8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм. Хөвсгөл нуурын уснаас E-coli нян илэрч, БХ яамны албан тушаалтнууд АТГ-аас шалгаж эхэллээ

2017-06-12 18:32:00

Хүн бүр дотор сэтгэлдээ урмын сайхан үгийг ямагт хүсч явдаг. Хийж бүтээснийхээ төлөө, бусдыг баярлуулсны төлөө хэн нэгнээс сонсох талархал, урмын сайхан үгс нь хүний сэтгэл зүрхэнд баяр баясгалан авч ирдэг. Бид хэдий болтол даруу төлөв, сэтгэлийн хөдөлгөөн багатайгаа илэрхийлж, талархал урмын сайхан үгсээ өөрөөсөө болон өрөөл бусдаас харамлаж явах билээ. Гэсэн атлаа маргалдаж муудалцахдаа зүрх зүсэж, сэтгэл хиртэн, дотор давчдам муу үгсийг хэлэх хэрэг юун. Хайртай хань, алаг үр, асралт аав ээж, анд нөхөд бүгд л урмын сайхан үгээр дутаж л яваа. Тиймээс эрхэм уншигч яг одоо хэн нэгэнд та урмын сайхан үг хайрлаарай. Үүний хариу танд хэзээ нэгэн цагт эргэж ирнэ гэсэн гэгээлэг мэдээллээр өнөөдрийн тоймоо хүргэж байна. Их ажлын өдрүүд дуусаж байгаа учраас та бүхэн амралтын өдөр гэр бүлтэйгээ сайхан өнгөрүүлээрэй. Харин одоо бид дуулиантай дуулгах сонин ажлын эхний өдрийн Монголын нэг өдөр тойм булангаа хүргэж байна. 

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

1,5 тэрбум төгрөгөөр хэдхэн ширхэг гэрэл татах байсан юм уу ХОТЫН ДАРГА АА

Дэлхийн өндөр хөгжилтэй, аялал жуулчлал хөгжсөн хотуудад шөнө нь өдөр мэт гэрэлтэх үзвэр, худалдаа үйлчилгээ төвлөрсөн шөнийн гудамжууд нэлээдгүй олон байдаг. Энэ нь тухайн улсад аялаж байгаа жуулчдын хувьд заавал үзэх ёстой газруудын тоонд ч багтдаг эдийн засгийн чухал үүрэгтэй. Нью Йорк, Токио, Сеүл, Бээжин, Банкок, Куала-Лампур зэрэг хөгжилтэй хотуудын худалдаа үйлчилгээний шөнийн гудамж, захууд нь жуулчид амарч зугаалах, чөлөөт цагаа өнгөрүүлэх, худалдаа үйлчилгээ авах бүхий л нөхцөл боломжийг бүрдүүлсэн байдаг аж. 

Улсын төсвийн 1.5 тэрбум төгрөгийг энэүү бүтээн байгуулалтад зарцуулсан байна. Хайран мөнгө. Ингэж хэлсний учир нь эдийн засаг хямралтай байна энэ цаг үед ийм хэмжээний мөнгөөр дахин нэг “хар зах” бий болгож байгааг энд онцолмоор байна.  

Ийм чухал ач холбогдолтой гудамж өнгөрсөн 7 хоногт буюу энэ сарын 8-ны өдөр нийслэл хотод маань нээлтээ хийсэн юм. Том хотуудыг дуурайж төв замыг түгжрүүлэн байж, зам хааж энэхүү "Анхны шөнийн гудамж" сүр дуулиантайгаар нээв. Улсын төсвийн 1.5 тэрбум төгрөгийг энэүү бүтээн байгуулалтад зарцуулсан байна. Хайран мөнгө. Ингэж хэлсний учир нь эдийн засаг хямралтай байгаа энэ цаг үед ийм хэмжээний мөнгөөр дахин нэг “хар зах” бий болсныг энд онцолмоор байна.  Юуныхан шөнийн гэрэлт гудамж. Тэнд очсон хүмүүсийн сэтгэл дундуур үзэх харах зүйл гэхээс илүүтэй багахан хэмжээний “хар зах” шиг болж гэдгийг ам уралдан ярьж байв. Мөн цахим орчинд ч нэлээд шүүмлэлд дагуулсан юм. “Нийслэл хотыг орчин цагийн Метрополис болгоно гэчихээд хэдэн ширхэг гэрэл асдаг кабелийн утас л татаж дээ” гэх шүүмж цахим сүлжээгээр хүчтэй өрнөж байна. Товчхондоо 1,5 тэрбум төгрөгөөр хэдхэн ширхэг гэрэл татах байсан юм уу.   "Анхны шөнийн гудамж" хийж байна гэж улсын төсвийн 1.5 тэрбум төгрөгийг ийм байдлаар үрэн таран хийхийн оронд хотын захын гэр хорооллынхоо харанхуй гудамжиндаа хэдэн чийдэн нэмэрлэхгүй яаавдаа гэж халаглах нэгэн ч байна. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Х.Баттулга, М.Энхболд, С.Ганбаатар нар эдийн засгаа сэргээх талаар юу гэж амлав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид хөдөө орон нутагт ажиллаж байна.  Ард иргэдийн зүгээс энэ удаагийн гурван нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөртэй сайтар танилцаж, сонголтоо хийнэ гэсэн байр суурьтай байна. Өдрөөс өдөрт манай улсын дундаж давхаргын орлого  буурч, ажилгүйдэл, ядуурал хэрээс хэтэрч байна. Жилийн өмнө бүтэн талх аваад иддэг байсан бол өнөөдөр тал талх авч идэж байна. Дунджаас доогуур орлоготой иргэд бүр тал талхыг хувааж авч байна. Монголын нийгэм ийм л хүнд нөхцөлд байна. Ийм эгзэгтэй хариуцлагатай цаг үед Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болж байгаа билээ. Тийм учраас ард түмэн нэр дэвшигчдээс амлалт, мөрийн хөтөлбөрийг сайтар харж байгаа юм. Мөрийн хөтөлбөр бол нэр дэвшигчдийн сонгогчдоос оноо авах хамгийн том боломж.  Харин нэр дэвшигчид Эдийн засгаа хэрхэн сэргээх талаар мөрийн хөтөлбөртөө юу гэж тусгасаныг хүргэе. 


Х.БАТТУЛГА: ЭДИЙН ЗАСГАА СЭРГЭЭЖ,  ЭХ ОРОНЧ ЕРӨНХИЙЛӨГЧ БАЙНА

Нэр дэвшигч Х.Баттулга Эдийн засгийнхаа бүтцийг шинэчлэн олон тулгууртай болгох бодлого хэрэгжүүлж, инновацид суурилсан аж үйлдвэрийг хөгжүүлэх замаар эдийн засгийн өсөлтийг хүртээмжтэй болгон, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд тэргүүн зэргийн ач холбогдол өгч ажиллана хэмээн мөрийн хөтөлбөртөө тусгасан байна. Мөн Х.Баттулга 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдөр УИХ-ын 19 дүгээр тогтоолоор батлагдсан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” хөтөлбөрийг дэмжин ажиллана гэсэн байна. Үүнд:
 
3.1. Монгол Улсынхаа эдийн засгийн бүтцийг шинэчлэн олон тулгууртай болгох замаар өрсөлдөх чадварыг сайжруулах, иргэдийн орлогыг нэмэгдүүлж, амжиргааны чанарыг сайжруулахын тулд Монгол Улсын төрөөс нэн тэргүүнд анхаарах ёстой чухал чиглэл бол аж үйлдвэржилт хэмээн үзэж энэ чиглэлд онцгой анхаарал тавина.
3.2. Аж үйлдвэрийн хөгжилд ээлтэй банк санхүү, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх бодлогыг дэмжинэ;
3.3. Монгол Улсын аж үйлдвэрийн бүтцийг зохиомжилж, хөгжлийн бодлогыг тодорхойлохдоо дундаж давхаргын иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, амьдралын чанарыг дээшлүүлэх талаар онцгойлон анхаарч, хөдөлмөрийн зах зээлийн зохицуулалт, эрх зүйн орчныг боловсронгуй болгохын төлөө ажиллах;
3.4. Эрдэс баялгийн салбарыг хөгжүүлэхдээ үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд нийцүүлэн улс төр, бизнесийн бүлэглэлийн ашиг сонирхлын зөрчилдөөний талбар болгохоос сэргийлж, баялгийг хууль бусаар өмчлөх аливаа үйлдэл эс үйлдэхүйтэй тууштай тэмцэж, эрх зүйн орчин бүрдүүлэх;
3.5. Байгалийн баялаг ашигласнаас олох орлогыг тусгай санд хуримтлуулан уул уурхайн бус салбарын хөгжил, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлд зарцуулах бодлогыг санаачилж эрх зүйн орчин бүрдүүлэх;  
3.6. Монгол Улсын иргэн бүр байгалийн баялгийг тэгш, шударгаар эзэмших, хувь хүртэх, үр өгөөжийг нь ашиглах боломжийг хуулиар хамгаалах бодлого, үйл ажиллагаа, санал, санаачилгыг дэмжих;
3.7. Монгол Улсад ган хайлуулах, зэс хайлуулах болон нефть химийн үйлдвэр бүхий аж үйлдвэрийн парк байгуулах, түүнийг дагасан боловсруулах болон хөнгөн үйлдвэрлэлийг хөгжүүлэх аж үйлдвэржилтийн хөрөнгө оруулалт,  мега төслүүдийг дэмжих;
3.8. Монгол Улсын эдийн засаг дахь “Хүрэн эдийн засаг”-ийн хувийн жинг тогтвортой бууруулж, байгальд ээлтэй, экологийн тэнцвэрт байдлыг хадгалсан, нөхөн сэргээлт хийх бүрэн боломжтой, ил тод, хариуцлагатай уул уурхайг дэмжих;
3.9. Үндэсний аюулгүй байдал, орон нутгийн иргэдийн аливаа ашиг сонирхлыг зөрчсөн хайгуулын болон ашиглалтын лиценз олгох, олборлолт хийх хууль бус үйл ажиллагааг шийдвэртэйгээр эсэргүүцэж, таслан зогсоохын төлөө ажиллах; 
3.10. Иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөдөлмөрийн чадавхитай ажиллах хүчний нөөцийг баялаг бүтээх үйлсэд татан оролцуулана гэж тусгасан байна. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

П.Бадарч: Есөн эрдэнийн орныхоо Ерөнхийлөгч нь болоорой

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч Х.Баттулга өнөөдөр Улаанбаатар хотод нийслэлийн нийт сонгогчид, дэмжигчдийнхээ төлөөлөлтэй уулзсан билээ. Энэхүү уулзалтад Ардын уран зохиолч П.Бадарч оролцож, ерөөлийн сайхан үгээ хэлж, мөнгөн аяга, алд цэнхэр хадаг өргөн барилаа.

Тэрбээр  “Би 3000 гаруй хүн суугаад Ерөнхийлөгчөө дэмжиж байгаа уулзалтад анх удаа оролцож байна. Өнгөрсөн нэг жил би гэртээ хэвтрийн дэглэм сахисан. Гэтэл саяхан Баттулга хүү, Лхагвасүрэн жанжин хоёр намайг дуудаж, “Монгол тулгатны 100” эрхэм нэвтрүүлэгт оролцуулж, байцаасан. Гэхдээ их зөв байцаасан. Буруу байцаавал би дургүй байж чадах хүн шүү дээ.

Би 50 гаруй жил шүлэг бичсэн хүн. Миний хамгийн алдартай шүлэг бол “Есөн эрдэнийн орон”. Х.Баттулга хүү минь Есөн эрдэнийн орныхоо Ерөнхийлөгч болохгүй бол төр засаг чинь болохоо байлаа шүү. Зөв ажиллаж, зөв яваарай. Дахин дахин амжилт хүсье” хэмээн хэллээ.  

Ч.Ганхуяг: "Талх"-аар намайг дийлэхгүй шүү

Улс төрд тунчиг өнгөлөг гарч ирээд харамсалтайгаар албаа дуусгасан хүн бол “Хас”-ын хэмээх Ч.Ганхуяг юм. Нэг хэсэг талхны үнэ мэдэхгүй хэмээн шүүмжлэлийн бай болж байсан. Тодруулбал, 
 “Хас”-ын  Ч.Ганхуягаас   талхны үнийн талаарх сэтгүүлчийн асуултад бүдэрсэн нь ихээхэн дуулиан дэгдээсэн юм. Ингээд “талх” Ч.Ганхуяг гэсэн салшгүй имиж бүрдүүлсэн нэгэн.Тэгвэл саяхнаас Ерөнхийлөгчийн сонгууль эхэлсэнтэй холбогдуулж Ч.Ганхуягийг "өдөх" залуусын тоо нэмэгдсэн бололтой. Түүний талхны үнийг мэдэхгүй байсан талаарх яриаг сөхөж ярих болжээ. Харин Ч.Ганхуяг эл явдалд дараах тайлбарыг өгсөн байна. 
Тэрбээр "Намайг баалах нэг юм байнаа. Түүгээр мөн ч их оролдох юм. Талхны үнэ мэдэхгүй ээ. Мэдэх шаардлага алга. Би 17-тойгоосоо улсад ажиллаж, татвар төлж эхэлсэн. Ганзагын наймаанд явсан. Хувиараа сургуульд сурсан. Төгссөн. Олонтойгоо хамтран олон компани байгуулсан. Намайг Хасын Ганхуяг гэдэг. Бидний байгуулсан банк Топ-100-гийн эхэнд яваа. Бид олон мянган хүний ажилтай хоолтой залгуулсан. Олон тэрбумыг татварт өгсөн. Төлсөөр ч байгаа. Монголын эдийн засгийг Азийн Чоно болгох мөрөөдөлтэй. Худал хуурмагийг тэвчдэггүй. Айж, дальдчиж, бултаж байгаагүй. Хэлэх үгээ хаана ч хэлээд ирсэн. Дэд сайд хий гэхэд нь очоод хийсэн. Гуйж авч байсангүй. Сонгуульд хоёр ч удаа дэвшсэн. Унасан. Өөрийн буруугаас. Гэхдээ бууж өгөөгүй. Үнэн ялдаг гэдэгт итгэдэг. Монголчууд бидэнд сайхан ирээдүй байгаа гэдэгт би итгэдэг. Надад зорилго бий. Надад зориг байна. Би зогсолтгүй ажиллаж чаддаг. Талхны үнэнээс цааш илүү үнэт зүйл надад бий. Өөр баалах юм ол. Наадахаар чинь намайг дийлэхгүй шүү" гэжээ.

Батлан хамгаалахын яамны албан тушаалтнууд АТГ-аас шалгаж эхэллээ

Батлан хамгаалахын яамны  Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Г.Сайханбаяр болон өөр нэгэн даргыг АТГ-ынхан шалгаж эхэлсэн байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар өнгөрсөн жилээс цэргийн алба хаагчдад өгсөн хангалтын гутал, хувцас нь чанарын шаардлага хангахгүй байгаа нь дээрх дарга нар тендэр будилаантуулсантай холбоотой байж болзошгүй аж.

Хөвсгөл нуурын уснаас E-coli нян илэрлээ

Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Хөвсгөл нуурын усанд шинжилгээ хийхэд E-coli буюу гэдэсний эмгэг төрөгч нян илэрсэн байна.  Лабораторийн нян судлалын шинжилгээний дүнгээр Хатгал тосгоны хүн амын ундны ус авдаг 5 цэгээс Ноосны үйлдвэр, Нефть баазын орчмоос авсан Хөвсгөл нуурын усны 2 дээжинд E-coli нян илэрсэн байна. 
 E-coli нян нь гэдэсний бүлгийн эмгэг төрөгч нян бөгөөд усаар дамжин хүний гэдсэнд орж гүйлгэх, шингэн алдах суулгах зэргээр илэрдэг гэнэ. Тус нян нь хүний өтгөнд байдаг бөгөөд цас мөс хайлахад шар усны үерээр дамжин нуурт орсон байх боломжтой учраас ундны ус авдаг газруудыг хамгаалалтанд авах шаардлагыг Мэргэжлийн хяналтын газраас Хатгал тосгоны захирагчид хүргүүлжээ.

Г.Шийлэгдамбыг яагаад сонгуулийн үеэр шүүх болов?

Эрүүл мэнд,спортын сайд асан Г.Шийлэгдамбыг шүүх хурал өнөөдөр товлогджээ. Уг нь бол аль 2015 оны асуудал. Сейфнээс нь их хэмжээний мөнгө гарсан, авлига байж магадгүй хэмээн зөндөө шуугисан. МАХН-тай, тус намын дарга Н.Энхбаяртай холбох гэж зохиомол шум тарааж, шат шатандаа бишгүй л оролдох шиг болсон. Ямартай ч хоёр жил гэдэг  шийдвэл шийдчих хугацаа   өнгөрчээ. Харин энэ хүртэл сунжруулан “хадгалсан”-ы учир өнөөдөр тодорхой болж байна.  2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дундуур, нэр дэвшигчдийн марафонд МАХН-ын нэр дэвшигч С.Ганбаатар  өнгөлөөд ирэнгүүт  эрх баригчдын зүгээс Г.Шийлэгдамбын хэрэг гэгчийг дахин босгож ирлээ. Мэдээж  одоо намтай  нь холбоно,  намын дарга Н.Энхбаяртай холбоно, сонгогчдын итгэл, сэтгэлийг урвуулахад ашиглаж таарах ийм л дүр зураг харагдаж байна.  

МАН, АН-ын буюу сүүлийн үед хүмүүсийн тархин, зүрх хийгээд  нийгмийн ухамсарт  бий болсон  ойлголт, орчин үеийн нэршлээр бол МАНАН-гийн ээлжит захиалга  энэ удаа иймэрхүү  байдлаар хэрэгжиж эхлэх нь ойлгомжтой боллоо. Ер нь бол  МАХН-ыг, энэ намын дарга Н.Энхбаярыг сонгуульд оруулахгүй байх, Монголын улс төрөөс  хавчиж  шахах гэсэн нам дамжсан   улс төр, эдийн засгийн бүлэглэлүүдийн  бодлого сонгуулиас сонгуульд хэрэгжиж ирсэн. Бүр эхнээс нь дурдвал 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар нам нь, С.Баяр тэргүүтэй бүлэглэл АН-тай нийлж түүнийг унагаасан гэж  улс төрийн хүрээнийхэн ярьдаг.  Түүний дараа 2012 оны  дөрөвдүгээр сарын 12-ноос 13-нд шилжих  шөнө буюу  УИХ-ын сонгуулийн өмнө МАНАН бүлэглэл  МАХН болон Н.Энхбаяраас айхдаа 600 цагдаагийн хүчээр түүнийг баривчлуулан  шоронд хорьсон.  2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд  ч нэр дэвшихийг эрхийг нь хууль бусаар хязгаарласан. 2016 оны УИХ-ын сонгуульд ЦЕГ “ялтай” гэсэн хуурамч тодорхойлолт гаргаж СЕХ-нд өгснөөр сонгох, сонгогдох эрхэд нь халдаж  мөн л нэр дэвшүүлээгүй. Цагдаагийн ерөнхий газрын тодорхойлолт хүчин төгөлдөр бус гэсэн Улсын Дээд шүүхийн шийдвэр сонгуулийн дараа гарч, СЕХ нь болохоор “Бүх юм яваад өнгөрсөн, нэгэнт болоод өнгөрсөн үйл явцыг буцаах боломжгүй ” гэсэн байдлаар асуудлыг өнгөрүүлсэн.  2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Энхбаяраас айхдаа   нөгөө л “ялтай” гэж хууль, шүүхийн байгууллагыг гар хөлөө болгодог аргаа дахин хэрэглэж   нэр дэвшүүлээгүй.  Олон нийт, нийгэм бол  Н.Энхбаярыг МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд  нэр дэвшээсэй гэсэн хүсэлт, хүлээлтээр амьсгалж байгаа. Ингээд түүний оронд ард түмний итгэлийг даах эрхмийг нэр дэвшүүлсэн нь С.Ганбаатар болоод буй. Түүнчлэн МАХН энэ удаагийн сонгуулиар Монголын улс төрийн тэнгэрт бүрхсэн МАНАН-г арилгахыг  уриалж байгаа. Тэгвэл МАНАН бүлэглэл дөрөв дэх удаагийн энэ сонгуульд МАХН-ыг болон Н.Энхбаярыг унагаахад Г.Шийлэгдамбыг ашиглахаар  дарж хадгалж ирсэн зүйлүүдээ дэлгэх  бололтой.  МАХН-ын хувьд Г.Шийлэгдамбад итгэл үзүүлж, Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд томилж байв. Мөн УИХ-ын ээлжит  сонгуулиудад дэвшүүлж  байсан. Сүүлд Эрүүл мэнд, спортын сайдаар томилсон. Асуудалд холбогдоход нь ч МАХН-ын гишүүд санаа тавьж, хөөцөлдөж байв. Харин  Г.Шийлэгдамба  гэнэт намынхнаасаа нүүрээ буруулж, тэднийхээ эсрэг зүйл ярьж, анхны мэдүүлгээсээ ч гэнэт буцсан сураг дуулддаг. Саатуулагдаж байгаад суллагдсаны дараа түүнийг авчран телевизийн нэвтрүүлэгт оруулж, намынх нь эсрэг зүйл яриулсан ч гэлцдэг. Мөн сүүлд  батлан даалтад гарсан ч намын журмын нөхдөөсөө нүүр буруулж,  тахараар хамгаалуулан рашаан сувиллын газруудаар явж байгаа  мэдээлэл  гарч байсан юм. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Миеэгомбын Энхболд: Жанлавын Наранцацралт агсан бид хоёрт олон сайхан дурсамж бий

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Монгол Ардын Намаас нэр дэвшигч Миеэгомбын Энхболдын иргэд сонгогчидтой хийх уулзалт дуу хуурын өлгий нутаг Дундговь аймагт үргэлжилж байна. Тэрбээр иргэдтэй уулзахын өмнө Монгол Улсын Ерөнхий сайд асан Жанлавын Наранцаралт агсны хөшөөнд цэцэг өргөсөн юм.

Өнөөдөр Ж.Наранцацралт агсны төрсөн өдөр. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Монгол Ардын Намаас нэр дэвшигч Миеэгомбын Энхболд Ж.Наранцаралт агсантай өөр нам ч хувь хүний хувьд олон талаараа холбогддог. Хотын даргын хариуцлагатай үүрэгт ажлаа Ж.Наранцаралт даргаас хүлээн авч байсан түүхтэй.

Миеэгомбын Энхболд нэр дэвшигч Үндэсний эв нэгдлийн Засгийн газрыг тэргүүлэн ажиллаж байхад Ж.Наранцацаралт агсан Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан гээд олон сайхан дурсамж байгаа гэдгийг дурсан ярьсан юм. Дундговьчууд “Миеэгомбын Энхболд дарга аливаа шийдвэрийг нухацтай бодож байж гаргадаг. Бид ч бас энэ удаагийн сонгуульд сэтгэлийн хөөрлөөр биш нухацтай бодож байна саналаа өгнө. Монгол Улсаа, ард түмнээ бодож Миеэгомбын Энхболд даргыг дэмжинэ” гэдгээ илэрхийлэв.Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

О.Магнай: Оффшор дансанд Х.Баттулгын 1.1 тэрбум ам.долларын хөрөнгө байвал Ч.Ганхуягыг ав гэсэн

МАН-ын бага хурлын гишүүн Ч.Ганхуяг энэ сарын 09-ний өдөр Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулгыг оффшор бүсэд 1.1 тэрбум ам.долларын өөрийн хөрөнгөтэй  хэмээн бичлэг хийж, олон нийтэд цацсан. Тэгвэл Ардчилсан намаас түүний энэхүү мэдээлэл нь сонгуулийн үеэр нэр дэвшигчийг нэр хүндийг гудаах гэсэн худал мэдээлэл хэмээн цагдаагийн байгууллагаар шалгуулахаар болсон байна. АН-ын Нарийн бичгийн дарга О.Магнай, хуульч Р.Булгамаа нар Сүхбаатар дүүргийн цагдаагийн газарт хандлаа.

Энэ үеэр АН-ын Нарийн бичгийн дарга О.Магнай “Өнгөрсөн долоо хоногт фэйсбүүк, твиттерээр манай нэр дэвшигч Х.Баттулгатай холбоотой гүтгэлэг явсан. МАН-ын гишүүн Ч.Ганхуяг гэж хүн “Х.Баттулгын их хэжмээний мөнгө оффшор бүсэд байна” гэдэг гүтгэлэгийн шинж чанартай мэдээлэл  цацсан. Тиймээс бид уг асуудлыг  албан ёсоор хууль хяналтын байгуулалгад шалгуулахаар цагдаагийн багууллагад хандаж байна. Энэ асуудлаар нэр дэвшигчтэйгээ би  ярилцсан. Тэрбээр “Надаа оффшор дансанд болон компани байхгүй. Харин тэр Ч.Ганхуяг гэдэг нөхөрт хандаж хэлэхэд “Хэрвээ оффшор бүст миний 1.1 тэрбум ам.долларын хөрөнгө байвал, тэр мөнгийг өөрөө аваарай” гэж хэлсэн. Манай нэр дэвшигчийг сүүлийн жил гаруйн хугацаанд олон хэрэгт янз бүрийн байдлаар холбох гэж оролдож байгааг та бүхэн мэдэж байгаа. Тиймээс оффшор бүсэд ийм их хэмжээний мөнгөтэй байсан бол аль хэдийн ил гаргачих байсан биз. Уг асуудлыг цагдаагийн байгууллагынхан түргэн шуурхай хуулийн хүрээнд шалгах байх гэж найдаж байна” гэсэн юм.

Харин хуульч Р.Булгамаа “Иргэн Ч.Ганхуягын яриад байгаа энэ асуудалд нь ямар ч нотлох баримт байхгүй. Нэр дэвшигчийн хувьд оффшор бүсэд ямар нэгэн данс, компани байхгүй. Харин ч зоригтойгоор улс төрийн шийдэл гаргаж, оффшортой тэмцэж байгаа төрийн бус байгууллагатай хамтарч ажиллахаар хамгийн түрүүнд гарын үсэг зурсан улстөрчдийн нэг байгаа. Тэр яригдаад байгаа “Төгрөг нуур” нь нэр дэвшигч Х.Баттулгатай ямар нэгэн байдлаар хамааралгүй. Тэгээд ч тэр “Төгрөг нуур” гэх газар нь УИХ-аар баталсан стратегийн орд газрын жагсаалтад байхгүй байсан. Энэ мэтээр огт хамаагүй зүйлийг нэр дэвшигчтэй хамаатай мэтээр гүтгэж байна. Ер нь бол  Х.Баттулга гэдэг хүнийг гэм буруутай гэдгийг Монгол Улсын шүүх тогтоодог болохоос иргэн Ч.Ганхуяг тогтоохгүй юм. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Энэ 7 хоногт ихэнх нутгаар ХАЛНА

Зургадугаар сарын 12-19-ийг хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ:

Баруун аймгуудын нутгаар: 12,17-нд нутгийн хойд хэсгээр, 18-19-нд зарим нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Агаарын температур ихэнх хугацаанд Завхан, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 21-26 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 16-21 градус өдөртөө 31-36 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус өдөртөө 25-30 градус дулаан байна. 12,18-19-нд нутгийн хойд хагаст бага зэрэг сэрүүснэ.

Төвийн аймгуудын нутгаар: 13-нд нутгийн хойд хэсгээр, 15-19-нд зарим нутгаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи түр зуур  ширүүснэ. Агаарын температур Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулсаар шөнөдөө 4-9 градус өдөртөө 20-25 градус, Орхон-Сэлэнгийн саваар шөнөдөө 12-17 градус өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус өдөртөө 25-30 градус дулаан байна. 14,16-19нд бага зэрэг сэрүүсч Дархадын хотгор, Хөвсгөл, Хангай, Хэнтийн уулсаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус өдөртөө 23-28 градус дулаан байна.

Зүүн аймгуудын нутгаар: 14,16-нд нутгийн хойд хэсгээр, 17-19-нд ихэнх нутгаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Агаарын температур 12-15нд  Хэнтий, Дорнодын хойд хэсгээр шөнөдөө 6-11 градус өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус өдөртөө 28-33 градус дулаан байна. 16-18-нд сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 6-11 градус өдөртөө 16-21 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус өдөртөө 22-27 градус дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар: 17,19-нд нутгийн хойд хэсгээр түр зуурын  бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 16-18-нд зарим газраар түр зуур ширүүснэ. Агаарын температур 12-16-нд ихэнх нутгаар шөнөдөө 14-19 градус өдөртөө 30-35 градус хүрч хална. 17-19-нд Дундговийн нутгаар шөнөдөө 7-12 градус өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус өдөртөө 27-32 градус дулаан байна. 

Монгол инженерүүд анх удаа ачааны вагон угсарч, тээвэрлэлтэд шилжүүллээ

Монголдоо анх удаа ачааны вагон угсрах ажлыг амжилттай хэрэгжүүлж, Зүүн хараа дахь вагон засварын депод угсарсан таван вагоныг энэ сарын 9-ны өдөр тээвэрлэлтэд шилжүүлсэн байна. 

Монгол инженерүүдийн угсарсан ачааны вагон нь урьдчилсан тооцоогоор 72 тонн даацтай, тэвшний эзлэхүүн 88 шоо метр, цагт 120 км хурд авах хүчин чадалтай юм байна. Манайд импортоор орж ирдэг ОХУ, БНХАУ-ын ачааны вагоны насжилт 20-25 жил байдаг бол манайд угсарсан вагон 30-32 жил ашиглана гэдгээрээ чанарын хувьд ялгарч байгаа талаар инженер техникийн ажилчид онцолж байв. Эдийн засгийн хувьд ОХУ болон хамтын нөхөрлөлийн орнуудаас орж ирэх ачааны вагоны үнэ 80-100 мянган ам.доллар, БНХАУ-д үйлдвэрлэсэн ачааны вагон ойролцоогоор 79,5 мянган ам.долларын үнэтэй байдаг байна. Тэгвэл манайд угсарч буй тус вагон нь 120 орчим сая төгрөгөөр босчээ.

 

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment