8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Цагаан бөлбөө цэцэг устах аюулд орж, Ерөнхийлөгч оюуны спортыг дэмжиж, ивээлдээ авсан өдөр

2017-08-07 18:40:00

Бид өөрсдийнхөө амьдралаа өдөр тутам, цаг тутам барьж, босгож, бүтээж байдаг. Эцсийн дүндээ бид өөрсдийнхөө босгосон тэр л “байшин”-д амьдардаг. Сэтгэл, зүтгэл гаргавал сайхан байшинд амьдарна, сэтгэлгүй хандвал тийм ч таатай байхгүй нь тодорхой. Харамсалтай нь цаг хугацааг буцааж болдоггүй. Та бол амьдралынхаа барилгачин. Ганц хадаас хадах, хана босгох, цонх шиллэхдээ хүртэл та амьдралаа босгож байгаа. Таны өнөөдрийн гаргаж буй хандлага, сонголтууд бол таны маргаашийн амьдрал. Тэгэхээр амьдралдаа ухаантай зөв байх нь чухал. Ухаантай хүн бүрт зориулсан  "Монголын нэг өдөр" тойм булангаа хүргэхэд бэлэн боллоо.

Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа

 

Шадар сайдыг тагнаж, чагнасан З.Золбаярын аав М.Энхболдын хамгаалалтын албыг хариуцдаг байжээ

Хэд хоногийн өмнөөс Шадар сайд У.Хүрэлсүхийг тагнаж, чагнаж эхэлсэн талаар мэдээлэл гарч эхэлсэн. Улмаар уг ажиллагаанд оролцож байсан залуусын төлөөллийн яриа бүхий бичлэг сошиал орчинд цацагдахдаа дагаж мөрдөх чиглэлийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өгсөн хэмээн ярьсан нь олон нийтийн анхаарлыг татаад байгаа юм. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэ асуудалтай холбогдуулан ЦЕГ-т шалгуулахаар хүсэлтээ гаргасан. 
 Шадар сайд У.Хүрэлсүхийг дагаж мөрдөж байсан залуусыг хууль, хяналтынхан илрүүлэн шалгаж байгаа талаар өнгөрсөн тав дахь өдөр Шадар сайдын ажлын албанаас мэдээлэл хийсэн билээ. Монгол Улсын Шадар Сайд У.Хүрэлсүхийн амь насыг хөнөөх ажиллагааг нэр бүхий албан тушаалтан зохион байгуулж байна хэмээн ажлын албаныхан мэдээлэлдээ онцолсон. 
  Тэгвэл Шадар сайд У.Хүрэлсүхийг дагаж мөрдсөн гэрчүүдийн ярьсанчлан, тэдэнд шууд байдлаар З.Золбаяр, н.Энхмэнд  гэх залуус чиглэл өгсөн талаарх мэдээлэл гарч эхэллээ. Баттай эх сурвалжийн мэдээлж буйгаар, З.Золбаярын аав Д.Зоригт нь Төрийн тусгай хамгаалалтын газарт ажиллаж байсан нэгэн. Тодруулбал, МАН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболдыг Ерөнхий сайдаар ажиллаж байх үед нь түүний хамгаалалтын тасгийн даргаар нь ажиллаж байсан нэгэн аж. Тухайн үед М.Энхболд Ерөнхий сайд байхдаа өөрийн хамгаалалтын тасгийн дарга Д.Зоригт болон хамгаалалтын ажилтан н.Мөнхбат нарт хотын захиргаанаас байр өгүүлж байсан гэдэг. Төрийн тусгай хамгаалалтын газарт ажиллаж байсан Д.Зоригтын бага хүү З.Зол-Эрдэнэ нь одоо ТЕГ-т ажилладаг юм байна. Харин гэрчүүдэд У.Хүрэлсүхийг дагаж мөрдөх ажиллагааг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын захиалгаар зохион байгуулсан хэмээх тайлбарыг хэлсэн гэх н.Энхмэндийн төрсөн дүү н.Энхмөнх нь ТЕГ-т ажилладаг аж. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

З.Санждорж: Би зодуулсан тухайгаа 23 төрлийн хөдлөшгүй баримт цагдаагийн байгууллагад өгч байсан

Өнгөрсөн долоо хоногт  “Монголын Их Хүрээ” хийдийн хамба лам, зурхайч З.Санждоржийг Гандантэгчилэн хийдийн лам зодсон хэрэг гарсан талаар мэдээлэл хүргэсэн билээ. Тодруулбал, Гандантэгчилэн хийдийн хамба лам Д.Чойжамцын туслах н.Бүрнээ З.Санждорж ламтай маргалдан, нүүр рүү нь цохиж гэмтээсэн хэрэг гарсан. Энэ талаар “Монголын Их Хүрээ” хийдийн хамба лам, зурхайч З.Санждоржоос тухайн үед юу болсон талаар тодрууллаа.

-Таныг өнгөрсөн долоо хоногийн тав дахь өдөр Гандантэгчилэн хийдийн хамба лам Д.Чойжамцын туслах н.Бүрнээд зодуулсан гэсэн мэдээлэл гарсан. Ямар асуудлаас болж маргалдсан юм бэ?

-Даншигийн өмнөх өдөр энэ хэрэг гарсан.Гандантэгчилэн хийдээс хөтөлбөр авахаар очоод маргаан үүссэн. Энэ жил манай хийд Даншиг наадамд оролцож чадаагүй. Учир нь бүртгэл дууссан гэсэн шалтгаан хэлсэн.  Биднийг Даншиг наадмыг үймүүлж магадгүй учраас оролцуулахгүй гэж хэлсэн. Ямар нэгэн газраас эд нарт хов жив ирсэн юм болов уу. Энэ наадамд оролцох хүсэлтэй маш олон лам нар байгаа. Гэвч дарамт шахалтнаас болоод оролцож чадахгүй байна.  Өнгөрсөн жил манай хүрээ хийд маш сайн оролцсон. Анхны наадамд оролцож тусгай шагнал авсан. Гандантэгчилэн хийдээс энэ шагналыг өгсөн. Манай хийдээс 300 литр айрагийг ард иргэдэд тарааж, гэртээ үзэсгэлэн гаргаж, маш их идэвхитэй ажил хийсэн. Тухайн хэрэг гардаг өдөр Н.Бүрнээ надтай ямар ч үг солиогүй намайг зодсон. Ийм л ёс зүйгүй үйлдэл гаргасан. Өмнө нь бас ийм хэрэг гарч байсан. Шашины нэр хүндээ бодоод би чимээгүй явж байсан. 2006 оноос эхлээд энэ маргаан эхэлсэн. 2006 онд Далай лам манай улсад айлчлах үеэр би дээрхийн гэгээнтэнд нэг бичиг өргөн барьсан юм. Тэр бичгийг Гандантэгчилэн хийдийн хамба лам Д.Чойжамц буруугаар ойлгож зөрчил үүссэн.

-Та өмнө олон удаа  зодуулж байсан гэсэн. Цагдаагийн байгуулагад гомдол гаргаж байсан уу?

-Олон удаа цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байсан. Би 23 төрлийн хөдлөшгүй баримт өгсөн. 2010 онд бас н.Бүрнээд зодуулсан тухайгаа бас гомдол гаргаж байсан. Гэвч хэрэг шалгагдахгүй, замхараад алга болдог. Мэдээлэл гараад эхлэхээр намайг шашины сургууль төгсөөгүй, хуурамч дипломтой, хулгай хийдэг гэх мэтээр хүн гүтгэдэг.

-Иргэн Н.Бүрнээ та хоёрын дундах маргаан яваад байгаа юм уу. Аль эсвэл хийд хороондын асуудлаас болоод маргалдаад байгаа юм уу?

-Энэ Н.Бүрнээ бид хоёрын асуудал биш. Н.Бүрнээ чинь бас хөөрхий амьдрах гэж ядсан нэг лам байхгүй юу. Н.Бүрнээгийн дээр удирдагч байгаа. Тэр хүн ийм хэрэг хийлгэж байгаа. Н.Бүрнээг бас би нэг талаас нь өрөвдөөд байгаа.

-Тэгвэл хэн удирдаад байгаа юм бэ?

-Хэн удирдаж байгааг хуулийн байгууллага тогтооно биз. Би энд хэн нэгний нэрийг дурьдмааргүй байна. Та нар цаана нь ямар хүн байна гэдгийг бодож ол. Олон удаа намайг зодчихоод нэг ч удаа хариуцлага хүлээсэнгүй. Тэгэхээр ямар том хамгаалж байна гэдэг нь ойлгомжтой.

60 тэрбумын асуудал М.Энхболд дээр очоод “гацах” уу

- А.Ганбаатарыг АТГ-аас баривчлан саатуулж, Ганц худагт хорьжээ.-

Алдарт 60 тэрбумын хэрэгт ахиц гарсан бололтой. Тодруулбал, эх сурвалжийн мэдээлснээр Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуйгийн зөвлөх гэх А.Ганбаатарыг АТГ-аас баривчлан саатуулж, Ганц худагт хорьжээ. Түүнээс 60 тэрбумын хэрэгт холбогдуулан мэдүүлэг авч эхэлсэн аж. 2014 оноос эхлэлтэй уг хэрэг өнгөрөгч 2016 оноос олон нийтэд ил болж дуулиан тарьж, тус бичлэгт А.Ганбаатар орсон нь ил болсон. Тухайн үед хууль хяналтын байгууллага шалгасан ч тодорхой ахиц гараагүй. Мөн Эрүүгийн хэрэг үүсгэхгүй, үүсгэх шаардлагагүй гэж үзсэн байсан талаар тухайн үед мэдээлж байсан. Тэгвэл өнгөрсөн зургадугаар сарын 24-ний өдөр Ерөнхийлөгч Х.Баттулга АТГ-ын удирдлагуудтай уулзаж энэ хэргийн хяналт, шалгалтын үйл явцтай танилцаж мөн үүрэг өгсөн. Ерөнхийлөгч энэ хэргийн шалгаж, нэн даруй  хариуцлага тооцохыг шаардсан. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 60 тэрбумын асуудлыг өнгөрсөн 7 хоногт ахиан сөхөж АТГ-ын дарга тэргүүн комиссар Х.Энхжаргал, Монгол Улсын Ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан нарыг  хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр иргэд, олон нийтийн зүгээс хүчтэй шаардаж, хэрхэн шийдвэрлэхийг нь хүлээж буй 60 тэрбум төгрөгийн асуудлыг онцолсон. Иргэдийн зүгээс чих тавин хүлээж буй энэ асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэх ажлыг гардан хийх ёстой гэж мэдэгдсэн.  Ерөнхийлөгчийн энэ уулзалт монголын төрд, монголын улстөрийн тогоонд “бугшисан” идээ бээрийг цэвэрлэхэд том алхам болсон гэдэгтэй санал нийлэх хүн олон бий. 

Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуйгийн зөвлөх гэх А.Ганбаатарыг АТГ-аас баривчлан саатуулж, Ганц худагт хорьжээ. Ингэхдээ түүнээс 60 тэрбумын хэрэгт холбогдуулан мэдүүлэг авч эхэлсэн аж.

Үүний дараахан 60 тэрбумын асуудалд холбогдсон Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуйгаас АТГ мэдүүлэг авч эхэлсэн. Энэ үйл явц нь бас л хэрэг ахицтай яваагийн нэг илрэл. Харин энэ удаад 60 тэрбумын хэрэгт холбогдоод байгаа А.Ганбаатар гэгчийг хорьж, мэдүүлэг авч эхэлсэн нь энэ хэргийн хувьд мөн л ахиц. Энэ бүгдээс харахад 60 тэрбумын асуудалд үнэхээр л ахиц гарчээ. Тус хэрэгт холбогдоод байгаа гурван хүний хоёроос нь АТГ мэдүүлэг авч, шалгаж эхэллээ.Дараагийн мэдүүлэг, авч шалгах хүн нь МАН-ын дарга М.Энхболд. Хэргийн шалгаж байгаа үйл явцаас харахад дараагийх нь яахын аргагүй М.Энхболд.  Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Усан хатан хаан буюу Цагаан бөлбөө цэцэг устах аюулд оржээ

Цагаан бөлбөө буюу бадамлянхуа цэцэг устах аюул нүүрлэж магадгүй талаар Ховд их сургуулийн Биологийн тэнхимийн багш нар судалгаа хийх явцдаа тэмдэглэжээ. Цагаан бөлбөөгийн цэцэглэлт, үр боловсролт, үрийн гарц, унацыг нарийвчлан судлах шаардлагатай гэж мэрэгжлийн хүмүүс үзэж байна. Монголд хоёр төрлийн Бөлбөө буюу Бадамлянхуа цэцэг ургадаг. Цагаан Бөлбөө нь нуур цөөрөм, тогтуун урсгалт гол горхи, татуургын усанд ургадаг олон наст ургамал. Их нууруудын хотгор, Дархдын Хотгорын Цэцэгт нуур, Хомын хоолой, Хангайн нурууны Идэрийн голын хөндийн цөөрмүүд, Хар ус нуур, Чоно харайхын гол, Хомын хоолойд ургадаг ховор тархацтай цэцэг юм. Үр, үндэслэг ишнээс сэргэн ургахдаа сайн.Монголчууд Цагаан Бөлбөө цэцгийг усан хатан хаан хэмээн нэрлэдэг. 30 см өндөр, 10-18 см голчтой, зууван дугуй том далбагар навчтай, сууриараа зүрхэрхүү, орой нь шовх усны мандал дээр ургадаг үзэсгэлэнт цэцэг юм. 5 сарын сүүлээр цэцэглэж 8 сарын сүүлээр цэцэг нь унана. Цэцэг нь өглөө 7 цагийн үеэс дэлбээгээ дэлгэж орой 17 цагийн үеэс дэлбээгээ хумидаг.

М.Энхболд, Ж.Эрдэнэбат алдаагаа хүлээн, уучлал гуйж албан тушаалаа өгөхийг МАН-ын залуус шаардлаа
 

МАН-ын "Ээлжит бус онц их хурлын төлөө" хөдөлгөөнөөс цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. "МАН-ын "Ээлжит бус онц их хурлын төлөө" хөдөлгөөн үүсгэн байгуулагдах болсон гол шалтгаан нь МАН УИХ болон орон нутгийн сонгуульд үнэмэхүй ялалт байгуулж, УИХ-д 65 суудал авсан. Гэтэл жилийн хугацаанд энэ бүхэн яаж буурав. Ерөнхийлөгчийн сонгуулиар иргэд МАН-д үнэлгээ өглөө. Тийм ч учраас бид МАН-ын дотоод асуудлыг шударгаар шийдвэрлэхийн тулд энэхүү хөдөлгөөнийг эхлүүлсэн гэдгээ онцолсон юм.

Үүнээс гадна МАН-ын үндсэн дүрмийн дагуу Бага хурал хуралдаж ИХ хурлыг зарладаг. Тиймээс Бага хурлаа яаралтай хуралдуулах шаардлагатай байна гэсэн юм. М.Энхболд, Ж.Эрдэнэбат алдаагаа хүлээн, уучлал гуйж албан тушаалаа өгөхийг МАН-ын залуус шаардаж байна гэв 

Увс аймагт 4.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Увс аймгийн Тариалан сумын Тарвагатай багийн “Оорог” гэх газар энэ сарын 6 буюу өчигдөр 4.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Газар хөдлөлт 13.27 цагийн орчимд болсон бөгөөд Тариалан сумын төвөөс зүүн урд зүгт 34 км-т
/Ө.49048/00//, У.92003/00// солбилцолд болсон талаар Одон орон геофизикийн хүрээлэнгээс ОБЕГ-т мэдээлсэн байна. Газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй, хохирол учраагүй талаар Тариалан сумын ЗДТГ-аас мэдэгджээ.

Ойрын өдрүүдийн цаг агаарын төлөв байдал

Малчид, иргэдийн анхааралд: Ойрын хоногуудад ихэнх нутгаар усархаг бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2017 оны 08 дугаар сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэл:  Зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 17-22 хэм, говийн бүс нуигийн өмнөд хэсэг болон Дарьгангын тал нутгаар 26-31 хэм, бусад нутгаар 21-26 хэм дулаан байна.

2017 оны 08 дугаар сарын 08-наас 08 дугаар сарын 12-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

8-нд зүүн болон говийн аймгуудын нутаг, баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 9-нд ихэнх нутгаар, 10-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар, 11-нд нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 8-нд Алтайн салбар уулсаар, 9-нд баруун болон төв, говийн аймгуудын нутгаар, 10-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. 9-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 15-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 24-29 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна.

Тавантолгой дахь сургалтын төвийн ойролцоо сум тэсэрч нэг хүн амиа алджээ

Өнгөрсөн баасан гарагт Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвийн ойролцоо сум тэсэрч, нэг иргэн газар дээрээ нас барж нэг иргэн нь бэртэл авч, эмнэлэгт хүргэгдсэн харамсалтай хэрэг гарсан байна. Тодруулбал,  энэ сарын 04-ний өдрийн 12:10 минутын орчимд сургалтын төвд сургалт хийж байсан цэргийн албан хаагчдад нутгийн иргэд хандаж, сургалт болж байгаа газраас баруун зүгт тухайн нутгийн хоёр иргэн тэсрэх зүйлд өртсөн байж болзошгүй гэсэн мэдээллийг хүргэжээ. Цэргийн албан хаагчид уг газарт очиход Төв аймгийн Алтанбулаг сумын III багийн иргэн 49 настай Н тэсрэх зүйлд өртөж нас барсан байдалтайгаар мөн тус багийн иргэн 48 настай Т нь ар нуруундаа шархадсан байдалтай байсан аж. 

Энэ асуудлаар БХЯ-ны удирдлагууд яаралтай хурал болж болсон үйл явдлыг тодруулахаар албаны хүмүүсээс байцаалт авчээ. 

Х.Баттулга: Оюуны спортыг дэмжиж, ивээлдээ авна

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хими, физик, математикийн олон улсын олимпиадад эх орноо төлөөлөн амжилттай оролцож медаль хүртсэн сурагчид, багш нарыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Монголын сурагчид Тайландад болсон олон улсын химийн 49 дүгээр олимпиадаас нэг хүрэл, Индонезид болсон олон улсын физикийн 50 дугаар олимпиадад оролцсон таван сурагч багаараа медаль хүртэж хоёр мөнгө, гурван хүрэл медаль, Бразильд болсон олон улсын математикийн 58 дугаар олимпиадаас нэг мөнгө, хоёр хүрэл медаль, тусгай шагнал тус тус хүртсэн байна. 

Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлэхдээ “Би оюуны спортыг дэмжинэ. Ивээлдээ авна. Бид спортыг тодорхой хугацаанд дэмжсэн. Амжилт гарч байна. Монгол хүн ямар их чадвартай вэ гэдгийг оюуны спортоор гаргаж ирж байгаа багш нар, залуучуудад амжилт хүсч баяр хүргэе” гэв.

Мөн оюуны спортын бүс, дүүрэг, аймаг, хот,  улсын тэмцээнүүдийн талаар дотооддоо сайтар сурталчилж, нэгдэж, холбоо байгуулж, хэд хэдэн телевиз, түүний дотор МҮОНТВ-тэй тогтмол гэрээ хийж, МҮОНТВ-ийн холбогдох суваг дээр тодорхой давтамж бүхий цагтай болж сонирхолтой контент бэлтгэн нийлүүлж, үйл ажиллагаагаа тогтмол сурталчилж байвал олон нийтэд хүрч илүү зөв болно гэж байлаа.

Математик, хими, физикийн олимпиадын хороодыг нэгтгэсэн хороо БСШУ-ны харьяанд байдаг бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Оюуны олимпиадын нэгдсэн ТББ ажиллуулж зохион байгуулалтад орох нь зүйтэй. ТББ илүү идэвхтэй, санаачилгатай, хүнд сурталгүй байдаг. Үүний дараа хэвлэл, мэдээллийн байгууллагуудад хандан сурталчилгаагаа хийх хэрэгтэй” гэдгийг зөвлөж хэллээ.

Физикч Н.Тэгшбаяр “Монголчууд хурдан морио байлж, шуундаа бяртай залуусыг дэмждэг шигээ оюуны өндөр чадвартай залуусыг дэмжиж, багш нарт нь урам өгч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс багш,  сурагчдыг хүлээн авч уулзаж байгаад баяртай байна. Их баярлалаа” гэв.

Жил бүхэн болдог олон улсын химийн олимпиадад Монгол Улсын сурагчдын баг 2006 оноос эхлэн оролцсон бөгөөд 2017 оны олимпиадад 4 сурагч, 3 багшийн бүрэлдэхүүнтэй оролцжээ. Олимпиад онол, сорил гэсэн хоёр үе шаттай явдаг. Энэ удаагийн олимпиадад 76 орны 297 сурагч оролцож Монгол Улсаас Орхон аймгийн сурагч Сувданчимэг хүрэл медаль хүртжээ.

Олон улсын физикийн 50 дугаар олимпиадад 86 орны 396 сурагч оролцсоноос Монголын баг багаараа медаль хүртсэн 28 орны нэг болж, G20-д дөхөж өндөр амжилт гаргасан байна.

Нийслэлийн нэгдүгээр сургуулийг энэ онд төгссөн Э.Гарьд, “Сант” сургуулийг мөн энэ онд төгссөн Л.Оюунтөгс нар энэ олимпиадаас мөнгөн медаль хүртжээ.

Олон улсын математикийн олимпиадаас “Эмпати” сургуулийн сурагч Цэнд-Аюуш мөнгөн медаль хүртэж, хоёр сурагч хүрэл медаль, бусад хоёр сурагч тусгай шагнал авчээ.

Сурагчид бэлтгэлийн зардлаа хувиасаа бүрэн төлж, олимпиадад оролцсон зардлын тодорхой хувийг мөн хувиасаа гаргажээ. 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment