвдөгний үеэр өвдөх гэх мэт үе мөчний өвчний шинж тэмдэг магадгүй цэвэршилттэй үеийн кальц, витамин Д-ийн дутагдалтай холбоотой байж болно шүү дээ. Иймд  асууж, зөвлөгөө авч аль болох эмчтэй ойр дотно байх хэрэгтэй гэж боддог доо.

-Ярилцсанд баярлалаа.

Д.Нэргүй

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment