8o
Улаанбаатар хот
mobile menu

Бөөр орлуулах эмчилгээнд 154 иргэн үнэ төлбөргүй хамрагджээ

2017-06-21 10:50:03

Бөөр орлуулах эмчилгээний нэг төрөл болох гемодиализ эмчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Эрүүл мэндийн яамнаас Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагаар гемодиализийн тусламж, үйлчилгээг гүйцэтгүүлэх сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан билээ. Гемодиализ эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх эрх бүхий долоон эрүүл мэндийн байгууллагааар “Люкс диализ клиник”, Эрин эмнэлэг, Интермед эмнэлэг, ICU эмнэлэг, Улаанбаатар мед эмнэлэг, Агапе хоспис, Кидней Кейр гемодиализийн эмнэлэг шалгарч, Эрүүл мэндийн яам, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар хооронд эмчилгээний чанар, үр дүнд хяналт тавьж, хамтран ажиллах зорилгоор “Эрүүл мэндийн даатгалын сангаар дамжуулан гемодиализ эмчилгээг санхүүжүүлэх гэрээ”-г байгуулсан юм.

Үүний үр дүнд 2017 оны 02 дугаар сарын 15-наас эхлэн хувийн хэвшлийн долоон эрүүл мэндийн байгууллагаар 154 иргэн үнэ төлбөргүй чанартай эмчилгээ, үйлчилгээнд хамрагдан нийслэлийн хэмжээнд хүлээгдэлгүй боллоо хэмээн ЭМЯ-наас мэдээллээ.

Орон нутагт 16 аймаг гемодиализ эмчилгээг хийх хүчин чадалтай болсноор иргэн удаан хугацааны эмчилгээ шаардагддаг гемодиализ эмчилгээг оршин суугаа нутаг дэвсгэртээ хамрагдах боломж бүрдэж байгаа гэнэ.

2016 оны есдүгээр сард улсын хэмжээнд 98 гемодиализын аппаратаар 498 хүнд гемодиализын тусламж, үйлчилгээг үзүүлж, 67 иргэн эмчилгээнд хамрагдаж чадахгүй хүлээгдэж байв. Харин 2017 оны эхний хагас жилийн байдлаар улсын хэмжээнд 163 гемодиализын аппаратаар 575 иргэнд гемодиализ эмчилгээнд хамрагдаж, хүлээгдэлгүй болжээ.

Цаашид Хөвсгөл, Архангай, Төв аймаг, Халдварт өвчин судлалын үндэсний төвд нийт найман гемодиализийн аппарат суурилуулах бэлтгэл хангаж байна.

Мөн тус эмчилгээний чанар, хариуцлагыг сайжруулах зорилгоор Эрүүл мэндийн сайдын 2017 оны гуравдугаар сарын 30-ны өдрийн А/119 дүгээр “Гемодиализ эмчилгээний журам, хуваарь батлах” тухай тушаалыг батлан, хэрэгжилтийг хангахад чиглэсэн сургалтуудыг зохион байгуулжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл