“Шинэ үе” продакшины жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Д.Оюунтуул болон Ц.Алдармаа нар жил гаруйн өмнөхөн хоорондоо маргалдаж, улмаар бие биеэ халуун усаар түлж гэмтээсэн ноцтой хэрэг гарсан билээ. Багагүй асуудал дэгдээсэн хэрүүл маргаан шүүх дээрээ тулж, Ц.Алдармаа 7 жилийн ял авч, Д.Оюунтуул мөнгөн торгууль төлөхөөр өндөрлөсөн. Гэвч олны танил бүсгүйчүүдийн зодоон одоо болтол үргэлжилсээр байна. Жүжигчин Ц.Алдармаа саяхан нэгэн нэвтрүүлгийн үеэр Д.Оюунтуулд 25 сая төгрөг өгсөн. Одоо 35 сая төгрөг нэхэмжилж байгаа талаар ярьж, цахим ертөнцөд шуугиан дэгдээгээд байна. Тэгвэл энэ талаар Д.Оюунтуул тайлбар хийлээ.
Тэрбээр “Үнэндээ бол надаас ганц ч удаа уучлалт гуйгаагүй юм шүү дээ. Гэтэл чухам яагаад тэгж худал ярьсанд нь гайхаж байна. Уг нь эрүүл мэндээ бодсон ч тэр. Асуудалд тайвнаар хандаж, хуулийн дагуу арга хэмжээ авья гэж бодож байсан юмсан. Гэтэл үүнээс болоод бие тавгүйрхэж, стрессдэж эхэллээ. 35 сая төгрөг нэхэмжилсэн гэж яриад байгаа нь үнэндээ шүүхийн шийдвэр. Би зургаан удаа Солонгост очиж эмчлүүлсэн. Тэр бүхнээс ганцхан удаагийн зардлыг нь Ц.Алдармаа гаргасан байхгүй юу. Үлдсэн таван эмчилгээнийхээ зардлыг олох гэж нэлээд асуудалтай явсан нь үнэн. Зургаа долоон сарын дараа шүүх эмнэлгийн үзлэгт ороход мэдээж хэрэг шарх сорвины маань тал хувь нь эдгэчихсэн байсан. Гэхдээ өнгөрсөн хугацаанд хэдийд, хэрхэн эмчлүүлсэн, хэр хэмжээний мөнгө зарцуулсан зэрэг нь тодорхой баримттай байгаа. Энэ бүхэн дээр үндэслэн шүүхээс эмчилгээний зардалд зарцуулсан 35 сая төгрөгийг нөхөн төлүүлэх шийдвэр гаргасан. Би одоо хүртэл эмчлүүлж байгаа. Гэхдээ тэр хүн ч гэсэн ажлаа хийгээд асуудлаа ингээд нэг тийш нь шийдчихэж болох л байсан. Харамсалтай нь гэнэт л янз бүрийн яриа гаргаж, бодит байдлаас огт өөр зүйл хэлэх болсонд нь гайхаад барахгүй юм. Ямар ч байсан, тун удахгүй хэвлэлийнхэнд албан ёсоор хандана” гэсэн байна.