8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Гэрч Ч.Батболдыг цагдан хорьж, Тендерт шалгарсан ч ажлаа хийгээгүй байгууллагын гэрээг цуцлахаар болсон өдөр

2017-08-11 18:40:00

Дуулиантай, дуулгах сонинтой, дурсах өдөртэй долоо хоног ийнхүү дуусч байна. Улс төр, нийгэм, эдийн засаг гээд гадаад ертөнц хүртэл сонирхолтой, содон бас түгшээсэн мэдээллээр дүүрэн долоо хоног танд талархая. Ирэх амралтын өдрүүдэд цаг агаар тогтуун байх нь ээ. Тиймээс гэр бүлдээ цаг гаргаарай гэж зөвлөмөөр байна. 

Оюун уxаан ундаршгүй тул

Уншиж мэдэxэд цаг гарга

Ариун xишиг бурxныx тул

Хайр сэтгэлдээ цаг гарга... гэдэг шүлэг байдаг шүү дээ.

Өнөөдөр улс эх орны минь улс төр, нийгэмд сонсч дуулах мэдээллээр дүүрэн байлаа. Ингээд шинэ содон мэдээллээр дүүрэн Монголын нэг өдөр тоймоо хүлээн авна уу. 

Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа

Шуурхай: Гэрч Ч.Батболдыг цагдан хорих 461 дүгээр ангид хорилоо

Шадар сайд У.Хүрэлсүхийг мөрдөн мөшгиж, тагнаж чагнасан гэх хэргийн гэрч гэгдэж байсан Ч.Батболдыг өчигдөр өглөө үүрээр АТГ-ын ажилчд саатуулсан. Өчигдөр хориод өнөөдөр шүүх хурал нь  болж, Ч.Батболдыг нэг сар цагдан хорьж, шалгах шийдвэрийг шүүхээс гаргасан байна. Түүнийг Эрүүгийн хуулийн 13.12 буюу хууль бусаар мөрдлөг хийсэн гэх хэргээр яллагдагчаар татлаа.Ч.Батболдыг цагдан хорих 461 дүгээр ангид хорисон байна. Шүүхээс Ч.Батболдыг гэрч биш яллагдагч гэж үзэн ийнхүү хорьсон байна. Учир нь хэргийн гэрч гэдэг нь тус хэрэгтэй ямар ч холбоогүй, хөндлөнгийн хүн байх ёстой хэмээн шүүхээс үзсэн байна. Мөн Ч.Батболдын өмгөөлөгч Ч.Ундрах-Эрдэнэ хэлэхдээ "Энэ хэрэгтэй холбоотой 7 хүнийг цагдан хорьж шалгаж байгаа гэсэн мэдээлэл байна" хэмээн хэлсэн. 

Х.Баттулга: Ерөнхийлөгч болохоос өмнө намайг шалгаж байсан хэрэг мухардсан

Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр орой МҮОНТ-д анхныхаа ярилцлагыг өглөө. Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдож, тамгаа гардан авснаас хойш нэг сарын дараа төрийн тэргүүний ажил, цаашид хийх ажлаа танилцууллаа. Ерөнхийлөгчийн хэлсэн үгнээс олны анхаарлыг татсан  ишлэлүүдийг онцолж байна.


1.    Ний нуугүй хэлэхэд Монгол Улс маш хүнд байна. Эдийн Засгийн хувьд, сахилга батын хувьд хүнд байна. 
2.    Яагаад ийм хүнд үед  манай хүмүүс амраад байдаг юм бэ. Ажлаа хиймээр байна. 
3.    Улс төрд ороод баяждаг болсон байна. 
4.    Намайг Хятадын эсрэг үзэл бодолтой гэж яриад, сурталчлаад байдаг. Энэ бол Гадаад хэргийн сайдын хийж байгаа ажил.
5.    Манай эдийн засгийн 90 хувь нь хятадын хараат байна. Ийм байхад улс орон хөгжихгүй.
6.    Далай ламыг урих гэхээр болохгүй гэдэг. Бид чинь хараат болчихсон байхгүй юү. 
7.    Бизнесийг харилцан ашигтай хийе. Манай бүтээгдэхүүнийг Та нар ав, битгий хямдхан аваач ээ гэж яръя гэж бодож байна. 8.    Таван толгой руу асар хүчтэй дайралт хийлээ. Энэ бол 1970-аад орны эхээр ард түмний татвараар олсон орд. Үүнийг гадныхантай хамтарсан нэг компанид өгч болохгүй. 
9.    Тавантолгойн ордын ашиг бүх ард түмэнд очих ёстой юм. 
10.    Бэлэн мөнгө уул уурхайтай, архины үйлдвэртэй хүнд л байдаг. Бэлэн мөнгө байгаа газарт авлига байдаг. 
11.    Засгийн газарт байгаа уул уурхайтай сайд нар ажлаасаа татгалзаач ээ гэж уриалмаар байна.
12.    Надад итгээгүй хүмүүсийнхээ итгэлийг авмаар байна.
13.    Ерөнхийлөгч бол эрх мэдэлтэй ч юм шиг, үгүй ч шиг байдаг. Тэгээд үүнийг нь хумихаар би юу хийхээ мэдэхгүй байна. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү

Storify: Шадар сайд У.Хүрэлсүхийг тагнасан, чагнасан хэргийн эргэн тойронд...

Өнгөрсөн тавдугаар сараас эхлээд Шадар сайд У.Хүрэлсүхийг хэдэн залуус нууцаар чагнасан, тагнасан хэрэг гарсанаас хойш багагүй дуулиан дэгдээд байна. Одоогоос хэдхэн хоногийн өмнө  сошиал ертөнц, мөн хэвлэлээр тархсан “Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Шадар сайд У.Хүрэлсүхийн араас сүүл тавьжээ” гэсэн бичлэг цацагдаж эхэлсэн. 


Уг бичлэгт гэрч Ч.Батболд гэх залуу “Намайг Шадар сайд У.Хүрэлсүхийг ямар нэг байдлаар өдөж байгаад нэг цохиулаад тэгээд цагдаагийн байгууллагад гомдол гаргачих. Ингэсэн нөхцөлд эхний удаад 50 сая төгрөг өгнө гэж хэлсэн. Хүрэлсүхийг дагаж эхэлсэн. Машин тэргийг нь, гэр орныг нь судалсан. Г эрийнх нь гадаа 3-4 хоносон. Өөрийг нь машинтай дагасан. 00-73 УБҮ гээд land 500 маркийн машинтай байсан” хэмээн ярьсан байдаг.

Уг хэргээ хүлээсэн, цорын ганц гэрч болох Ч.Батболдыг өчигдөр үүрээр гэртээ амарч байхад АТГ, ЦЕГ-ын 10 гаруй ажилчид баривчилж авч явсанаар уг хэрэг улам хурцдаж эхэллээ. Ч.Батболд гэх энэ залуу нь хэрэгт оролцож, төрийн өндөр албан тушаалтаныг тагнасан чагнасан хэрэгт  оролцсон ч гэсэн сүүлд нь хэргээ хүлээсэн учраас гэрч хохирогч болоод байгаа юм. Тийм учраас хэргээ хүлээсэн гэрч хохирогчийг хуулийн байгууллага хамгаалалтанд авч хэргийг шалгах ёстой байв. Гэтэл хуулийн байгууллага үүрээр цонхыг нь хагалан гэрт нь дайран орж, нялх хүүхдүүдийнх нь өмнө баривчлав. Тус хэргийн эргэн тойронд болсон үйл явдлын талаар жиргээчид болон, цахим  орчныхон юу гэсэн талаар мэдээллийг хүргэе. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Д.Дагвадорж: Бие төлөөлөгч гэдэг цалин хангамж авахгүй, эрх ямба эдлэхгүй

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Х.Баттулга тангараг өргөж, төрийн тамга тэмдгийг хүлээж авснаас хойш нэг сар болж байна. Энэ хугацаанд Ерөнхийлөгч өрийн улс төрийн зөвлөх, бие төлөөлөгч нараа томилоод байгаа. Түүний нэг нь Монгол Улс, Япон Улсын хамтын ажиллагааны асуудал хариуцсан бие төлөөлөгч Д.Дагвадорж юм. Ерөнхийлөгч Х.Баттулга тус томилгооныхоо талаар Д.Дагвадорж бол Японы болон Дэлхийн од. Маш сийрэг толгойтой.  Улс төрчдийн 2.3 жил яриад ойлгохгүй байгаа юмыг 20 минутын дотор ойлгосон. Энэ хүнийг Монгол Улс ашиглах ёстой” хэмээх хариулсан. Харин энэ талаар Монгол Улс, Япон Улсын хамтын ажиллагааны асуудал хариуцсан бие төлөөлөгч Д.Дагвадорж энэ талаар хэлэхдээ “Бие төлөөлөгч төсвөөс цалинждаг гэж бодож байж магадгүй. Цалин хангамж авахгүй, элдэв ямба эдлэхгүй авах ч хүсэл алга Монгол Улсынхаа хөгжлийн төлөө, 3 сая иргэнийхээ төлөө олсон жаахан нэр хүнд, найз нөхөд болон хүрээлэлдээ тулгуурлан ажиллана” гэсэн тайлбарыг өгсөн байна. 

Ерөнхийлөгч Х.Баттулга зөвлөх болох бие төлөөлөгчөө ямар шалгуураар сонгов

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Х.Баттулга тангараг өргөж, төрийн тамга тэмдгийг хүлээж авснаас хойш нэг сар болж байна. Энэ хугацаанд Ерөнхийлөгч өөрийн багаа бүрдүүлж амжсан. Тодруулбал, 2017 оны  долдугаар сарын 10-ны өдөр УИХ-ын дарга асан З.Энхболдыг Ерөнхийлөгчийн Тамгын Газрын даргаар томилсон. Тэрбээр тангарагаа өргөсөн өдөр энэ томилгоог хийсэн юм. Үүний дараа 2017 оны  долдугаар сарын 28-ны өдөр Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг Ерөнхийлөгчийн улс төрийн бодлогын зөвлөхөөр томилсон. Мөн хэдхэн хоногийн өмнө Ерөнхийлөгчийн Хэвлэл Мэдээллийн Албаны даргаар энэ өдөр Ж.Цэсэнг томилох захирамж гаргаад байгаа. Мөн найм хоногийн өмнө Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч, зохиолч Цоодолын Хуланг Монгол Улсын Ерөнхийлөгчийн  Соёл, шашны бодлогын зөвлөхөөр  томилохоор шийдвэр гаргасан. 

Үүнээс гадна тухайн өдөр Зам тээврийн сайд асан А.Гансүхийг Монгол Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын 3 талт хамтын ажиллагаа болон эдийн засгийн коридорын асуудал хариуцсан бие төлөөлөгчөөр нэг жилийн хугацаатай томилсон. Мөн Д.Дагвадоржийг Монгол Улс, Япон Улсын хамтын ажиллагааны асуудал хариуцсан бие төлөөлөгчөөр нэг жилийн хугацаатай томилохоор захирамжилсан.Ерөнхийлөгчийн зарим томилгоо нь багагүй олны анхаарлыг татаж байгаа. Учир нь Ерөнхийлөгчийн томилсон зөвлөх, бие төлөөлөгчийн дунд хуулийн байгууллагаар шалгагдаж байгаа нэр бүхий хүмүүс багтаж байгаа. Жишээ нь, Зам тээврийн сайд асан А.Гансүх нь төмөр замын хэргээр Ерөнхийлөгчтэй хамт хуулийн байгууллагаар шалгагдаж байсан. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг сонгуулийн өмнө мөн л хуулийн байгууллагаар шалгагдаж байсан. Эдгээр эрхмүүдийн нэр холбогдсон хэрэг аль шатандаа яваа, буруутай, буруугүйг хуулийн байгууллага тогтоогоогүй байгаа юм. Ийм учраас олны анхаарлыг багагүй татсан. Томилгооныхоо талаар Ерөнхийлөгч өчигдөр тайлбар хийсэн. Тодруулбал, 

Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга З.Энхболд
З.Энхболд намын дарга байсан, хуульч эрх зүйч мэргэжилтэй. Бид хоёрын нөхөрлөл 27 жил болж байна. Бид бие биенээ мэднэ. Гэхдээ би дандаа удирдлага дор нь байсан. Миний дутагдалыг З.Энхболд мэднэ. 27 жил гэж багагүй хугацаа. Тамгын газар гэдэг бол Ерөнхийлөгчийн гал тогоо. Надад биш Ерөнхийлөгчид түшиг болох, мэдлэгтэй нэгэн. 

Ерөнхийлөгчийн улс төрийн бодлогын зөвлөх Н.Алтанхуяг

Н.Алтанхуягийн хувьд намын дарга, Сангийн сайд, Ерөнхий сайд байсан. Маш их туршлагатай нэгэн. Миний дутууг нөхөх нэгэн. Монгол Улсынхаа Ерөнхийлөгчид зөвлөгөө өгч чадна. 

Соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хулан

Ц.Хулан бол шашин соёлын асуудлаар нэлээн хуурай юм хийдэг хүн. Шашин соёлын асуудал дээр лам хүн тавихад хэцүү. Яг энэ тал дээр намайг түших хүн гэж бодож байна.

Монгол Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын 3 талт хамтын ажиллагаа болон эдийн засгийн коридорын асуудал хариуцсан бие төлөөлөгч Зам тээврийн сайд асан А.Гансүх 

Ч.Гансүхийн хувьд бол хуульч, эрх зүйч хүн. Өнөөдөр Монгол Улсын бизнесийн орчинд хамгийн түрүүнд хийх зүйл бол дэд бүтэц. Төмөр зам дээрээ махлагдаж байсан хүний хувьд дахиад Ч.Гансүх шиг хүнийг гаргаж ирэхийн тулд хэдэн жил хэрэгтэй.

Монгол Улс, Япон Улсын хамтын ажиллагааны асуудал хариуцсан бие төлөөлөгч Д.Дагвадорж 

Д.Дагвадорж бол Японы болон Дэлхийн од. Д.Дагвадорж  бол сийрэг толгой.  Улс төрчдийн 2.3 жил яриад ойлгохгүй байгаа юмыг 20 минутын дотор ойлгосон. Энэ хүнийг Монгол Улс ашиглах ёстой. 

Баяннуур нууранд ОХУ-н иргэн живж амиа алджээ

Завхан аймгийн Сантмаргац сумын Баяннуур багийн Билүүт гэдэг газар сумын төвөөс 30 км-т орших Баяннуур нууранд ОХУ-н иргэн Черняев Вадим Анатольевич /46 настай, эрэгтэй/ живж, осолдсон тухай дуудлага  2017.08.06-ны 10:58 цагт тус аймгийн Онцгой байдлын газарт ирсэн.

Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын 13 алба хаагч 2 автомашин 2 завьтай, Увс аймгийн онцгой байдлын газраас 4 алба хаагч, 1 автомашинтай, сум орон нутгаас 3 иргэн 1 автомашинтай, Цагдаагийн газраас 8 алба хаагч  нийт 28 хүн 5 техник хэрэгсэлтэйгээр  нууранд эрэн хайх ажиллагаа явуулсан.

Уг эрлийн ажиллагааг Завхан аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ө.Болд, Увс аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Б.Баттулга нар удирдан тав хоногийн хугацаанд явуулж, цогцсыг 2017.08.11-ний 09:15 цагт нуурын эргээс 1,5км зайтай, 12м гүнд хөвж явсаныг олж гарган Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна. 

Гурваас таван настай хүүхдийг энэ сарын 21-24-нд цэцэрлэг дээр нь уламжлалт аргаар бүртгэнэ

Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэж байгаа хүүхдийг энэ жилээс эхлэн цахимаар бүртгэхээр болсон. Цэцэрлэгийн цахим бүртгэл өнгөрсөн долоодугаар сарын 25-нд эхэлсэн ба энэ сарын 24-ний өдрийг хүртэл үргэлжилнэ. Цахимаар бүртгүүлэх боломжгүй иргэдийн хүүхдийг наймдугаар сарын 10-аас эхлэн цэцэрлэг дээр нь нэгдсэн журмаар багш ажилтнууд бүртгэж өгч, туслах юм байна.

Элсэлт авах хүүхдийн тоо хэтэрсэн цэцэрлэгүүд дээр наймдугаар сарын 25-ны өдөр 10 цагт санамсаргүй сонголтын аргаар онлайнаар элсэлтийг зохион байгуулна. Санамсаргүй сонголтын аргаар тухайн хүүхэд сонгогдсон, эс сонгогдсон талаарх мэдээллийг эцэг, эхчүүдийн бүртгүүлсэн гар утсанд мессежээр хариу илгээх юм. Эцэг, эхчүүд хүүхдээ элсэж орсон эсэхийг цэцэрлэг дээр нь очиж, лавлах шаардлагагүй бөгөөд цахим системээс харах боломжтой гэлээ.

Харин өмнөх хичээлийн жилд цэцэрлэгт хамрагдсан болон тухайн цэцэрлэг нь 3-5 насны хүүхдийг шинээр элсүүлэн авах бол бүртгэлийг энэ сарын 21-24-ний өдрүүдэд уламжлалт аргаар цэцэрлэг тус бүр дээр зохион байгуулна. Түүнчлэн тухайн цэцэрлэгийн онцлог, ачаалал зэргийг харгалзан зорилтот бүлгийн хүүхдийн бүртгэлийг энэ сарын 21-24-ний өдрүүдэд мөн уламжлалт аргаар зохион байгуулна.

Тээврийн хэрэгслийн улсын дугаарын оронд утасны дугаараа байрлуулсан этгээдийг торгожээ

“Замын Цагдаагийн алба”-ны цахим хуудсанд 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр иргэнээс ирүүлсэн "Тээврийн хэрэгслийн улсын дугаарын арын хэсэгт улсын дугаар бус утасны дугаар байрлуулсан байна" гэх мэдээллийг хүлээн авч, шалгажээ.

Дээрх тээврийн хэрэгслийг илрүүлж, зөрчил гаргасан жолоочид хариуцлага тооцсон байна.

Зөрчлийн тухай хуулийн 14.7.32 дах хэсэгт "Улсын бүртгэлийн дугааргүй, эсхүл дугаараа нуун далдалсан тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэж заасны дагуу зөрчлийг газар дээр нь арилгуулж, 25 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, зөрчлийн хоёр оноо хассан байна.

“Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, гарч болзошгүй зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажилд хамтран ажиллаж байгаа иргэддээ баярлалаа” хэмээн “Замын цагдаагийн алба”-ны цахим хуудсанд мэдээлжээ.

Бүсгүйг гэртээ арав хоног хорьсон сэжигтэн этгээдийг шалгаж байна

“Кристал Таун” хотхоны байранд хүн барьцаалсан хэрэг гарсан талаар өчигдөр мэдээлэл хүргэсэн билээ. Хохирогч эмэгтэй сэжигтэн этгээдтэй наймдугаар сарын 1-ний өдөр  фэйсбүүкээр танилцаж, улмаар уулзсан байна. Дараа нь эмэгтэйг иргэн О амралтын газар авч яван хүчиндэж, хэвтэрт ортол нь зодсон гэх мэдээлэл гараад байгаа юм. Иргэн О нь хохирогч эмэгтэйг тус байранд хэвтэрт байлгаж, нийтдээ арав хоногийн турш хорьжээ.  Өнөөдрийн байдлаар сэжигтэн 43 настай О-г бариагүй байгаа бөгөөд хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж эхэлсэн байна.

Франц жуулчин монгол хөтчөө зодож танхайрчээ

Булган аймгийн Рашаант суманд аялж явсан Франц улсын иргэн 33 настай А гэгч хөтөчдөө гар хүрч танхайрсан хэрэг гарчээ. Тус хэрэг Элсэн тасархайд үйл ажиллагаа явуулдаг “Хоёр загал” жуулчны баазад  болсон аж.Франц жуулчин аялалдаа сэтгэл ханамж авч чадаагүй учраас хөтөч, хэлмэрчээ зодсон гэнэ. Хохирогч эр цаг агаарын нөхцөл байдал, давчуу хөтөлбөрөөсөө шалтгаалж тухайн жуулчныг хүссэн газарт нь хүргэж чадаагүй талаар орон нутгийн эх сурвалжууд мэдээлжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл