8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Утаа ихээр ялгаруулж буй тээврийн хэрэгслийн гэрчилгээг хурааж, Багш нар ажил хаялт зарлахаа мэдэгдсэн өдөр

2017-09-11 18:40:00

Шинэ эрч хүч, шинэ хүсэл мөрөөдлөөр дүүрэн шинэ долоо хоног эхлэж байна. Та энэ долоо хоногт юу хийж бүтээхээ төлөвлөсөн үү. Төлөвлөгөө гаргаагүй бол яг одоо төлөвлөгөө гаргаарай. Ажилт гаргана гэдэг тухайн өглөөг хэрхэн угтсанаас ихээхэн шалтгаалдаг юм шүү. Тийм учраас та бүхэн өглөө босоод заавал өглөөний цайгаа ууж байгаарай. Гэхдээ юу ч хамаагүй тааралдсан бүхнээ идэж болохгүйг мөн сануулж байна. Эрдэмтэд өглөө ямар хоол идвэл тохиромжтой болохыг судалж, өндөг хамгийн тохиромжтой хүнс болохыг тогтоожээ. Өглөөний цайгаа уухдаа өндөг тогтмол идэж байвал өдрийн турш эрч хүчтэй ажиллах тэжээлийг авдгаас гадна эрүүл мэндэд тустай болохыг Америкийн эрдэмтэд тогтоосон байна.

Эрдэмтдийн тогтоосноор, өглөө бүр өндөг идэх нь биеийн жинд нөлөөлөхгүй, харин ч эрүүл мэндэд тустай аж. Өндөгтэй хоол идэж ажлын өдрөө эхэлсэн хүн ажилдаа амжилт гаргах эрч хүчийг ихээр авдаг гэнэ. Тийм учраас та бүхэн маргааш өндөг идэхээ бүү мартаарай. Харин одоо та бүхэндээ Монголын нэг өдөр тойм мэдээллээ хүргэх гэж байна.

Мизүхо Сасаки: Намайг Монголд очоод Асашёорү, Хакухо шиг нэрээ дуурсгасан сайн тамирчин болоорой гэж захисан

Манай улсад хоёр жилийн өмнө ирсэн хөлбөмбөгийн легионар тамирчин Мизүхо Сасакитай ярилцлаа. Тэрбээр энэ жил "Сэлэнгэпресс" багтай гэрээ байгуулан тоглож байгаа аж. Түүнтэй Монголд ирсэн шалтгаан болон Монголын хөлбөмбөгийн талаар ярилцлаа.

-Сайн байна уу. Та Монголд анх хэдэн онд ирсэн бэ. Ямар багтай анх гэрээ хийж ирэв?

-Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Би анх хоёр жилийн өмнө  Монголд ирсэн. 2014 оноос эхлээд би Японы хөлбөмбөгийн багт тоглодог  байсан юм.  Тухайн үед  “Эф Си Улаанбаатар” багийн Япон дасгалжуулагч нь намайг Монголд ирж тоглохыг урьсан. Тэгээд би “Эф Си Улаанбаатар” багтай нэг жилийн гэрээ хийж, Монголд ирсэн.  Ирсэн жил  “Эф Си Улаанбаатар” баг хүрхрээ дээд лигээс мөнгөн медаль авсан амжилт үзүүлсэн.

-Энэ жил та Сэлэнгэпресс багт тоглож байгаа. Яагаад багаа солих болов?
-2016 онд багаа солих сонголт хийсэн. Анх Монголд ирж байхдаа “Эф Си Улаанбаатар” багтай нэг жилийн гэрээтэй ирсэн. Тэгээд 2016 онд гэрээ дууссан. Гэрээгээ сунгах уу, яах вэ гээд бодож байтал “Сэлэнгэпресс” багийн Япон дасгалжуулагч надад багтаа ирж тоглох санал тавиад энэ багт тоглохоор болсон.

-Та хэдэн оноос хойш хөлбөмбөг тоглож байна. Ер нь яагаад Монголыг сонгож ирэв?

-Би 9 настайгаасаа эхэлж  хөлбөмбөгөөр хичээллэсэн. Хичээллэж эхлээд  21 жил болж байна. Хөлбөмбөгт маш их хайртай учраас энэ спортыг сонгосон. Би Японд байхдаа нэг хэсэг ажил хийж байсан. Хөлбөмбөгт хайртай учраас дахин хөлбөмбөгөөр хичээллэж, тоглож эхэлсэн. “Эф Си Улаанбаатар” багийн Япон дасгалжуулагч “Намайг сайн тоглож байна. Монголд ирж тоглохыг урьж байна” гэсэн учраас бодож байгаад ийм шийдвэр гаргасан.

-Японы хөлбөмбөгчид болон манай улсын хөлбөмбөгчдийн ялгаа юу байна. Манай тамирчдын давуу болон сул тал юу байна?

-Япон улсын тамирчид техник талдаа маш сайн. Мөн багийн тоглолт маш сайн. Харин Монголын баг тамирчдын багийн тоглолт жоохон сул талдаа. Харин тамирчид нь биеийн хүч маш сайн. Цаашдаа баг хамт олноороо сэтгэл нэгдэж сайн тоглоно гэдэгт итгэлтэй байна. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Оффшорчдод олгосон 49 хоногийн хугацаа дууслаа

Дэлхийн төр засгийн удирдагчид, парламентын гишүүд, нэр нөлөө бүхий хүмүүсийн оффшор данстай холбоотой баримтыг Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбооноос өнгөрсөн онд ил болгож тавьсан. Эдгээр баячууд дотор монголоос нэр бүхий 49 хүний нэр ил болоод байгаа.  Эдгээр 49 хүнээс  20 нь улс төрд ажиллаж байсан, төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс багтаад байгаа.

Тодруулбал, Сү.Батболд, Д.Цогтбаатар, Б.Дэлгэрсайхан, С.Баяр,  НИТХ-ын дарга Ц.Сандуйгийн төрсөн ах Ц.Сэргэлэн, Монгол Улсын Сангийн сайдаар ажиллаж байсан Я.Очирсүх,  Улаанбатар хотын захирагч асан Э.Бат-Үүлийн хүү Э.Чулуудай,  Барилга хот байгуулалтын сайд асан Д.Цогтбаатар нарын нэр дурьдагдсан.

Тэгвэл хэд хоногийн өмнө Засгийн газрын хуралдаанаар оффшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрийн жагсаалтыг баталсан. Ингэснээр хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргадаг төрийн өндөр, удирдах албан тушаалтан, түүний хамаарал бүхий этгээд албан тушаал хаших хугацаандаа дээрх оффшор бүсэд банкны данс нээлгэх, мөнгөн хөрөнгө байршуулах, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчлөх, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулахыг хориглож байгаа юм.  

 Засгийн газраас батлагдсан оффшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрийн жагсаалтад Бахамын болон Маршаллын арлууд, Бүгд Найрамдах Панам Улс, зэрэг 50 гаруй улсын нутаг дэвсгэр багтаад буйТэгэхээр эдгээр 50 гаруй улсын нутаг дэвсгэрт данс эзэмшдэг  хүмүүс мэдүүлгээ АТГ-д мэдүүлэх үүрэг хүлээхээр болсон.  Монгол Улсын иргэд оффшор бүсэд данс нээж, аж ахуй нэгж үүсгэн байгуулсан гэх асуудлыг шалгуулах тухай гомдол, мэдээллийн дагуу Эрүүгийн хуульд зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээжээ. Түүнчлэн Улсын ерөнхий прокурорын газрын “Мөрдөн шалгах ажиллагааг байгууллагууд хамтран явуулах тухай” тогтоолын дагуу АТГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг байгуулагдан, хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж эхэлсэн байна. 
Үүнтэй зэрэгцээд Ерөнхийлөгч Х.Баттулга оффшорчдыг мөнгөө  оруулж ирэхийг уриалж, 49 хоногийн хугацаа өгсөн. Тус хугацаа энэ сарын 12-нд буюу маргааш дуусна. Ерөнхийлөгч сайн дураараа мөнгөө  оруулж ирэхийг уриалсан ч нэг нь ч  хүн иргэний зориг гаргаж, мөнгөө оруулж ирсэнгүй. Нэг ёсондоо Ерөнхийлөгчийн үгийг оффшорчдын хэн нь  ч тоосонгүй.  Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Э.Навчаа: Нэг хүний тарваганы мах идэх хүсэл нэг сая иргэний аминд ч хүрч болзошгүй

Жил бүрийн дөрөвдүгээр сараас буюу тарвага ичээнээсээ гарснаар идэвхжиж найм, есдүгээр сард ид оргил үедээ хүрдэг байгалийн голомтот хурц халдварт тарваган тахал өвчнөөс хэрхэн сэргийлэх талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн Э.Навчаатай ярилцлаа.

-Тарваган тахал гэж юу вэ. Энэ өвчний талаарх ерөнхий ойлголтыг өгнө үү?

-Энэ өвчин нь мэрэгч амьтдаас хүнд халдварладаг байгалийн голомтот хурц, халдварт өвчин. Монгол орны хувьд 137 газарт тарваган тахлын идэвхжилтэй голомт байдаг. Мэргэжлийн байгууллагын судалгаагаар энэ жил 80 орчим голомт идэвхтэй, ялангуяа баруун аймгуудын тодорхой сумдад идэвхжилтэй байна.

-Өвчин хэрхэн хүнд халдварладаг юм бэ?

-Хэд хэдэн замаар дамжиж халдварлана. Үүнд тахлаар өвчилсөн тарваганы арьсыг өвчих, махыг нь эвдэх явцад арьс салстаа гэмтээх, мэрэгч амьтны бөөс, бүүрэгт хазуулах, тарваганы түүхий эд, эрхтэнг эмчилгээний зорилгоор хэрэглэх үед халдварлана.

-Хүнээс хүнд халдварлах уу. Урьдчилан сэргийлэх арга замууд нь юу вэ?

-Тарваган тахлаар өвчилсөн хүнээс хүнд дамжин халдварладаг. Мөн өвчтөнийг асарч сувилах, халдвартай эд зүйлстэй хамгаалалтгүй харьцах нь эрсдэл дагуулна. Түүнчлэн тахлаар өвчилсөн тарваганы арьсыг өвчих, махыг нь эвдэх явцад тухайн хүн арьс салстаа гэмтээхгүй, мэрэгч амьтны бөөс, бүүрэгт хазуулахгүй, тарваганы түүхий эд, эрхтэнг эмчилгээний зорилгоор хэрэглэхгүй, олноор үхсэн мэрэгч амьтны сэг зэмд хамгаалалтгүй хүрэхгүй, ан агнуурын хориотой үед тарвага агнахгүй, нохойд бариулсан болон хавх, урхинд орсон тарвагыг ямар нэгэн зорилгоор хэрэглэхгүй байх, тарваган тахал өвчний эсрэг сайн дурын дархлаажуулалтад хамрагдах нь урьдчилан сэргийлэх арга зам юм.

-Өвчний шинж тэмдэг яаж илэрдэг юм бэ?

-Халдварт өвчний нууц хугацаа гэж байдаг. Хүн эрсдэлтэй тохиолдолд өртсөний дараа ойролцоогоор 3-7 хоногийн дараа халдварт өвчний ерөнхий шинж болох халуурах, бүх биеийн булчин шархирч өвдөх, толгой өвдөх, дотор муухайрах, хэвлий гэдсээр өвдөх, бөөлжих, суулгахаас гадна  булчирхайнууд томорч эмзэглэх, ханиалгах, цустай цэр гарах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Нэгэнт эрсдэлтэй тохиолдолд өртсөн, мөн дээрх шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эрүүл мэндийн байгууллага болон бусад холбогдох газарт яаралтай хандаж, халдварт өвчнийг цааш тархахаас зайлшгүй сэргийлэх шаардлагатай.

-Нийслэл хотод уг өвчний тохиолдол гарсан уу?

-Нийслэлийн Засаг даргын захирамжаар НОБГ, МХГ, ЦГ, НЭМГ, ЗӨСҮТ зэрэг төрийн байгууллагууд жил бүр хөдөө орон нутгаас нийслэл рүү ордог авто замын шалган нэвтрүүлэх цэгүүдэд байнгын хяналт, шалгалтыг хийдэг боловч иргэд тарваганы түүхий мах, тулам, эд эрхтэн, боловсруулаагүй арьсыг нууцаар оруулж ирэх, мөн хот руу орж ирдэг баталгаат бус замаар тарвага болон түүний эд, эрхтэнг зөөвөрлөх асуудал зогсохгүй байна. Мөн  эрсдэлд өртсөн /тахлаар өвчилсөн тарвагыг өвчих, махыг нь эвдэх үедээ арьс салстаа гэмтээсэн, түүхий мах, эрхтэнг эмчилгээний зорилгоор хэрэглэсэн/ орон нутгийн ард, иргэд хот руу орж ирэх нь энэ халдварт өвчин дэгдэх эрсдэлийг дагуулж байдаг. Тухайлбал саяхан тарваган тахал өвчний сэжигтэй шинж тэмдэг илэрсэн иргэн хөдөө орон нутгаас нийслэлд ирж, гурав хоногийн турш олон нийтийн газраар явсны дараа мэргэжлийн байгууллагад хандсан тохиолдол гарсанЭнэ нь Монгол Улсын хүн амын 60 орчим хувь нь амьдардаг, нягтаршил ихтэй нийслэл хотод олныг хамарсан халдвар дэгдэх аюул ойрхон байгааг харуулж байна. Хоёрдугаарт аюултай шүү гээд анхааруулж, сэрэмжлүүлээд байхад өөрөө өөрсдийгөө эрсдэлд оруулж байгаа нь хувь хүмүүс ухамсаргүй байгааг харуулж байна. Мөн урьд, урьдын жилүүдэд эрсдэлд өртсөний дараа эмнэлэг, эрүүл мэндийн байгууллага болон бусад холбогдох газарт хандахгүй лам, бөөгөөр явж хугацаа алдан, амь насаа алдсан тохиолдол ч байсан. 

5000 ам.долларын шагналын сантай бөхийн барилдаан болно

Увс аймгийн Биеийн тамир, спортын газар үүсч байгуулагдсаны түүхт 70 жилийн ойн энэ сарын 15-ны өдөр тохионо. Тус ойд зориулж есдүгээр сарын 16, 17-ны өдрүүдэд улс, аймаг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан болох бөгөөд шагналын сан нь 5000 ам.доллар аж. Мөн түрүү бөхөд шилжин явах цом гардуулах юм байна. 

2996 хүний амь үрэгдсэн аймшигт хар өдөр

Дэлхийн түүхэнд арилгаж болшгүй хар толбо үлдээсэн хар мягмар гараг буюу есдүгээр сарын 11-ний террорист халдлага болсноос хойш 16 жил өнгөрч байнаОдоогоос яг 16 жилийн өмнө буюу 2001 оны 9 сарын 11-ний өглөө 8:47 минутанд Америкийн хоёр ихэр цамхагийг террористийн бүлгэм 2 онгоцоор мөргөж, АНУ-ын 2966 жирийн иргэд болон 19 террорист амь үрэгдсэн хар өдөр болсон билээ. Энэ өдөр 3 халдлага болж, 2996 хүний амь эрсдэж, 6000 гаруй хүн шархдаж, 10 тэрбум долларын эд материалын хохирол учирч, нийт 3 триллион долларын сүйрэл авчирч байсан түүхтэй. Террорист халдлагад өртсөн Ныо-Йоркийн худалдааны ихэр цамхгийн суурин дээр амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэх усан сан бүхий цогцолбор, музейг байгуулсан байдаг. Мөн энэ өдрийг америкчууд амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэх үндэсний залбирлын өдөр болгож жил бүр гашуудаж өнгөрүүлдэг юм.

Цэцэрлэг, Цагаан-Уул сумын нутагт тарваган тахлын голомт идэвхтэй байна

Хөвсгөл аймгийн Зооноз өвчин судлалын төвөөс тарваган тахлын голомт бүхий газруудад хийсэн гурван удаагийн тандалт шинжилгээ судалгаагаар Цэцэрлэг, Цагаан-Уул сумын нутагт тарваган тахлын голомт идэвхтэй байгаа нь тогтоогджээ.

Судалгааны үеэр тарвагануудын дунд өвчлөл явагдаж байгаа нь батлагдаж, хүн өвчлөх халдварын аюулын эрсдэл өндөр байгаа ба тахлын эпизоот зүүн хойш Баянзүрх сумруу чиглэлтэй тархаж байна гэж үнэлэгджээ.

Тус аймгийн Цэцэрлэг, Цагаан-Уул, Бүрэнтогтох, Төмөрбулаг, Шинэ-Идэр, Арбулаг, Галт, Рашаант сумдын нутаг буюу аймгийн нийт нутаг дэвсгэрийн 16 хувь нь тарваган тахлын байгалийн голомттой аж. Тарваган тахлын байгалийн голомт 1983, 1999, 2007, 2015 онуудад Цэцэрлэг, Цагаан-Уул, Шинэ-Идэр сумдад идэвхжиж , хүний өвчлөлийн 8 тохиолдол бүртгэгдэж 2 хүн нас барж байжээ.

16 настай охин цонхоор унаж амиа хорлохыг завджээ

16 настай охин цонхоор унаж амиа хорлохыг завджээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороонд “Цагдаа хотхоны 13-р байрны таван давхарын цонхоор хүн уналаа” гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна. Мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид очиж шалгахад тус хороонд суух, 16 настай, эмэгтэй Г нь аав, ээж хоёртойгоо, гар утсаа хаяснаас болж маргалдаж, улмаар таван давхарын цонхоор унаж гэмтсэн байжээ. Энэ хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна

Ерөнхийлөгч төрийн нэрийн өмнөөс уучлал хүслээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга улс төрийн хэлмэгдэгсэд болон тэдний гэр бүл, төрөл төрөгсдөөс  төрийн нэрийн өмнөөс уучлал хүссэн байна. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг жил бүрийн есдүгээр сарын 10-нд хүндэтгэн дурсдаг юм.  Монгол Улсад  улс төрийн хилс хэргээр олон мянган хүнийг хоморголон хэлмэгдүүлсэн хар үйл явдлаас хойш 80 дахь жил энэ онд тохиож байна. Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тохиолдуулан Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Я.Санжмятав болон хэлмэгдэгсдийг дурсан санаж, хүндэтгэл үзүүлэхээр ирсэн УИХ-ын зарим гишүүд, Улс төрийн намууд, Төрийн болон төрийн бус байгууллага, ард иргэдийн төлөөлөл Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөжээ. 

Утаа ихээр ялгаруулж буй тээврийн хэрэгслийн гэрчилгээг хурааж байна

Автотээврийн Үндэсний Төв, Замын Цагдаагийн Алба, Нийслэлийн агаарын чанарын албанаас хамтран утаа их хэмжээгээр хаяж буй тээврийн хэрэгслүүдийг торгож, зөрчлийг арилгах хүртэл нь тээврийн хэрэгслийн гэрчилгээг хурааж байгаа аж. Улсын хэмжээнд 437 мянга гаруй автомашин техникийн хяналт, үзлэгт хамрагдсан нь нийт хамрагдах ёстой тээврийн хэрэгслийн тоотой харьцуулбал, 88 хувийн гүйцэтгэлтэй байна. Нийт 9531 тээврийн хэрэгсэл тэнцээгүйгээс утаагаар 1229, өнгө үзэмжээр 5284, тоормосны үзүүлэлтээр 2067, жолооны механизмаар 3043, гэрлийн тохиргоогоор 2610, дуу чимээгээр 63 тээврийн хэрэгсэл тэнцээгүй гэсэн үзүүлэлттэй гарчээ. 

Автотээврийн тухай хууль болон Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиар стандартын шаардлага хангаагүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох ёсгүй. Стандартын шаардлага хангаагүй замын хөдөлгөөнд оролцсон тохиолдолд Хөдөлгөөний удирдлагын төвийн камерын хяналтын тусламжтайгаар илрүүлэн гэрийн хаягаар торгууль хүргүүлдэг.Үүнтэй холбогдуулан Улаанбаатар хот болон орон нутгийн тээврийн хяналтын үзлэгийн төвүүд тээврийн хэрэгслийн үзлэгт ороогүй тээврийн хэрэгслийн эзэмшигч рүү утасдаж холбогдон, хугацаа хэтэрсэн талаар сануулан зөвлөх үйлчилгээ хийж байгаа аж.

Иймд жолооч та бүхэн болох www.transdep.mn мөн ухаалаг гар утасны smartcar аппликэйшнээс үзлэгийн хугацаа хэтэрсэн эсэхээ шалгаж тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангуулж замын хөдөлгөөндөө оролцохыг зөвлөлөө.

Багш нарын цалинг нэмэхгүй бол орон даяар ажил хаялт зарлана

Багш нарын цалинг нэмэгдүүлэх асуудлаар УИХ, Засгийн газарт шаардлага хүргүүлэхээр 21 аймгийн багш нар Улаанбаатар хотод иржээ. Аймаг орон нутаг, Улаанбаатар хотын багш нараас бүрдсэн Багш нарын цалин нэмэгдүүлэх түр хорооныхон мэдээлэл хийлээ. Багш нарын цалинг нэмэхгүй бол орон даяар ажил хаялт зарлана гэдгээ өнөөдөр мэдэгдлээ. 

Орхон аймгийн багш н.Амгалан хэлэхдээ  "Би Орхон аймгийнхаа 1,800 гаруй багш нарыг төлөөлөн энд хүрэлцэн ирсэн. Бид цалин нэмэгдүүлэх шаардлагыг аймаг сум дүүргийнхээ албаныханд хүргүүлсэн. Тэдгээр эрх мэдэлтнүүд дүлий дүмбэ оргиод шаардлагыг хүлээж авахгүй бол бид ажил хаяна" хэмээн хэллээ.

Өвлийн саруудад цаг агаар ямар байх вэ

Цаг уур, орчны шинжилгээний газраас ирэх өвлийн цаг агаарын төлөв байдлын урьдчилсан мэдээг гаргажээ. 

Аравдугаар сар

Уур амьсгалын дунджаар агаарын сарын дундаж температур Баян-Өлгийн баруун, Завханы хойд болон зүүн, Говь-Алтайн баруун болон хойд, Баянхонгорын баруун хойд, Хөвсгөл, Архангайн баруун, Төв аймгийн зүүн хэсгээр 0-4 градус хүйтэн, Говь-Алтайн зүүн өмнөд, Баянхонгор, Дорноговийн өмнөд хэсэг, Өмнөговийн нутгаар 5-9 градус, бусад нутгаар 1-4 градус дулаан байдаг. Увс, Булган, Хэнтийн зүүн хойд, Дорнодын баруун хойд хэсгээр 12-17 мм, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дундговь, Дорноговийн ихэнх нутаг, Увс, Хэнтийн өмнөд, Завхан, Сүхбаатарын баруун, Өвөрхангайн зүүн хэсгээр 1-5 мм, бусад нутгаар 6-11 мм хур тунадас ордог.

Энэ сард агаарын дундаж температур Говь-Алтай, Өмнөговийн ихэнх нутаг, Ховд, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас 0.5-1.5 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.

Хур тунадас Баян-Өлгийн хойд, Увсын баруун, Хөвсгөл, Дундговийн зүүн, Булганы баруун хойд, Төв аймгийн зүүн өмнөд, Хэнтий, Дорнодын өмнөд хэсэг, Архангай, Говь-Сүмбэр, Дорноговь, Сүхбаатарын ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас ахиу, Говь-Алтайн ихэнх нутаг, Ховд, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй. 

 

Арваннэгдүгээр сар

Уур амьсгалын дунджаар агаарын сарын дундаж температур Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн өмнөд хэсэг, Өмнөговийн нутгаар 2-8 градус, Завханы хойд болон зүүн, Хөвсгөлийн баруун, Баянхонгорын хойд хэсгээр 14-19 градус, бусад нутгаар 9-14 градус хүйтэн байдаг. Ховдын баруун өмнөд, Увс, Хэнтийн хойд, Хөвсгөлийн баруун, Архангайн өмнөд, Дорнодын баруун хойд болон зүүн өмнөд, Сүхбаатарын зүүн өмнөд хэсэг, Завхан, Булган, Сэлэнгэ, Төв аймгийн ихэнх нутгаар 5-11 мм, бусад нутгаар 1-4 мм цас ордог.

Энэ сард агаарын дундаж температур Ховд, Дундговь, Говь-Сүмбэр, Дорноговь, Сүхбаатарын ихэнх нутаг, Говь-Алтайн баруун, Өвөрхангай, Өмнөговийн зүүн, Төв, Хэнтий, Дорнодын өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас 0.5-1.5 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.

Баян-Өлгий, Ховд, Өвөрхангайн хойд, Увсын өмнөд, Хөвсгөл, Хэнтийн зүүн, Булганы баруун хэсэг, Архангай, Сүхбаатар, Дорнодын ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас ахиу, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй. 

Арванхоёрдугаар сар

Уур амьсгалын дунджаар агаарын температурын сарын дундаж Увс, Завханы хойд, Хөвсгөлийн баруун, Баянхонгорын зүүн хойд, Сэлэнгийн зүүн хэсгээр 23-29 градус, Баян-Өлгий, Увс, Завханы өмнөд, Баянхонгорын хойд, Хөвсгөлийн зүүн, Архангай, Булганы баруун хэсэг, Ховд, Сэлэнгэ, Төв, Говь-Сүмбэр, Хэнтий, Сүхбаатар, Дорнодын ихэнх нутгаар 17-22 градус, бусад нутгаар 9-16 градус хүйтэн байдаг. Увс, Завханы хойд, Ховд, Хөвсгөлийн баруун өмнөд, Булганы зүүн хойд, Дорнодын зүүн өмнөд хэсгээр 5-7мм, бусад нутгаар 1-4 мм цас ордог.

Энэ сард агаарын дундаж температур Ховд, Дундговь, Говь-Сүмбэр, Дорноговийн ихэнх нутаг, Говь-Алтай, Сүхбаатарын баруун өмнөд, Өвөрхангайн зүүн хойд, Төв аймгийн өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас 0,5-1,0 градусаар дулаан, Сэлэнгийн зүүн, Хэнтий, Дорнодын хойд хэсгээр уур амьсгалын дунджаас 0.5 градусаар хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй. 

Баян-Өлгий, Хэнтийн хойд, Хөвсгөл, Говь-Алтай, Сүхбаатарын зүүн, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд хэсэг, Булган, Сэлэнгэ, Өмнөговь, Дорнодын ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас ахиу, Ховдын ихэнх нутаг, Увсын өмнөд, Говь-Алтайн баруун, Завханы баруун өмнөд, Дундговь, Дорноговийн хойд, Төв аймгийн өмнөд хэсэг, Говь-Сүмбэрийн нутгаар уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй. 

Нэгдүгээр сар

Уур амьсгалын дунджаар агаарын температурын сарын дундаж Увс, Сэлэнгийн ихэнх нутаг, Завханы хойд, Хөвсгөлийн баруун, Ховд, Баянхонгорын зүүн хойд хэсгээр 24-32 градус, Баян-Өлгий, Завханы өмнөд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн хойд, Хөвсгөлийн зүүн, Архангай, Булганы баруун хэсэг, Ховд, Төв, Говь-Сүмбэр, Хэнтий, Сүхбаатар, Дорнодын ихэнх нутгаар 18-23 градус, бусад нутгаар 11-17 градус хүйтэн байдаг. Увс, Булганы хойд, Ховдын өмнөд, Завханы зүүн, Хөвсгөлийн баруун, Хэнтийн зүүн хойд, Дорнодын зүүн өмнөд, Өмнөговийн баруун хойд хэсэг, Сэлэнгийн нутгаар 2-3мм, бусад нутгаар 2 мм хүртэл цас ордог.

Энэ сард агаарын дундаж температур Хөвсгөлийн зүүн, Булганы хойд, Сэлэнгийн баруун хэсгээр уур амьсгалын дунджаас 0.5 градусаар хүйтэн, Өмнөговь, Дорноговийн өмнөд, Сүхбаатарын баруун өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас 0.5-1.0 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.

Ховдын ихэнх нутаг, Баян-Өлгийн өмнөд, Завханы зүүн өмнөд, Архангайн баруун өмнөд, Баянхонгорын хойд, Дундговийн баруун хэсэг, Өвөрхангайн ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас ахиу, Өмнөговийн өмнөд, Сүхбаатарын баруун өмнөд хэсэг, Дорноговийн ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй.

Хоёрдугаар сар

Уур амьсгалын дунджаар агаарын температурын сарын дундаж нь Увс, Завханы хойд болон зүүн, Хөвсгөлийн баруун, Баянхонгорын хойд, Сэлэнгийн зүүн хэсгээр 21-28 градус, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсэг, Өвөрхангай, Дундговь, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар 6-14 градус, бусад нутгаар 15-20 градус хүйтэн байдаг. Ховдын өмнөд, Увсын хойд, Хөвсгөлийн баруун, Булганы зүүн, Баянхонгорын зүүн хойд, Архангайн өмнөд хэсэг, Завхан, Өвөрхангай, Төв, Сэлэнгэ, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын ихэнх нутгаар 1.5-3.5 мм, бусад нутгаар 1.5 мм хүртэл цас ордог.

Энэ сард агаарын дундаж температур Баян-Өлгийн ихэнх нутаг, Увсын баруун, Завханы зүүн өмнөд, Говь-Алтайн зүүн хойд, Баянхонгорын баруун хойд, Архангайн баруун өмнөд, Булган, Сэлэнгийн хойд хэсгээр уур амьсгалын дунджаас 0.5 градусаар хүйтэн, Өмнөговийн зүүн, Хэнтийн зүүн өмнөд хэсэг, Дорноговь, Сүхбаатарын ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас 0.5-1.0 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.

 

Баян-Өлгийн ихэнх нутаг, Ховдын хойд, Увсын баруун, Говь-Алтайн зүүн хагас, Завханы зүүн өмнөд, Өвөрхангай, Өмнөговийн баруун хэсэг, Баянхонгор, Архангайн ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас ахиу, Төв, Сэлэнгэ, Дундговь, Өмнөговийн зүүн, Сүхбаатарын баруун хэсэг, Дорноговь, Хэнтийн ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар уг дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй.

Гуравдугаар сар

Уур амьсгалын дунджаар агаарын температурын сарын дундаж нь Увс, Завханы хойд болон зүүн, Хөвсгөлийн баруун, Баянхонгорын хойд хэсгээр 11-17 градус, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд хэсэг, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар 4 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар 5-10 градус хүйтэн байдаг. Увсын зүүн, Архангайн өмнөд, Булган, Хэнтийн зүүн хойд, Сүхбаатар, Дорнодын зүүн өмнөд, Өмнөговийн баруун хойд хэсгээр 5-7мм, Баян-Өлгийн хойд, Ховд, Хөвсгөлийн зүүн, Увсын өмнөд, Завханы баруун өмнөд, Говь-Алтайн баруун, Өмнөговь, Сэлэнгэ, Дорнод, Сүхбаатарын зүүн хойд, Дундговь, Дорноговийн ихэнх нутгаар 0.4-2.5 мм, бусад нутгаар 2.5-5 мм хүртэл цас ордог.

Энэ сард агаарын дундаж температур Булган, Хэнтийн хойд хэсэг, Сэлэнгэ, Дорнодын ихэнх нутгаар уур амьсгалын дунджийн орчим, бусад нутгаар уг дунджаас 0.5-1.5 градусаар дулаан байх төлөвтэй.

Баян-Өлгий, Булган, Сэлэнгийн ихэнх нутаг, Увсын баруун, Архангайн зүүн, Өвөрхангай, Төв аймгийн баруун хойд, Сүхбаатарын зүүн өмнөд, Дорнодын өмнөд хагаст уур амьсгалын дунджаас ахиу, Завхан, Баянхонгорын өмнөд, Дундговийн зүүн, Хэнтийн баруун өмнөд, Дорноговийн баруун хойд хэсэг, Говь-Алтай, Өмнөговь, Говь-Сүмбэрийн нутгаар уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар уг дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй.

 

Эх сурвалж: Цаг уур, орчны шинжилгээний газар 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл