8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: С.Баярыг эргүүлэн татахыг шаардаж дахин суулт зарлаж, Чөлөөт бөхийн Залуучуудын ДАШТ эхэлсэн өдөр

2017-08-01 18:40:00

Шинэ сар, шинэ ажлын өдрүүд эхлэж байна.  Энэ сар юу хийж, ямар ажил үйлс бүтээх талаар төлөвлөж амжсан уу. Амжаагүй бол яг одоо төлөвлөгөө гаргаарай. Энэ сар танд амжилт авчирна гэдэгт итгэлтэй байна. Дашрамд нэгэн мэдээлэл сонирхуулахад энэ сарын эхний долоо хоногт “Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих" дэлхийн өдөр тохиож байна.Сүүлийн үед хүүхдээ эхийн сүүгээр дагнан хооллодог эхчүүдийн тоо огцом буурчээ. Тухайлбал, 2010 онд нийт нялхсын 66 орчим хувь эхний 6 сарын турш эхийн сүүгээр дагнан хооллож байсан бол 2013 онд энэ үзүүлэлт 47 хувь буюу 50 хүрэхгүй хувьтай болж буурсан байна. Энэ нь хүүхдүүдийн дунд өвчлөл тэр дундаа халдварт өвчнөөр өвдөх нь ихэсч буйг мэргэжилтнүүд сануулжээ. Эхийн сүү маш их ач тустай гэдгийг хүн бүр мэддэг ч, яг юунд сайн гэдгийг тэр бүр мэддэггүй шүү дээ.  Эхийн сүү нь лабораторийн нөхцөлд боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай  элементээс бүрдсэн найрлагатай бөгөөд хүүхдийн байнга өөрчлөгдөж буй хэрэгцээнд зориулагдан найрлага нь байнга өөрчлөгдөж, шинэчлэгдэж байдаг байна. Эхийн сүүнд үнээний сүүнд байдаггүй, лабораторийн нөхцөлд боловсруулах боломжгүй 100 гаруй нийлмэл элемент агуулагддаг байна. Түүнчлэн эхийн сүү орлуулагч /хайрцаг, шилтэй бэлэн бүтээгдэхүүн/-аас ялгаатай нь эхийн сүү хүүхдийнхээ хэрэгцээг даган найрлагаа байнга өөрчлөн, шинэчилж байдаг. Эхийн сүү нь хүүхдийг насанд хүрсэн хойно нь ч гэсэн хэт таргалалтаас хамгаалдаг. Хөхүүл эхчүүдийг хөхний болон савны хавдраас бусад эмэгтэйчүүдтэй харьцуулахад илүү сайн хамгаалж байдаг юм байна гэсэн мэдээлэлийг хүргэж байна. Харин одоо та бүхэн үргэлжлүүлэн өнөөдрийн Монголын нэг өдөр тойм мэдээлэлээ хүлээн авна уу. 

Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа 

СЭРЭМЖИЛ: Солонгосын Гранд эмнэлэгт мэс засалд ороод амиа алдах шахжээ

Гоо сайхны хагалгаанд ороод амиа алдах шахсан хохирогч эмэгтэйн түүхийг хүргэж байна. Олон хүнд сургамж болно гэдэгт итгэлтэй байна.

Монголын иргэн B 2016 оны 8 дугаар сард Солонгосын Сөүл хотод байрладаг Гранд гоо сайхны эмнэлэгт хөх томруулах мэс засалд оржээ. Энэ эмнэлгийг Монголчууд ТВ 9 телевизээр гардаг “Let me in Mongolia” шоуны оролцогчдод мэс засал хийдэг гэдгээр нь мэдэх болов уу. Гэвч нэг жилийн дараа буюу өнөөдөр бүсгүй тухайн мэс заслын үеэр авсан нянгаас болоод нийт таван удаа хагалгаанд орж, байнгын өвдөлтийн улмаас ажил хийх боломжгүй болж ажлаасаа гарсан, хөхөөрөө дүүрэн сорвитой, сэтгэл санааны хямралтай нэгэн болчихоод байна.

Түүнд тохиолдсон явдлыг товчлон сийрүүлье. Хохирогч бүсгүй Гранд эмнэлгийн эмч нарын зөвлөснөөр хөхөндөө имплант буюу хиймэл эд суулгаж хэлбэр засах хагалгаанд оржээ. Гэтэл хагалгааны дараах 5 дахь өдөр очиж үзүүлэхэд нэг талын хөхөн дотроос нь идээ урсаж байж. Хагалгаа хийсэн эмч И Сэ Хван: Хөхний доод талын оёдолны наалтаас харшилж, үүнээс болж идээлсэн байна гэж тайлбарлажээ.(Хагалгаа хийсэн эмч И Сэ Хван. Cолонгосын Гранд гоо сайхны эмнэлгийн эмч)

Гэтэл энэ нь худлаа төдийгүй, зөвхөн эмнэлгийн орчноос тардаг нян бүсгүйн биенд орсон нь хоёр удаагийн шинжилгээгээр тодорхой болсон юм. Дахин тайлбарлахад хагагааны үеийн стандарт алдсанаас биед нь нян оруулсан гэсэн үг. (Баримтыг зургаар оруулав. Энэ шинжилгээний хариу бол хохирогч Монголд ирсний дараа буюу тэднийг одоо асуудалгүй гээд явуулсны дараа ирээд бие нь хүндэрч яаралтай хагалгаанд орох үеэр хөхөн дотроос нь урсаж байсан идээг шинжлүүлсэн хариу юм. Энэ шинжилгээг хараад дэлхийн хаана ч нян хаанаас гаралтай болохыг тайлбарлана гэдгийг мэргэжлийн эмч нар хэлж байгаа юм. ) Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү

С.Баярыг эргүүлэн татахыг шаардаж дахин суулт зарлажээ

Өнгөрсөн гуравдугаар сард Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсад суух элчин сайд С.Баярыг эргүүлэн татахыг шаардаж эмэгтэйчүүд Чингисийн талбайд нүцгэн жагсаал хийж байсан билээ. Мөн тус өдөр Лондонд суугаа монгол иргэд ч жагсаж байсан.

Тэгвэл  Английн Лондон хотод амьдардаг монгол иргэд тус хотод орших МУ-ын Элчин сайдын яамны гадаа өнөөдрөөс эхлэн дахин суулт зарлахаар болсон байна. 

Эдгээр иргэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсад суух элчин сайд С.Баярыг эргүүлэн татахыг шаардсан албан бичиг хүргүүлсэн бөгөөд албан бичгийн хариуг иртэл ийнхүү суулт зарлахаар болжээ.

ШААРДАХ БИЧИГ БҮРЭН ЭХЭЭРЭЭ:

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга танаа

Лондон хот. 2017 оны 7 сарын 31

Шаардах бичиг: Ерөнхийлөгчийн зарлиг гартал ЭСЯ-ны гадаа дахин суулт хийх тухай

“Юуны өмнө танд энэ өдрийн мэндийг хүргээд МУ-ын тав дахь ерөнхийлөгчөөр сонгогдсонд бид бүхэн баяр хүргэн мэндчилж байгааг хүлээн авна уу.

Түүхэн хариуцлагатай, эгзэгтэй цаг үед Монголын ард түмэн тусгаар тогтносон сайхан эх орондоо эзэн нь байж, өнөө болон ирээдүй хойч үеийнхэн нь эрүүл саруул, мэдлэг боловсролтой, амар тайван, зөв хөдөлмөрлөж хөгжиж болох тийм нийгэмд амьдараг  болохыг хүсч ойрын он жилүүдэд харж, үзэж, мэдэрч байгаагүй итгэл сэтгэлийн асар их аврал, найдвар, горьдлогыг танаас хүлээж улс орныхоо тэргүүнээр сонгосон чухал сонгууль болж өнгөрөхийг харлаа.

Хэдийгээр бид өөрсдийн хүсэл мөрөөдөл, хувь тавьландаа хөтлөгдөн бас захиран залах гэж алс холын оронд ажиллаж, амьдарч, сурч байгаа ч гэсэн эх орон, ард түмэн, аав ээж, ахан дүүс, анд нөхөд болон үнэнийг хүссэн хүн бүхний төлөө гэсэн цохилох зүрхээрээ өнгөрсөн 27 жилд дарга цэрэг, удирдагчдын дүрд тоглосон эцэс төгсгөлгүй эд хөрөнгө, хувийн ашиг сонирхолдоо автагдсан эх орон, ард түмнээсээ урвагчдыг тэвчиж чадахгүй болсон гэдгээ илэрхийлж өнгөрсөн хавар ИБУИНВУ-д элчин сайдаар томилогдон ирсэн Санжийн Баярт эсэргүүцлээ илэрхийлж нэрээ цэвэрлэхийг шаардаж 55 өдөр гадаа зогссон. (Энэ бүх үйл ажиллагаа онлайн болон сонин хэвлэлээр нээлттэй явагдсан тул энд дахин давтан бичих нь илүүц байх гэж бодож байна.)

ЕТГ-аас 2017 оны 7 сарын 19 болон 26-нд Санжийн Баярыг элчин сайдын албанаас эргүүлэн татахтай холбогдуулан гаргасан албан бичгүүдийг тань баяртай хүлээн авч бас дэмжиж байгаагаа илэрхийлж байна. Гэхдээ 2017 оны 3 сарын 8 нд эхэлсэн бидний эсэргүүцэл тэмцэл нь аль нэгэн улс төрийн нам болон сонгуультай ямар ч холбоогүй байсан ба хуулийн өмнө бүгд эрх тэгш үүрэг хариуцлагаа хүлээдэг, айдас төөрөгдөлгүй, эрүүл нийгэм, зөв ардчилалтай улс орон болохыг хүссэн чин сэтгэлийн эсэргүүцэл тэмцэл байсныг анхаарлаа хандуулсан, дэмжсэн хүн бүхэн мэдэрсэн байхаа гэдэгт итгэлтэй байна. Тиймээс ч  одоо нэгэнт ил тодорхой болсон энэхүү асуудлыг цөөн хүний улс төрийн тоглолт болголгүйгээр, 3 сая ард түмний өмнө зөв буруугийн цэнзүүр дээр дэнслүүлж хурдан нэг тийш болгож өгөхийг шаардаж албан ёсны ерөнхийлөгчийн зарлиг гартал дахин ЭСЯ-ны гадаа өдөр бүр 8 сарын 1 нээс эхэлж суулт хийхээр болсоноо мэдэгдэж байна.

Энэ асуудал дээр МУ-ын ерөнхийлөгч эцсийн шийдвэрийг гаргадаг бүрэн эрх мэдэлтэй болохыг өнгөрсөн хавар бидэнд ёсоор ирсэн холбогдох баримтуудаас баттайгаар мэддэг болсон. Тиймээс өмнөх ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид илгээсэн хоёр шаардах бичгийнхээ хариуг хүлээсээр үлдсэн бөгөөд, тэрээр ганц ч үг амнаасаа унагахгүй байсаар шинэ ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх болон сурталчилгааны ажиллагааг эхлүүлэн хариуцлагыг өөрөөсөө холдуулаад буухыг бид харсан.  

С. Баяр нь ИБУИНВУ-д элчин сайд болж ирэхээсээ өмнө хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч байсан. Энд ирсэн цагаасаа хойш өнөөг хүртэл өнгөрсөн 5 сарын хугацаанд үг хэл, үйлдэл бүр нь зөрж Лондонд болж буй үйл ажиллагаануудад удаа дараалан оролцохгүй байгаа бөгөөд МУ-ын болон ОУ-ын Дипломат Харилцааны хууль дүрмүүдийг илт зөрчиж яваад байна. (Бид энэ тухай Английн гадаад хэргийн Ази Номхон Далайн орнуудыг хариуцсан шинэ сайдад 7 сарын 19-нд бичиг хүргүүлсэн гэдгийгээ өмнө нь мэдэгдсэн). Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Г.Өсөхбаяр: Би чадсангүй уучлаарай

Пакистаны нутаг дэвсгэр, Каракарум нуруунд орших К2 оргилыг уулчид “Алуурчин” уул гэдэг. Догшин, сүрлэг энэ оргил Хятад, Пакистаны хилийн заагт, далайн төвшнөөс дээш 8611 метрийн өндөрт оршдог уул билээ. Тус оргилд Монгол Улсын Гавьяат тамирчин, уулчин Г.Өсөхбаяр өнгөрсөн  зургадугаар сарын 20-ноос эхлэн авирч эхэлсэн ч К2 оргилд гарч чадалгүй буцсан байна. Тэрбээр өөрийн фэйбүүк хуудаснаа " Оргилд хүрэх гэж маш их хичээлээ. Би авиралтын замаа тооцоолж байснаас Пакистан хүний аймхай, өөдгүй занг огт тооцоолсонгүй. Авиралтын эцсийн мөчид хоёр хамтрагчийн нэг нь мухар олгой ургасан юм шиг байна гэж хэлээд буцаж, маргааш нөгөөх нь крампоноо өөрөө эвдчихээд ийм юмтай авирч чадахгүй гэж хэлээд доош бууснаар би 6450 дээр ганцаараа бүх ачаатайгаа үлдсэнээр авиралтаа цааш үргэлжлүүлж чадсангүй бууж ирлээ. Энэ жил 7 шерпа, 1 эмэгтэй, 4 эрэгтэй оргилд гарсан байж магадгүй. Би чадсангүй уучлаарай" хэмээн бичжээ.

Харүмафүжи мэс ажилбар хийлгэж магадгүй

Ёкозуна Харүмафүжи Д.Бямбадорж зүүн тохойдоо мэс ажилбар хийлгэж магадгүй гэсэн мэдээллийг дэвжээний багш нь сэтгүүлчдэд мэдэгдсэн байна. Хэрвээ мэс ажилбар хийлгэх аваас зуны орон нутгийн барилдааныг болон намар 9 сард эхлэх башёг хүртэл өнжих аж. 

“Зүүн тохой нь маш их зовиуртай байгаа. Тохойгоо тэнийлгэж ч чадахгүй байна. Ямар ч байсан орон нутгийн зуны тэмцээнийг хэсэгчлэн өнжинө. Барилдах үгүйг нь эрүүл мэндийн байдлыг нь харж байгаад шийднэ” гэж Исегахама дэвжээний багш хэлсэн юм.

Энэ сард цаг агаар ямар байх вэ

Наймдугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээллийг Цаг Уур, Орчны Шинжилгээний Газраас гаргажээ. 

Бaруун зүгийн нутгаар бага зэрэг сэрүүснэ 

Агаарын температурын сарын дундаж нь Увс, Ховдын нутаг, Баян-Өлгийн зүүн, Завханы баруун хэсгээр 16-21 градус, Говь-Алтай , Баянхонгорын өмнөд хэсгээр 20-25 градус, Завханы ихэнх, Баян-Өлгийн баруун, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр 10-15 градус буюу Завхан, Говь-Алтайн зүүн, Баянхонгорын ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас 0.5-1.5 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна.

Нэг ба хоёрдугаар арав хоногийн эхэн ба сүүлчээр бага зэрэг сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 14-19 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус өдөртөө 20-25 градус дулаан байна.

Гуравдугаар арав хоногийн дунд үеэс Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, хөрсөн дээр 1-6 градус хүрч цочир хүйтэрнэ, өдөртөө 9-14 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 9-14 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна.

Бусад хугацаанд Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 18-23 градус, Олон нууруудын хөндий, Алтайн өвөр говиор шөнөдөө 19-24 градус өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус өдөртөө 23-28 градус дулаан байна.

Энэ сард Баян-Өлгийн нутаг, Увсын хойд, Ховдын өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, Говь-Алтайн зүүн өмнөд, Баянхонгорын өмнөд хэсгээр дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим бороо орох төлөвтэй.

Нэг ба хоёрдугаар арав хоногийн эхээр нутгийн зарим газраар түр зуурын бороо, нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн зүүн хэсгээр, сүүлчээр нь ихэнх нутгаар, гуравдугаар арав хоногийн эхээр нутгийн зарим газраар, сүүлчээр нь нутгийн хойд хэсгээр бороо, сарын эцсээр уулархаг нутгаар хур тунадас орох төлөвтэй.

Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ, ялангуяа нэгдүгээр арав хоногийн дунд үе ба сүүлч, хоёр ба гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд үеэр зарим газраар түр зуур 18-20м/с хүрч ширүүсч болзошгүй. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Усархаг бороо үргэлжлэн орохыг анхаарууллаа

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дуу цахилгаантай усархаг бороо, аадар орох тул гэнэтийн үер ус, мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Наймдугаар сарын 1-4-нд ихэнх нутгаар усархаг бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна. 

МОНГОЛ БАНК: Ипотекийн зээлийн журам шинэчлэгджээ

Монголбанкны Ерөнхийлөгчийн 2008 оны 446 дугаар тушаалаар батлагдсан “Ипотекийн зээлийн үйл aжиллагааны журам”-ыг шинэчлэн боловсруулах ажлын хүрээнд өнөөгийн цаг үетэй нийцэхгүй болсон журмын зарим зохицуулалтыг шинэчлэн,  журмын хэт нарийвчилсан заалтуудыг өөрчилж, банкуудын орон сууцны ипотекийн зээлийн үйл ажиллагааг зохистой аргачлалаар хангах зорилгоор журмын шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан байна. -

Захиргааны ерөнхий хуулийн 62.1 дэх заалтын дагуу олон нийтээс санал авах зорилгоор “Орон сууцны ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам”-ын төслийг танилцуулж байна. Энд дарж журмын төсөлтэй танилцана уу.

Жаргалант тосгонд ариутгал халдваргүйжүүлэлтийг хийж дуусчээ

Улаанбаатар хотод энэ сарын 25-ны өдөр хүчтэй аадар бороо орсны улмаас Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Жаргалант тосгонд үер бууж 12 айл орон гэргүй болж, 28 айлын гэр хашаа нурж нийт 40 айл өрх өртсөн. Мөн гурван хүний амь нас эрдсэн аюулт үзэгдэл болсон билээ.

Үүссэн гамшгийн цагийн байдал, учирсан хохирлыг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажлыг зохион байгуулах нийслэлийн Засаг даргын захирамж гарч нийслэл, дүүргийн Онцгой комисс хуралдаж, хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулан ажилласан. Бохирдсон талбайгаас хөрсний дээж авч нийслэлийн Мэргэжлийн хяналтын лавораторид хүргүүлээд байна.

Иргэдэд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар ухуулга сурталчилгаа хийн, заавар зөвлөмжийг өгч, ариутгалын бодис уусмал тараан ажиллажээ. Эрүүл мэндийн тусламжийг эрчимжүүлэн хүн амын дунд халдварт өвчин гарахаас урьчилан сэргийлэх зорилгоор 154 хүнд урьдчилан сэргийлэх үзлэг тандалтыг хийсэн байна.

Үерийн улмаас орон гэргүй болсон 12 өрхөд Улсын нөөцөөс 10, Улаан загалмайн хороо, Дэлхийн Зөн олон улсын байгууллагаас тус бүр нэг гэрийг олгосон байна. Мөн цахилгаан дамжуулах 10квт-ын агаарын шугамын тулгуур мод унасныг Төв, Улаанбаатар ЦТС ТӨХКомпаниас засварлаж хэвийн ажиллагаанд нь оруулжээ.

Тус хорооны иргэдийн ундны усны 11 худгаас 6 худаг үерт автсаныг хамгаалалтанд авч, уснаас дээж аван шинжилгээнд хүргүүлэн шинжилгээний хариу гарах хүртэл иргэдийг УСУГ-ын 2 автомашинаар зөөврийн усаар ханган ажиллалаа. Өнөөдрийн байдлаар 3 худгийг нээж хэвийн ажиллагаанд оруулаад байна.

Үерийн улмаас үүссэн нийт 585 тонн лаг шавар, хогийг зайлуулсан аж. Мөн айлуудын жорлон хальж орчныг бохирдуулснаас үүдэн халдварт өвчин гарахаас урьдчилан сэргийлж нийт 92 айл өрх, найман байгууллагын хашаа, нийтийн эзэмшлийн зам талбай, цэвэр усны хоёр худаг, үхсэн 16 үхрийг булшилсан газар нийт 72,5 га талбайд ариутгал халдваргүйжүүлэлтийг хийж дууссан байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Тээврийн газраас автобуснуудын утаанд хэмжилт, шалгалт хийж байна

Нийслэлийн Тээврийн газраас долоо, наймдугаар саруудад нийслэл хотын нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллаж буй их багтаамжийн автобуснуудын утаанд хэмжилт, шалгалтыг хийж байна. Тус хэмжилт, шалгалтыг нийслэлийн Тээврийн газрын Авто тээврийн хяналтын улсын байцаагч нар болон Техникийн үзлэг, оношилгооны төвийн инженерүүд хамтран явуулын хэмжилтийн багажаар хийж гүйцэтгэж байгаа юм.

Тус шалгалт нь Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд “Автотээврийн тухай хуулийн хэрэгжилт”, “Дизель хөдөлгүүрт автомашин-Утааны тортогжилтын зөвшөөрөгдөх дээд хэмжээ ба хэмжих арга”, MNS 5014:2009 улсын стандартын мөрдөлт, Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалын хэрэгжилтийг хангуулах зорилготой юм.

Нийтийн тээврийн хэрэгслийн утаанд хэмжилт хийх үед MNS 5014:2009 улсын стандартаас илүү хэмжээгээр утаа ялгаруулж байгаа тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцохыг хязгаарлаж, тухайн нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагад зөрчлийг арилгах үүрэг даалгавар өгөн ажиллаж байна

Зуслангийн бүсэд амьдарч буй иргэдэд 22.00 цагаас хойш гэрлээ унтраахыг зөвлөж байна

ОХУ-ын Сибирийн ойн түймрээс дайжсан хүр эрвээхэйнүүд манай нутагт ихээр нүүдэллэн орж ирсэн. Уг хүр эрвээхэйг устгах ажлыг хотын ойролцоох зуслангуудад хийж эхэлсэн байна. Хүр эрвээхэйн тоо толгойг багасгах, устгах ажил Найрамдал зуслангаас эхлэн  Бэлх, Сэлх, Хадат вилла орчимд “Гэрлэн урхи”-иар үргэлжилж байна. ОЙн судалгаа хөгжлийн төвөөс хүр эрвээхэй олноороо байгаа бүсийг тогтоосны үндсэн дээр эдгээр газруудаас эхэлж байгаа ажээ. Мэргэжилтнүүд бага насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдийг хордохоос сэргийлж ой модонд хор цацалгүй механик аргаар буюу гэрлээр урхи тавих аргаар барьж, устгаж байгаа аж. Тиймээс зуслангийн бүсэд байгаа иргэдийг 22:00 цагаас хойш гэрлээ унтраахыг зөвлөлөө. Учир нь гэрэл рүү тэмүүлдэг энэ амьтан нь олон газарт гэрэл асаавал сарниж, үргэдэг байна. Тиймээс олон газарт гэрэл асааж сарниулалгүй урхи тавьсан гэрэл рүү олноор нь авчрах үүднээс иргэдэд ийм зөвлөгөө өгч байгаа юм.

Байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй хүр эрвээхэйг устгахад зориулж энэ жилийн улсын төсвөөс 19 сая төгрөг төсөвлөсөн байна.

Нийслэлийн хэмжээнд Хепатитийн В, С вирүсийн илрүүлэг шинжилгээнд 71,100 иргэн хамрагдлаа

Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн хэмжээндзорилтот бүлгийн 40-65 насны 71,100 иргэнийг хепатитийн В, С вирүсийн илрүүлэг шинжилгээнд хамрууллаа.

40-65 насны иргэн та өөрийн харьяа өрхийн эрүүл мэндийн төвдөө очиж элэгний хавдар, элэгний хатуурал өвчний голлох шалтгаан болдог хепатитийн В, С вирүсийн илрүүлэг шинжилгээндээ үнэ төлбөргүй хамрагдаарай.

 Хепатитийн С вирүс эерэг гарсан шинжилгээнд вирүсийн идэвхжил тодорхойлох шинжилгээг хувийн хэвшлийн 20 лабораториор хийлгэх гэрээг байгуулан ажиллаж байна.

Утаатай тэмцэхийн тулд зуух худалдаж авахгүй

Өнөөдөр Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо хуралдав. Энэ үеэр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Утаанд зун гэж байхгүй. Төсвийн мөнгөөр зуух худалдаж авахгүй. Утаа гаргадаг зуухаар утаатай тэмцэх нь үр дүнгүй болохыг өмнөх туршлагууд бидэнд харуулж байна. 

Тиймээс энэ жил зуух шинээр авахгүйгээр эрчим хүчний салбарт төсвөө нэмж, нам даралтын зуухыг төвийн шугам сүлжээнд холбоно” гэлээ.  Мөн шөнийн цахилгааны тарифийг тэглэсэн ажлыг үргэлжлүүлэх тул шөнийн цахилгааны ачаалал нэмэгдэх, бэлтгэл ажлыг сайтар хангаж ажиллахыг анхааруулж, үүрэг болголоо.

Чөлөөт бөхийн Залуучуудын ДАШТ өнөөдөр эхэлнэ

Чөлөөт бөхийн залуучуудын ДАШТ Финландын Тампере хотод монголын цагаар өнөөдөр 15:00 цагт эхэлнэ. Тус тэмцээнд манай улсаас 50 кг-ын жинд Н.Насанбуян, 60 кг-д Ц.Цогбадрах, 66 кг-д Энхтуяагийн Тэмүүлэн, 84 кг-д М.Цогтгэрэл, 125 кг-д Д.Эрдэнэтулга, эмэгтэйчүүдийн 44 кг-д Г.Пүрэвсүрэн, 48 кг-д Б.Чимгээ, 55 кг-д Б.Болортуяа, 59 кг-д Б.Болор-Эрдэнэ, 63 кг-д Э.Дэлгэрмаа, 67 кг-д Э.Даваанасан, 72 кг-д Б.Цэцэгбаяр нар оролцоно.

Тамперегийн дэвжээнд өнөөдөр эрэгтэйчүүдийн 50, 60, 74, 96 кг-ын жингийн барилдаан болох бөгөөд манай улсаас Нармандахын Насанбуян, Цэвээнсүрэнгийн Цогбадрах нар зодоглох юм байна. Тэмцээн энэ сарын 05-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

Бичил уурхайд гарах ослын тоо нэмэгджээ

Улсын хэмжээнд он гарсаар нийт 2944 удаа аюулт үзэгдэл, осол тохиолджээ. Үүний улмаас 127 хүн амь насаа алдаж, 46 хүн гэмтэж бэртэн 530,9 мянган толгой мал хорогдож, 11,8 тэрбум төгрөгийн шууд хохирол учирсан байна.

Тохиолдсон аюулт үзэгдэл, ослын тоо, хохирлыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад:

Эдгээрийн хор уршгийг арилгахад Онцгой байдлын албаны албан хаагчид болон орон нутгийн иргэд нийт 21450 хүн, 3579 автомашин ажиллаж, 733 хүний амь нас, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 13,8 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж, гамшигтай тэмцэх, хор уршгийг арилгах ажилд Засгийн газар, Онцгой байдлын алба болон орон нутгаас 8,5 тэрбум төгрөг зарцуулсан байна.

Өнгөрсөн онтой харьцуулахад улсын хэмжээнд аюулт үзэгдэл, осолд өртөж нас барсан хүний тоо 28-аар, гэмтэж бэртсэн хүний тоо 6-аар тус тус нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

Мөн аюулт үзэгдэл, осолд нас барсан хүний тоо өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 20-оор буюу 15,7 хувиар өссөн байгаа нь объектын түймэрт нас барсан хүний тоо 6-аар, усны осолд нас барсан хүний тоо 11-ээр, бичил уурхай, нурангины осолд нас барсан хүний тоо 4-өөр тус тус нэмэгдсэнтэй холбоотой байна.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад аюулт үзэгдэл, ослоос аварсан хүний тоо 258-аар, аварсан эд хөрөнгө 0,6 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдсэн байна.

Энэ оны эхний 7 сард ой, хээрийн түймэр өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 34,9 хувиар, хүчтэй салхи шуурга 65,0 хувиар, шүлхий 92,9 хувиар, аянга 57,1 хувиар, бичил уурхай, нурангины осол 42,9 хувиар тус тус нэмэгдсэн нь нийт аюулт үзэгдэл, ослын тоо 3,4 хувиар өсөхөд нөлөөлсөн байна.

Мөн эрэн хайх, аврах ажиллагааны 254, тээврийн хэрэгслийн ослын 67, нийт 321 удаагийн дуудлагаар давхардсан тоогоор Онцгой байдлын албаны 2792 аврагч, 514 автомашин ажиллаж, 796 хүнд анхны тусламж үзүүлэн, 65 хүний амь насыг авран хамгаалаад байна.

Өнөөдөр эхийн сүүгээр хооллолтыг дэмжих өдөр

Дэлхий дахин жил бүрийн наймдугаар сарын 1-7-ний өдрүүдийг “Хүүхдийг эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн долоо хоног” болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэ өдөр өнөөдрөөс эхэлж байна.

Дээрх өдөртэй холбогдуулж, Эрүүл мэндийн хөгжлийн төвд өнөөдөр онлайн сургалт зохион байгуулах аж. Онлайн сургалтад 21 аймгийн эх барих эмэгтэйчүүдийн эмч, жирэмсний хяналтын эмч, өрхийн эмч нийт 300 гаруй хүн оролцох юм.

Сүүлийн жилүүдэд Монгол Улсад эхийн сүүгээр хооллолт буурсаар байгаа нь сэтгэл зовоосон асуудал болоод буй. 2010 онд нийт нялхсын 66 орчим хувь эхний 6 сарын турш эхийн сүүгээр дагнан хооллож байсан бол 2013 онд энэ үзүүлэлт 50 хүрэхгүй хувьтай болж хүүхдийн дундах өвчлөл ихэсч байна гэж мэргэжлийн байгууллагууд мэдэгдээд буй.

Ингэж буурах болсон нь гэр бүл болон ажлын байран дахь дэмжлэг туслалцаа муу, эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний хууль бус импорт, иргэдийг төөрөгдүүлсэн мэдээлэл бүхий зар сурталчилгаа нэмэгдсэн, эрүүл мэндийн байгууллагын мэргэжлийн зөвлөгөө тусламж хангалтгүй, эхчүүд төрөөд удалгүй ажилдаа эргэн орохоос өөр аргагүйд хүрч цаашлаад нийгэмд ядуурлын түвшин тууштай буурахгүй байгаатай холбоотой гэж үзэж буй.

УИХ өнгөрсөн тавдугаар сард энэ асуудалтай холбоотойгоор Нялх, балчир хүүхдийн хүнсний тухай хуулийг баталсан. Ингэснээр эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний экспортод тавигдах шаардлага, ийм төрлийн бүтээгдэхүүний зар сурталчилгааны зохицуулалт, хуулийн хэрэгжилтэд тавих хяналт, хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага зэргийг шинэчлэн тусгасан юм.

Таны маргаашийн ажилд амжилт хүсье. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment