8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: 2018 оноос тэтгэвэр нэмэхээр болж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн ХОМ ил болсон өдөр

2017-06-14 18:30:00

Та 7 сая төгрөг олсон бол яах вэ. Ихэнхи нь азтай өдөр байна гээд хэрэгтэй зүйлдээ зарцуулах байх. Гэхдээ зарим залуус нэг ч төгрөг дутаалгүй буцаагаад эзэнд нь өгдөг эерэг мэдээлэл байна. Монгол залуу машинд нь мартаад буусан 7 сая төгрөгийг эзэнд буцааж өгсөн талаар гэгээлэг мэдээгээр өнөөдрийн тоймоо эхлүүлж байна. Тодруулбал, “Жей Си Ай-AСПАК-2017” Ази-номхон далайн бүс нутгийн 51 орны 3500 залуус Улаанбаатар хотод чуулсан.  Ази-Номхон далайн бүсийн чуулганд Японоос ирсэн төлөөлөгч явахын өмнө таксинд хэтэвчээ гээжээ. Тэрбээр хэтэвчээ гээсэн өдрөө /2017.06.11/ нутаг буцсан бөгөөд өчигдөр чуулганы зохион байгуулагчид мэдээлэл хүргэсэн аж.Мэдээллийн дагуу жолоочтой холбоо барьснаар “АСПАК” зохион байгуулах хорооны оффист хэтэвчийг нь авчирч өгчээ. Гээгдсэн хэтэвчинд 317.000 иен /7сая төгрөг/, бичиг баримт, банкны картууд байсан аж. Хэтэвчийг олсон залууг Ганболдын тэмүүжин гэдэг. Тэрбээр "Говь динозавр" жуулчны бааз ажиллуулдаг аж.  Харин хэтэвчээ гээсэн Японы төлөөлөгч “Зочломтгой угтсан Монголчууд, найрсаг Монгол түмэн, зохион байгуулалт үлгэрийн мэт JCI чуулга уулзалт байлаа. Маш их баярлалаа” гэжээ.Г.Тэмүүжинг 30000 иенээр шагнажээ гэсэн сайхан мэдээгээр өнөөдрийн Монголын нэг өдөр тойм булангаа эхлүүлж байна. 

Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа

Б.Бат-Эрдэнэ сайдын толгойг илсээр байх уу

. Ж.Эрдэнэбатын Засгийн газарт хариуцлага алдсан сайд гэвэл зөвхөн Ж.Батсууриар зогсохгүй. Он гарсаар Батлан хамгаалахын салбарт гурван цэрэг амиа алдсан байхад БХ-ын сайд Б.Бат-Эрдэнэд хариуцлага тооцох талаар сураг ч дуулдсангүй. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Таван толгойн хээрийн сургуулилтын үеэр гранат дэлбэрч хоёр цэргийн албан хаагч нас барсан. Харамсалтай өнгөрсөн амралтын өдөр Тавантолгойн сургалтын төвд тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын дунд зургаа дахь удаагийн марш тактикийн тэмцээн болсон.Тэмцээний үеэр нэг албан хаагч нас барсан хэрэг гарлаа. Ийнхүү Тавантолгойн сургалтын баазад он гарсаар гурван албан хаагч амиа алдаад байна.  Эх орныхоо төлөө тангараг өргөсөн  цэргийн албан хаагчид энхийг цагт амиа алдсан нь сайдын алдаа биш гэж үү. Юуны өмнө БХ-ын сайд Б.Бат-Эрдэнэд хариуцлага тооцох нь зүй ёсны хэрэг. Гэвч харамсалтай нь өнөөдрийг хүртэл танхимын тэргүүн нь чимээгүй суусаар л байна. Уг нь Ж.Батсуурь сайд асаны яамны шалгалтын хариу задарсан асуудал БХ яамны эрдэнэт хүний амь нас эрсэдсэн хэргийн хажууд дэндүү жижигхэн санагдаж байна. Хүний алтан амь эрсэдсэн байхад ямар ч өчиггүйгээр хариуцлага тооцох хэрэгтэй. 

Энэ бүх мэдээллийн хажуугаар Батлан хамгаалах яамны дарга нар АТГ-т шалгагдаж эхэлсэн талаар мэдээлэл чих дэлсэж эхэллээ. Тодруулбал, Батлан хамгаалахын яамны  Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Г.Сайханбаяр болон өөр нэгэн даргыг АТГ-ынхан шалгаж эхэлсэн байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар өнгөрсөн жилээс цэргийн алба хаагчдад өгсөн хангалтын гутал, хувцас нь чанарын шаардлага хангахгүй байгаа нь дээрх дарга нар тендэр будилаантуулсантай холбоотой байж болзошгүй байгаа аж. 


Өнгөрсөн жил мөн тус яамны нэр бүхий дарга нарыг АТГ шалгаж байсан. Тодруулбал тус яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга, хошууч генерал З.Болдбаатар, тус газрын орлогч дарга, хурандаа О.Нямчулуун нарын 2-3 хүнийг хандив тусламжийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулж, хувьдаа завшдаг байж болзошгүй хэмээн сэрдэж шалгаж байсан.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.  

ТАНИЛЦ: Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн ХОМ

Авлигын эсрэг хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасан үндэслэлийн дагуу хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлэг нь Авлигатай тэмцэх газрын цахим мэдээллийн сүлжээнд байршигдах бөгөөд мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасны дагуу цахим мэдээллийн сүлжээгээр дамжуулан мэдээлэл өгөх журмыг Авлигатай тэмцэх газар батлах хуулийн зохицуулалттай.

Дээрх хуулийг баримтлан тус газрын даргын 2012 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 196 дугаар тушаалаар “Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийн талаар мэдээлэх, мэдээлэл өгөх журам”-ыг баталсан. 

Иймд дээрх хууль журмын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг  тус газрын  www.iaac.mn  цахим хуудсанд байршуулсан байна. 

НЭР ДЭВШИГЧДИЙН НИЙТ ОРЛОГО

  • МАН-аас нэр дэвшигч М.Энхболдын нийт орлого нь 91 сая төгрөг 
  • АН-аас нэр дэвшигч Х.Баттулгын нийт орлого 130 сая төгрөг
  • МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарын нийт орлого 22 сая төгрөг гэж мэдүүлжээ. 

ТЭДНИЙ ГЭР БҮЛИЙН ГИШҮҮДИЙН НИЙТ ОРЛОГО

  • МАН-аас нэр дэвшигч М.Энхболдынх 118 орчим сая төгрөг
  • АН-аас нэр Х.Баттулгынх 31 сая төгрөг
  • МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарынх 105 сая төгрөг байна.

НЭР ДЭВШИГЧДИЙН ХУВЬ ЭЗЭМШДЭГ КОМПАНИЙН ЖАГСААЛТ

МАН-аас нэр дэвшигч М.ЭНХБОЛД нийт долоон компанид хөрөнгө оруулалт хийжээ.

  1. Говь ХК
  2. Зоос гоёл ХК
  3. Авто импекс ХК
  4. Зоос банк ХК
  5. Женко тур бюро ХК
  6. Эрдэнэс Тавантолгой ХК
  7. Технологийн дээд сургууль. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 
ҮСХ: Чанаргүй зээлийн хэмжээ 7.7 хувиар өсчээ

Чанаргүй болон хугацаа хэтэрсэн зээлийн хамгийн сүүлийн үеийн статистик мэдээллийг хүргэж байна. Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 2017 оны тавдугаар сарын эцэст 1.1 их наяд төгрөг болж, өмнөх сараас 56.9 тэрбум төгрөг буюу 5.2 хувиар, өмнөх оны мөн үеэс 81.4 тэрбум төгрөг буюу 7.7 хувиар өссөн байна.

Харин хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 2017 оны тавдугаар сарын эцэст 930.3 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 79 тэрбум төгрөг буюу 7.8 хувиар буурч, өмнөх оны мөн үеэс 44.8 тэрбум төгрөг буюу 5.1 хувиар өсчээ. 

Н.Номтойбаяр: Тэтгэвэр нэмэх шийдвэрийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулсан

Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын сайд Н.Номтойбаяр ирэх оны нэгдүгээр сараас тэтгэвэр нэмэх болсныг мэдэгдэж,  өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.  

Мэдээллийн үеэр ХНХ-ын сайд Н.Номтойбаяр  “Хөдөлмөр, нийгмийн улсын зөвшилцлийн улсын хэлэлцээрийн үндэсний хороо даваа гарагт хуралдаж, ажлын хэсэг байгуулсан. Тус хорооноос 2018 оны нэгдүгээр сарын 1 гэхэд тэтгэвэр нэмэх шийдвэрийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулсан. Ингэхдээ бага тэтгэврийг өндөр хувиар, өндөр тэтгэврийг бага хэмжээгээр нэмэх зарчмаар тэтгэврийг нэмнэ” гэлээ. Мөн тэрбээр тэтгэврийн нэмэгдэлд дунджаар 150 тэрбум төгрөг зарцуулахаар тооцоо гаргасан гэдгээ дуулгаж, Засгийн газар 2018 оноос тэтгэвэр нэмэгдүүлсэн байдлаар төсвийг УИХ-д өргөн мэдүүлэх чиг барьсан тухайгаа дуулгалаа.

“Херо энтертайнмент” студийг Эрүүгийн цагдаагийн газраас шалгажээ

“Херо энтертайнмент” студийг “Улаан тарианы хүүхэд" нэвтрүүлэг бэлтгэн гаргасантай холбоотойгоор Эрүүгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулж, ажлын байрыг нь нэлээд шалгасан байна. Энэ талаар  “Херо энтэртайнмент”-ын захирал Б.Баатар нэвтрүүлгийн тухай “Энэ нэвтгүүлгээр нийгмийг буруу зүйлд турхирсан гэж үзсэн байна. Гэтэл олон нийтийн цахим хуудсанд бид нэвтрүүлгийг тавиагүй. Судлаачийн үгийг тасалж тавьсан хүмүүс нь МАН-ынхан өөрсдөө юм. Гэтэл биднийг тавьсан гэж ойлгосон бололтой. Ямар нэг хүн гомдол гаргаагүй. Харин Эрүүгийн цагдаагийн газрынхан өөрсдөө санаачлага гаргаж манай студийг нэгжиж байгаа нь энэ юм гэсэн. Нэвтрүүлгийг бүрэн үзсэний дараа өөрсдөө ойлгосон байх. Асуудлыг ойлгоод явлаа” гэсэн тайлбар хийжээ.

ТАНИЛЦ: Нийслэл дэх ЭЕШ авах байрууд болон шалгалтын хуваарь

Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэлж байна. Энэ жил 40388 элсэгч шалгалт өгөхөөр бүртгүүлсэн бөгөөд нийслэлд 22889 элсэгч бүртгүүлжээ.

Шалгуулагч бүрийн өгөх Монгол хэлбичгийн шалгалт өнөөдөр 12:00 цагаас эхлэх бөгөөд маргаашаас эхлэн сонгосон хичээлүүдийг шалгалтуудыг өгөх юм.

Шалгуулагч шалгалтын байранд ирэхдээ баталгаажсан бүртгэлийн хуудас, суудлын хуваарь, бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсролын баримт бичиг иргэний үнэмлэх эсвэл түүнтэй адилтгах баримт бичиг бүрдүүлсэн байна. Мөн 16 нас хүрээгүй шалгуулагчид төрсний гэрчилгээ болон сүүлийн 3 сарын дотор авхуулсан чээж зурагтай сургуулийн захирлын тодорхойлолтыг авч ирэх шаардлагатай.

Нийт шалгуулагчид шалгалт авах байранд хуваарийн дагуух шалгалтын цагаас нэг цагийн өмнө хүрэлцэн ирсэн байх шаардлагатайг анхаарна уу.

Нийслэл дэх ЭЕШ авах байрууд болон шалгалтын хуваарьтай танилцана уу. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Тийзний үнэ 20-40 хувь хямдрах боломжтой гэв

Зам, тээврийн хөгжлийн яам, Иргэний нисэхийн ерөнхий газар, МИАТ ТӨХК, Хүннү Эйр компани болон Эйр Монголия компанийн удирдлагууд нислэгийн тийзний үнийг хэрхэн хямдруулж, хөнгөлөлт үзүүлэх боломжтой талаар мэдээлэл хийлээ. Дээрх компаниуд нислэгийн тийзний үнийг урьдчилсан байдлаар 20-40 хувиар бууруулах боломжтой гэв.

Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл “Бид олон улсын агаарын хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулах замаар тодорхой үе шаттайгаар тийзний үнийг бууруулах боломжийг эрэлхийлж байна. Эхний ээлжинд БНСУ-тай байгуулах агаарын харилцааны хэлэлцээрт өөрчлөлт оруулснаар иргэд, олон нийт хөнгөлөлттэй, хямд үнээр зорчих бас нэгэн боломж нээгдэнэ” хэмээн хэллээ.

Мөн дотоодын тээвэрлэгч компаниуд нислэгийн тийзэндээ ямар хөнгөлөлт үзүүлэх боломжтой талаараа мэдэгдлээ. Хүннү эйр компани Улаан-Үдийн чиглэлд шинэ нислэг, МИАТ Бусаны чиглэлд шинэ нислэгийг хөнгөлөлттэй үнээр нээж байгаа талаар ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн хэлж байв. Мөн Бусан болон Сөүлийг холбосон нислэгээс гадна Тайланд, Бангкок чиглэлд шинэ нислэг нээхээр төлөвлөжээ.

Тийзний үнийн талаар МИАТ компанийнхан “Нийт 26 төрлийн тарифыг цаг хугацаа болон ангиллаас хамааруулж тогтоосон. Тийзээ эрт захиалж авсан тохиолдолд хамгийн бага үнээр тийз худалдан авах боломжтой бөгөөд 60-70 хувийг хямд тийз эзэлж байна. Тухайлбал хоёр талын тийз 970 мянган төгрөгөөс эхэлдэг” хэмээн энэ үеэр мэдээллээ.

М.Энхболдын ухуулах гэрийг машинаар дайрсан хэрэг гарчээ

Өнгөрсөн шөнө буюу 2017 оны 06 сарын 13-ны шөнө Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Ардчилсан намын гишүүн, сумын ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч Баасангийн Мэндбаяр гэгч нь  эхнэрийн хамтаар МАН-аас нэр дэвшигч М.Энхболдын ухуулах байрыг 57-29 УНИ дугаартай хувийн машинаараа дайрсан хэрэг гарчээ. Золоор эрдэнэт хүний эрүүл мэндэд хохирол учраагүй өнгөрсөн байна. Уг хэргийг Цагдаагийн байгууллага шалгаж байгаа юм байна. Тиймээс Баянхонгор аймгийн МАН-ынхан ийм увайгүй, явцгүй үйлдэл хийхээ зогсоож, улс төрийн соёлтой өрсөлдөхийг уриалсан байна. 

Маргааш загас агнуурын хорио тавигдана

Жил бүрийн дөрөвдүгээр сарын 01-нээс зургадугаар сарын 15-ныг хүртэл загас агнахыг хориглосон байдаг. Учир нь дээрх хугацаанд загас түрсээ шахдаг аж. Хэрэв энэ үеэр загас агнасан тохиолдолд нөхөн төлбөр торгууль ногдуулах юм байна.

Хориотой хугацаанд загасчилсан этгээдэд 1 сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль төлөх эсвэл барьсан загасны төрлөөс хамаараад өөр хэмжээний мөнгөн торгууль ногдуулдаг аж. 

“Их Майдар” сан иргэдийн мөнгийг эргүүлэн олгоно

Одоогоос зургаан жилийн өмнө буюу 2011 онд “Их Майдар” төсөл гэх нэр дуулдаж сүшиг бишрэлтэй Монгол түмнийг хуйлруулаад авсан. 2016 оны эхээр эхний ээлжийн нээлтээ хийхээр төлөвлөж байсан “Их Майдар” төслийн ажлын явц зогсоод байгаа юм байна. Сүр дуулиантай эхэлсэн “Их Майдар” төсөл зургаан жилийн турш Майдар бурханы хоёр хөл хийснээс өөр ажил хийгдээгүй нь хандив өгсөн иргэдийн бухимдлыг үүсгээд байв. Албаны хүмүүсийн тайлбараар иргэд, аж ахуй нэгжүүдээс ирэх хандивийн мөнгө төсөл гүйцэтгэхэд хангалтгүй байгаа тул “Их Майдар” төсөлд хандив өргөсөн иргэдийн хандивын мөнгийг эргүүлэн олгох шийдвэрийг төслийн удирдлагууд гаргаад байгаа юм байна. Хандиваа эргүүлэн авах иргэдэд 2017 оны зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхлэн мөнгийг нь эргүүлэн олгох юм байна. Дашрамд дурдахад уг төсөлд 500 мянган төгрөгөөс дээш хэмжээний хандив өргөсөн 18 мянган иргэн, мөн нэлээд тооны аж ахуй нэгжүүд байгаа юм байна. Энэхүү тоогоор бол “Их Майдар” сан хамгийн багадаа 9 тэрбум төгрөгийг ард түмэнд эргүүлэн олгох болсон нь эдийн засаг хүндэрсэн энэ цаг үед бэлэн мөнгөний урсгалыг нэмэгдүүлэх таатай мэдээ юм.

В, С вирүсийн илрүүлэг шинжилгээг маргааш авч эхэлнэ

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 112 дугаар тогтоолоор “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөр батлагдсан. Тус хөтөлбөрийн хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын болон Эрүүл мэндийн сайдын 2017 оны 05 дугаар  сарын 12-ны өдрийн хамтарсан тушаал гарч даатгуулагчийг хепатитийн В, С вирүсийн илрүүлэг шинжилгээнд хамруулах, даатгалын сангаас зардлын төлбөрийг санхүүжүүлэх журам батлагдан гарсан. 

Энэхүү шийдвэрийг үндэслэн нийслэлийн Эрүүл  мэндийн газраас Улаанбаатар хотод илрүүлэг шинжилгээг хийх эмч, мэргэжилтнийг бэлтгэж сургах, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, шинжилгээний материалын бэлэн байдлыг хангах, өрхийн эрүүл мэндийн төв дээр хороо, хэсгээр нь эмх, замбараатай, хүлээгдэл чирэгдэлгүй шинжилгээнд хамруулах хуваарийг боловсруулах зэрэг олон төрлийн бэлтгэл ажлыг зохион байгууллаа.

Нийслэлд оршин сууж байгаа 40-65 насны иргэдийг хепатитийн В, С вирүсийн илрүүлэг шинжилгээнд хамруулах ажил  энэ сарын 15-ны өдөр буюу маргааш нийслэлийн 9 дүүрэгт  нэгэн зэрэг эхэлж 2017 оны есдүгээр сарын 25-ны өдөр хүртэл явагдана. Иймд хепатитийн В, С вирүсийн илрүүлэг шинжилгээнд хамрагдах хүсэлтэй 40-65 насны иргэн та эрүүл мэндийн даатгалын 2016, 2017 оны шимтгэлийг бүрэн төлсөн байх шаардлагатайг анхаарна уу. 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment