8o
Улаанбаатар хот
mobile menu

"Туурайн төвөргөөн" хөгжмийн наадам зургадугаар сарын 22-нд эхэлнэ

2017-06-22 10:58:15

“Туурайн төвөргөөн 2017” Олон улсын хөгжмийн их наадмын нээлт зургаадугаар сарын 22-ны 11:00 цагт Төр түмний их шүтээн Мигжид Жанрайсиг бурханы өмнөх талбайд болох гэж байна.

Наадмын хүрээнд Ноён Хутагт Данзанравжаагийн “Үлэмжийн чанар” дууг хуучин эх хувиар нь монгол хүн бүр сурч, монгол эх орон даяар, мөн дэлхийд тархан сууж буй монголчууд, монгол туургатнууд нэг өдөр, нэг цагт дуулж, даян дэлхийн энх тайван, хамаг амьтны сайн сайхны төлөө дуу хоолойгоо нэгтгэх юм.

Дэлхийн шилдэг 50 соёлын арга хэмжээгээр албан ёсоор шалгарсан “Туурайн төвөргөөн 2017” XVII олон улсын хөгжмийн их наадам 6 сарын 22-ноос 7 сарын 04-ний өдрүүдэд Улаанбаатар–Өвөрхангай Хархорин–Сайншанд Хамрын хийд хэмээх түүхэн газруудад зохион байгуулагдана.

МБШТөв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, СГЗ, Гавж Д.Чойжамц, Да лам Х.Бямбажав, Хансүр, Гавж Д.Нанзаддорж тэрүүтэн лам хуврагууд айлдвар сургаалиа айлдаж, ХБНГУ-ын Проф. Бернхард Вульф /Монголын Соёлын Өргөмжит Элч,“Туурайн Төвөргөөн ” олон улсын хөгжмийн их наадмын ерөнхийлөгч/, МУСТА С.Бадамхорол /Туурайн Төвөргөөн олон улсын хөгжмийн их наадмын үүсгэн байгуулагч, Захирал, ХБНГУ-ын Фрайбург дэх Монголын Соёлын Төвийн захирал/ олон улсын алдарт урлаг соёлын эрхэмүүд, Төрийн их найрал хөгжмийн оркестр, өв уламжлал тээгч уртын дуучид маргааш болох нээлтэд оролцоно.

Нээлтийн үеэр “Үлэмжийн чанар” дууг бүх нийтээрээ дуулах юм байна.

“Туурайн төвөргөөн 2017” Олон улсын хөгжмийн их наадмыг Монголын бурханы шашин ба соёлын өв, түүхэн уламжлал, ёс заншлыг түгээн дэлгэрүүлэх зорилгын хүрээнд МБШТөв Гандантэгчэнлин хийдтэй хамтран зохион байгуулж байгаа аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл