8o
Улаанбаатар хот
mobile menu

БНСУ-д 10 хүүхдэд үнэгүй зүрхний мэс ажилбар хийнэ

2017-08-10 09:05:49

БНСУ-ын Данвон эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нар энэ сарын 5-8-ны өдрүүдэд аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр, Санхүү, Төрийн сангийн хэлтсийн дарга С.Байгалмаа нарын урилгаар Баянхонгор аймагт ажиллаж, иргэдэд үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийж, чанартай эмийг олголоо. Тэдний гол зорилго нь төрөлхийн зүрхний гажигтай хүүхдүүдийг БНСУ-д 100 хувь үнэ төлбөргүй эмчлэх юм.

2014 оноос эхлэн Монгол Улсад оношилгоо эмчилгээг хийж эхэлсэн тус эмнэлгийн хамт олон гурван жилийн хугацаанд тус аймгаас 23 хүүхдэд зүрхний мэс ажилбарыг амжилттай хийжээ. Энэ жил арван хүүхдийг сонгож, эмчилгээ хийхээр болсон байна. Хүүхдүүдийн хагалгаа, тэдний асран хамгаалагч нарын зам, байр хоолны зардлыг бүгдийг 100 хувь хөнгөлнө. Нэг хүүхдийн хагалгааны зардал 60 мянган вонн болдог байна.

БНСУ-ын Данвон эмнэлгийн захирал Ким Бён Ёл хэлэхдээ, “Бид анх Төв аймагт үзлэг, оношилгооны ажлаа эхлүүлж байсан бол өдгөө гурав дахь жилдээ Баянхонгор аймагт ажиллаж байна. Цаашид энэ ажлыг үргэлжлүүлэх болно” гэлээ. Тус эмнэлгийн Гадаад харилцааны мэргэжилтэн Баянхонгор аймгийн уугуул Д.Пүрэвсүрэн уг ажлыг эхлүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэжээ.

Баянхонгор аймагт үзлэг оношилгоог гардан хийсэн Данвон эмнэлгийн мэдрэлийн эмч иргэдийн дунд тархи толгой, нуруу нугас, ходоод , дотор эрхтний өвчлөл элбэг байгааг хэлж байна. Мөн төрөлхийн таталттай, унадаг хүүхдүүд олон таарч байгаад санаа зовж буйгаа илэрхийлж, энэ нь эхийн жирэмсний үеийн хяналт, эхийн эрүүл мэндийг сайжруулахад анхаарах ёстойг санууллаа. Үзлэгийн явцад эмэгтэйчүүдийн давсагны үрэвсэл их байсан байна. Тиймээс хувийн ариун цэвэр, эрүүл ахуйн дэглэмд онцгой анхаарах шаардлагатайг эмч нар зөвлөлөө.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл